Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2021/02460

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/02460

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, А адуу овогт Ж-ийн Б /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байр, Д.Д.Ц.С ТӨХК/РД: ..../-т холбогдох,

 

Үндэслэлгүйгээр суутгасан 3,670,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ж.Б нь 1993 онд Д.Д.Ц.С ТӨХКК-ийн Зуухан цехэд зуух болон тоос бэлтгэх тоноглолын жижүүрийн ажилд орж тасралтгүй 27 жил ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан. Ж.Бийг өндөр насны тэтгэвэрт гарахад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 36,700,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Д.Д.Ц.С ТӨХК-ийн захиргаа шийдвэрлэсэн. Хариуцагчаас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Ж.Бийн харилцах дансанд мөнгийг шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар станцийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр Д.Д.Ц.С ТӨХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-өөс үндэслэлгүйгээр суутгасан 3,670,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ж.Б нь Д.Д.Ц.С ТӨХК-д нийт 27 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/419 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Ж.Бийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 36,700,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцон суутгаж, Баянгол дүүргийн татварын албаны дансанд шилжүүлсэн, уг мөнгө манай байгууллагад байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авч, танилцаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр суутгасан 3,670,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу Ж.Бэд олговол зохих тэтгэмжээс 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 3,670,000 төгрөгийг суутгаж, татварын байгууллага руу шилжүүлсэн. Уг мөнгө одоо манай байгууллагад байхгүй, татварын албанд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд,

 

Нэхэмжлэгч Ж.Б нь 1993 онд Д.Д.Ц.С ТӨХК-ийн Зуухан цехэд Зуух болон тоос бэлтгэх тоноглолын жижүүрээр ажилд ороод тасралтгүй 27 жил ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/419 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Д.Д.Ц.С ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ж.Бэд 36,700,000 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, энэхүү тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт тооцон 10 хувийг суутган авсан хариуцагч байгууллагын үйлдэл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ... нэхэмжлэгчид олгосон удаагийн мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутган авсан мөнгийг манай байгууллага татварын албанд шилжүүлсэн тул манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан, маргаж байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан. Хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарт олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нарт олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс суутган авсан 10 хувийн татварыг татварын албаны дансанд шилжүүлсэн гэх тайлбар хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-аас 3,670,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бэд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-аас 3,670,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бэд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д.Ц.С ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР