| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/01846/И |
| Дугаар | 102/ШШ2021/02209 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02209
| 2021 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/02209 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... тоотод оршин суух, регистр ..., ... холбогдох,
8 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... нь надаас 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 300 000 төгрөгийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж дансаар шилжүүлж авсан.Мөнгө төлөх хугацаа 4 жил 1 cap 14 хоногийн өмнө дууссан боловч ... нь мөнгө төлөхгүй өдий хүрлээ.... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, авсан зээл, хүүг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Иймд зээлдэгч ...ээс зээлийн үндсэн төлбөр 3 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ...д 3 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эргэн төлөхөөр зээлийн гэрээ байгуулан зээлүүлсэн.... нь тухайн үед мөнгөө аваад 4 жил алга болсон.Утсаар холбогдож мөнгөө нэхэхэд өгнө гэдэг байсан.Би 2017 онд хоёр, гурван удаа ярьж мөнгөө нэхсэн, 2018 онд огт яриагүй, 2019 онд нэг л удаа холбогдсон, ярихаар өгнө л гэдэг.Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй. Эвлэрүүлэн зуучлах төвд 2021 оны 5 дугаар сард өгсөн боловч ирээгүй.Гэрээнд заасан үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоногийн 0,5 хувиар бодож алданги тооцсон.Гэвч гэрээний үүргийн гүйцэтгээгүй хоногоор тооцвол 4 жил 1 хоног болж байгаа.Энэ хугацаагаар бодвол нийт 20 гаруй сая төгрөг болно.Тэр мөнгийг өгч чадахгүй байх гээд алдангийн хэмжээг буулгаад 4 700 000 төгрөг болгон үндсэн зээлж авсан дүн дээр тооцож гаргасан....ээс 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.Манай эхнэрт мөнгө өгснийг би мэдэхгүй.Энэ хүн надтай гэрээ байгуулсан надаас мөнгө авсан.Манай эхнэрт мөнгө өгөх ямар ч үндэслэл байхгүй.Хөөн хэлэлцэх хугацааг бол би мэдэхгүй байна.Би өгсөн мөнгөө буцааж авмаар байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч ... нь ...тай зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөг авсан, гэрээнд маргах зүйл байхгүй.... нь 3 000 000 төгрөгийн зээлийг авахаас өмнө ...гийн эхнэртэй нь мөнгө өгөлцөж, авалцдаг байсан.Тухайн үедээ зээлсэн мөнгийг өгсөн гэж үзэж байгаа.Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байдаг.Гэтэл нэхэмжлэгч тал бүтэн 4 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... мөнгө өгөх чадваргүй болсон.Биеийн байдал нь хүнд байгаа.Өр зээлд орсон.Тэр мөнгийг өгөх боломжгүй тухайн үедээ хуулиар шийдүүлээд авахгүй өчнөөн жилийн дараа гэнэт мөнгөө авъя гэж байгаа нь хуульд заасан хугацаа дууссан байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн 3 000 000 төгрөг, зээлийн хүү 300 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг хариуцагч ...ээс гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ... нь ...тэй 2017 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 3 300 000 төгрөгийг, 10 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцож, гэрээний 2.5-т зээлийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дансаар олгох болно гэжээ./хх-3/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг бөгөөд зээлдэгчид мөнгийг хүлээлгэн өгсөн баримтгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 000 000 төгрөг хүлээн авсан гэдгээ зөвшөөрч байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг ба нэхэмжлэгч нь ...ээс зээлийн гэрээний үүргээ шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд ...гийн ...ээс 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ...ээс 8 000 000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай ...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН