| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02020/И |
| Дугаар | 102/ШШ2021/02164 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/02164
2021 оны 09 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2021/02164 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...тоот ... СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух ... /РД: .../-т холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,166,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт болон татварын албанд бүртгүүлж гэрчилгээ, тамга, харилцах данс нээлгэж 2013 оны 01 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ийнхүү үйл ажиллагаа явуулж эхлэхдээ бүх гишүүдийн хурлаар сууц өмчлөгчдийн төлөх төлбөрийг тогтоосон.
Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг 21 байрны оршин суугч ... нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2018 оны 2 сараас эхлэн удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй хууль бус үйлдэл гаргаж байна. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй эсрэг санал өгсөн /оршин суугчид/ гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна.
Түүнчлэн энэхүү оршин суугч нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа нь 21, 22, 23 дугаар байрны нийт 380 оршин суугч нарын эрх ашгийг хөндөж байна. Өөрөөр хэлбэл эдгээр оршин суугч нар төлбөрөө төлөхгүй байгаагаас шалтгаалан сууц өмчлөгдийн холбоо хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрч төлбөрөө төлж байгаа оршин суугч нар хохирч байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 148.2, мөн хуулийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу 21 дүгээр байрны 53 тоотод оршин суугч ...аас 2018 оны 2 сараас 2021 оны 5 сарыг дуусталх хугацааны төлбөр болох 1,166,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ... холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1,166,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ...т 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргаагүй, тус шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө-2 хотхоны 21, 22, 23 дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр олгосон 225 дугаартай гэрчилгээ /хх-3 тал/-гээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид холбоо гэх/-г байгуулна гэж заасан тул нэхэмжлэгч ... сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагч ... нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ...т холбогдуулан 2018 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын хооронд нийт 1,196,800 төгрөгийн төлбөрийн тооцоолол /хх-2 тал/-ыг гаргаж, нэг сарын төлбөрийн задаргааг гэрэлтүүлэг 2500 төгрөг, хог 2000-3500 төгрөг, лифт 5000 төгрөг, хамгаалалт 5000 төгрөг, цэвэрлэгээ 5000 төгрөг, засвар үйлчилгээ 4500 төгрөг, баримт 200 төгрөг, граж өвөл 8000-15000 төгрөг тус тус тогтоосон байдаг гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчээс дээрх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд хариуцагчаас 1,166,800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч уг төлбөрийн тооцоололд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ...аас 2018 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,166,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар ...аас 1,166,800 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 35,553 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ