| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: А.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг /цахимаар/,
Шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д-н Хт холбогдох эрүүгийн 2327001400067 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19""" оны 04 дүгээр сарын 02-ны өдөр """"" аймгийн """"" суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт """"" аймгийн """"" сумын 6 дугаар баг """" газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""" регистрийн дугаартай, Ц овогт Д-н Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 07 дугаар сард """""" аймгийн """""""" сумын 6 дугаар баг" гэх г""""""азар байх А.Мгийн хаваржааны хашааны модыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 /нэг сая таван зуун жаран мянаг/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2 ширхэг мод авсан болохоос 2 үе мод аваагүй. 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мориор чирч авчирсан юм. 2 мод авсны дараа гэрэл гараад байсан. Ямар машин байсныг мэдээгүй. Намайг 2 ширхэг мод авсан болохоор л бүгдийг нь авсан гэж яриад байгаа юм. Би 2 мод авснаа хэлсэн шүү дээ” гэв.
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манайх 2023 онд """" гэх газар хаваржиж байгаад 05 дугаар сард Дулаан хайрханы баруун талд нь гарч буусан юм. Хаваржиж байсан газраа малын хашаа болох 2 үе модон хороогоо үлдээгээд нүүсэн чинь 2023 оны 07 дугаар сарын эхээр нэг үе модон хороо нь алга болсон, хэсэг хугацааны дараа 2023 оны 07 дугаар сарын 20-оос 23-ны өдрийн хооронд хоёр дахь модон хороо алга болсон. Манай хаваржааны модон хороог 2023 оны 07 дугаар сарын эхээр манай хүү С адуундаа явж байгаад хаваржаа руугаа дурандсан чинь Х-н ах манай хаваржааны нэг үе хороог гэрийнхээ гадаа буулгаад байна гэж адуунаас ирэхдээ надад хэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай хүү С хаваржаандаа очсон чинь үлдсэн нэг үе хороо /мод/ алга болсон байсан гэсэн. Тэгэхээр нь ачаад явсан портерийн мөрийг дагаад Х-нын гэрийн гадаа очиход манай хаваржааны модыг хөрөөдөөд портер машины бүрхүүл дүүргэсэн үлдсэн мод нь хажуугаар нь хөрөөдөөгүй байсан гэсэн. Манай хүү яагаад хаваржааны мод хөрөөдөөд түлээд байгаа юм гэхэд Х-нын эхнэр манайх аваагүй, юу яриад байгаа юм гэж манай хүүг загнасан гэсэн. Манай хулгайд алдсан хоёр үе мод 5 метрийн урттай 18 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг шургааг байсан. Хавар өвөлжөө дээрээсээ татаж ирээд малынхаа хойгуур татаж нөмөр хийж байсан. Тус мод манайх олон жил хэрэглэж байгаа цагаан мод байсан. Манайхан бүгдээрээ модоо хараад л танина. Х-нтай би уулзаагүй, харин манай хүүтэй уулзсан, би эхний нэг үе хороог бол авсан сүүлийн нэг хороог бол аваагүй гэж хэлсэн гэсэн. ...5 метртэй модоороо нэг үедээ 10 ширхэгтэй 2 хана нийлээд 10 метрийн урттай 20 ширхэг 5 метрийн урттай мод байсан. 3 метрийн урттай модоороо хоёр талаар нь дугуйруулаад тойруулаад барьсан, нэг үендээ 10 ширхэг орчим тоотой 3 хана байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Манай хаваржаа нийтдээ 5 метрийн урттай 20 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг шургааг модоор барьсан байснаас 5 метрийн урттай 18 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг модыг хулгайд алдсан. Хаваржаа байсан газарт 5 метрийн урттай 2 модыг нь үлдээсэн байсан. Манайх нийт 43 ширхэг мод хулгайд алдсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дугаар хуудас /,
Гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын эхээр адуугаа хараад хаваржааныхаа баруун ууланд морьтой явж байсан чинь манай аавын хаваржааны модон хорооны 1 үе /хана/-ийг Х-н ах портер дээрээ ачаад хөдөлж байсан. Би дурандаад байсан чинь гэрийнхээ гадаа очоод буулгасан. Дараа нь би 2023 оны 07 дугаар сарын 20-21-ний үед адуугаа харах гээд ууланд гарч ирээд дурандахад аавын хаваржааны үлдсэн мод байж байсан. Тэгээд хоёр хоногийн дараа гарч ирээд дурандсан чинь үлдсэн хороо нь байхгүй байхаар нь хаваржаа байсан газраа ирэхэд дугуйгаа хий эргүүлээд явсан портер машины мөр байсан. Би мөрийг дагаад явсан чинь Х-н ахын гадаа хүрээд ирсэн. Тэгсэн гэрт нь Х-н ахын эхнэр байсан, би эхнэрт нь танай гадаа байгаа мод манай хаваржааны мод байна, танайх яагаад авчихаж байгаа юм гэхэд манай мод гээд загнаад байхаар нь би яваад өгсөн. Х-н өөрөө Арцатын доод энгэрт үхэр туугаад явж байхаар нь очоод та яагаад манайхны модон хороог аваад түлэв гэхэд эхний 1 үе хороо /хана/-г авсан, үлдсэн моднуудыг нь би мэдэхгүй гэж хэлсэн. Би уулын модонд адуугаа хайгаад явж байсан, ойролцоогоор 4 км зайтай байсан байх. Би Х-нын машиныг дурандаад л таньсан. Айл саахалт олон жил явсан би дурангаар хараад л таньдаг. Манай хаваржаа дээрээс дандаа 5 метртэй моднууд ачаад гэрийнхээ гадаа очоод буулгаж байсан. Би адуугаа харж явсан болохоор тухайн үед очиж чадаагүй. Машины мөр дагаж яваад гэрт нь очиход манай хорооны бүдүүн моднуудыг хөрөөдөөд машиныхаа бүрхүүлэн өндөрлөгөөг газарт тавиад тэрийгээ дүүргээд хөрөөдөөд хийсэн байсан. Тэгээд л би авсаныг нь мэдсэн юм. Манайхан олон жил хашаа, хороо хийж байгаа хөхөрч хатсан урт бүдүүн моднууд, мөн нарийхан шургаагууд байгаа, би модоо хараад л танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч А.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Х-н М гэх айлын хаваржааны модноос 2 ширхэг мод авсан, өөр мод аваагүй. Тухайн модон хороо нь хоёр туурга 10 гаруй модтой хашаа л байсан, өөр ямар нэгэн хашаа хороо байгаагүй. Манайх өвөлжөө, хаваржааны илжирхий шонгуудаа авчраад хөрөөдөж түлсэн. Тэр моднуудыг хараад л манай хорооны мод байна гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
Гэрч Н.Санжаадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би М гэх хүнийг танина, нутаг залгаа ойрхон нутагладаг. Төрөл садангийн харилцаа байхгүй. Манайх 2023 оны хавар """"""" сумын 6 дугаар баг """" гэх газар хаваржиж 2023 оны 06 дугаар сарын 10-ны орчимд """"""""" сумруу нүүсэн. 2023 оны хавар манайхтай Батлутын болон М нарынх саахалт нутаглаж байсан. Тухайн үед манайхтай Мгийнх манайхтай 1 км орчим зайтай хаваржиж байгаад манайхыг нүүхээс өмнө нүүсэн бөгөөд буурин дээр нь малын саравчны туурга гэмээр хашаа үлдсэн. Тус хашааны нарийн тоог мэдэхгүй байна.....Манайхыг нүүх үед тус хашаа тэндээ байрлалтай үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Гэрч Д.Батлутын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны хавраас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд """"""" сумын Дулаан 6 дугаарт багт төрсөн дүү Х-нынхтай айл саахалт зуссан. Мг танина. 2023 оны зун Мгийнх манайхаас 2-3 км зайтай зуссан. Би 2023 оны зун наадмаар гэж санаж байна Мгийн хаваржааны модон хашааг малд явж байх үедээ харж байсан. Би модны тоо ширхэгийг нарийн анзаараагүй. Ямар ч байсан хоёр хэсэгт хуваагдсан малын хашлага хашаа шиг байсан. Д.Хт """"" улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэр тээврийн хэрэгсэл миний мэдэхээр Х-нт 4 жил болж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Ө.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.М нь миний нөхөр, бид хоёр хамт амьдраад 29 жил болж байна. ...2023 оны 07 дугаар сарын эхээр манай хүү С адуундаа яваад ирэхдээ хаваржаанд үлдсэн малын хашааны модноос саахалтын Х-н ах машинаараа ачиж зөөгөөд гэрийнхээ гадаа буулгаад байна гэсэн. ...би багийн засаг дарга Амгалан руу залгаад болсон үйл явдлын талаар хэлж байсан. Өөр хүнд энэ асуудлын талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би А.М гэх хүнийг танина. Би """" сумын 6 дугаар багийн засаг даргаар 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд А.М нь тус багийн иргэн юм. 2023 оны 07 дугаар сарын сүүлчээр Мгийн эхнэр Туул над руу залгаад “манай хаваржаан дээр байсан малын хорооны тойруулга болох шургаагнуудыг манай саахалт айлын Х-н аваад түлчихсэн байна. Би хаана хандах вэ гэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчийн утасны дугаарыг өгсөн. Х-н нь манай багт бүртгэлтэй сумын сайн малчин иргэн юм. Багийн иргэн гэдэг утгаараа танина...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
Гэрч Д.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М гэх хүнийг бол мэдэхгүй, танихгүй. Харин хаваржааны мод алга болсон гэх асуудлын талаар Х-н ах залгаад асууж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Намайг очих үед Х-н ахын гэрийн гадна """"" улсын дугаартай “Хюьндай бонго” маркийн машин байсан бөгөөд тус машиныг эвдэрсэн гээд Х-н ах миний машиныг аваад Сант сум руу явсан. Би яг юу эвдэрсэнийг нь мэдээгүй, надад эвдэрсэн гэж л хэлсэн. Тухайн үед Х-н ахынх түлээндээ хөрөөдөж хагалсан мод түлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч Б.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Х нь манай аав Батлутын төрсөн дүү юм. Би 2023 оны зун """"""" сумын Дулаан 6 дугаар баг Нарийн гол гэх газар нутагласан. Х-нынх 2023 оны зун манайхтай саахалт нутагласан. Би Х-н ахын """"" улсын дугаартай цэнхэр өнгийн “Хюьндай бонго” автомашиныг мэднэ. Миний мэдэхээр Х-н ах 2018 оноос хойш унаж байгаа. 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр Х-н ахын гуйлтаар гэрийнх нь гадаа тухайн тээврийн хэрэгслийн редуктрын шаарикийг засварлаж өгсөн. Би 2023 оны хавар А.Мгийн хаваржсан буурин дээр үлдсэн малын хашааны талаар мэднэ. Би тус буурин дээрээс Мгийн зуслан руу нүүлгэлцэж өгч байсан болохоор буурин дээр үлдсэн малыг хашааг мэдээд байна. Би тус хашааг алга болсон талаар М ахын хүү Саас мэдсэн. 2023 оны зун Х-н ахынд очсон гүүн зэлэн дээр байх үед С ирээд манай хаваржааны хашаа алга болсон байна гэсэн юм яриад яваад байсан. Тус хашаа нь тойрсон бүтэн биш, хагас дугуй хэлбэртэй хоёр хэсгээс бүтсэн, хойд хэсгээрээ салхи хаах зориулалттай, шургааг модоор барьсан хашаа байсан. Айлын хашааг хараад тоолоод зогсоогүй болохоор тоо ширхэг, урт зэргийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
Гэрч Р.Ширбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Х-нын эхнэр """"" төрсөн дүү нь юм. ...2023 оны 07 дугаар сарын сүүлчээр Х-н гэр бүлээрээ Сант сумруу золголтоор явах гэсэн юм. Та хэд хоног мал хараад өгөөч гэсэн гуйлтын дагуу малыг нь 7 хоног харж байгаад ирсэн. Түүнээс өөрөөр Х-нтай 2023 оны зун уулзалдаагүй. 2023 оны 06 дугаар сард Д.Хын малыг тууж ирэх үед л М Х-нын хаваржааны урд дээр шургааг модоор хоёр хэсэг малын хашаа барьсан байсан. Харин тус хашааг алга болсон талаар одоо л өөрөөс чинь дуулж байна. 2023 оны 07 дугаар сарын сүүлчээр Д.Хын гэрт малыг нь харж өгөх гээд очих үед Х-н Сант сумруу явахаас өмнө 2 ширхэг 4 метрийн урттай модыг намайг малд явах хойгуур аваад ирсэн байсан. Би ямар учиртай мод гэж асуухад Мгийн хаваржаа дээрээс мориор чирээд аваад ирлээ гэж хэлж байсан. Тэр хоёр модыг хагалаад түлчихсэн...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
Вендо” хөрөнгийн үнэлгээний 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ24-21 дугаартай “...шинжилгээний обьектын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,560,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4-38 дугаартай дүгнэлтэд: “...шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөгөөр дүгнэв” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 07 дугаар сард """"""" сумын 6 дугаар баг Арцатын ам гэх газар байх А.Мгийн хаваржааны хашааны модыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн хохирогч А.Мгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/, гэрч М.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, гэрч А.Отгоны мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, гэрч Н.Санжаадоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, гэрч Д.Батлутын мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, гэрч Ө.Туулын мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, гэрч Ц.Амгалангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, гэрч Д.Шинэбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Б.Өсөхбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/, гэрч Р.Ширбазарын мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/, Вендо хөрөнгийн үнэлгээний 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №ӨХЦ24-21 дугаартай “...шинжилгээний обьектын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,560,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №4/38 дугаартай “...шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөгөөр дүгнэв” дүгнэлт /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Д.Хыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох тодорхой хэмжээний нөхцөл байдал хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлуулахад тодорхой хэмжээгээр хэлсэн. Д.Хаас гэрчээр байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Гэмт хэрэгт сэжиглэх илт бүхий үндэслэл байгаа хүнийг гэрчээр асууж болохгүй. Гэвч хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд гэрчээр асуусан байгаа. Хэрвээ тийм үйлдэл байгаа бол мэдүүлгийг нь зогсоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1-т заасныг танилцуулан өөрийнх нь хувийн байдалтай холбогдуулж тайлбар мэдүүлэх ажиллагааг өөрийн зөвшөөрлөөр нь авах ёстой байтал энэ ажиллагааг зөрчсөн. 2 дугаарт Отгоны мэдүүлэг дээр гэр бүл, эхнэр нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгч өгөхгүй байх эрхтэй гэсэн мэдүүлэг болон байцаалтыг 21 цаг 30 минутад гэрт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 12-т заасныг зөрчиж байцаалт, мэдүүлэг хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагаар байцаалт, мэдүүлэг авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Ийм нөхцөл байдлууд байна. Мөн хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтийг Д.Хт танилцуулаагүй. Гэрчүүдийн мэдүүлэг мөн цаг хугацааны хувьд зөрүүтэй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд 2 удаагийн үйлдлээр гэж байгаа боловч 1 үйлдэл гэдэг дээр гэрч Сын мэдүүлгийг гол үндэс болгож байгаа. С гэдэг хүн өөрийнх нь эд хөрөнгө, өмчид халдаад байж байхад адуугаа хараад дурандаад байж байсан. Хөндлөнгийн хүн хажуугаас нь харж байгаа юм шиг дурандаад явчихсан. Дараагийн удаа харин мөрийг нь хөөсөн гэдэг. Үнэхээр мөр хөөгөөд олсон юм бол тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх, мэдээлэх боломж байсан. Би хохирогч Мгээс хүртэл тодорхой хэмжээгээр асуусан. Яагаад 07 дугаар сард эхний удаагийн алдалттай. Та нар 10 километрийн хооронд очоод уулзаагүй юм байна. Өөрийнхөө эд хөрөнгө үнэхээр алдсан уу гэдэгт эргэлзээ байна. Цаг хугацааны хувьд хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас дахь 2 удаагийн өгсөн мэдүүлэг байгаа. Нэг нь хохирогч А.Мгийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг. Үүн дээр тухайн малын хороог алдсанаас хойш 1 сар гарны дараах хугацаанд өөрийнхөө алдсан зүйлийн тоо ширхгийн талаар маш тодорхой мэдүүлчихсэн байсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг дээрээ болохоор мэдүүлэг нь өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөө нүдээр үзэж хараагүй байж нийт 43 ширхэг мод алдагдсан. Ингээд мэдүүлгийн зөрүү гарсан. Мэдүүлгийн зөрүү байхгүй гэж улсын яллагч хэлж байна. Мэдүүлгийн зөрүү гарсан гэдэг талаар мөрдөн байцаалтын шатад асууж, тодруулсан зүйл байгаа. Сын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Бага боловсролтой, бичиг үсгийн боловсрол мэдлэггүй хүнийг гэрчээр асуусан. Мөрдөн байцаалтын ажиллагааг хараад байхад мөрдөн байцаалтын ажиллагаа нэг л юмаа хуулаад хуулаад мэдүүлгүүдийг авчихсан. Ийм асуудлууд Баатарлхагвын хувьд ажиглагдсан. Баатарлхагвын хувьд хөдөөгүүр гэр орноор нь явсан. Шөнийн цагаар байцаалт авсан мэдүүлгүүд процессын зөрчлүүд байдаг. Тэгэнгүүтээ таньж олуулах ажиллагаа, машин тэргэнд үзлэг хийсэн ажиллагаа дээр дугуйны мөрний гэхэд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр үзлэг хийсэн. Модонд үзлэг хийсэн байдаг. Хөдөөгийн малчин хүмүүс хашаа хороонд барьсан мод гандаж хөхрөөд өгөршсөн. Малаар бол содон шинж тэмдэг байх байх. Харин модон дээр ямар ч содон шинж тэмдэг үнэлэх боломжгүй. Үүн дээр хэтэрхий нэг талыг барьж яллах талын нотлох баримтыг үнэлсэн гэж үзэж байна. Д.Хын өвөлжөө хаваржааны газрын гэрчилгээг хэрэгт хавсаргаагүй. Үүнийг Д.Х ч өөрөө мэдүүлдэг. Малчин хүн өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээгээ авчихсан байдаг. Өвөлжөө, хаваржааны өвстэй газар дээр хаваржаагаа барьчихсан байсан болохоор манай өвөлжөө, хаваржааны газар дээр барьчихсан байна гэдгийг мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлаас болоод хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэх ба энэ нь гэрч М.Сын ... Манай хаваржаа дээрээс дандаа 5 метртэй моднууд ачаад гэрийнхээ гадаа очоод буулгаж байсан. Би адуугаа харж явсан болохоор тухайн үед очиж чадаагүй... би авсаныг нь мэдсэн юм. Манайхан олон жил хашаа, хороо хийж байгаа хөхөрч хатсан урт бүдүүн моднууд, мөн нарийхан шургаагууд байгаа, би модоо хараад л танина...гэх мэдүүлэг, гэрч А.Отгоны ... Манай нөхөр Х-н М гэх айлын хаваржааны модноос 2 ширхэг мод авсан, өөр мод аваагүй. Тухайн модон хороо нь хоёр туурга 10 гаруй модтой хашаа л байсан, өөр ямар нэгэн хашаа хороо байгаагүй. Манайх өвөлжөө, хаваржааны илжирхий шонгуудаа авчраад хөрөөдөж түлсэн. Тэр моднуудыг хараад л манай хорооны мод байна гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, Гэрч Н.Санжаадорж, Ө.Туул нарын мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Д.Х нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлджээ.
Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн ... багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.
Мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Хын үйлдэл нь ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Хын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Хыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Хоёрдугаар зэрэглэл хэмээн журамласан.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан бөгөөд хохирогч А.М нь дээрх гэм хорыг нэхэмжлэхгүй гэжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчид учирсан 1,560,000 төгрөгийг хохирлыг шүүх хуралдаанаас завсарлага авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Мгийн дансанд тушаасан баримтаа 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.Хыг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Хын машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Энэ хэрэг дээр шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч хохирогчид хохирол, төлбөр төлсөн байгаа болохыг дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулыг хүлээн зөвшөөрдөггүй. Хэдийгээр түүний эрх ч гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлээгүй байгаа учраас хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид хорих ялын санал гаргаж байгаа учраас шүүгдэгчийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Шүүгдэгч машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байгаа учраас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлогоос болгох нь зүйтэй байна. Хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав: Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д.Хын хувийн байдлыг харгалзан 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА