Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00183

 

 

 

 

 

 

 

О ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2024/00035 дугаар магадлалтай            

О-н нэхэмжлэлтэй,

С д холбогдох

Сэлэнгэ аймгийн ...  сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Г , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О  нь хариуцагч С д холбогдуулан сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ...  сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч О ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О ы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2024/00035 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.13-ны өдрийн 208/МА2024/00035 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Учир нь О ыг ...  сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Э  нь О тай зохисгүй харилцаж, ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй атлаа удаа дараа эрх зүйн байдлыг нь дордуулж ажлаас нь хууль бусаар чөлөөлж байсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан Засаг даргын захирамжаар хангалттай тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүй, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан атлаа ажлаа орхиж яваагүй, ажлаа орхиж явах боломжтой байсан хуулийн зохицуулалтыг мэдэхгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, мөн хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам хэрэгт байхгүй байхад байгууллагын дотоод хяналт болон төрийн аудитын дүгнэлтээр ноцтой зөрчил гаргасан, байгууллагын нэр хүндэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцсэн гэсэн агуулгаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. О ыг тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Э нь 2022.05.22-ны өдөр 2022.09.01-ний өдрийн захирамжид заагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. 2022.05.25-ны өдрийн ...  тоот захирамж нь илтэд хууль зөрчсөн захирамж байсан бөгөөд Э ын оронд томилогдсон шинэ Засаг дарга нь уг захирамжийг хууль зөрчсөн учраас хүчингүй болгож, О ыг тухайн эрхэлж байсан ажилд нь 10 хоногийн дараа дахин томилсон үйл баримт хэрэгт авагдсанаар тогтоогдоно. Улмаар Э  нь дахин ...  сумын Засаг даргаар томилогдсон даруйдаа урьдын таарамжгүй харилцааг О тай үүсгэсэн тул О  өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Э т гаргасан. Гэтэл Э  нь тухайн хүсэлтийг шийдэхгүй өөр дээрээ дарагдуулж, О ыг ажиллуулж байгаад 2022.09.01-ний өдөр ажлаас халсан тушаалыг гаргаж О ы хөдөлмөрлөх эрхэд нь ноцтой халдсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар О  нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачлагыг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл бий болсон. Гэтэл Э  нь үүнийг шийдвэрлээгүй. Мөн Э  нь О тай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй байхад хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заагдсан зөрчил гарсан гэж ажлаас халсныг зөв гэж дүгнэж байгаа нь мөн ойлгомжгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012.06.15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 1.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрйин гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна гэж заасан. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх О д сахилгын шийтгэл оногдуулахад баримтлах хуулийн хугацааг Э  илтэд зөрчсөн байсныг анхаарч үзээгүй. Улсын Дээд шүүхийн дээрх зөвлөмжийн 3.3-т Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж маш тодорхой заажээ. Гэтэл О ыг буруутгасан төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн болон аудитын тайлангаар тогтоогдсон зөрчил гарснаас болон илрүүлснээс хойш хуулийн дээрх хугацааг зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан болно. Анхан болон давж заалдах шатны сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар болон Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэснийг зөрчсөн Засаг дарга Э ын шийдвэр нь яагаад хуулийн шаардлага хангаж байгаа талаар тус тус шийдвэр магадлалдаа огт дүгнэлт хийхгүй байгаа нь тэдгээрийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Иймд хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.   

5.Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.07.04-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00935 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ,  өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч О  нь хариуцагч С д холбогдуулан сумын Засаг даргын 2022.09.01-ний өдрийн ...дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргасан ба үндэслэлээ “...сумын Засаг даргаар Э томилогдсон үеэс эхлээд надтай хүнлэг бусаар харьцаж, байнгын ажлын байрны дарамт үзүүлж, 2022.05.09-ний өдөр ажлаас халсан, ...Э  нь өөрөө Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, намайг эргээд ажлаа хий гэж гуйж, захирамжаа хүчингүй болгосноор дахин тус Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах болсон. Э  нь Засаг даргын албанд дахин томилогдсоныхоо дараа намайг ажлаа өг, чамайг 5 сард ажлаас халсан гэж урьдын дарамт дахин эхэлсэн тул арга буюу 2022.07.25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг хэлэлцэхгүй явсаар 2022.09.01-ний өдөр 5 сард гаргаж байсан тушаалын үндэслэлээр намайг ажлаас халсан. Би тушаалыг 2022.09.12-ны өдөр гардаж авснаар мэдсэн.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... нэг зөрчлийг давтан гаргасан. Би олон удаа шаардлага тавьж, нэгдсэн хурал дээр хэлж байсан. Манай байгууллагын дотоод аудитын 2 шалгалтад унаж байсан. Би тэр болгонд арга хэмжээ авч байсан. Хамгийн сүүлд цалингийн арга хэмжээ авсан. Аудитаас ...2 жил дараалан төсвийн том алдаа гаргаж байна. Эрүүл мэндийн эрхлэгчид хариуцлага тооцно уу... гэх албан бичиг ирсэн. Үүний дагуу би эрүүл мэндийн газрын даргатай уулзаж ... нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Би хууль ёсны бүх шаардлагыг тавьж, дэс дараалсан арга хэмжээг хуулийн дагуу авсан. ...” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан байна.  

7.Анхан шатны шүүх нэхэмжлэгч О ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллахдаа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн шууд захирагчийн хувьд санхүүгийн зөрчил гаргасан болох нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.03.25, 2022.03.25-ны өдрийн албан шаардлагууд, Сэлэнгэ аймгийн ...  сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дотоод хяналтын ажлын 2021.03.24-ний өдрийн дүгнэлт болон дотоод хяналт шалгалт хийж Эрүүл мэндийн төвд гарсан санхүүгийн зөрчлүүдийг нэг бүрчлэн дурдсан Төрийн сангийн мэргэжилтэн Б, Л нарын гаргасан тайлангаар тогтоогдож байх ба дээрх зөрчлүүдийг тодорхой үндэслэлээр үгүйсгэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023.02.16-ны өдрийн 46 тоот прокурорын тогтоол нь маргаан бүхий тушаалын үндэслэл болсон аудитын байгууллагын албан шаардлага, дотоод хяналтаар илэрсэн нэхэмжлэгчийн зөрчлийг үгүйсгээгүй, зөвхөн түүний гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Иймд хариуцагч ...  сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагчийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцсэн” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.             

8.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “Сумын эрүүл мэндийн төвийн дарга О  нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ удаа дараа зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж, мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь нотлогдсон гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн ...  сумын засаг даргын 2022.09.01-ний өдрийн ...тоот тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг анхан шатны шүүх ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон буюу дээрх зөрчил гаргасан нь нотлогдсон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон ба анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

10.Анхан шатны шүүх нэхэмжлэгч О ы гаргасан хөдөлмөрийн эрхийн маргаантай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хүлээн авч, хянан хэлэлцээд шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

11.Нэхэмжлэгч талаас хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “...анхан болон давж заалдах шатны шүүх О д сахилгын шийтгэл оногдуулахад баримтлах хуулийн хугацааг Э  илтэд зөрчсөн байсныг анхаарч үзээгүй. Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж дээд шүүхийн зөвлөмжид маш тодорхой заажээ. Гэтэл О ыг буруутгасан төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн болон аудитын тайлангаар тогтоогдсон зөрчил гарснаас болон илрүүлснээс хойш хуулийн дээрх хугацааг зөрчиж сахилгын шийтгэл оногдуулсан болно” гэжээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сахилгын шийтгэл ногдуулах хугацааг өөрөөр тогтоосныг хоёр шатны шүүх дүгнэж чадаагүй байх бөгөөд энэ маргааны хувьд дээрх гомдолд заасан “ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэх агуулгатай хугацаа хэрэглэгдэхгүй. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д заасан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн зохицуулалт хэрэглэгдэнэ. Хэргийн баримтаас үзэхэд дээр дурдсан хоёр удаагийн аудитын дүгнэлт гаргасан хугацаанаас хойш уг хугацааг тооцоход хуульд заасан нэг жил өнгөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнчлэн ажил олгогчийн гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажилтанд “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” сахилгын шийтгэл ногдуулах” заалтыг үндэслэл болгосон байх тул уг гомдлыг хангахгүй.

12.Сэлэнгэ аймгийн ...  сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаартай О ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , өмгөөлөгч М   нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 148/ШШ2024/00186 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2024/00035 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ

                                                                 Н.БАЯРМАА

                                                                             Д.ЦОЛМОН