| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/02129/И |
| Дугаар | 102/шш2021/02576 |
| Огноо | 2021-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/шш2021/02576
| 2021 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2021/02576 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Ч гудамж, Стадион оргил 1, Х.Б цамхаг, ... давхарт оршин байх, Г.Б.К ХХК /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Глобал ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Ё-ийн Ш /РД: ..../-д холбогдох,
Гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ё.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г.Б.К" ХХК-тай Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... орон сууцны ... дугаар давхарын ... тоот, ... өрөө, 70.6 м/кв талбай бүхий 148,260,000 төгрөгийн унэ бүхий орон сууцны урьдчилгаанд 48,260,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа төлж, үлдэгдэл 100,000,000 төгрөгийг Хаан банкны ипотекийн зээлээр төлж барагдуулхаар харилцан тохиролцож орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.5-д "Орон сууцны барилгыг барьж дуусч ашиглалтад оруулахад бэлэн болж захиалагч төлбөрөө бүрэн төлж дууссанаас хойш 90 хоногийн дотор гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд дээр дурдсан орон сууцыг холбогдох баримт бичгийн хамт шилжүүлэн өгөх бөгөөд албан ёсоор захиалагч талын өмч болоход зохих дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэж заасан байдаг ба Ё.Ш 2019 оны 12 сард үлдэгдэл төлбөрөө хийж дуусан байрандаа орох байсан. Гэвч Ё.Ш амьдарч байсан байраа зарсан тул байрандаа орж байя, удахгүй миний зээл гарна гэсэн хүсэлт гаргасан тул 2019 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр түүнийг орон сууцанд оруулсан.
Үүнээс хойш хариуцагч Ё.Шын ипотекийн зээл 3 удаа татгалзсан хариу гарсан тул орон сууцаа суллаж өгөхийг манай компани удаа дараа шаардаж байсан. Гэтэл хариуцагч Ё.Ш 2020 оны 10 сарын 21-ний өдөр гэхэд төлбөрөө төлнө, удахгүй одоохон гэж байр суллаж өгөхгүй байсаар бүтэн 1 /нэг/ жил гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийхгүй түс байранд амьдарсаар ирсэн. 2020 оны 12 дугаар сард Ё.Шын зээл бүтэж улдэгдэл 100,000,000 төгрөгний төлөлтийг хийсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.8-д Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгч талд төлнө гэсэн байдаг ба Ё.Шыг гэрээнд заасан үүргээ биелүүлж алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй нэг ч төгрөгний алдангиа төлөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч тал төлбөрөө шаардаж мэдэгдэл өгч байгаагүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ нь үндэлслэлгүй юм. Учир нь манай комданийн зүгээс удаа дараа хариуцагчийг үлдэгдэл төлбөрөө төлөх талаар мэдэгдэл өгч байсан ба хариуцагч Ё.Шын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийнх нь бичиж өгсөн би 2020 оны 10 дугаар сарын 21-нд төлбөрөө төлнө, 14 хоногийн хугацаа өгнө үү. Төлбөр барагдуулж чадахгүй бол гомдол саналгүй байраа хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх өргөдөл байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэдэг заалтаар сануулж байгаа нь үүнээс хойш хариуцлага хүлээнэ шүү гэдэг ойлголтыг өгч байгаа юм.
Иймд хариуцагч Ё.Шаас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 30 хоногийн алданги 15,000,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаагийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг нэг талаас Г.Б.К ХХК, нөгөө талаас Ёндонпэлжээ овогтой Шижирбаатар нар гэрээ байгуулсан. Гэрээний заасны дагуу орон сууцыг 148,260,000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаа төлбөр болох 48,260,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлнө, үлдэгдэл 100,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр төлж барагдуулна гэж талууд харилцан тохиролцсон. Тодруулах юм бол худалдан авагчийн эрх, үүргийг заасан гэрээний 3.4-т байрны төлбөрийг гэрээгээр тохиролцсон бөгөөд банкны 8 хувийн зээлтэй холбогдох хэсгийг дангаараа худалдан авагч хариуцна гэж заасан, мөн гэрээний 3.5-д байрны төлбөрийг гэрээгээр тохиролцсоны дагуу төлнө, 3.7-д худалдан авагч нь захиалсан байрны төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй гэжээ. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаа гэж байхгүй, өөрөөр хэлбэл 100,000,000 төгрөгийг хэзээ төлөх талаар талууд тохиролцоогүй. Ипотекийн зээлд хамруулаад төлөх тухай л тохиролцсон. Хариуцагч Ё.Ш нь урьдчилгаа 48,260,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн. Нэхэмжлэгч талаас 15,000,000 төгрөг нэхэж байгаа үндэслэлээ гэрээний 2.8-т худалдан авагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасныг үндэслэж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус гэж хариуцагч тал үзэж байна. Алданги тооцох хугацаа байхгүй байхад ямар үндэслэлээр яаж алданги тооцов, аль хугацаанаас алдангиа тооцов гэдэг нь тодорхой бус байна.
Нэхэмжлэгч Г.Б.К ХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч байсан гэдэг, ипотекийн зээл гарахаас 3 удаа татгалзаж байсан гэдэг. Ё.Ш 3 удаа банканд хандаж байхад Хаан банкнаас хүсэлтийг хүлээж авч байгаагүй, өргөдөл үүсээгүй, хүсэлтийг хүлээж аваагүй байхад Ё.Ш оролдсоор байгаад буюу 2020 оны 12 дугаар сарын 30-нд зээл бүтээд үлдэгдэл 100,000,000 төгрөгөө төлсөн байдаг. Тэгэхээр Ё.Ш ямар нэгэн байдлаар гэрээний хугацаа зөрчөөгүй. Харин нэг жилийн дотор маш хурдтай буюу 2020 онд ковидын байдал үүсээд байхад гэрээнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 07-нд бичиж өгсөн би 2020 оны 10 дугаар сарын 21-нд төлбөрөө төлнө, 14 хоногийн хугацаа өгнө үү. Төлбөр барагдуулж чадахгүй бол гомдол саналгүй байраа хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг Ё.Ш бичиж өгсөн нь үнэн, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ё.Шын нэр дээр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна гэв.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б.К ХХК нь хариуцагч Ё.Шт холбогдуулан гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Б.К ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ё.Штай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Глобал-80 орон сууцны 15 дугаар давхарын 70 тоот хаягт байрлах 70.6 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 148,260,000 төгрөгөөр худалдсан ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зохигчид гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ё.Ш нь 5,000,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13,260,000 төгрөгийг төлж, гэрээгээр тохиролцсон урьдчилгаа 48,260,000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш 393 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Г.Б.К ХХК-ийн санхүүч Ч.Ичинхорлоогийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтаар тус тус тогтоогдсон, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч Ё.Шын нэр дээр гарсан талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Ё.Ш нь гэрээнд зааснаар урьдчилгаа 48,260,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 100,000,000 төгрөгийг төлж барагдуулснаар орон сууцны өмчлөх эрх шилжиж, түүнд орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч тэрээр байраа зарчихлаа, орон сууцандаа түрүүлээд орж байя гэх хүсэлтийг манайд гаргасныг хүлээн авч түүнийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 30-нд оруулсан, тэрээр үлдэгдэл төлбөрөө орон сууцандаа орсон даруйдаа төлөх ёстой байсан боловч жилийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 02-нд төлсөн, мөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний дотор төлбөрөө төлнө гэж өөрөө бичиж өгсөн боловч гэрээний үүргээ зөрчсөн тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ноос 2020 оны 10 дугаар сарын 22-ныг хүртэлх 30 хоногийн алдангид 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсон, харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... зохигчдын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнд үлдэгдэл 100,000,000 төгрөгийг хэзээ төлөх талаар хугацаа тохиролцоогүй, алдангийг хэзээнээс эхэлж тооцож байгаа нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хариуцагчид өгч байгаагүй, хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж тайлбарлан маргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2.3-т Худалдан авагч үлдэгдэл төлбөр 100,000,000 төгрөгийг Хаан банкны ипотекийн зээлээр төлж барагдуулна гэж үлдэгдэл төлбөрийн эх үүсвэрийн талаар дурдсан боловч хэдийд төлөх талаар тодорхой хугацаа зааж тохиролцоогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна. гэж зааснаар хариуцагч Ё.Ш нь үүргийг нэхэмжлэгчийн шаардсан даруй гүйцэтгэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Б.К ХХК нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан болох нь хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Ё.Шын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.Б.К ХХК-д гаргасан Ёндонпэлжээ овогтой Шижирбаатар миний бие GB-80 байрны 70 тоотын үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний дотор ямар нэг байдлаар барагдуулж өр төлбөргүй болох хүсэлтэй байна. Иймд та бүхэн хүсэлтийг харгалзан үзэж 14 хоногийн хугацаа өгнө үү. Хэрвээ 10.21-нд төлбөрөө барагдуулж чадахгүй бол ямар нэгэн гомдол саналгүй байрыг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно. Албадан гаргахад татгалзах зүйлгүй гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны алдангийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 2.8-д зааснаар 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс үүргээ гүйцэтгэсэн өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 70 хоногийн алданги 100,000,000 төгрөг : 0.5 хувь = 500,000 төгрөг, 70 хоног х 500,000 төгрөг = 35,000,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр буюу 15,000,000 төгрөгийг хариуцагч Ё.Шаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч Ё.Шаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт буюу алдангид 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б.К ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ё.Шаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт буюу алдангид 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б.К ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР