| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02223/И |
| Дугаар | 102/шш2021/02548 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 102/шш2021/02548
| 2021 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2021/02548 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт С-гийн Ж /РД: ..../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Орхоны ... дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ц-ийн С /РД: ..../-д холбогдох,
Түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 7,500,000 төгрөг, банкны хүүнд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Ц.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Жгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр дэлгүүр түрээслэх гэж зээл хөөцөлдөөд тэр өдөр зээл бүтээд гарсан. Тэгээд зочид буудал түрээслүүлэнэ гэсэн зар байхаар нь н.Х эгч рүү ярихад эгч нь буудалд урд нь ажиллаж байсан, буудлын туршлагатай гэхээр нь дэлгүүрээ болиод зээлсэн мөнгөөрөө Ц.С-ынөмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 4 дүгээр гудамж, 19 тоот хаягт байрлах Эндо зочид буудлыг түрээслэхээр болсон, улмаар Ц.С нь түрээсийн 1 сарын төлбөр 6,500,000 төгрөг ба түрээсийн төлбөрийг 3 сараар, барьцааны мөнгө 5,000,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөгийг надаас нэхсэн. Би банкнаас авсан 23,500,000 төгрөг, мөн хүнээс 1,000,000 төгрөг зээлээд нийт 24,500,000 төгрөгийг Ц.Сд өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд яг 01 сар 15 хоног ажиллуулсан. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буудлаа ажиллуулж байх үед Баянгол дүүргийн 16 хорооны цагдаагаас Нийслэлийн Засаг даргын захирамжийг авчирч өгсөн. Уг захирамжид Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дэн буудал, бассейн, саун, караоке, баар зэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллуулахгүй гэсэн байсан. Тэр үеэс хойш ажиллаагүй. Энэ дэн буудлыг ажиллуулж байхад Ц.Стой зөрчилтэй байсан. Буудалд нь 700,000-800,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч Ц.С-ынамлаад байсан орлого нь орохгүй байсан. Мөн шугам сүлжээнд доголдол гарах болгонд Ц.С-ыннөхрөөр янзлуулдаг ба ажлын хөлс гэж 30,000 төгрөг нэхдэг. Ц.С-ыннөхөрт нийт ажлын хөлсөнд 150,000 төгрөг төлсөн. Уг буудлыг нэг сар хагас ажиллуулахдаа шугам сүлжээ, ус алдсан зэргийг засварлуулах ажлын хөлсөнд 600,000 төгрөг зарцуулсан. Түүнчлэн нэг сарын түрээсийн төлбөр болох 6,500,000 төгрөгөөс гадна сард тогны мөнгө 300,000 төгрөг гардаг, халаалтанд 300,000 төгрөг гээд нийт ашиглалтын зардалд 600,000 төгрөг, мөн ажилтнаа 1,200,000 төгрөгөөр цалинжуулж байсан.
Тухайн буудлыг ажиллуулахад алдагдалтай байсан бөгөөд анх ажиллуулж эхлээд 3, 4 хонгийн дараа би Ц.Сд энэ буудал чинь орлого муу юм байна гэхэд гэрээ хийе гэж хэлсэн ба гэрээ хийх гэтэл манай буудал ашигтай ч байсан, ашиггүй ч байсан гэрээ хийх юм бол заавал 3 сар болох ёстой гэж тулгасан. Би ашиггүй байх юм бол 3 сар алдагдалд ороод суумааргүй байна, гэрээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл гадуур Ковид-19 цар тахал дэгдээд миний зүгээс энэ цар тахал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй учраас түрээслэхээ болилоо гээд 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажиллаад 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажиллуулаагүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б.Т, үйлчилгээний ажилтан Б.Хулан хоёр Ц.Сд буудлыг хүлээлгэж өгсөн. Ц.С би завгүй байна, ерөнхийд нь харчихъя гээд 12 өрөөнүүдээрээ ороод хөнжил, гудсаа бүртгэж авчихаад надад 14,500,000 төгрөг өгөх нь үнэн гэсэн гарын үсэг зурж өгсөн. Би түүнийг мөнгөгүй байгаа байх гэж бодоод 3 сар үлдэгдэл төлбөрөө нэхэлгүй хүлээсэн. Дараа нь Ц.С нь Баянгол дүүргээс сонгуульд өрсөлдөж байгаа, сонгуулийн хугацаа дуустал миний нэр хүндэд битгий халдаач, сонгуулийн дараа яг мөнгийг чинь өгнө гэж хэлсэн боловч удаасаар байгаад 2020 оны 8, 9 сард цувуулсаар 7,000,000 төгрөг өгсөн. Иймд Ц.Сос түрээсийн үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг, банкны хүүнд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.С-ыншүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болоржаргалын гаргасан тайлбарт: Тухайн үед нийгмээрээ цар тахлын асуудал үүссэн байсан. Түрээсийн гэрээ гэх боловч хэргийн материал дотор албан ёсоор хийсэн түрээсийн гэрээ байхгүй. Гэхдээ түрээсэлсэн асуудалд хэн нэгэн нь маргаагүй байна. Түрээсийн гэрээ гэдэг маань өөрөө эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтууд давхар хамаардаг. Хугацааны хувьд зохигчид маргаагүй 3 сарын хугацаатай түрээслэхээр тохирсон гэдгээ хэн аль нь хэлдэг. Гэхдээ өнөөдөр мөнгө төгрөгийн асуудал тухайн хугацаандаа ажилласан уу үгүй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Түрээсийн гэрээний энэ маргаан нэхэмжлэгч шаардлагаа нотлох үүрэгтэй байдаг. Жишээ нь би гарын үсэг зуруулсан, би хүлээлгэж өгсөн гэдэг юм л яригдаад байгаа юм. Гэтэл Иргэний хуулийн 326 дугаар зүйлд түрээслэгчийн хариуцлагыг юу гэж хуульчилсан байдаг вэ гэхээр, түрээсийн гэрээгээр хүлээж авсан эд зүйлийг ердийн буюу гэрээгээр тохиролцон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түрээслээд больсон, хүлээлгэж өгсөн гэж маргах боловч албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Нэгдүгээрт: Цар тахлын асуудал үүсчихлээ. Хоёрдугаарт: Ашиггүй байсан гэж ярьдаг. Тэгэхээр алдагдалтай байсан гэж ярьж байна. Гэтэл ийм асуудал болсон бол түрээсийн гэрээгээ цуцалсан албан ёсны мэдэгдэл хийсэн зүйл хавтаст хэрэг дотор байхгүй. Энэ үйл ажиллагаа нь 2020 оны 02 дугаар сард болсон асуудал, гэтэл өнөөдөр 2021 оны 10 дугаар сар гарсан байна. Энэ хугацаанд ямар нэг байдлаар маргаан үүсгэсэн бол асуудал арай өөр байх байсан. Энэ хугацаанд нам жим байж байгаад 2021 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан явдал нь өнөөдөр хуулиар олгогдсон түрээслүүлэгчийн шүүхэд хандах эрх зөрчигдсөн бол тэр талаар маргаан үүсэх хуулинд заасан хугацаа өнгөрөх байдал үүссэн. Гэхдээ түрээслүүлэгч барьцаа 5,000,000 төгрөг авсан байсан учраас энэ илүү дутуу асуудал нэгэнт үүсэхгүй байгаа учраас шүүхэд хандаад байх шаардлага байхгүй. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж хуульчилсан. Нэгэнт нэхэмжлэгч би буцаан өгсөн гэдэг зүйлийг ярьж байгаа, маргаан үүсээгүй учраас буцаагаад өгсөн гэж бодьё, тэгвэл Иргэний хуулинд гэрээний хугацаа дуусах хүртэлх түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Түрээслэгч нь тохиролцсон хугацааг баримтлах үүрэг хүлээнэ. Ц.С 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл 7,000,000 төгрөгийг уван цувуулаад өгсөн. Үүнийг би барьцааны мөнгө буцаагдаад олгогдсон гэж үзэж байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Ц.Сд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 7,500,000 төгрөг, банкны хүүнд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 10,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, зочид буудлыг буцааж хүлээлгэж өгөөгүй, түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан хүлээлгэж өгсөн тохиолдолд гэрээний үлдсэн хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч C.Жавзмаа, хариуцагч Ц.С нар нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 4 дүгээр гудамжны 19 тоот хаягт байрлах Эндо зочид буудлыг 3 сарын хугацаатай, сарын 6,500,000 төгрөгөөр түрээслэх, барьцаанд 5,000,000 төгрөг барьшуулахаар тохиролцож, нийт 24,500,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Ц.Сд хүлээлгэн өгсөн нь С.Жгийн Хаан банкин дахь 5005169182 тоот депозит дансны хуулга, Худалдаа, хөгжлийн банкин дахь 2611204880 тоот иргэдийн харилцах дансны хуулга, нэхэмжлэгч С.Ж, хариуцагч Ц.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж хуульчилсан бөгөөд зохигчид үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхээр харилцан тохиролцсон атлаа гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байна.
Нэхэмжлэгч С.Ж нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч зочид буудлын зориулалтаар ашиглаж байгаад Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар Ковид 19 өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсоосон гэх захирамжийн дагуу Ц.С-ынөмчлөлийн Эндо зочид буудлыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч Б.Т, Б.Хулан нарын Нийслэлийн онцгой комиссын шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гарч зочид буудлуудыг ажиллуулахгүй болсон тул 27-ны өдөр буудлыг Ц.Сд хүлээлгэж өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна. Зохигчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-наас 3 сарын хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сарын 6,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буцаан хүлээлгэж өгсөн тул үлдсэн хугацааны төлбөрт 14,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч хариуцагч 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул хариуцагчаас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Зохигчид түрээсийн гэрээг хуульд заасан дээр дурдсан хэлбэр, шаардлагын дагуу байгуулаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд эд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч Ц.Солонгыг 7,500,000 төгрөгийг буцаан төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас банкны хүүнд төлсөн 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамжийн дагуу Ковид 19 өвчний тархалт буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсоосон гэх үндэслэлээр хариуцагч Ц.Сд хүлээлгэн өгсөнд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй.байна. гэж зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.7-д заасныг баримтлан хариуцагч Ц.Сос 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР