Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 158/ШШ2022/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Энх-Амгалан,

Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр нарын хоорондын хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд Ш.Энх-Амгаланг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, гэрч Б.Долгорсүрэн, М.Тунгалаг, Ч.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/20 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжаар туршилтын хугацаагаар, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай захирамжаар Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн талаар нэхэмжлэл болон тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шийдвэрт тусгажээ.

Харин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “...Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоотой хөтөл” гэх газарт байрлах хяналтын постонд гарч буй албан хаагчид архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээллийн дагуу Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Одонтуяа, хэсгийн төлөөлөгч Д.Доржсүрэн нар очиж тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Энх-Амгаланг согтуурал шалгадаг багажаар шалгахад 0.19%-ийн спиртийн агууламж илэрсэн...” гэх үйл явдал болсон, Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дугаартай шийтгэвэрээр Ш.Энх-Амгаланд 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Булган аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1807033 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийг “...2020 оны ажлын гүйцэтгэлийг 38 хувьтай хангалтгүй үнэлэгдсэн..., цар тахалын үед хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн...” гэж үзэж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” маргаан бүхий актыг гаргажээ.

Уг захиргааны актыг эс зөвшөөрч гаргасан Ш.Энх-Амгалангийн нэхэмжлэлээр тус шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шийдвэрээр Булган аймгийн Бугат сумын Засаг даргыг Ш.Энх-Амгалантай сонсох ажиллагаа явуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч шүүхийн дээрх шийдвэрт заасан хугацааны дотор буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б/09 дугаартай “Г.Энх-Амгаланг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхээс хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэж нэхэмжлэлд тайлбарласан байх ба Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/777 дугаартай албан бичгээр гомдлыг шүүхэд гаргахыг зөвлөсөн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Ш.Энх-Амгалан нь Булган аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ажлын байрын тодорхойлолтод заасан ажил үүргийг сайн гүйцэтгэж ирсэн. Ковид-19 өвчний халдвар тархахаас сэргийлж Булган аймгийн Бугат сумын Постод ээлжээр албан хаагч нар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг постод гар ээлжийн хүн удахгүй очно гэж дөнгөж жижүүрээс буухад дахин буцаагаад очуулсан. Ингээд ээлж авах хүнийг хүлээгээд ирээгүй учир гэрээсээ хөнжил дулаан хувцас авчрахдаа исгэлэн тараг уусан. Гэрээсээ ирээд удаагүй байтал цагдаагийн албан хаагч ирээд “энд архи уусан талаар мэдээлэл ирлээ“ гэхэд нь шалгуулахад 0.19% спирт хэрэглэсэн байна гэсэн. Ингээд би гайхаж дахин шалгуулна, гомдолтой гэхэд шалгаагүй, архи уусан байна гээд арга хэмжээ авсан. Энэ үед мөн дархлаа дэмжиж салимон хэрэглэж байгаа талаар мэдэгдэж, үзүүлэхэд цагдаагийн албан хаагч үг сонсоогүй. Мөн дураар автомашиныг нэгжиж, автомашинд байсан моринд граммаар өгдөг витаминыг пиво гэж үзэж буруутгасан. Аргаа бараад амсаад үз, онгойлгоод үз гэхэд хүртэл үл тоосон. Архи уусан эсэхийг дутуу шалгасан атлаа намайг буруутгаж, энэ үндэслэлээр болон өмнө гаргасан алдаа дутагдлаа дахин гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот шийдвэрээр шинэ акт дахин гаргах буюу миний эрх ашгийг зөрчсөн талаар дурдаж шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа дуусгавар болоход 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд болон Булган аймгийн Бугат сумын Засаг даргад хандан акт гараагүй байгаа талаар дурдан, ажлаас халсан тушаалыг хүчингүй болохыг хүстэл, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчаас шүүхэд шинээр акт ирүүлсэн байгаа талаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14 тоот хариу хүргүүлэх тухай Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс албан бичиг ирүүлсэн.

Уг албан бичгийн хавсралтаар намайг Булган аймгийн Бугат сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамжаар ажлаас чөлөөлөх тухай хуулбар баримтыг хавсаргаж ирүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын Засаг даргад ажилдаа орох тухай хүсэлтийг хүргүүлсэн. Тухайн шинэ акт гарсан талаар ажилдаа орох өргөдөл явуулах үед хэлээгүй уг өргөдөлд одоо болтол хариу өгөөгүй байгаагаас гадна ажлаас чөлөөлсөн гээд байгаа Булган аймгийн Бугат сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамжийг гардуулж өгсөнгүй өнөөдрийг хүрлээ. Мөн шүүхэд хүргүүлсэн гэх Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамж гарахдаа сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд дахин ажлаас чөлөөлөхдөө өвчин тарааж болохуйц ноцтой зөрчил гаргасан гэжээ. Энэ өдөр би үүрэг гүйцэтгээгүй, 3 өдөр дараалан ажил үүрэг гүйцэтгээд амрах гэтэл ээлж хүлээлцэх нэг хүн нь ирээд, нөгөө нь ирээгүй байх тул хамт байж бай гэсэн атлаа одоо болохоор намайг ажилласан мэт гүтгэж, асуудлыг шийдвэрлэж байгаагаас гадна, намайг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэлт хийж, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зөрчөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ асуудлаар 2022 оны 03 дугаар сарын 11 болон 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд Төрийн албаны зөвлөлд хандахад хариуг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн  ирүүлээгүй өнөөдрийг хүрч байх ба тус зөвлөлийн хариу өгөх 30 хоног өнгөрсөн гэж үзэж шүүхэд хандаж байна.

            Иймд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...

Над руу сонсох ажиллагаа хийх гээд 2 сар залгасан гэж Засаг дарга ярьж байна. Цэрэнбатын утсаар надруу залгасан гэж байгаа. Цэрэнбат надруу хэзээ ч залгаагүй, блоклоогүй. Дээрээс нь цагаан байран дээр очоод зураг авсан байсан. Угаасаа хүн байхгүй байран дээр очоод зураг аваад байх шаардлага байхгүй. Байрнаас гарахдаа 07 дугаар сарын 03-нд гэнэт ажлаас чөлөөлөгдөөд орой нь ажлынхаа бүх юмыг хүлээлгэж өгөөд явахдаа жижиг тэргэнд багтах зүйлүүдээ аваад цагаан ор, хөнжил, гудас, зузаан матраас л үлдээсэн байсан. Тэрийгээ дараа нь 07 дугаар сарын сүүлээр 8 дугаар сар болохоос өмнө очиж авахад эмнэлгийн нярав билүү үйлчлэгч Чулуунцэцэг гээд хүнээс би авсан. Миний өрөөнд тухайн үед очиход хүн оруулсан байсан. Тэгээд би үлдээсэн зүйлсээ аваад явсан... 2021 оны 07 дугаар сарын 23-нд ажлаас чөлөөлөгдсөн. Өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагатай. Шүүх хурлаас гараад очиход та байгаагүй. Өмнө нь уулзахдаа та байгаль орчны асуудлаар өөр юм ярьж байсан. Та намайг  7 хоногийн дараа ирээрэй гээгүй. Та бид 2 тийм юм ерөөсөө яриагүй. Шүүхийн маргаантай байсан учраас очоогүй... хаягаа өөрчлөөгүй. Хаяган дээрээ байсан. Ажилдаа орохын тулд л ингээд жил гаран явж байна. миний оршин суугаа хаяг Бугатаас 20, Эрдэнэтээс 7 км байдаг. Сүрлэн байшингаас 07 дугаар сарын 23-нд ажлаас халагдсаны дараа шууд гарсан. Энэ байрнаасаа гараад Булган аймгийн Бугат сум Баян төгөл баг Цохионы өвөр лүү явсан. Тийшээ явлаа шүү гэдгээ сумын Засаг даргын Тамгын газрынханд мэдэгдээгүй. Хүн болгон мэдэж байгаа байх гээд яг бол хэлээгүй. Ноднин ажлаас халагдаад очсон газар нь бол 15 км, өвөлжөө 20 км зайтай. 2021 онд утсаар 2 удаа залгасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сар дотроо л очсон 1 удаа. Цайны цагаас өмнө ажлын цагаар очсон. Гэртээ өөр утас байхгүй. Гэрчийн утсыг блоклоогүй. Морь мал байдаг болохоор бас ойрхон утас байнга нээлттэй болохоор намайг ажлаас дуудах байх гээд хүлээж байсан. Тэндээс нэг ч яваагүй. Цагийн ажилтай хүн шиг морь малаа хараад байж байсан. Хонгорзул гэж хүний утсаар Одонтуяа холбогдсоныг эхнэр хэлээгүй. Манайх их 5 ханатай гэрт 10 сараас 6 сар хүртэл амьдарсан. Одоо зуслан дээрээ л байна...” гэв.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ш.Энх-Амгалан нь энэ асуудлаар өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар 2022 оны 01-р сарын 07-ны өдрийн 01-р шийдвэрээр Бугат сумын Засаг даргын 2021 оны А/147 дугаар захирамжийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд уг захирамжийг хүчингүй болгох тухай дурдаж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэхэмжлэлд дурдсан архи уусан эсэхийг дутуу шалгасан гэх асуудлыг нь шүүх дүгнэхдээ... Бугат сумын 1-р багийн нутаг болох “Овоотын хөтөл” гэх газарт байрлах хяналтын постонд архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэйг дурдаад... нэхэмжпэлийн энэхүү хэсэг үндэслэлгүй байна гэж үзсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 6-р бүлгийн 2-ийн С-г (Хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуугаар ажилдаа ирсэн, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, эрүүлжүүлэгдсэн, албан хэргийн нууцыг задруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж Ёс зүйн хорооны хурлаар орсон) заалтыг үндэслэн Ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ноцтой зөрчилд тооцож ажпаас халахаар заасан энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр “сонсох ажиллагаа ” хийхээр өөрийнх нь утасруу удаа дараа залгахад авахгүй, өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга Ч.Одонтуяагийн утсыг блоклосон, үйлчлэгч Б.Мөнхзулын утасаар залгуулахад утас нь болохгүй байсан тул эхнэр Долгосүрэнгийн 99084418 дугаар луу залгаж Ш.Энх-Амгаланг ирж уулзах талаар хэлүүлэхэд за дамжуулаад хэлээд өгий гээд дахиж холбогдож яриагүй ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын дараа ... Ш.Энх-Амгаланг ажил дээр ирж уулзаарай гээд өөрийн биеэр хэлсэн, мөн Хууль эрх зүйн мэргэжилтэн П.Цэрэнбат нь Ш.Энх- Амгалангийн амьдарч байсан гэрт удаа дараа очсон боловч гэртээ байхгүй хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байснаас дахин шинээр акт гаргахад сонсох ажиллагааг биечлэн хийх нөхцөл бүрдээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлд заасан (27.2.1, 27.4.3) арга хэлбэрээр ажиллагаа хийсэн. Ш.Энх-Амгалан нь дээрхи хугацаанд хаана оршин сууж буй нь тодорхойгүй, ажиллаж байсан хамт олонтойгоо огт холбогдохгүй утасруу нь залгахаар утсаа ер авахгүй байсан мөртлөө шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаа дуусангуут шүүхэд албадуулан хүсэлт гаргасан нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй, захирах, захирагдах зарчмаа хэрэгжүүлээгүй үйлдэл гэж үзэж байна. Бугат сумаас Орхон аймаг руу гарах зам буюу “Овоотой хөтөл” гэх газарт байрших хяналтын постны байранд Ш.Энх-Амгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр постонд байгаа хүмүүс, дэлхий нийтээр тархсан цар тахлын тархалтын хэмжээг багасгаж, таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд хүн, болон авто тээврийн хөдөлгөөнд хяналт тавих ажпыг зохион байгуулж ажиллах үүргээ биелүүлэх боломжгүй болж хяналт суларснаар өвчин тархаж болохуйц нөхцөл бий болсон тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... Тухайн үед Энх-Амгаланг ажлаас чөлөөлөх үеийн асуудлыг сая өөрөө ярилаа. 05 дугаар сарын 21-ний өдөр Энх-Амгалан тухайн газар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үеийн холбогдох албан хаагчид жижүүрүүд бүгд мэдэж байгаа. Монгол улс аймаг, сум, дүүрэггүй бүгд онц байдал зарласан бүх албан хаагчид бэлэн байх ёстой үе байсан. Ажлаасаа буугаад согтууруулах ундаа хэрэглэх ёстой байсан үе байгаагүй. Энх-Амгалан тухайн үед ажлаас чөлөөлсний дараа захирамж гардуулах холбоо барих ямар ч нөхцөл боломжоор хангаж өгөөгүй. Хаана оршин суудаг нь тодорхой байгаагүй. Өвөлжөөгөө бариад зун байж байхыг нь би очиж харсан. Урьдын шүүх хурал дээр шүүх хурлын танхимд болон гадаа гараад бид 2 уулзаж ярилцсан. Манай ажлын өрөөнд хүрээд ир уулзъя гэхэд шинэ 7 хоног эхлэхэд яваад очъё гэсэн. Үүнийг биечлэн сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа. Сонсох ажиллагааг биечлэн хийж болно гэсэн заалт байдаг. Энх-Амгалан өөрөө мэдэж байгаа. Тамгын дарга Энх-Амгалантай холбоо барьж ирж уулз гэдэг асуудлыг удаа дараа тавьсан боловч манай Тамгын даргын утсыг Энх-Амгалан болон гэр бүлийнх нь хүн блоклосон байсан. Дараа нь хуулийн зөвлөх Цэрэнбат гэх залуугаар бас яриулах гэтэл утсаа авахгүй байсан. Үйлчлэгч Зулаа надад эхнэрийнх нь утас байгаа гээд эхнэр лүү нь залгаад Тамгын даргад утсаа өгөөд Энх-Амгаланг дарга ирж уулз гэж байнаа гээд ойролцоогоор 6-7 минут ярьсан байгаа. Энийг Мобикомын лавлах төвөөс авч хэргийн материалд хавсаргасан байгаа. Эмнэлгээс авсан бичгийг мөн хэргийн материалд хавсаргасан. Энх-Амгалан бол удаа дараа гэрээгээ хий төлбөрөө төлөөч гэхэд янз бүрийн шалтаг хэлээд төлбөрийг төлдөггүй байсан. Сүүлдээ утсаар ярихад миний юмнуудыг нэг тийш нь хийчих очоод авна гэсэн байсан. Өмнөх шүүх хурал дээр хэлэхдээ би албан ёсоор бүх юмыг хүлээлгэж өгөөд тэндээс гарсан гэж хэлсэн байсан. Энэ бол худлаа сүүлд очиж юмаа авсан байсан. Энх-Амгалан холбоо барих бүх нөхцөл байдлыг үгүйсгэж ирээгүй. Би бол үүнийг санаатай гэж үзэж байгаа. Шүүхийн өгсөн хугацаа дуусах өдөр нь болсон болохоор яах ч аргагүй хуулийн дагуу захирамжаа гаргаж шүүх рүү явуулсан байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал бол хууль зөрчсөн. Энх-Амгалангийн эрх ашгийг хөндсөн. Сонсох ажиллагаа хийгдээгүй. Мөн бусад хууль зүйн хувьд зөрчил гаргасан байна гэдэг үндэслэлээр Засаг даргыг тухайн захирамждаа шинээр акт гаргах байдлаар Энх-Амгалангийн эрх ашгийг хангаж шийдвэр гаргана уу гэсэн үндэслэлээр шүүх шийдвэрлэсэн. Гэтэл 2022 оны Б/09 тушаалыг 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хүргүүлсэн байдаг. Энэнээс өмнө тухайн тушаалыг нэг ч хүн хараагүй, үзээгүй, мэдээгүй байдаг. Энэ хараагүй, үзээгүй, мэдээгүй байдлыг янз бүрээр тайлбарлаж байна. Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш тухайн шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардан авсан байгаа. Гардан авсан Монгол шуудангийн холбогдох бичгийг өгч байгаа шалтгаан бол энд гомдол гаргах 14 хоногийн хугацаа үргэлжилж байсан. Энэ 14 хоногийн хугацаа дуусах өдрийн маргааш ажлаас халсан тушаалыг 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан байдаг. Энэний өмнө 02 дугаар сарын 11-ний өдөр Мөнхзул гэж хүний утаснаас түүн рүү холбогдсон гэдэг маргаан байдаг. Энэ тухай холбогдох гэрчүүд орж ирээд юу гэж ярихыг би мэдэхгүй байна. Энэ 11-ний өдөр шүүхийн шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байсан өдөр сонсох ажиллагаа хийсэн гэдэг үйл баримт нотлогдож тогтоогдохгүй байна. Энэ хугацаанд сонсох ажиллагаа хийхийн тул холбогдох бичиг баримтууд мэдэгдлийг хүргүүлэх холбогдох ажилтнууд өнөөдөр ярихдаа утсаа аваагүй, утас нь болохгүй блоклогдсон, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан гэдэг тайлбаруудыг өгч байгаа. Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр дээр Энх-Амгалангийн нэхэмжлэл гаргаж байгаа хаяг өмнөх хаяг дээрээ байдаг. Цохионы өвөртөө Баянтөгөлийнхөө уулынхаа бэлд байдаг. Энэ газартаа 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Тухайн төрийн албан хаагчдын байрыг ажлаасаа гарсан бол суллаж өгөх үүрэгтэй. Ийм үндсэн орон сууц байдаг юм байна лээ. Өөрөө сонсох ажиллагаа хийсэн юм бол сонсох ажиллагааг хэрхэн яаж мэдэгдсэн бэ? энэ хүн 03 дугаар сарын 11-ний өдөр нөхцөл байдал бүх юмыг мэдэхгүй байхад нь 2 сарын хугацаа дууслаа ажилдаа эргэж орооч ээ, эсвэл ямар нэгэн шийдвэр акт гарсан гэсэн. Холбогдох хүсэлтээ 03 дугаар сарын 18-нд өгсөн. Бугат сумын Засаг дарга өнөөдрийг хүртэл тухайн актаа хүргүүлэх гардуулах ажиллагаа хийгдээгүй. Шалтгаанаа утас холбогдоогүй, хаяг тодорхойгүй гэсэн байдаг. Өнөөдөр өөр хаяг дээр байгаа гэсэн нотлох баримт хэрэгт ирээгүй байгаа. Оршин сууж байгаа хаяг, тодорхойлолтыг сая нотлох баримтаар авахад хуурамч баримт ирүүлсэн... Хэний хүсэлтээр яагаад ийм баримт ирснийг тухайн багийн Засаг дарга өөрөө хэлдэг юм байна лээ. 2022 он гэж бичээрэй гэж зориуд бичүүлсэн. Гэтэл энэ 2022 онд энэ хүн Цохионы өвөрт амьдардаг гэж шүүх хуралдааны тэмдэглэл дээр ч байгаа. Мөн шинээр 04 дүгээр сарын 14-нд нэхэмжлэл гаргахдаа ч Цохионы өвөр гэдэг газартаа амьдарч байгаа гэдэг тодорхойлолтыг өгсөн. Мөнхзул эхнэрийх нь утас руу залгасан гэж байгаа боловч Энх-Амгалангийн дугаар луу залгаад авагдаагүй гэсэн тийм дүгнэлт нотлох баримт огт байхгүй. 99556600 гэсэн дугаар дээрээ өнөөдрийг хүртэл байгаа бөгөөд өөр дугаар байдаг энэ дугаар луу залгасан гэдэг нотлох баримт хэрэгт ирээгүй. Тайлбарлахдаа Мөнхзул эхнэр 2 бол найзууд хэдэн удаа ч хоорондоо ярьсан байж болно. Найзууд гэдгийг манай ажлынхан бүх хүн мэднэ. Цагаан сараар манайд ирдэг. Манай ажилчид байнга манай гэрээр орж гардаг. Миний хаана амьдардгийг мэдэхгүй байна гэж байхгүй. Газар нутаг жижигхэн, хүн ам цөөн, хэн, хаана, ямар өвөрт, ямар газарт амьдарч байгааг Засаг дарга мэдэхгүй байна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл хэний мал ахуй хаана бэлчээд явж байгааг гадарладаг, мэддэг онцлог нутаг. 2022 оны 02 дугаар сарын 15-ны Б/09 дугаар тушаал бол гэмт хэрэг үйлдсэн гэж ажлаас халсан тушаал. Яагаад гэвэл 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор тогтоосон гэж бичсэн. Гэтэл шийтгэх тогтоол биш хэрэгт шийтгэвэр байгаа. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдож шүүхэд хандсан байдаг... Энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэж байгаа энэ хэсэгт гэмт хэрэг үйлдсэн мэт тайлбарлагдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 бол төрийн албанаас бүрэн чөлөөлөх заалт. Энэ хүн ахин төрийн албанд энэ тушаалаар хэзээ ч томилогдохгүй болж байгаа. Энэ заалт юу гэж тайлбарлагддаг вэ гэхээр төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөгдөж байгаа. Тэтгэвэрт гарч байгаа, насны хязгаар тогтоогдсон нөхцөл байдал бүрдсэн. Мөн хүнд өвчний улмаас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Агуулгын хувьд төрд хэзээ ч эргэж ажиллахгүй заалтыг барьсан. Шийтгэх тогтоолоор гэж тодорхойлж орж ирсэн байдал бол энэ хүн шийтгэх тогтоолоор буюу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон төрийн албанд огт ажиллуулахгүй байхаар хаа нэгтээ өөр ямар ч ажил албан тушаалд ажиллуулахгүй байхаар энэ хүний эрх ашгийг маш ноцтой зөрчсөн. Сонсох ажиллагааг утсаа авахгүй байсан гэх шалтгаанаар хийгээгүй гэдэг. Гэтэл сонсох ажиллагааг хаана хэзээ хаана хэдэн сард сонсох ажиллагаа болох гэж байгаа мэдэгдлийг хүргүүлэх гэсэн шалгууруудын дагуу хийдэг. Ийм баримт энэ хэрэгт байхгүй. Төрийн албаны зөвлөлд өгсөн тайлбартаа ирж уулз гэсэн. Ирж уулзаагүй гэсэн тайлбарыг өгсөн байсан. Тэр нь сонсох ажиллагаа хийх гээд ирж уулз гэж байгаа юмуу өөр шалтгаанаар ирж уулз гэж эхнэр лүү нь залгасан юмуу энэ шалтгаан тодорхойгүй... Тушаал гарахдаа Энх-Амгалангийн эрх ашгийг зөрчсөн. Өмнө нь зөрчлөө гэдгийг шүүх хэлсэн. Дахиад гаргахдаа ч зөрчөөд ороод ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд байдаг. Шүүхийн шийдвэрийг ямар тохиолдолд биелүүлээгүй гэж үзэх вэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 131 тухайн акт дахин алдаатай гарах дахин эрх ашиг зөрчсөн бол тухайн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ. 2 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй байсан. Тэгэхээр акт гараагүйтэй адилтган тооцож үзнэ гэсэн заалтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл энэ тушаал Энх-Амгалангийн эрх ашгийг хөндөж холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйд тооцох үндэслэлийг дурдаж шийдвэртэй тусгаж шийдвэрлэж  өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар энэ асуудлыг өмнө нь хэлэлцээд хэргийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гарсан энэ өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Засаг дарга Ууганбаяр ирж уулзаарай харилцан ярилцъя гэдэг байдлаар харилцан ярилцсан нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар  27.4.3-т заасан биечлэн уулзах гэдэг энэ асуудал байна. Хэлсэн ярьсан цагаас хойш хугацаанд ирж уулзаагүй тул өөрийн ажлын алба болох Тамгын газрын даргаар холбогдуулах гэсэн боловч блоклогдчоод байсан болохоор гэр бүлийн хүнийх нь найз болох үйлчлэгчээр яриулахад мэдэгдчихээд буцаад хариу хэлье гэсэн байдаг ч бас л ирээгүй. Энэ бүх байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 34.2-д зааснаар сонсох ажиллагаа хийлгүйгээр дуусгавар болгох үндэслэл болсон байдаг. Эрх зүйн үр дагаврын хувьд захиргааны шийдвэр гаргах хугацаа дуусч байгаа тул сонсох ажиллагаа хийлгүйгээр Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Нэгэнт ийм зөрчил гарсан юм байна. Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журамд ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан учир нөхцөл бүрдсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар шийтгэвэр баталгаажсан буюу хүчин төгөлдөр шийдвэртэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар Төрийн албаны тухай хуулийн 46.2 бол төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөх тодорхой шалтгаануудыг заасан байдаг. Энэ бол насаар нь төрийн албанд оруулахгүй гэсэн агуулгатай гэж тайлбарлалаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 46.2 бол төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх ойлголт болохоос насаар нь төрийн албанд оруулахгүй болгоогүй юм. Өвчин тараах үндэслэлгүй гэдэг. Яг тухайн үед Эрдэнэт, Бугат 2-ын хооронд авто тээвэр, хүн явахыг хориглох гэж цэг ажилласан болохоос зүгээр л үүрэг гүйцэтгэх гэж очоогүй. Дээрээс нь энэ үед согтууруулах ундаа хэрэглэсэн хүний хөдөлмөрийн бүтээмж ямар болох билээ. Тухайн цаг хугацаанд хэн хаашаа явж, хэдэн хүнд өвчин тараасныг мэдэхгүй. Тийм болохоор өвчин тараах үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй” гэв.

Гэрч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Мобикомын үүрэн телефоны 99084418 гэсэн дугаарыг 2001 оноос хойш барьж байгаа. Манай нөхөр мөн мобикомын үүрэн телефоны 99556600 гэсэн дугаартай утас барьдаг. Би утасны дугаараа өөрчлөөгүй. Энэ дугаар дээрээ байнга байгаа. Хэн нэгэн хүн Энх-Амгаланг асууж над руу яриад байдаггүй. Энх-Амгаланг ажиллаж байх хугацаанд буюу 5 жилийн хугацаанд 1, 2 хүн л Энх-Амгалан байна уу? гэж ярьж байсан. Сүүлийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд нэг ч хүн над руу асууж яриагүй. Ажлаас халагдсанаасаа хойш Энх-Амгалан Булган аймгийн Бугат сумынхаа Цохионы өвөр гэх газар мал дээрээ 2021 оны 11 дүгээр сараас хойш байнгын байгаа. Энх-Амгаланг байгууллагаас нь найз нөхдийн холбоогоор хүн холбогдсоноос өөр хүн холбогдоогүй. Үйлчлэгч Мөнхзул бид нар гэр бүлийн найзууд.  1, 2 бус удаа бид нар ярьж байсан. Цагаан сар болон баяр ёслолоор уулзалддаг. Мөнхзулын утсаар тухайн байгууллагаас өөр хэн нэгэн над руу ярьж байсан тохиолдол байхгүй. Мөнхзул өөрөө л ярьдаг. 2 сард Цохионы өвөрт байхад өөрөө манайхаар ирээд баяр ёслолоор найз нөхдүүд уулзаад гарсан. Цохионы өвөрт  багийн дарга малын тооллогоор ирдэг. Мөн ...намайг байж байхад албаны машинтайгаа Эрдэнэтээс Бугат орох замдаа Ууганбаяр дарга өөрөө ирсэн буугаад ярилцаад хөдөлсөн. Ажлынхан нь Цохионы өвөрт амьдардаг гэдгийг бүгд мэднэ. Тамгын газрын үйлчлэгчийн утсаар Одонтуяа гэж хүн над руу огт ярьж байгаагүй. Бугатын хаягаар бид нар дээр шуудан маш удаан ирдэг. Өөрсдөө утасдаж араас нь явж байж олж авдаг. Дараа нь шүүгчийн туслахад хугацаа хоцроод байна гэж хэлээд Яргуйт багийн хадам ээжийн хаяган дээрх шууданг өгөөд захирамж бусад бичгүүдийг хүлээж авдаг болсон. Тамгын газрын дарга гэх хүн над руу нэг ч яриагүй.  Мөнхзул бид нар найз. Та ярианы бичлэгийг авахдаа Төрийн захиргааны мэргэжилтэн Цэрэнбатыг Зулаа руу яриулаад Эрдэнэт рүү дуудуулсан байдаг. Би мөнгийг нь төлнө. Та ярианы бичлэгээ авна гэсэн байдаг. Мөнхзул өөрөө би найзуудаа алахгүй. Хэзээд ямар ч үед гэрчилнэ гэж хэлдэг гэв.

Гэрч Ч.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Энх-Амгаланг ажлаас халах тухай шийдвэр гарсны дараа шүүхээр хэлэлцэгдсэнээс хойш 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Энх-Амгалантай уулзаагүй. Утсаар ярья гээд залгахад намайг блоклосон байсан. Дарга Энх-Амгаланг дууд. Уулзах хэрэг байна гэж хэлсэн тухайн өдөр ажлын өдөр байсан. Тэгээд үйлчлэгчийн утсаар эхнэртэй нь холбогдсон. Фэйсбүүк мессенжерээр холбогдох гэхээр бас намайг блоклосон байсан. Үйлчлэгчийг таньдаг болохоор үйлчлэгчийн утсыг авч залгаад өрөөндөө орсон. 6-7 минут ярьсан. Эхлээд дарга дуудаж байна гээд ярьсан. Сүүлдээ хувийн асуудлын талаар маргаан үүссэн. Энх-Амгалан улсын байцаагч хийж байхдаа удаа дараа ёс зүйгүй үйлдэл хийж байсан. Эмэгтэй хүний хувьд ажлын байрны дарамт, захиа бичиж орж ирсэн зэргийг тухайн үед эхнэрт нь хэлж байсан. Ажлын байран дээр архи хүртэл ууж байсан талаар нь асуудал үүсгэхгүй залуу хүн болохоор нь орхиж байсан. Тэгээд эцэстээ өөрийнх нь буруутай үйлдлээс ийм юм болсон. Фэйсбүүкээр намайг блоклосон нь одоо хэвээрээ байгаа. Залгаж үзэх юм бол утсан дээр нь хэвээрээ байгаа. Эхнэр нь намайг холбогдсон гэдгийг мэдэж байгаа. Би яг өөрийнх нь 9908-тай утсаар ярьсан... Намайг буруутгаад байсан болохоор нь надад буруу өгөөд яах вэ? Би ажлаа л хийж байгаа хүн. Удаа дараа сануулаад байхад ажлын байран дээр архидан согтуурсан. Энэ нь нотлогдсон батлагдсан  гээд нилээн л удаан ярьж маргалдсан байгаа. Энх-Амгаланг утсаар холбогдоод удаа дараа ир гэсэн ирээгүй. Нарийн бичиг бас холбогдох гээд үзээд байсан. Ажилчиддаа хэлсэн. Ярьснаас хойш 14 хоног хүлээгээд ирээгүй. Манай бичиг хэрэг Оюунгэрэлд мөн хэлсэн байгаа. Өөр ажиллагаа хийгдээгүй. Мөнхжаргалын ажиллуулдаг зах нь өвчин тараахаар ноцтой пост. Мөн Эрдэнэт талдаа буюу хамгийн эрсдэлтэй пост байсан. Засаг дарга Энх-Амгаланг ажилд нь эргүүлж авах гэж дуудсан. Хоног хэлээгүй. Ажлын байран дээр бэлэн байлга гэж хэлсэн. Энх-Амгалангийн эхнэртэй тушаал гарснаас хойш ярьсан. Энх-Амгаланг ямар нэг аргаар дууд гэсэн шүүхийн асуудлаар ярилцах гэсэн юм гэсэн. Би ажилд нь оруулах гэж байна гэж ойлгосон” гэв.

Гэрч М.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Ширчингийн Энх-Амгаланг танина. Манай хөрш зэргэлдээ байдаг буюу Цохионы өвөрт ойрхон байдаг. Энх-Амгалангийн Ээж, аавтай нь л хөрш байсан. Ээж, аавтайгаа энэ газарт багаасаа амьдарч  ажил амьдралын гараанд хүртлээ аав, ээжтэйгээ хамт манайхтай айл аймаг байсан. Аав нь өөд болсон. Өөрөө сумандаа ажил мэргэжилтэй болоод дулааны улиралд аав, ээжийнхээсээ явдаг болсон. Сүүлдээ тэр цагаан байранд амьдарч ажил хөдөлмөр хийж байсан нь үнэн. Өнгөрсөн жилийн намар 07 дугаар сарын 20-доор өвөлжөөн дээрээ ирсэн байхад нь таараад амарч явна уу гэхэд ажилгүй л болчих гээд явж байна. Гэхдээ мал ахуй дээрээ хэсэг байна. Тэгээд ажилдаа эргээд орох байхаа л гэж байсан. Айл өвөлжөөд, намаржаад, хаваржаад, зусаад байж байна. 2022 оны өвөл айл өвөлжсөн. Нээх ийш тийшээ яваад байдаггүй. Хааяа Эрдэнэт рүү ороод гарч ирдэг. Манайх сүлжээтэй, шуудантай, тогтой, холбоотой бүх юм байгаа. Ганц 1 удаа тэтгэвэрт орох гээд шүүхээр явахад шуудангаар очдог л байсан. 7 хоногт оччихдог л юм шиг байсан. Энх-Амгалангийн эхнэр нь өвөл хагас бүтнээр ирээд ажилтай болохоор буцаад явдаг байсан. 5 дахь өдрийн орой ирчихсэн л байдаг байсан. Бүтэн сайны орой буцчихдаг л байсан. Би хүртэл суугаад Эрдэнэт ордог л байсан. Энх-Амгалангийн эхнэр нь амраад ирчихсэн гэртээ хүүтэйгээ хамт гурвуулаа байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Маргаан бүхий захиргааны акт болох Булган аймгийн Бугат сумын Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Б/09 дугаартай захирамж нь “Г.Энх-Амгаланг ажлаас чөлөөлөх тухай” гэсэн тэргүүтэй байна.

Гэвч тус захирамжийн 1 болон 2 дахь хэсгүүдэд “Ш.Энх-Амгалан”, “Байгаль орчны хяналтын улсын байцаагч” хэмээн тусгасан, хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нар энэ талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул уг маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд чиглүүлж гаргасан захиргааны акт байна гэж шүүх үнэлэн актын үндэслэлийг хянаж, маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт тухайн актыг “маргаан бүхий захиргааны акт”, “Б/09 дугаартай захирамж” гэх нэршлүүдээр тэмдэглэхийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч: Нэхэмжлэлийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагынхаа үндэслэлийг а/ “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 тоот захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй”,

б/ “...намайг ... гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэлт хийж, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зөрчөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.

4. Хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Нэхэмжлэлийн “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: а/ Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар нэхэмжлэгч ...хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй зөрчлийн хэрэгт холбогдон шийтгэл хүлээсэн нь эрх бүхий этгээдээс түүнд ...сахилгын шийтгэл хүлээлгэхээс чөлөөлөгдөхгүй...  

            ...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “...шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэх хэсгийн агуулга нь холбогдогчид захиргааны акт гаргах гэж буй үйл баримт тус бүрийн талаар тайлбар, саналаа гаргах боломжит хугацааг олгон, санал тайлбарыг нь хуульд заасан хэлбэрээр авахыг ойлгоно.

Маргаан бүхий захиргааны актыг зөрчлийн хоёр үндэслэл заан гаргасан байхад зөвхөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хэсэгт холбогдуулан тодруулга хийн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан гэж үзэх боломжгүй, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна...” гэж тайлбарлан хариуцагчийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн “...Энх-Амгалан холбоо барих бүх нөхцөл байдлыг үгүйсгэж ирээгүй... Шүүхийн өгсөн хугацаа дуусах өдөр нь болсон болохоор яах ч аргагүй хуулийн дагуу захирамжаа гаргаж шүүх рүү явуулсан...” гэх, нэхэмжлэгчийн “...Цэрэнбат надруу хэзээ ч залгаагүй, блоклоогүй. Дээрээс нь цагаан байран дээр очоод зураг авсан байсан... Хонгорзул гэж хүний утсаар Одонтуяа холбогдсоныг эхнэр хэлээгүй...” гэх тайлбарууд болон гэрч Б.Долгорсүрэнгийн “...Би утасны дугаараа өөрчлөөгүй... Сүүлийн ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд нэг ч хүн над руу асууж яриагүй. Ажлаас халагдсанаасаа хойш Энх-Амгалан Булган аймгийн Бугат сумынхаа Цохионы өвөр гэх газар мал дээрээ 2021 оны 11 дүгээр сараас хойш байнгын байгаа...” гэх, Б.Тунгалагийн “...Айл өвөлжөөд, намаржаад, хаваржаад, зусаад байж байна...” гэх, Ч.Одонтуяагийн “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Энх-Амгалантай уулзаагүй. Утсаар ярья гээд залгахад намайг блоклосон байсан...” гэх мэдүүлгүүдээр Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нь Ш.Энх-Амгалантай сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдэхээр оролдсон боловч түүнтэй холбогдож чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулалгүйгээр шүүхийн дээрх шийдвэрийг хэрэгжүүлж маргаан бүхий Б/09 дугаартай захиргааны актыг гаргасан болох нь тогтоогдож байна.    

Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нь “...Ш.Энх-Амгалангийн оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шийдвэрт заасан хугацаа дуусах гээд байсан тул Б/09 дугаарын захирамжийг гаргасан...” гэх агуулгаар мэтгэлцэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэжээ.

Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэх үүргийг тус Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан хаагчдад өгсөн байх ба уг албан хаагчид нь ихэвчлэн утсаар холбогдох гэж оролдсон, биечлэн мэдэгдэхээр очихдоо Ш.Энх-Амгалангийн оршин сууж байх боломжит хаягаар очоогүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал: Ш.Энх-Амгалан нь Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн өмчлөлийн сүрлэн байр /үл хөдлөх хөрөнгө/-ыг түрээслэн сууж байсан гэх боловч түүний “...Сүрлэн байшингаас 07 дугаар сарын 23-нд ажлаас халагдсаны дараа шууд гарсан. Энэ байрнаасаа гараад Булган аймгийн Бугат сум Баян төгөл баг Цохионы өвөр лүү явсан...” гэх тайлбарыг няцаах нотлох баримтыг хариуцагч гаргаж чадсангүй.    

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийн “...мэдэгдлийг ...шууд хүргүүлэх” гэх зохицуулалт нь Ш.Энх-Амгаланд сонсох ажиллагааны мэдэгдлийг биечлэн хүргэж өгөхийг шаардсан зохицуулалт.

Цахим болон үүрэн холбоо хөгжсөн өнөө үед дээрх ажиллагааг утсаар дамжуулан гүйцэтгэж болох ч энэ нь бүтэмжгүй болсон тохиолдолд оршин суух хаягаар нь мэдэгдлийг хүргүүлэх боломж хариуцагчид байжээ. Тодруулбал: Хариуцагч болон түүнээс үүрэг авсан албан хаагчдын хэн алинд нь Ш.Энх-Амгалангийн улсын бүртгэлд оршин суухаар бүртгүүлсэн хаяг болох Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутаг “Цохионы өвөр” гэх газарт байрлах хаягаар очиж мэдэгдлийг шууд буюу биечлэн хүргэх, сонсох ажиллагааг биечлэн уулзах замаар шууд явуулах боломж байхад энэ талаар ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийлгүйгээр утсаар холбогдохоор удаа дараа оролдож байсан, оршин суухаа больсон хаягт нь уулзахаар очиж байсан болох нь хариуцагчийн “...Энх-Амгалан холбоо барих бүх нөхцөл байдлыг үгүйсгэж ирээгүй...” гэх тайлбар болон гэрч М.Тунгалагийн “...2022 оны өвөл айл өвөлжсөн. Нээх ийш тийшээ яваад байдаггүй. Хааяа Эрдэнэт рүү ороод гарч ирдэг...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.  

Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.

Гэхдээ нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан нь өөрийн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж гаргуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцоогүй, мөн өөрийн холбоо барих утасны дугаар болон хамгийн сүүлд оршин суугаа хаягийг хариуцагч, түүний ажлын албанд өгөх үүргээ биелүүлээгүй болох нь түүний “...Шүүх хурлаас гараад очиход та байгаагүй... Шүүхийн маргаантай байсан учраас очоогүй... байрнаасаа гараад Булган аймгийн Бугат сум Баянтөгөл баг Цохионы өвөр лүү явсан. Тийшээ явлаа шүү гэдгээ сумын Засаг даргын Тамгын газрынханд мэдэгдээгүй...гэх тайлбараар тогтоогдов.

Нэхэмжлэгчийн энэхүү идэвхигүй байдал нь хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч Ш.Энх-Амгалангийн саналыг сонсож, тайлбар авах боломжийг хязгаарласан буруутай байгааг дурдах нь зүйтэй байна.  

б/ Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий Б/09 дугаартай захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгүүдийг үндэслэл болгон гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гэж, 46.2.5 дахь хэсэгт “хуульд заасан бусад үндэслэл” гэж тус тус хуульчилсан.

Ш.Энх-Амгаланг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Овоотой хөтөл” гэх газарт байрших хяналтын постны байранд архи, согтууруулах ундаа хэрэглэн “хориглосон газарт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 1807033 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дугаартай “Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх тухай” шийтгэвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг гаргасан үйлдэл нь маргаан бүхий Б/09 дугаартай захирамжийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгээгүй үйлдэлд хамаарах тул хариуцагчаас Ш.Энх-Амгаланд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасныг шүүх буруутгах боломжгүй. 

Харин албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль, холбогдох журамд нийцсэн байх учиртай.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцааг зохицуулсан. Тодруулбал: Хуулийн тус хэсгийг төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангах хугацаа дууссан, эсхүл тухайн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан хүний эрх зүйн байдал өөрчлөгдсөн буюу тухайн албан тушаалд ажиллах болзол шаардлагад нийцэхгүй болсон болон төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүссэн тохиолдолд хэрэглэх ба сахилгын шийтгэл ногдуулахад үндэслэл болгох зохицуулалт биш юм.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37... зүйлд заасныг зөрчсөн... тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.1-д “сануулах”, 48.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.3-т “төрийн албанаас халах”, 48.1.4-т “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д “хуульд заасан бусад” гэж тус тус заажээ.  

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4.д-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх...-ийг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэж, 4.4-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна” гэсэн байна.

Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шийдвэрт “...Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 76 дугаар зүйлийн 76.6 дахь хэсгүүдэд тус хуулийн 34.1, 35.2, 76.4, 76.5 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн төрийн албан хаагч болон эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах шийтгэл ногдуулахаар заасан байна.

Харин ...“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 7.1-д “Төрийн албаны тухай хуулийн 35.1 дэх хэсэг, 76.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албан хаагчид төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэжээ. 

Тиймээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл, нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирохооргүй байна...” гэж дүгнэсэн байх тул хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасан “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлээс бусад сахилгын шийтгэлүүдийн аль нэгийг сонгон Ш.Энх-Амгаланд ногдуулах эрх байсан болохыг дурдах нь зүйтэй.

Гэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, Ш.Энх-Амгалангийн санал, тайлбарыг авсны үндсэн дээр түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх зохих шийдвэрийг гаргах учиртай.

Гэвч хариуцагч нь хуульд заасан сонсох ажиллагааг явуулалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан бус, төрийн жинхэнэ албан хаагчийг түүнд сахилгын шийтгэл ногдуулахаас бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгийг үндэслэн хууль буруу хэрэглэн шийдвэрээ гаргасан байна.

Хэдийгээр Ш.Энх-Амгалан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон ч хариуцагчаас түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргахдаа хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг хэрэглэлгүй, хууль буруу хэрэглэж гаргасан байх тул Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн “...намайг ... гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэлт хийж, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зөрчөөгүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэх тайлбарын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэжээ.

Захиргааны маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд “шийтгэх тогтоол”-ыг тусгаагүй, харин Ш.Энх-Амгаланг зөрчил гаргасан гэдгийг нотлох баримтаар заасан байх ба хэрэгт авагдсан Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дугаарын шийтгэвэрээр дээрх “шийтгэх тогтоол” гэх нотлох баримт үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэн чөлөөлсөн болохоос халаагүй байх тул “шийтгэх тогтоол” гэх хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тухайлан шууд зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.  

Хоёр. Нэхэмжлэлийн “Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж тус тус заасан.  

Шүүх маргаан бүхий захиргааны акт болох Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ш.Энх-Амгалангийн Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллах эрх сэргэнэ. Өөрөөр хэлбэл Ш.Энх-Амгаланг ажлаас чөлөөлсөн захиргааны акт хүчингүй болсноор түүнийг анх Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллах эрхийг сэргээн эгүүлэн томилсон шийдвэр гаргаж байж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх бүрэн хамгаалагдана.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэв.

Гурав. Нэхэмжлэлийн “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлагын тухайд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрт тусгуулах саналыг гаргасан боловч нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулахыг хүсч байгаа талаараа тайлбарлаж байх тул шүүх тус шаардлагыг хэлэлцэн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэв. Учир нь: Ш.Энх-Амгалан нь “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаартай “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Ш.Энх-Амгаланг мөн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай шийдвэрээр Булган аймгийн Бугат сумын Засаг даргыг Ш.Энх-Амгалантай сонсох ажиллагаа явуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Харин хариуцагчаас шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б/09 дугаартай захирамжийг гаргаснаар Ш.Энх-Амгалан нь уг захирамжийг хүчингүй болгуулж, Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх энэхүү шийдвэрээр маргаан бүхий Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ш.Энх-Амгаланг Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж буй талаар өмнө хэсэгт тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Тиймээс Ш.Энх-Амгалангийн урьд нь эрхэлж байсан Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нөхөн олгох учиртай.

Гэхдээ нэхэмжлэгч шаардлагаа “...шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны...” гэж тодорхойлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэх зохицуулалтын дагуу шийдвэрээ гаргах үүрэгтэй.

Шүүх энэхүү шийдвэрээр Ш.Энх-Амгаланг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн маргааныг хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг маргаан бүхий Б/09 дугаартай захирамж гарсан өдрөөс эхлэн шийдвэр гаргасан энэ өдрийг хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй. Учир нь: Нэхэмжлэгчийн өмнө хүчингүй болгуулах шаардлагатай Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаартай “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Хариуцагчаас уг шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчийг Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн актыг гаргасан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн өдрийг шүүхийн шийдвэрээр түдгэлзэгдсэн захиргааны актыг гаргасан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс бус 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцов.

Гэхдээ Ш.Энх-Амгалан нь хариуцагчаас “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг гаргасан өдрөөс эхлэн Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгээгүй зогссон тул тэрээр тус шийдвэр гарсан өдөр болох 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Харин тус шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын ажлын алба нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Тамгын газар байна.

Засаг даргын Тамгын газар нь тус байгууллагад хамаарах төрийн албан хаагчдын цалин хөлсийг тооцож олгох үүргийг гүйцэтгэнэ.

Тиймээс Ш.Энх-Амгалангийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож, нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд олгохыг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус үндэслэн Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ширчингийн Энх-Амгаланг Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоон, нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, энэ хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан өдрийг хүртэл хугацаанд Ш.Энх-Амгалангийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож, нэхэмжлэгчид олгохыг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн

48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд олгосугай.

   4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БАТЧИМЭГ