Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 183/2018/1596/и |
Дугаар | 1910 |
Огноо | 2018-08-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 1910
Н.Л, Д.Энарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Л, Д.Энарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Б, Ч ХХК-д тус тус холбогдох,
2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Э ХХК-ийн хувьцааг бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Эаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Э
Нэхэмжлэгч Д.Эын өмгөөлөгч: Н.Энхчимэг
Нэхэмжлэгч: Н.Л
Нэхэмжлэгч Н.Лгийн өмгөөлөгч: Л.Сарангуа
хариуцагч Ч.Бгийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Л, Д.Энар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Л миний бие 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эх газрын эрдэнэс ХХК-ийг шилжүүлэн авсан. Ингээд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уг компанийн хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааг дангаараа хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б уг компанийн гишүүнээр элсэн орж,компанийн гишүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авсан. Ингээд Эх газрын эрдэнэс ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хоёр гишүүнтэйгээр, Ч.Б тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Эх газрын эрдэнэс ХХК-ийн 50%-ийн хувьцааг шилжүүлэх гэрээг байгуулах болсон үндсэн шалтгаан нь Ч.Б бол миний нөхөр Д.Этай олон жил найзалж нөхөрлөсөн, бидний хооронд хамтран ажиллах бүрэн боломж байсан. Үүний дагуу миний бие Эх газрын эрдэнэс ХХК-ийн гишүүнээр элсүүлж, Эх газрын Эрдэнэс ХХК-д хөрөнгө оруулалт хийж, түүнээс олох ашгийг хуваах зорилгоор элсэн орох Ч.Бгийн хүсэлтийг хүлээн авч, Эх газрын Эрдэнэс ХХК-ийн 50%-ийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2007 оноос 2010 он хүртэл уг компанийн гишүүнээр элсэн орсны дараа Ч.Бд би одоогийн Финанс төвийн барилгыг барихад 893 200 ам.долларыг түүний хүсэлтээр хөрөнгө оруулсан. Финанс төвийн барилга 2012 онд ашиглалтад орсон боловч амласан хөрөнгө оруулалтыг Эх газрын эрдэнэс ХХК-д оруулаагүй. 2012 онд Эх газрын эрдэнэс ХХК-ийн гишүүдийн хурал болсон. Энэ хурлаар Ч.Б өөрийгөө хөрөнгө оруулаагүйд уучлалт гуйж, Эх газрын эрдэнэс ХХК-ийн захирлаар ажиллахаас өөрийн хүсэлтээр татгалзсан. Ингээд 2012 оны 9 дүгээр сараас эхлээд Эх газрын эрдэнэс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Э ажиллаж эхэлсэн. Ч.Б амласан хөрөнгө оруулалтаа хийгээгүй тул миний зүгээс Финанс төвийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шаардсан. Мөн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг удаа дараа шаардсан боловч Ч.Б Финанс төвийн барилгыг улсын комисс хүлээж авахгүй байна, улсын комисс хүлээж авсны дараа түрээслэгч олдохгүй байна гэх зэргээр миний оруулсан хөрөнгө оруулалтыг өгөхгүй байсан ба сүүлдээ надад олдохоо байсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд хариуцагч хүлээж авсандаа маргадаггүй. Нэгэнт амаар тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүй учраас хөрөнгө оруулсан мөнгөө гаргуулж авья гэсэн үндсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нарын дээрх шаардлага Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх үндэстэй. Нэхэмжлэгч нар хариуцагчид шилжүүлсэн мөнгийг тухайн үед ам.доллар, еврогоор шилжүүлсэн тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үеийн төгрөгийн ханшид хөрвүүлэн хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Аномагийн барилга дээр бол хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 220 дугаар хуудсанд байх 220 000 ам.долларыг хариуцагч Ч.Б Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохдоо энэ мөнгийг авсан, барилга бариад өгсөн гэдэгтээ маргаагүй. Иргэн Д.Эын барилгыг барьсан гэж тайлбарлаж байгаа боловч тооцоо нийлсэн акт үйлдэхэд барьсан байсан болох нь харагдлаа. Н.Чойжилсүрэнгийн 15 айлын барилгын тухайд бол нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзал дээр тодорхой бичсэн. Газрын төлбөрт 4 айлын орон сууцыг авсан. Бусад байрыг н.Чойжилсүрэн өөрөө худалдан борлуулсан нь бидний хоорондох тооцоонд хамааралгүй гэж тодорхой бичсэн. Бүртгэлийн байгууллагын лавлагаагаар ч гэсэн дээрх баримт хангалттай тогтоогддог. Хариуцагч шүүх хуралдаан бүрт өөр, өөр тайлбар гаргаж, Улсын дээд шүүхийн шүүгч нарыг эргэлзээнд оруулж байсан учраас дахин анхан шатны шүүхэд буцаасан. Нэхэмжлэгч нараас мөнгө авсан дээрээ хариуцагч нар маргадаггүй. Зөвхөн энэ мөнгийг Финанс төвийн барилгад зарцуулсан гэж тайлбарладаг. Уг Финанс төвийн барилгыг хувь хүнээс авсан зээлээр барьсан гэдэг нь татварын байцаагчийн ярилцлага хийсэн тэмдэглэл, улсын комисст өгсөн албан бичиг, мэдүүлэг зэрэгт тодорхой дурдагдаж байгаа. Гэтэл хариуцагч Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд хэлэхдээ би түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр зээл авсан гэж худал мэдүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл энэ худал тайлбараа нотолсон баримтаа гаргаж ирээгүй нь энэ тайлбар худал байсныг нотолж байна. Финанс төвийн барилгад хөрөнгө оруулж хамтран ажиллах хэлцлээс үүдсэн хамтын ажиллагааны үргэлжилсэн үр дагавар бол хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ юм. Уг барилыг бариад, худалдан борлуулсан орлогоор санхүүжилт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах нөхцөлтэй байсан талаар баримтууд байгаа. Энэ нь Эх газрын эрдэнэс ХХК-ийн хурлын тэмдэглэл, хариуцагчийн бичсэн өргөдөл, үйл явдлын өрнөлөөс харагддаг. Гэтэл Компанийн тухай хуульд компанийн хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулах, түүний үндэслэл, санал болгох ногдол ашиг, компанид оруулах хураамж гэсэн нөхцөл шаардлагыг тодорхойлсон хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигч нарын шаардлагыг биелүүлээгүй, хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, Финанс төвийн барилгын хөрөнгө оруулалтыг буцааж өгөхгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, зальдах гэсэн нь тодорхой байгаа тул дахин хамтран ажиллах боломжгүй байгаа нь 2012 оноос хойш болсон үйл явдлаас харагдаж байгаа тул бэлэглэлийн гэрээнээс татгалзах үндэслэл болж байна. Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.4 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээнээс татгалзаж эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн Эх газрын эрдэнэс ХХК-ийн хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Эаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Батнасан нь Д.Этай 1989 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Д.Э нь Ц.Батнасангийн туслахаар ажиллаж байгаад 2000 оноос Монгол улсад суурьших болсон. Д.Э нь архины бизнест хөрөнгө оруулахыг Ч.Бд санал болгож “Өргөө-Од” ХХК-ний 50 хувийн хувьцааг Батнасан, “Трансын консулт” ХХК-ийн хувьцааг Энхжаргал эзэмшдэг, Финанс төвийн байрыг ОЭТ ХХК, Д.Эын архины бизнес ашиггүй болоход Ц.Батнасан түүнийг “Хархираа хөгжил” ХХК руу архины тусгай зөвшөөрөлтэй, объектын хамтаар 2006 онд шилжүүлэх зэргээр бизнест хамтран ажиллаж байсан юм. Тухайн үед Ц.Батнасанд хувийн компани байгаагүй боловч нийслэлээс хувиараа газар авч хөрөнгө оруулалт хайсан. Ингээд хөрөнгө оруулалт олж Нийслэлийн Хангарьд ордны ард Финанс төвийн барилгыг эхлүүлэх гэсэн боловч өөрийн гэсэн компанигүй байсан учраас Д.Эын гүйцэтгэх захирлаар ажилладаг компанийн балансад бүртгүүлж барилгын ажил эхлүүлсэн. Ц.Батнасан нь тухайн компанийн нэр дээр барилгаа барьж байсан. Гэвч ОЭТ ХХК-ийг Увс хүнс ХХК-д зарах болж Д.Э нь хөрөнгөө авахыг Ц.Батнасанд хэлсэн, тэгээд барилгаа авсан. Тухайн үед дутуу баригдсан 3 давхар карказыг 630 000 000 төгрөгөөр балансаас балансад шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр Ч.Бгийн гарын үсэг биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. ...Нэхэмжлэлээс харахад Н.Л нь 2007 оны 09-р сарын 11-ний өдрөөс хойших хугацааны төлбөр, Д.Э нь 2007 оны 05-р сараас өмнөх хугацааны төлбөр нэхэмжилжээ. 2007 оноос өмнөх хугацааны төлбөр нэхэмжилж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг хуулиар зохицуулсан. Лхамсүрэн нь нэхэмжлэл гаргахдаа оффисын барилгын хөрөнгө оруулалт гэж хийсэн гэдэг боловч гүйлгээний утга дээр өөр байдлаар тайлбар бичсэн. Ч.Б нь Лхамсүрэн, Энхжаргал нарын захиалгаар Хан-Уул дүүргийн Анома 5б байрыг 319 636 772 төгрөгийн төсөвтэй, 2009 онд Ц.Батнасангийн аав Чойжилсүрэнгийн захиалгаар 15 айлын 8 машины гаражтай 790 888 213 төгрөгийн төвөстэйгээр барьж Д.Эд хүлээлгэж өгсөн. 6-р бичил хороололд үйлчилгээний төв, гаражийн хамтаар 2008 онд барьж гүйцэтгэсэн. Тус барилгын барихдаа 200 213 613 төгрөгийн төсөв гарсан. Ингээд тус барилгуудыг барих төсвийн үнэ 1 310 738 595 төгрөг болж байгаа юм. Ц.Батнасангаас Д.Эд 500 000 ам.долларыг шилжүүлсэн юм. Финанс төвийн барилгын ажил нь 2004 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил эхэлж, 2010 онд улсын комисст бүрэн хүлээлгэж өгсөн. Лхамсүрэн, Д.Э нараас барилга барихад ямар ч хөрөнгө оруулалт аваагүй зөвхөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу барилга барьж өгөхөд зарцуулсан хөрөнгө юм. Эх газрын эрдэнэс ХХК-ийн хувьцааг 2010 оны 02 дугаар сард шилжүүлсэн ба Улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ нь хуулийн дагуу хийгдсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хуулинд зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох 3 үндэслэл байдаг. Гэтэл нэхэмжлэгч талын тайлбараас Ч.Б гэдэг хүн яг ямар хуулийн заалт буюу ямар гэрээний зүйл заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой харагдахгүй байна. Бэлэглэлийн гэрээ гэж нэхэмжлэл гаргасан хэрнээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах хуулийн үндэслэл болгон яриад байгаа нь ойлгомжгүй байна. Бэлэглэлийн гэрээ нь нэг талын гэрээ байдаг ба гэрээнээс татгалзах ойлголтод хамаардаггүй. 2001-2007 оны хоорондын болсон үйл явдал. Гэтэл өнөөдөр 2017 оны асуудал яригдаж байна, хуулиар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байгаа. Мөн Ч.Б нь эдгээр хүмүүсийн шилжүүлсэн мөнгөөр нийт 3 барилгыг барьж хүлээлгэж өгсөн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох талаарх ойлголтод хамаарахаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрч П.Аюур энэ талаар тайлбар гаргаж, гарсан төсвүүдийн холбогдох тооцоог хэрэгт өгсөн байгаа. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Б нь 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан Эх газрын эрдэнэс ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч юм. 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.Лтэй байгуулсан Эх газрын эрдэнэс ХХК-ийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 50 хувийн хувьцааг хууль ёсоор шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Ч.Б 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Эх газрын эрдэнэс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэвч гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг өгсний дараагаас нэхэмжлэгч нар шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргаж, удаа дараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байсан учраас компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Эх газрын эрдэнэс ХХК нь Хан-Уул дүүрэг, Зайсанд 4.25 га газар эзэмших эрхтэй ба тухайн газарт барилгын ажил эхлүүлсэн байдаг. Н.Л, Д.Энараас хөрөнгө оруулалт авснаа зөвшөөрч байгаа бөгөөд харин Чимо ХХК нь энэ мөнгөний асуудалтай ямарч хамааралгүй, миний өөрийн үүсгэн байгуулсан компани юм. Иймд Чимо ХХК-аас мөнгө гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Ч.Бгийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан. Гэтэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээнээс татгалзсан тухайгаа гэрээнийхээ нэг талд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн энэ гэрээ нь бол 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ. Энэ гэрээ бэлэглэлийн гэрээ болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 117 дугаар тогтоолоор нотлогдоно. Хэрэв Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа бол ашиг алдагдал хуваан авах талаар, 476.3.1 дэх хэсгээс 476.3.8 дахь хэсэгт заасан заалт уг гэрээнд огт тусгагдаагүй байдаг. Бэлэглэлийн гэрээгээр 50%-ийн хувьцааг хүлээн авсан учраас Ч.Б Эх газрын эрдэнэс ХХК-д элсэн орох хүсэлт гаргаж, Н.Лтэй хамтран ажиллах нөхцөл байдал үүссэн. 2007 оноос 2010 онд хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.долларын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр энэ мөнгөний оронд 3 барилга Ч.Б барьж өгсөн. Баянгол дүүрэг дэх Б.Энхжаргалын үйлчилгээний барилгын өргөтгөл, Анома хотхоны орон сууцны барилга, Тахидагхайрхан ХХК-ийн орон сууцны барилга гэсэн барилгуудыг барьж өгсөн нь гэрч н.Аюурын мэдүүлэг, 3 барилгын төсвөөр нотлогдож байгаа. Д.Эаас Ч.Бд шилжүүлсэн 2001 оноос 2006 оны төлбөрийн баримтын хувьд бол тухайн үед гадаадад байсан тул тэр баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2012 онд Ч.Бг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн хурал болсон. Энэ хурлын тэмдэглэлд Ч.Б бэлэглэгчийг гомдоосон юм гэсэн үндэслэл байдаггүй, мөн Ч.Бг 50%-ийн хувьцаагаа буцааж авъя гэсэн гэрээний татгалзлын талаар ямар нэг зүйл мэдэгдээгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн бол учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж хамааралгүй заалт барьсан байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний ямар ч шинж байдаггүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа хурлын протокол дахь хамтран ажиллана гэсэн үг бол бэлэглэлийн гэрээгээр хувьцаа шилжүүлсний дараа болсон асуудал бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа учраас Э ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б, Н.Л нар хамтран ажиллах харилцаа үүссэн юм. Тийм учраас хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй нь Компанийн тухай хуульд заасан зөрчил, компанийн дотоод асуудал болохоос компанийн хувьцаа эзэмшигчид хамааралгүй, бэлэглэлийн гэрээг хүчингүй болох үндэслэл болохгүй. Ч.Бг гүйцэтгэх захирлын ажлаа хийхгүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн хурал болсон ба бэлэглэлийн гэрээний талаар огт яригдаагүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж зааснаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Н.Лгийн 2007-2010 оны хооронд шилжүүлсэн 893 200 ам.долларыг хөрөнгө оруулалт гэж нэхэмжилсэн. Хөрөнгө орууллалт гэж үзэх юм бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн, хөрөнгө оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан байгаа. Тиймээс энэ хөрөнгө оруулалт гэж заасан шаардлагыг хангаагүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дахь хэсэгт Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө оруулалт, авлагыг заавал бүртгэнэ гэж зааснаар Чимо ХХК-ийн барилгад хөрөнгө оруулж байгаа бол энэ тухайгаа бүртгүүлэх байсан. Чимо ХХК-ийн дансанд мөнгөө хийх ёстой байсан боловч энэ хөрөнгө оруулалтаа нотлох гэрээ байхгүй. Мөнгийг иргэн Ч.Бд шилжүүлсэн байдаг. Ч.Б 3 барилга барьж хүлээлгэж өгсөн байдаг. Энэ 3 барилга дээр нэг зүйл тодруулахад 15 айлын орон сууцнаас 2 айлын орон сууцыг Ч.Б авсан, бусад орон сууцыг Д.Э авсан талаар гэрчийн мэдүүлэг байгаа. Мөн 4 биш 5 орон сууц авсан гэдгээ Д.Э өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн байдаг. Чимо ХХК-ийн барилга 1,4 тэрбум төгрөгөөр боссон ба энэ хөрөнгө яаж бүрдсэн бэ гэхээр 623 000 000 төгрөгөөр ОЭТ ХХК-иас 3 давхар баригдсан барилга шилжүүлж авсан. Энэ үнийн дүн дээрээс 350 000 ам.долларын зээл авсан. Энэ долларыг тухайн үеийн төгрөгийн Монгол банкны ханш 1160 төгрөгөөр хөрвүүлэхэд 1 500 000 000 гарна төгрөг болж байгаа. Тэгэхээр энэ барилгад Д.Э, Н.Л нарын хөрөнгө оруулалт, мөнгө ороогүй. Д.Эын 2001-2009 оны хооронд өгсөн гэж нэхэмжлээд байгаа мөнгө үндэслэлгүй. Яагаад гэхээр энэ баримт дээр 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн байхад Хил хамгаалах газраас ирсэн бичигт 2007 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Э Монгол улсын хилээр гараад 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн. Тэгэхээр энэ баримт үйлдэгдсэн өдөр Д.Э Монгол улсад байгаагүй. Тийм учраас энэ баримт хуурамч, гарын үсгийг татлаад зурсан, Ч.Бгийн гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй, өмнөх баримтуудын гарын үсэгтэй харьцуулахад гарын үсэг нь өөр, Н.Л мөнгө өгөөгүй мөртлөө хүлээлгэн өгсөн гэж цуг орсон байгаа тул хууль бус баримт юм. Үүнтэй холбоотойгоор нэг баримт хэлэхэд ОЭТ ХХК-г 2006 онд Ч.Б залилж, өөртөө шилжүүлж авсан гэж эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгаж байсан. Тэр баримтыг Хил хамгаалах газраас ирсэн баримттай тулган үзэхэд тухайн цаг үед Д.Э Монгол улсад байсан нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ОЭТ ХХК-ийг Чимо ХХК-ийн балансад шилжүүлсэн байдаг. Тэгэхээр 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын хилээр ороод 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Э Монгол улсын хилээр гарсан байсан. Тэгэхээр худлаа гадагшаа явсан мэтээр баримт үйлдсэн байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Энэ тодруулга дээр гэрээнээс татгалзаж компанийн 50%-ийн хувьцааг Ч.Бгаас шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. 70 200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөөд нэхэмжлэл гаргасан. Эх газрын эрдэнэс ХХК нь 2008 оноос хойш тэрбум гаран төгрөгтэй гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 229 дүгээр талд авагдсан. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан тайланд 1,9 тэрбум төгрөгийн үнэтэй гэж байгаа тул н.Батжаргал гэж хүнээс 750 000 ам.долларын үнэтэй газартай компани авсан гэх мэт зүйлээс харахад Эх газрын эрдэнэс ХХК нь 1 000 000 төгрөгийн, 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай компани биш өөртөө хөрөнгөтэй компани учраас 50%-ийн хувьцааг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж буруу төлсөн байна гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Бгаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эх газрын эрдэнэс ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компаний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Лд олгож, хариуцагч Ч.Бгаас 1 816 933 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд, 1 429 370 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд тус тус олгож, хариуцагч Чимо ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсгийн баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 073 635 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 16 129 668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л, Д.Энарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нар нь 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийг Ч.Бгаас буцаан гаргуулах, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар, Д.Эаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар тус тус гаргуулах тухай 3 шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд анхан шатны шүүх буруу дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.
Уг гэрээг анхан шатны шүүх дүгнэхдээ “...хувьцаа бэлэглэх тухай гэрээ нэртэй боловч агуулгын хувьд дээрх гэрээний шинжийг агуулаагүй бөгөөд хөрөнгө оруулалт хийх зорилгоор хамтран ажиллах зорилготой, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн” гэж буруу дүгнэсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаар 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний дагуу Н.Л нь компанийн 50 хувийн хувьцааг Ч.Бд шилжүүлж, тэрээр компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Уг бэлэглэлийн гэрээ нь бодитоор хэрэгжиж, бэлэглэгч нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар хариу төлбөргүй дээрх хувьцааг шилжүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 117 тоот тогтоолд “...Ч.Б нь компанийн 50 хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч эзэмшигч болсон байна” гэж тус бэлэглэлийн гэрээ 2015 онд ч, өнөөдөр ч хүчин төгөлдөр гэрээ хэвээрээ байна гэдгийг нотолж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж” гэж тодорхойлсон. Гэтэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам хэрэгжээгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан үйл баримт болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд уг бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч нь уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байгааг шүүх анхаарч үзээгүй.
Уг бэлэглэлийн гэрээ нэгэнт хэрэгжсэн бөгөөд Ч.Б нь “Эх газрын эрдэнэс” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон. Иймд компанийн хувьцаа эзэмшигч нартай холбоотой маргааныг Компанийн тухай хуульд зааснаар зохицуулах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Э ХХК-ийн хувьцааг бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж компанийн 50 хувийн хувьцааг Ч.Бгаас буцаан гаргуулах шаардлагыг хамтран ажиллах гэрээтэй холбон тайлбарлаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд Д.Эаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэлээ нэхэмжлэгч нь гаргаагүй, мөн түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Учир нь нэхэмжлэгч нь уг шаардлагаа гаргахдаа өөрийн “ОЭТ” ХХК-иас хариуцагчийн Ч ХХК-д 621 000 ам.доллар, болон 77 800 евро шилжүүлсэн гэж шаардаж байгаа атлаа уг шаардлагаа иргэн Ч.Бгаас шаардаж байгаа эсэх, эсхүл Ч ХХК-иас шаардаад байгаа эсэх нь тодорхойгүй.
Уг шаардлагын үндэслэл болсон 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “оффисийн барилгын санхүүжилтэд иргэн Д.Эаас оруулсан хөрөнгө оруулалт” гэх баримтыг үйлдэх үед нэхэмжлэгч Д.Э нь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон. Мөн уг баримтыг хариуцагч Ч.Б үгүйсгэж маргадаг. Дээрх баримт нь зөвхөн нэг талын баримт бөгөөд давхар дансны хуулгаар тогтоогдоогүй. Энэ их мөнгийг дансаар шилжүүлээгүй бэлнээр хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй байхад шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Уг баримтыг 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэж үзвэл үүнээс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил ба уг хугацаа дууссан байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй. Нэхэмжлэгч нар 2014 оны 11 сард анх хариуцагчийг Ч.Бг цагдаагийн байгууллагад өгч эхэлсэн ба 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2014 оны 11 сар хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаархи баримт хэрэгт огт байдаггүй.
Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.долларыг гаргуулна гэдэг. Уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргахгүй. Харин уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 хэсэгт зааснаар харилцан үүрэг тооцож дуусгавар болсон. Мөн 2007-2010 оны хоорондох асуудал тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Тодруулбал,
4-р хавтаст хэргийн 163 дугаар талд дансны хуулга байдаг ба үүнд “Ч.Бгаас Д.Эд 400 000 ам.доллар шилжүүлэв” гэж бичигдсэн. Уг дансны хуулгыг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч нар гаргаж өгөөгүй ба үүнийг тайлбарлахдаа н.Мөнхцэцэгийн мөнгийг миний дансаар дамжуулж шилжүүлсэн гэдэг. Гэтэл шүүх нотолгооны хуваарилалтыг буруу хуваарилаж хариуцагч нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын уг тайлбарыг үндэслэж уг мөнгөн хөрөнгийг 893 200 ам.доллараас хасч тооцоогүй.
1-р хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан баримтад “Амаржаргалаас Ч.Бд 50 000 ам.доллар шилжүүлсэн” талаархи баримт байдаг. Амаржаргалын өмнөөс Н.Л нь шаардлага гаргах эрх байхгүй. Нэхэмжлэгч үүнийг тайлбарлахдаа Голомт банкны лавлагаагаар би Амаржаргалтай хамтран данс эзэмшдэг байсан, уг данснаасаа мөнгө шилжүүлсэн гэдэг. Гэвч 1-р хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан Голомт банкны лавлагаагаар Н.Л, н.Амаржаргал нар нь 2008 он хүртэл хамтран данс эзэмшиж байсан гэсэн лавлагаа байдаг. Гэтэл уг 50 000 ам.долларыг 2010 онд шилжүүлсэн байдаг. Үүнийг шүүх анхаараагүй хэт нэг талыг барьж, хийсвэр дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч нар “Тахидаг хайрхан” ХХК-ийн барьсан 15 айлын орон сууцыг хариуцагч Ч.Б өөрийн хөрөнгөөр барьсан үйл баримтад маргаагүй. Уг орон сууцнаас нэхэмжлэгч нар өөрсдийн хамаатан, найз нөхөд болох н.Юмчиндуламд 2 ширхэг орон сууц, 1 гарааш нийт 65 сая төгрөгийн үнэтэй, н.Ариунжаргалд 1 орон сууц 25 сая төгрөгийн үнэтэй, н.Бямбажавт 1 орон сууц 44 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг хариуцагчид төлбөр төлөхгүйгээр авсан болохоо улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан. Уг тайлбартай холбоотойгоор дээрх орон сууцны үнэ тэдгээртэй байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр тогтоогддог. /3-р хх-181-217/ Эдгээр иргэдийн авсан орон сууцны нийт үнэ 134 000 000 төгрөг болсон байгааг шүүх 893 200 ам доллараас хасч тооцоогүй.
“Анома” ХХК-ийн барилгыг хариуцагч Ч.Б барьж ашиглалтад оруулсан талаар нэхэмжлэгч нар мөн маргадаггүй. Уг барилгын төсөв 319 636 772 төгрөгөөр баригдсан талаар баримт хэрэгт авагдсан. /1-р хх-123-189, 2-р хх-67-198, 4-р хх-65-80/
Нэхэмжлэгч нар 3 барилгын ажлын төсвийг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Мөн дээрх 3 барилгыг хариуцагч Ч.Бгийн хөрөнгөөр барьсан, мөн 15 айлын орон сууцыг н.Энхжаргал нь өөрийн ах дүү, ажилтандаа өгсөн болохыг гэрч Д.Аюурын мэдүүлгээр давхар тогтоогдсон.
Анхан шатны шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар талууд хамтран ажиллах гэрээний дагуу хэн нь хэдэн төгрөгийн хураамжийн хэмжээ оруулах эсэх, ямар үйлчилгээ явуулах эсэх, хамтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг хэрхэн хуваарилах талаар ямарч баримтгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор судлаагүй.
Мөн нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид нийт 13.073.635 төгрөг төлж, 3.056.033 төгрөг дутуу төлсөн байхад уг мөнгийг шүүх нөхөн гаргуулж улсын орлого болгоогүй атлаа, хариуцагчаас /13.073.635+3.056.033/ 16.129.668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянана шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Л, Д.Энар нь хариуцагч Ч.Б, Ч ХХК-д тус тус холбогдуулан 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Э ХХК-ийн хувьцааг бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулах, Н.Лгээс хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 893 200 ам.доллар буюу 1 816 933 520 төгрөг, Д.Эаас хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 621 000 ам.доллар, 77 800 евро буюу 1 429 370 140 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “...4.2 га газарт өөрийн хөрөнгөөр барилгын болон дулааны зураг хийлгэсэн, 3 барилгыг 1 310 738 595 төгрөгөөр барьж хүлээлгэн өгсөн, ...400 000 ам.долларыг шилжүүлсэн” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Л нь Э ХХК-ийн дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 50 хувь буюу 1 000 000 төгрөгийн хувьцааг Ч.Бд бэлэглэхээр тохирч, түүнийг компанийн гишүүнээр элсүүлж, улмаар тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшихээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, Ч.Бг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, Ч.Б 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлт гаргасныг үндэслэн түүнийг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Д.Эыг гүйцэтгэх захирлаар томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /I-хх 4, 7-19/
Шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хувьцаа бэлэглэх тухай гэрээ нэртэй боловч агуулгын хувьд бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй, компанид тодорхой хөрөнгө оруулалт хийж харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцсон, улмаар Э ХХК-ийн эзэмшлийн 4.2 га газарт амралтын цогцолбор бүхий орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд хөрөнгө оруулах зорилгоор хариуцагч Ч.Бгийн хүсэлтээр компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний агуулгатай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч тал хариуцагч Ч.Бд гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлээгүй байгаа талаар мэдэгдэж, компанийн хувь нийлүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит бус хурлаас түүнийг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн, хариуцагч Ч.Б нь хөрөнгө оруулалт хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон байна. /I-хх 16, 17/
Хариуцагч Ч.Бг компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн нь талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах тухай саналаа хэн аль нь гаргаж, гэрээ цуцлах журам хэрэгжсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан ба хамтран ажиллах гэрээнээс аль нэг тал гарах үед хамтын үйл ажиллагааны явцад олсон ашиг, орлого, үүссэн алдагдал, биелэгдээгүй үүрэг зэргийг харилцан тооцож гарч буй талд хөрөнгө хуваарилах боломжтой байвал ногдох хэсгээ авч гэрээнээс гарах эрхтэй байдаг.
Иймд шүүх нэхэмжлэгч нь компаний хувьцаа бэлэглэх гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн компанийн 50 хувийн хувьцааг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Шүүх хэрэгт авагдсан төлбөрийн баримт, нэхэмжлэгч Д.Эын “...Зайсан дахь барилгын санхүүжилтэд 2006 оны 11 дүгээр сарын 25, 2006 оны 12 дугаар сарын 15, 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 220 000 ам.долларыг Ч.Бд өгсөн” гэх тайлбар зэргийг үнэлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Анома” ХХК-ийн 2 хувийн сууц, Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд дахь иргэн Д.Эын үйлчилгээний барилгыг нэхэмжлэгч нарын бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр барьсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. /II-хх 209, III-хх 220, IV-хх 177, V-хх 177/
Түүнчлэн хариуцагч Ч.Б нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Чойжилсүрэнгийн бариулсан 6 давхар, зоорь бүхий үйлчилгээтэй, 15 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан, уг барилгаас нэхэмжлэгч нар өөрсдийн хамаатан, компанийн ажилтнууддаа өгсөн тул барилгад зарцуулсан мөнгөнөөс хасч тооцуулна гэж, нэхэмжлэгч Д.Э нь уг барилгад оруулсан хөрөнгө оруулалтын талаар маргаагүй бөгөөд газрын төлбөрт тооцож 3 орон сууц, 1 автозогсоолыг авсан /V-хх 66/ гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар иргэн Ц.Чойжилсүрэн нь уг барилгыг “Тусац” ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу бариулж, орон сууц захиалгаар бэлтгэн нийлүүлэх гэрээгээр нэр бүхий захиалагч нарт 560 000 000 орчим төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцыг худалдсан, мөн өөрийн нэрээр ашиглалтанд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон байна. /II-х 74, 75, III-хх 181-216, IV-хх 87-104/
Зохигчдын хэн аль нь маргаан бүхий орон сууцнаас үнийг нь төлж өмчлөлдөө шилжүүлэн авсан болон иргэн Ц.Чойжилсүрэнтэй өр, авлагын талаар тооцоо нийлсэн гэх бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Ч.Бгийн “...орон сууцнаас Д.Э авсан тул төлбөрөөс хасч тооцуулна” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Харин шүүх хариуцагч Ч.Бгаас 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Эд 400 000 ам.доллар шилжүүлсэн үйл баримттай хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ч.Бгийн “...Д.Эыг мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 400 000 ам.долларыг шилжүүлсэн” /IV-хх 188/ гэх, нэхэмжлэгч Д.Э нь “...Ч.Б, Н.Мөнхцэцэг нарын хамтран ажиллах гэрээний дагуу Ч.Б надад 400 000 ам.доллар шилжүүлсэн. Уг мөнгө нь Н.Мөнхцэцэгт өгөх Ч.Бгийн мөнгө байсан, би дамжуулж өгсөн” /V-176, 177/ гэх тайлбарыг Ч.Б, Н.Мөнхцэцэг нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэгч талаас 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 400 000 ам.долларыг Н.Мөнхцэцэгт шилжүүлсэн мемориалын баримт /IV-хх 173, 176, 179/-тай харьцуулан үзвэл хамтран ажиллах гэрээний дагуу Ч.Бгаас Н.Мөнхцэцэгт төлөх төлбөрийг нэхэмжлэгч Д.Э нь дамжуулан гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан давж заалдах гомдолдоо “2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “оффисийн барилгын санхүүжилтэд иргэн Д.Эаас оруулсан хөрөнгө оруулалт” гэх баримтыг үйлдэх үед нэхэмжлэгч Д.Э нь Монгол улсад байгаагүй болох нь Хил хамгаалах газраас ирсэн бичгээр тогтоогдсон гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслэээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагчийн шүүхэд удаа дараа гаргаж байсан тайлбар, Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн “...621 000 ам.доллар, 77 800 евро авсан гээд гарын үсэг зурсан байна, энэ баримтыг үгүйсгэсэн баримт байна уу гэх асуултад “...уг мөнгийг авсан. 5000 м.кв байшин барьж өгсөн” /V-хх 67/ гэх тайлбарыг харьцуулан үзэж, анхан шатны шүүх нэхэмжлэгч нар хариуцагч Ч.Бд тодорхой үнийн дүн бүхий мөнгийг шилжүүлж, хүлээн авсан нь тогтоогдсон гэж дүгнэн, хариуцагч Ч ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Хэргийн 1 дүгээр хавтасны 38 дугаар талд 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Амаржаргал, Н.Л нарын хамтран эзэмшдэг Голомт банкны харилцах данснаас Н.Л нь Ч.Бгийн харилцах дансанд 500 000 ам.доллар шилжүүлсэн төлбөрийн баримт авагдсан байх ба энэ талаар Д.Амаржаргал, Н.Л нар маргаагүй тул нэхэмжлэгч Н.Л нь Д.Амаржаргалын өмнөөс шаардлага гаргах эрхгүй гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг тухай үеийн Монголбанкны зарласан албан ёсны ханшаар...тооцно” гэж заасны дагуу ам.доллар болон еврог нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон /1 ам.доллар = 1 997,56 төгрөг, 1 евро = 2 180,44 төгрөг/ хариуцагч Ч.Бгаас 893 200 ам.доллар буюу 1 784 220 592 төгрөгийг нэхэмжлэгч Н.Лд, 221 000 ам.доллар, 77 800 евро буюу 631 098 992 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд тус тус олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулав.
Хөөн хэлэлцэх хугацаа бол гэрээний талуудын харилцан тооцох хоорондын үүрэгт хамаардаг. Үүргийг биелүүлснээс мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн нотлох баримт дээр хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Харин хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад нөхөн гаргуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...1 429 370 140 төгрөг...” гэснийг “...631 098 992 төгрөг...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээж” гэсний дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Л, Д.Энараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 3 056 033 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж” гэж нэмж, “...16 129 668 төгрөг...” гэснийг “...12 234 548 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Бгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 129 668 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ЦОГТСАЙХАН