| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02016/И |
| Дугаар | 102/ШШ2021/02207 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02207
2021 оны 09 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2021/02207 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, ... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... /РД:.../-д холбогдох,
Хүүхдийн нэмэлт зардал 1,741,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Тус шүүхээс 2021 оны 03 дугаар 31-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд гэрлэлтийг цуцалж, 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн том хүү ..., 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн бага охин ... нарыг эхийн асрамжид үлдээж, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлийг сар бүр эцэг ...аас гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн. Бид гэрлэлтээ цуцлахаас 2 жилийн өмнө том хүү ...ыг Шинэ эрин сургуульд оруулахаар ярилцаж улмаар Шинэ эрин сургуулийн шалгалтад бэлддэг Фэст сургалтын төвд бүтэн жилийн сургалтанд 2020 оноос эхлэн суралцуулсан. Миний бие энэ сургалтын төлбөр болох 1,800,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн. Мөн Шинэ эрин сургуулийн математикийн багшийг давхар хөлсөлж 2020 оны 10 дугаар сараас одоог хүртэл сургалт авч байгаа. Багшийн ажлын хөлсөнд 1,683,600 төгрөгийг төлсөн. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш хүлээх үүргийн дагуу том хүү ...ын сургалтын төлбөрт төлсөн 3,483,600 төгрөгийн 50 хувь буюу 1,741,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Дарханмандал тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэх тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Харин хүүхдээ төлбөртэй сургуульд өгч сургалтын төлбөрийг хуваан төлөх тухай зүйл заалт байхгүй. Миний хүүхэд болох ..., ... нар нь Үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрхээ эдэлж байгаа бөгөөд заавал төлбөртэй сургуульд суралцах шаардлагагүй. Мөн төлбөртэй сургуульд суралцуулахыг 2 тал харилцан тохиролцоогүй болно. Тус шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 31-нд гаргасан шийдвэртээ зохигчид хүүхдүүдийнхээ асрамжийн асуудлыг тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэсэн болно. Шинжээчийн дүгнэлтээр эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүддээ тавих анхаарал, халамж, харилцаа, хандлага, ёс суртахуун, сэтгэл зүйн байдлын хувьд адил, хүүхдүүдийг хэн алиных нь асрамжид үлдээх боломжтой гэж үзсэн. Харин шүүх хүүхдийн санал, хариуцагчийн одоогийн амьдарч буй нөхцөл байдал буюу ахуйн нөхцөл, бололцоог харгалзан ..., ... нарыг эх ...ы асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Иймээс өөрийн амьдарч буй нөхцөл байдлаа сайжруулаад хүүхдүүдийг өөрийн асрамжид авах бодолтой байгаа тулд энд дурдах нь зүйтэй. Иймээс санхүүгийн болон дундын өмчлөлийн асуудал дахин хөндөгдөх учир тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зайлшгүй төлөх шаардлагатай гэж үзвэл тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгч ... хариуцагч ... дундын өмчлөлөөс ногдох хэсэг болох 11,338,250 төгрөгийг гаргуулж хариуцагч ... олгох шүүхийн шийдвэр 2021 оны 3 сарын 31-нд гарсан. Уг шийдвэрийг 2 тал харилцан тохиролцож хариуцагч ... 2 хүүхдийн тэтгэмжид сар бүр төлөх 358,050 төгрөгийг нэхэмжлэгч ... төлөх 11,338,250 төгрөгөөс 2021 оны 03 дугаар сарын 31- ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүүхдийн тэтгэмжид суутгахаар болсон. Энэ 2 жилийн суутгалын зөрүү мөнгө болох 2,745,000 төгрөгөөс гаргуулах боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан хүүхдийн сургалтын нэмэлт зардалд 1,741,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 31-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр хүү ..., охин ... нарыг эх ...ы асрамжид үлдээж, ...аас 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү ..., 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ... нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл нь /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч ...аас хүү ...ын 2020-2021 оны хичээлийн жилд Фест сургалтын төвийн математикийн бүтэн жилийн сургалтад суралцуулж, сургалтын төлбөрт 1,800,000 төгрөг, мөн багш ... хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хүү ...ын хичээлийн хоцрогдлыг арилгах, түвшин ахиулах математикийн сургалтад 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл суралцуулж, сургалтын төлбөрт 1,683,600 төгрөг тус тус төлсөн болох нь сургалтын төвийн тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээ, ...ы Хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /Хэргийн 5-16 тал/
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т зааснаар эцэг эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч ... нь математикийн багш С.Лхагвадоржтой хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хүү ...ын хичээлийн хоцрогдлыг арилгах, 6 дугаар ангийн матемтикийн элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилгоор түвшин ахиулах сургалтад, мөн Фест сургалтын төвийн математикийн бүтэн жилийн сургалтад тус тус суралцуулсан явдлыг буруутгах боломжгүй тул хариуцагчийн гаргасан төрөөс хүүхдийн ерөнхий боловсролыг үнэгүй олгож байхад төлбөртэй сургалтад сургах шаардлагагүй гэх татгалзал үндэслэл муутай гэж үзэхээр байна.
Мөн дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ...аас 11,338,250 төгрөг гаргуулж, хариуцагч ...д олгож шийдвэрлэсэн байх ба уг мөнгийг ...аас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хүүхдийн тэтгэлэгт суутгахаар ...тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно гэж заасантай нийцсэн. Талууд гэрээнд хүүхэд тус бүрт нэг сард ногдох тэтгэлгийн хэмжээг нарийвчлан тодорхойлоогүй, хүүхдийн нэмэлт зардлын талаар харилцан тохиролцоогүй байх бөгөөд хүүхдийн тэтгэлэгт суутгасан гэх 11,338,250 төгрөгийг 24 сараар хоёр хүүхдэд хуваан тооцоход нэг хүүхдийн тэтгэлэгт 1 сард 236,213 төгрөг ногдож байна.
Хүүхдийн тэтгэлэг нь сургалтын төлбөрөөс гадна түүний амин хувийн хэрэгцээг хангахад зарцуулагдах бөгөөд нэхэмжлэгч ...аас тус бүр нэг сарын 180,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийн төлбөртэй хоёр төрлийн сургалтад хүү ...ыг суралцуулж, төлбөр төлсөн нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй, хүүхдэд зарцуулах мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул сургалтын зардал 3,483,600 төгрөгийн тал хувь болох 1,741,800 төгрөгийг хүүхдийн нэмэлт зардалд тооцож, хариуцагч ...аас гаргуулж нэхэмжлэгч ...д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч ...аас нэмэлт зардал 1,741,800 /нэг сая долоон зуун дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 42,819 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ