Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 968

 

 2020        08           04                                           2020/ДШМ/968

Т.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

яллагдагч Т.Эын өмгөөлөгч Д.Тунгалаг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2026 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Т.Эад холбогдох эрүүгийн 1906047482006 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................, 19........... оны ........... дугаар сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 37 дугаар байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

Т.Э нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ц.Дэлгэрдалайгаар дамжуулан Б.Тулгабаатарт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 43 м.кв байрыг зарахаар тохиролцон байрны урьдчилгаа гэж 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч, тухайн байрыг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шижирт гүн” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 66.572.500 төгрөгийн үнийн дүнд оруулан тухайн байрны өмчлөх эрхийг “Шижирт гүн” ХХК-д шилжүүлэн өгч, хохирогч Б.Тулгабаатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн 249 дүгээр хуудсанд, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “хэргийн материалтай 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр танилцав. /прокурорын шатанд/ Т.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь бүрэн шалгагдаагүй, Дэлгэрдалай анх Тулгабаатартай байр зарах талаар ярилцсан бөгөөд Э.......д авсан зээлийнхээ төлбөрт Тулгабаатараас авсан мөнгөө шилжүүлсэн байна. Хэргийн бодит байдлыг тогтоолгох, Энхбатын гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг шалгуулах хүсэлтэй байна” гэж яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Д Тунгалаг нар хүсэлт гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэжээ. Гэтэл мөрдөгч хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр, хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлэлгүй хэргийг прокурорт хүргүүлсэн байна. Энэ нь оролцогчийн гомдол, хүсэлт гаргах, хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломж нөхцлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрх зэргийг зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овгийн Төмөрийн Энхбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэжээ. Гэтэл мөрдөгч хуульд заасан ажиллагааг хийлгүйгээр, хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлэлгүйгээр хэргийг прокурорт хүргүүлсэн байна. Энэ нь оролцогчийн гомдол хүсэлт гаргах, хавтаст хэргийн материалтай танилцах, боломж нөхцлөөр хангаагүй мөрдөгчийн үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхийг зөрчсөн байна.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гэтэл мөрдөгч Л.Даваацэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт ирж танилцах талаар мэдэгдэж, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлсэн боловч хэргийн оролцогч болох яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар нь дээрх хугацаанд ирж танилцаагүй учир мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ...” гэж заасны дагуу хэргийг прокурорт шилжүүлсэн болно. Прокурор хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хавтаст хэргийн материалыг яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарт 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр танилцуулсан бөгөөд өмгөөлөгч Д.Тунгалагаас 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Иймд дээрх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмын дагуу явуулсан байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан ороцогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж хэргийг прокурорт буцааж буй нь үндэслэлгүй юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2026 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Т.Эын өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй. Хэрэг прокурорт шилжсэн гэдгийг мэдээд хавтас хэргийн материалтай 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр танилцсан. Хэргийн материалтай танилцаад “...хэргийн материалтай прокурорын шатанд танилцлаа. Нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож, шалгагдаагүй байна. Иймд дараах нөхцөл байдлуудыг шалгаж өгнө үү. ...” гэсэн хүсэлтийг миний бие гаргасан. Үүний дараагаар 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр дахин бичгээр прокурорт хүсэлт гаргасан. Прокуророос хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг гаргасан. Ингээд хэргийг прокурор шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан дээд шатны прокурорт гомдол гаргах эрх, мөрдөгчөөс гаргасан шийдвэртэй танилцах боломжоор хангаагүй гэх нөхцөл байдлыг тайлбарлаж, уг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх саналыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар бүлгийг бүхэлд нь зөрчсөн үйл ажиллагаа болсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Т.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Эад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж, мөн зүйлийн 2-д “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заажээ.

Хавтас хэргээс үзэхэд, яллагдагч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар нь прокурорын шатанд хүсэлт гаргасан байх бөгөөд мөрдөгч нь дээрх хуульд заасан ажиллагааг хийлгүй, яллагдагч түүний өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлэлгүй хэргийг прокурорт шилжүүлж, улмаар энэ нь тэдний прокурорт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчжээ.

Иймд дээрх зөрчлийг арилгуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заажээ.

Цаашид мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг анхаарвал зохино.

Түүнчлэн, прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлж ажиллах, энэ талаар хэргийн оролцогчдоос гомдол хүсэлт гаргахгүй болох нөхцлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэвшүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/2026 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ         

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ