Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1911

 

 

 

 

 

 

 

 

 

 К ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02274 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 53 483 274 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ууганбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Отгонжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч К ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Б.Б нь К ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ15/44 тоот зээлийн гэрээ байгуулж, түүний баталгаа болгон ФГ15/23 тоот фидуцийн гэрээ, БГ15/33 тоот барьцааны гэрээ болон барьцаалбар үйлдэн 30 000 000 төгрөгийн зээлийг хүлээн авсан. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтанд талууд тохиролцсон. Зээлдэгч Б.Б нь эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, үндсэн зээл эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг нийт 656 хоногоор хэтрүүлээд байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 71 удаагийн зээлийн эргэн төлөлтөнд 16.930.000 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба үүнээс хойш үндсэн төлбөр болон үндсэн хүүг төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах талаар ямар нэг үйлдэл хийгээгүй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүйболгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй, 7.1.1-т зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг хавсралт 1-т заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлан, үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй болох тухай заасан болно. Иймээс ББСБ гэрээний 3.1.2, 7.1.1 дэх заалтыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 28.515.745,77 төгрөг, хүү 23.397.627,50 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1.557.401,20 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 12.500 төгрөг, нийт 53.483.274,47 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн БГ/15/33 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...К ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрөөс 16.930.000 төгрөг төлсөн тооцоог хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн хүү арай их байгаа тул багасгаж өгнө үү. Би орон сууцаа зарах гээд зар өгчихсөн байгаа, хугацаа хэрэгтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Баас 39.061.457,37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.421.817,10 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай Капитал континент инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425.366,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчБ.Баас 353.257,29 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, /цаашид "Зээлдүүлэгч" гэнэ./ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар. зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө. гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй." гэж заасны дагуу "Капитал Континент Инвестмент ББСБ" ХХК нь нэмэгдүүлсэн хүүг тооцсон.

Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д "Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцэл хийсэн” гэж үзнэ, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д "Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул энэхүү тохиролцоог талуудьш хүсэл зориг гэж үзнэ" гэж заасантай зээлийн гэрээний агуулга нийцсэн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т "Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол эхний ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ." гэх зохицуулалт нь гэрээний талууд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар харилцан тохиролцоогүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт буюу диспозитив хэм хэмжээ юм. Гэтэл шүүх хуулийн энэ зохицуулалтыг илт буруу тайлбарлан, хариуцагчийн хүлээх үүргийг дараах байдлаар буруу тодорхойлсон. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дуусссан өдрөөс хойш тооцож бодолт хийсэн. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш биш, харин гэрээний үүрэг зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг тооцож бодолт хийх ёстой байсан.

Нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор. хугацаандаа биелүүлээгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т "Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсвэл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй", Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй." гэж зааснаар барьцаалагч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байтал анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 515 745 төгрөг, зээлийн хүү 23 397 627 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 557 401 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 53 483 274 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ15/44 тоот зээлийн болон 15/33 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 30 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204041315 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж, 28 дугаар байр 56 тоотод байршилтай, 47.8 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан. банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг хариуцагч Б.Бт шилжүүлсэн, хариуцагч зээлийн төлбөрт нийт 16 930 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй юм.

Зээлийн гэрээний 2.6-д “зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ” гэсэн тохиролцоо хуульд нийцнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гэрээ байгуулсанаас хойш нэхэмжлэл гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 2 жил 5 сарын хугацаанд хүү шаардах эрхтэй. Үүнд үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 34 800 000 /30 000 000 х 4% = 1 200 000 х 29 сар/ төгрөг, нийт үүрэг 64 800 000 төгрөгийг төлөхөөс хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн 16 930 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн нийт үүрэг 47 870 000 төгрөгөөр тодорхойлогдохоор байна.

 

Иймд хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүрэгт 47 870 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Капитал континент ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 683 274 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн барьцааны зүйлийг худалдан борлуулахыг барьцаалагч шаардах эрхтэй тул хариуцагч Б.Б сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204005968 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 9 дүгээр байрны 35 тоот байршилтай орон сууцны зориулалттай 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардал болон нотариатын зардлын талаар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн холбогдох шийдлийг хэвээр үлдээх нь диспозитив зарчимд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/0227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...39 061 457 төгрөг” гэснийг “47 870 000 төгрөг”, “...14 421 817 төгрөг” гэснийг “5 683 274 төгрөг” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204005968 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 9 дүгээр байрны 35 тоот байршилтай орон сууцны зориулалттай 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...353 257,29 төгрөг” гэснийг “397 300 төгрөг” гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.        

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч К ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 059 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                           ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН