Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/02513

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/02513

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Б овогт Э-ын У /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Горький ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Т овогт Ц-ийн /РД: ..../-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Э.У нь Ц.Мтой 2012 онд танилцан 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн ба бидний дундаас 2014 оны 02 дугаар сарын 11-нд охин У.Б, 2016 оны 10 дугаар сарын 12-нд хүү У.Б нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2018 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Охин маань 2 дугаар ангид орж байна. Хүү маань ковидоос болоод цэцэрлэгт явж чадахгүй байна. Би 3 жил хагас хоёр хүүхдээ өөрөө авч явж байна. Ер нь аав, ээж дээрээ байдаг. Ихэвчлэн тэд нараар харуулдаг. Гэхдээ эцэг хүний хувьд хоёр хүүхэддээ хүссэн хэрэглээний зүйлийг авч өгдөг боловч одоо сүүлийн үед ажил жаахан хэцүү болоод коронагоос болоод ер нь бол ганцаараа хүүхэд өсгөх авч явахад хэцүү байгаад байна. Иймд урьд нь энэ хүнээс мөнгө төгрөг авч үзээгүй, хүүгийн минь 100,000 төгрөгийг ээж нь авдаг байсан. Түүнийг би ер нэхэж байгаагүй. Сая бид 3 дугаар сард уулзаж байгаад хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож энэ хүнээс тэтгэлэг гаргуулж дансанд хадгаламжид нь хийе гэж бодож байна. Бид гэрлэлт батлуулаагүй гэв.

 

Хариуцагч Ц.Мын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Горький ... дугаар гудамж, ... тоот амьдардаг, КFC-д ажилладаг. 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн У.Б том охин 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн У.Б нар миний хүүхдүүд мөн. Би 800,000 төгрөгийн цалин авдаг, зээлд явчихдаг, мөн би байр түрээсэлж амьдардаг тул тэтгэлэг төлөх боломжгүй. Би Э.Утай 2012 онд танилцсан, 2018 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанаас хойш хүүхдүүдтэйгээ цөөхөн уулзсан, хичээл сургуулийнх нь зүйлийг хааяа бэлдэг өгдөг. Бид гэрлэлт батлуулаагүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Ц.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.У, хариуцагч Ц.М нар 2012 онд танилцан, гэрлэлт батлуулахгүйгээр хамтран амьдарсан, тэдний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 02 дугаар сарын 11-ны охин У.Б, 2016 оны 10 дугаар сарын 12-нд хүү У.Б нар төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... би Таван богд ХХК-ийн КFC хоолны газарт ажилладаг, сарын цалин 800,000 төгрөг ба үүнээсээ зээл төлдөг, байрны түрээсээ төлдөг тул миний цалин хүүхдийн тэтгэлэг төлж хүрэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, дээрх шалтгаанаар Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс аливаа иргэн чөлөөлөгдөхгүй. Иймд эх Ц.Моос хуульд заасан хугацаа хэмжээгээр охин У.Б, хүү У.Б нарыг хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн охин У.Б, 2016 оны 10 дугаар сарын 12-нд төрсөн хүү У.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эх Ц.Моос гаргуулан олгосугай.

.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР