| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0161/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2436000000159 дугаартай,178/2024/0161/Э индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял, 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 2023/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* ургийн овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх гэртээ иргэн Э.*******ийн эзэмшлийн Самсунг А-51 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 759’200 төгрөгийн хохирол,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 10-наас 15-ны хооронд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн гүний худгаас ус татах насос, цахилгаан утас, цагаан хоолой, гадна хаалга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хуулийн этгээдэд 412,800 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-р хуудас)
1.2. Хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр Ж.******* миний эзэмшлийн самсунгА-51 маркын утсыг хэрэглэж байгаад гар утсыг чинь гээчихлээ гээд ирсэн. Тэгээд хамт архи уусан гэх Ж.*******гийн гэрт очиж хайсан боловч олоогүй. Би 2020 онд уг утсыг ******* сумын Мобикомоос 950,000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг/хх-26х/
1.3. Гэрч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нутгийн залуу Ж.*******гийнд очоод нэг шил архи хувааж уугаад гарч бие засаад орж ирсэн чинь гар утас алга болсон байсан. Тэгээд түүнээс асуухад чи аваад гарсан гэхээр нь би архи уусан байсан тул замдаа нэг газар хаясан байх гэж бодсон. Тэгээд орхиод явсан” гэх мэдүүлэг/хх-33х/
1.4. Иргэний нэмэхжлэгч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын дундуур Ж.******* надтай уулзаад Самсунг маркын гар утас байна хямд өгнө гэхээр нь би одоо 50,000 төгрөг байна гээд авсан. Хэд хоногийн дараа үлдэгдэл 50,000 төгрөгөө бэлнээр аваад явсан. Надад өөрийнхөө утас гэж хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйл,санал хүсэлт байхгүй болно.” гэх мэдүүлэг /хх-29х/
1.5.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-15-17х/
1.6. “Дамно”ХХК-ны хөрөнгийн үнэлгээ хийсэн “Самсунг А-51 зах зээлийн үнэлгээ-759,200 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт/хх-41х/
2.2023 оны 05 дугаар сарын 10-наас 15-ны хооронд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн гүний худгаас ус татах насос, цахилгаан утас, цагаан хоолой, гадна хаалга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 412,800 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийн талаар:
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-107х/
2.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Уг худаг нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын хөгжлийн сангийн төсвөөр баригдаж 2022 оны 12 сард ашиглалтанд орсон гүний худаг байсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шалгахад хаалга байхгүй, дотор нь байсан насос, цагаан хоолой, цахилгааны утсыг аваад явсан байсан..” гэх мэдүүлэг/хх-115х/
2.3.Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай сумын Энхээ, Ж.******* нар таараад цэнгэлдэх орж архи ууя гэхээр нь хамт дагаж очсон. Тэгсэн нэг хаалга байсныг манайд хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн чинь нэг шил архи гаргаж ирээд уугаад салсан. Худган дотор өөр юу байсныг мэдэхгүй байна. Салсан хаалга байсныг хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг/хх-122х/
2.4.Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 12-ны өглөө Ж.******* таараад ус авахаар явж байгаад М.тай таараад сумын парк орж архи ууя гээд очиход худагны хаалга салаад уначихсан байсныг Ж.******* энэ миний мэдлийнх манайд хүргээд өг гэхээр нь бид 2 өргөөд М.УЛамбаярын мотоциклиор хүргэж өгсөн. Өөр юм аваагүй дотогш орж хараагүй” гэх мэдүүлэг/хх-125х/
2.5. Таньж /хаалга, утас/ олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл/хх-129,174х/
2.6. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл/хх-169х/
2.7.”Дамно”ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн шинжээчийн дүгнэлт/хх-133х/
2.8. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоол,мөн тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 2023/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоол/хх-62-77х/Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-59х/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт/хх-55х/,гэрч Б.Гансүх, О.Сэржмядаг нарын мэдүүлэг/хх-36,38х/ ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт/хх-155х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, уг эд хөрөнгийг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Ж.******* нь мөнгө олох болон өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх гэртээ Ж.*******тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ түүний эхнэр Э.*******ийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу Ж.*******г гэрээсээ гараад ирэхийн хооронд түүний СамсунгА-51 маркын гар утсыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлан авч 759’200 төгрөгийн хохирол учруулсан нь гэрч Ж.*******, иргэний нэхэмжлэгч Ч., хохирогч Э.*******, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон байна.
3.3.Мөн 2023 оны 05 дугаар сарын 10-наас 15-ны хооронд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн гүний худгаас ус татах насос, цахилгаан утас, цагаан хоолой, гадна хаалга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 412,800 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П., гэрч Ч., М. нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогджээ.
3.4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ
3.5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулдаг. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт 759,200 төгрөг, 412,800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан тул хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.
3.6.Шүүгдэгч Ж.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг мэдсээр байж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
3.7.Шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олж өөрийн хэрэгцээгээ хангах хүсэл сонирхол нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
3.8.Иймд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******т 759,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-41х)-аар нотлогджээ. Шүүгдэгч Ж.*******, хулгайлж авсан гар утсыг хохирогчид буцаан өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогч Э.*******т хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Харин 204,000 төгрөгний үнэ бүхий хаалга, зэс голтой утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн нь/хх142,173х/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 208,800 төгрөг гаргуулж ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ж.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-69х), ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд (хх 72-83х), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт/хх-55х/,гэрч Б.Гансүх, О.Сэржмядаг нарын мэдүүлэг/хх-36,38х/ ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт/хх-155х/ зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багт ганцаараа амьдардаг ажил хөдөлмөр эрхэлдэгүй, халамжийн мөнгөөр амьдардаг гэх, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялтай гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан заасан санаатай гэмт хэргийг хоёр ... үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Улсын яллагч шүүгдэгч Ж.*******г 2 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан. Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 05 сард гүний худгаас эд зүйл, 2023 оны 11 сард бусдын гар утас хулгайлсан үйлдэл нь тус тусдаа бие даасан, өөр өөр цаг хугацаанд, өөр өөр объектэд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэхь хэсгийг журамлах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас: Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчийн 100,000 төгрөгийг мөн төлсөн байдал, Засаг даргын тамгын газрын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын үлдэгдэл 190 хоногийг нэмж нэгтгэж шийдвэрлэж өгнө үү гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гар утас болон иргэний нэхэмжлэгчийн хохиролыг төлж барагдуулсан бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 10 хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 208,800 төгрөгийг гаргуулж ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.*******гаас шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжилээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 2023/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 10 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 01(нэг) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 01(нэг) жил 10 (арав) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100,000 / нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.*******гаас 208,800 төгрөг гаргуулж ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
6.Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС