| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/68 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Т.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******т холбогдох 2423000580072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-ны өдрийн үед Завхан аймгийн ******* сумын ******* гэдэг газар өөрийн хариулгад байсан хохирогч О.*******ийн эзэмшлийн имгүй, зөв талдаа дором тамгатай бор морь, зөв чих цуулбар, зөв талдаа дором тамгатай хээр морь нийт 2 тооны адууг иргэн О.*******т худалдан борлуулж үнийг өөртөө завшсаны улмаас хохирогч О.*******өд 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч О.*******өд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч О.******* шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1 Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
Хохирогч О.******* нь Завхан аймгийн ******* сумын гэх газар усанд хашигдсан 2 тооны адуугаа тус сумын иргэн Т.*******т өөрийн адуундаа нийлүүлж тэжээж байхыг хүссэн бөгөөд Т.******* нь уг 2 адууг эзэмшилдээ авч тэжээхээр амаар харилцан тохиролцсон байна.
Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр О.*******ийн итгэмжлэн хариуцуулсан 2 тооны адууг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тус суманд адуу авахаар ирсэн О.*******т 46 боодол өвс, 100000 төгрөгөөр худалдаж үнийг өөртөө авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал Т.*******т 2 тооны адуугаа захиж үлдээсэн байсныг Т.******* бусдад худалдсан байсан тухай мэдүүлсэн хохирогч О.*******ийн “... Би 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд аймгийн сумаас Завхан аймгийн ******* сумын хойд хэсгээр өөрийн адууг оторлож өвөлжсөн юм. Миний адуу оторлож байсан газрын ойролцоо Завхан аймгийн болон аймгийн отрын адуунууд байсан. 2024 оны 01 дүгээр сард ******* сумын гэх залуу надаас өөрийн эзэмшлийн адуугаа асууж сураглаж утсаар холбогддог байсан бөгөөд би түүний адууг хаана байгааг нь хэлж өгдөг байсан. Би гэх залууд 2024 оны 03 дугаар сард ...” Миний эзэмшил 2 тооны адуу усанд хашигдчихсан би авч чадахгүй байна, боломж гарвал чи ******* сумын төв рүү оруулаад тэжээж байгаач би нүүдэл хийх гээд өөрөө авч чадахгүй болчхоод байна”... гэж хэлсэн...би тухайн үед ... 2 тооны адуугаа буюу *******т захиж үлдээсэн бөгөөд миний захиж үлдээсэн адууг аймгаас Завхан аймгийн ******* сумд ирж өвс зарж борлуулж байсан казак залуучуудад ******* өгч явуулсан болохыг мэдсэн. ... Би Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт адуугаа оторлож өвөлжихдөө буюу *******тай утсаар ярьж танилцсан бөгөөд тухайн суманд түүнээс өөр таних хүн байхгүй байсан учраас түүнд усанд хашигдсан өөрөө авч чадаагүй хоёр тооны адуугаа аваад, сумын төв рүү оруулаад тэжээж байгаач би хүч орохоор нь авъя гэж захиж хэлсэн юм. ******* надад учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлгээр,/ хавтаст хэргийн 54-56-р хуудас/
Т.*******аас 2 тооны адууг 46 боодол өвс, 100000 төгрөгөөр худалдаж авсан тухайгаа мэдүүлсэн гэрч О.*******ийн “...Би ...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* сумын иргэн *******аас 2 тооны адууг худалдан авч 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр аймгийн төвд ачиж ирсэн. *******ыг танихгүй бөгөөд бид нар өвс зарж Завхан аймгийн ******* суманд очиход өөрийгөө ******* гэж танилцуулсан ... залуугаас 2 тооны адуу худалдан авч оронд нь 46 ширхэг ногоон боодол өвс, 100.000 төгрөг бэлэн мөнгө өгсөн. ... ******* гэх хүнээс нийт 2 тооны морь худалдаж авсан ба нэг нь бор зүсмийн, имгүй, тамга нь сайн харагдахгүй туранхай нас гүйцсэн морь, улаан хээр зүсмийн, имгүй, тамга нь сайн харагдахгүй туранхай нас гүйцсэн морь байсан...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 70-71-р хуудас/,
Т.*******ын О.*******т худалдсан 2 адуунд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр,
Яллагдагч Т.*******ын “..... О.******* ах надтай утсаар ярихдаа голын улаан гэх газар миний эзэмшлийн 2 тооны адуу аралд усанд хашигдчихсан тэр адууг ******* сумын төв рүү оруулж чамаар тэжээлгэмээр байна гэж хэлээд надад адууг захисан. Би ... өдөр болгон усанд хашигдсан 2 адуунд өвс тэжээл аваачиж өгдөг байсан... 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр аймгаас адуу худалдаж авахаар казакууд манай сумд ирсэн... би тэдгээр хүмүүст 2 тооны адууг өгч явуулсан..." гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******ын үйлдлийн улмаас хохирогч О.*******өд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан нь “ ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Я.гийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаартай “ Нас гүйцсэн морь 2 толгой бүгд үнэ 3.000.000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,..нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
1.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр бусдад дур мэдэн өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.*******ын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2 адууг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх нь хууль бус гэдгийг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсэж хор уршгийг учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектив шинжийг, түүний дээрх идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,000,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
1.4. Шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн “алдсан зүйлийнхээ хохирлыг барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
2.1. Шүүгдэгч Т.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.2. Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.*******т 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ