Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
Хэргийн индекс | 158/2022/0017/З |
Дугаар | 158/ШШ2022/0021 |
Огноо | 2022-06-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 158/ШШ2022/0021
2022 6 22 158/ШШ2022/0021
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Мөнхчин Ой” ХХК,
Хариуцагч: ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч /*******/ нарын хоорондын
“Улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Мөнхчин Ой” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, хариуцагч ******* *******ын Байгаль орчны улсын байцаагч *******, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “Мөнхчин Ой” ХХК нь ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч /*******/-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь ******* *******ын Ойн ангийн эрх бүхий албан тушаалтан Г.Сүхбатаас тус сумын Цөхөнгийн хаяа гэх газар дахь шинэс модноос цэвэрлэгээний огтлол хийж 40м3 хэрэглээний мод, 7м3 түлээний модыг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд бэлтгэн, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд тээвэрлэх зөвшөөрлийг авч, түүнд заасан хэмжээгээр мод бэлтгэн авсан байна.
Харин ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь маргаан бүхий ******* дугаарын шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн “зохих зөвшөөрөлтэйгөөр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй” гэх үндэслэлээр “Мөнхчин ой” ХХК-нд 3000 нэгж буюу 3000000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
“Мөнхчин Ой” ХХК нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Мөнхчин ой” ХХК нь ойд цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрлийн дагуу 2021 онд 40 мЗ мод бэлдэж ойг цэвэрлэж байгаль хамгаалагчид 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. *******ын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ойн цэвэрлэгээ дутуу байна гүйцээж цэвэрлэх шаардлагатай гэсний дагуу дутуу цэвэрлэсэн гэх талбайн захад гаргаж тавьсан модны үзүүр дорцоовыг Далан багийн малчин Мөнгөнөөгийн хүсэлтийн дагуу түлээ болгох зорилгоор үлдээсэн байдлаа тайлбарлан хэлсэн боловч Мөнгөнөөс утсаар тодруулж асуусан атлаа торгох шийтгэвэрийг хүлээлгэсэн. Гэтэл манай компани тусгай зөвшөөрлийн дагуу ашиглах талбайг цэвэрлэж үлдсэн үзүүр дорцоовыг иргэдэд түлшний модны зориулалтаар хүлээлгэн өгч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээж авах талаар үүрэг болгосныг хугацаанд нь цэвэрлэж хүлээлгэн өгсөн байсан.
Гэтэл Мэргэжлийн хяналтын байцаагч ******* нь Зөрчлийн хэрэг нээсэн талаар огт мэдэгдээгүй тайлбар мэдээлэл аваагүй, хэрэгт тухайн талбайг цэвэрлэж хүлээлгэж өгсөн ба хүлээн авсан акт байсаар байхад Зөрчлийн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн хэрэгт Мод бэлтгэх зөвшөөрлийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хоног гүйцэтгэж талбайн цэвэрлэгээг хэрэглээ 40мЗ талбайн, түлээ 7мЗ цэвэрлэж хүлээлэгэн өгсөн. Талбайн цэвэрлэгээ хийж хүлээлгэж өгсөн эхлэл төгсгөлийн акт1 байгаль хамгаалагч ******* гарын үсэгтэй зурсан байхаас гадна ******* хавтаст хэргийн 17 дугаар талд *******гээс эхлэл төгсгөлийн акт үйлдэж цэвэрлэсэн талбайг хүлээн авсан, талбайг сайн цэвэрлэсэн гэх мэдүүлэг байсаар байтал талбайн цэвэрлэгээ хийгээгүй гэх үндэслэлээр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчил гарснаас хойш 6 сар өнгөрсөн байхад буюу 2022 оны 3 дугаар сард зөрчлийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байхаас гадна хэрвээ зөрчилтэй байсан бол уг зөрчлийг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчлийн хэрэг нээж торгох арга хэмжээ авсан байна... ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн ******* дугаар зөрчлийн хэргийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Уг маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т заасны дагуу шийтгэвэр гардан авсанаас хойш 30 хоногийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд шууд харьяалуулан хандаж нэхэмжлэл гаргаж шүүхэд хандаж буйг хүлээн авч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Миний бие 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зураагүй бөгөөд албан ёсоор компанийн хаягт илгээхийг хүссэн. Улсын байцаагч ******* нь манай компанид шийтгэвэрийн хуудсыг албан ёсоор өгөөгүй, гарын үсэг зураагүй талаар тэмдэглэл үйлдсэн энд зур гээд байсан. Би мэдэгдэх хуудсаар шийтгэвэрийн хуудсыг авахыг хүссэн боловч ******* нь аймгийн төв рүү яаралтай ажилтай тул амжихгүй, материал чинь аймагт очно тэндээс очиж аваарай гэж хэлээд яваад өгсөн. Ингээд би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* төвд ******* Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас шийтгэвэрийн хуудсыг эх хувиар нь гарын үсэг зурж гардан авч гомдол гаргахыг хүссэн боловч ******* нь гадаад улсад ажлаар явсан гээд манай компанид хариуцагдах зөрчлийн материалыг Мэргэжлийн хяналтын газар үлдээгээд явсан байсан. Би арга ядахдаа өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мэргэжлийн хяналтын Хуулийн зөвлөх Норпилээс зөрчлийн материалаас шийтгэвэрийн зургийг даран хуулбарлан авсан.
Иймд миний гомдол гаргах хугацаа шийтгэвэрийн зургийг дарж, танилцсан өдрөөс хойш 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуусч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч ******* хариу тайлбартаа: “...******* *******ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Бумбага овогтой Мөнхтөр миний бие ******* Цагдаагийн газрын *******ын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Цэнд-Аюушийн шалгасан “Мөнхчин ой” ХХК-ийн зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн талбай цэвэрлээгүй асуудлыг Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Өнөрбатаас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн талаарх материалыг хүлээн авсан. Материалыг хүлээн авч танилцаад хяналтын прокуророос хуулийн зөвлөгөө авч зөрчлийн хэрэг нээх саналтай эрх бүхий албан тушаалтны тогтоол бичиж аймгийн Прокурорын газарт хүргүүлж, тус газраас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Мөнхчин ой” ХХК-д холбогдуулан Зөрчлийн хэрэг нээж ******* дугаар олгосон. Ингээд уг аж ахуйн нэгжид холбогдуулан зөрчлийн хэрэг шалгах ажиллагаа явуулж 2022 оны 03 дугаар сарын 22-нд эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр *******г тогтоож тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Ингээд холбогдогчоор 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *******гээс мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. “Мөнхчин ой” ХХК-ийн албан ёсны хаяг нь 000150023 улсын бүртгэлийн гэрчилгээний хавсралт хуудасны нэмэлт өөрчлөлтийн агуулга хэсгийн 5 дахь тэмдэглэлд Булган аймаг, *******, 5-р баг, Жаргалант 2, 204 хаягт 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шинээр бүртгэв гэж тэмдэглэсэн байна. “Мөнхчин ой” ХХК-ийн 20-011568 дугаартай эрхийн бичгээр 40 мЗ цэвэрлэгээний огтлолоор ойгоос мод бэлтгэх эрх авч 2021 оны 05 дугаар сарын 12-15 хооронд бэлтгэл хийж 2021 оны 05 дугаар сарын 15-18 хооронд тээвэрлэх зөвшөөрөл авсан боловч 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл цэвэрлээгүй байсан нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1-р хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.Энэхүү журмаар ойгоос мод бэлтгэх ажлыг төлөвлөх, хуваарилах, мод огтлох, цагаалах, дээд агуулахаас доод агуулах хүртэл тээвэрлэх болон хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Тав. Дээд агуулахын ажилбарууд 5.1 Дээд агуулахын ажилбарт цагаалагдаж ирсэн тууш модыг мөчирлөх, эсгэх, сортиментийг ангилан хурааж түр хадгалах, тээврийн хэрэгсэлд ачих зэрэг ажлууд хамаарах ба дараах шаардлагыг хангасан байна. 5.1.5 дээд агуулахын ажил дуусахад ашигласан талбайг нөхөн сэргээх, цэвэрлэх арга хзмжээ авах. Монгол улсын стандарт MNS 6447:2020 Ойн арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтод тавих ерөнхий шаардлагын 13.5 Ойд цэвэрлэгээ хийх технологид ойн цэвэрлэгээний ажлыг дараах үе шатаар гүйцэтгэнэ.
- Мод огтлох цагаалах үйл ажиллагаа;
- Төгсгөлийн ажил гэсэн 3 үе шаттай байна.
13.5.4 Төгсгөлийн ажлаар, мод огтолсон талбайн үлдэгдлийг цэвэрлэж, мод ачих, хураах талбай дахь бусад төхөөрөмж, байгууламжийг зөөвөрлөнө гэснийг тус тус зөрчиж дээд агуулахаа цэвэрлээгүй үлдээсэн байна. Байгаль хамгаалагч *******ийн мэдүүлэгт тэмдэглэгдсэнээр 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мод бэлтгэсэн талбайг шалгахад үзүүр дорцоов үлдээсэн байсан. Тэгээд *******тэй утсаар ярьж талбайгаа цэвэрлэхийг шаардсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй яагаад гэвэл “Мөнхчин ой” ХХК нь талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй ба Далан багийн байгаль хамгаалагч ******* нь “Мөнхчин ой” ХХК-ийн мод бэлтгэлийн талбайг албан ёсоор хүлээж аваагүй. Эхлэл төгсгөлийн актад мод бэлтгэсэн талбайг цэвэрлэсэн гэж тусгасан нь мод бэлтгэсэн талбайгаас үзүүр, дорцоов цагаалж гаргасныг тэмдэглэн дээд агуулахад хэрэглээ болон түлшний мод байгааг цэвэрлэж дуусахыг шаардсан байна. Энэ талаар *******гийн гаргасан нэхэмжлэлд Далан багийн байгаль хамгаалагч *******ийг гэрчээр оролцуулах, тайлбар авахуулах саналтай байна. Улсын байцаагч миний бие уг зөрчлийн хэргийг шалгаад гэрчүүд болон Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шалгаж материалд авагдсан нотлох баримтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийтгэлийн хуудас бичсэн. Шийтгэлийн хуудсыг холбогдогч *******д хүлээлгэн өгөхөөр тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулах гэсэн боловч тэрээр шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурахгүй хүлээн авахгүй гэсэн. Энэ талаар тэмдэглэлд дурдсан. Мөн шийтгэлийн хуудас хүлээн авахаас татгалзсан тухай тэмдэглэл үйлдэж танилцуулахад холбогдогч ******* өөрөө гарын үсэг зурсан. Энэ тэмдэглэлүүд зөрчлийн хэргийн материалд хавсрагдсан болно. Шийтгэлийг хуудсыг хүлээн авахаас татгалзсан тул хуулийн дагуу 3 хоногийн дараа холбогдогчийн албан ёсны хаягаар шуудангаар илгээсэн болно. Холбогдогч аймгийн төвд ирж шийтгэлийн хуудсаа гардан авах хүсэлт ямар нэгэн албан тушаалтанд гаргаагүй, улсын байцаагч бид шалгасан зөрчлийн хэргийн материалаа аймгийн төвд Мэргэжлийн хяналтын газрын Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд хянуулж прокурор руу бүртгэлийн дэвтрээр хүлээлгэн өгдөг журамтай. Материалыг Мэргэжлийн хяналтын газрын хуулийн мэргэжилтэнд үлдээсэн үед өмгөөлөгч нь ирж уулзан материалаас зураг даран авсан байсан...” гэжээ.
Нэхэмжлэгч “Мөнхчин ой” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн зурган дээр авагдсан байдлаас харахад хэрэглээний мод шиг харагдаж байгаа. Өөр нэг өнцгөөс юм уу, бодитоор харах юм бол битүү өмх идсэн хэрэглэх боломжгүй байсан... иргэн Мөнгөнд өгсөн модыг зөвхөн түлэх боломжтой. Тэрийг тээвэрлэж сумын төв рүү очиход ямар нэг байдлаар ашиглах боломжгүй нарийхан мөчир, өмх идсэн хаягдал мод гэж ойлгож болно. Хариуцагчийн хэлж байгаагаар тухайн мод нь ...хэрэглэх боломжтой мод гэж ойлгуулж байна... Энийг хариуцагч хэрэглээний мод үлдээсэн гэх ойлголт нь буруу ойлголт юм... байгаль хамгаалагч Дэмбэрэлдаш, экологын цагдаатай хамт очоод талбайг өөрсдийнхөө биеэр зурагжуулж хүлээж авсан. Хэрвээ хариуцагчийн хэлж байгаагаар хэрэглээний модоо хаясан гэж байгаа бол ашгийн төлөө компани банз, палк болгоод хэрэглэх модоо гадаа гаргаад хаяна гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Түлээний хаягдал модыг иргэн Мөнгөнд өгч үлдээсэн. Татвараа төлөөд, гоожингоо аваад, хүмүүст цалин өгч уулнаас буулгаж ирээд ашиглах ёстой модоо тэнд нь хаясан гэдэг нь өрөөсгөл ойлголт...” гэв.
Хариуцагч ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн Мөнгөнд өгсөн гээд байгаа мод нь цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын үед илрүүлсэн мод. Түлээ болон хэрэглээний модыг 3 дугаар сарын 10-нд өөрсдөө тээвэрлэсэн байгаа. Тэгэхэд Хово, 31 хоёроор татдаг. Мод бэлтгэх журмын нийтлэг үндэслэл нь ойгоос мод бэлтгэх ажлыг мод огтлох, цагаалах, төлөвлөх, хяналт тавих, дээд агуулахаас доод агуулах руу зөөх үйл ажиллагаанд холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж байгаа. Дээд агуулах гэдэг нь мод цагаалаад гаргасан талбайг хэлж байгаа, доод агуулах нь үйлдвэрлэл явуулж байгаа талбайг хэлж байгаа юм. Дээд агуулахын ажилбар гэдэг нь дээд агуулахад зөөж ирсэн тууш модыг мөчирлөх эсхүл ангилах, хурааж түр хадгалах, тээврийн хэрэгсэлд ачих хэсэг хамаарах ба ашигласан талбайг нөхөн сэргээх цэвэрлэх арга хэмжээг дээд агуулах дахь ажиллагаа дууссан тохиолдолд хийж байгаа ажиллагаа. “Мөнхжин ой” ХХК-ийн гаргаад үлдээсэн мод нь дээд агуулахын талбайн хэсэгт байсан. Уг ажиллагаагаа хийж цэвэрлэж дуусгаагүй байсан. Ойн цэвэрлэгээг дараах үе шаттайгаар цэвэрлэнэ гэж байгаа. Үүнд мод огтолсон талбайн үлдэгдлийг цэвэрлэж хураах, талбай дахь бусад төхөөрөмж, байгууламжийг зөөвөрлөснийг мод бэлтгэлийн ажиллагаа дууссан гэж үзэж байгаа. Тэр үүргээ хийгээгүй. Тэр хурааж өгсөн газар нь ойн ангийн инженерийн тусгаарлаж өгсөн талбай юм. Тэр талбай доторх модыг цэвэрлээд дээд агуулах хүртэл татаж гаргах ёстой. Тэр талбайгаа цэвэрлэ гэсэн тайлбар өгсөн байгаа. Аж ахуйн нэгж тэндээсээ модоо татаж байсан учраас цэвэрлэх ёстой. Иргэнд өгсөн модоо өөрийнхөө зарлагын баримтаар шилжүүлэх буюу баримт үйлдэх ёстой. Аж ахуйн нэгж өөрийнхөө цэвэрлэх ёстой талбайг цэвэрлэх үүрэгтэй. Нэг аж ахуйн нэгж цэвэрлээгүйн улмаас бусад аж ахуйн нэгж тэр жишгээр явбал ой маань юу болох вэ. Хяналтын хуудсаар тээвэрлэдэг байгаа. Энэ мод нь хяналтын хуудсаар зөөвөрлөгдөөгүй мод болж байгаа. Талбай дээр буусан модыг хэрэглээгээр нь ангилж, зөвшөөрөгдсөн метр кубт хүрсэн тохиолдолд талбайн үйл ажиллагааг зогсоох ёстой. Энэ мод журмынхаа дагуу орж ирээгүй учраас аж ахуйн нэгжийн мод гэж ойлгож болно. Энэ нь хэрэгтэй модоо аваад хэрэггүй модоо хаясан гэдэг утга харагдаж байна. Ихэнх аж ахуйн нэгж хэрэглэгдэхгүй модоо талбай дээр нь үлдээдэг асуудал гаргадаг. Тэр хэлбэрээр явж байна гэж харж байна...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Нэхэмжлэгч 001451 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргадаг. Нэхэмжлэлийнхээ үндэс нь би тухайн талбайн тусгаарлалт хийсэн газраа цэвэрлэсэн...байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. Энэ тухай баримтаа хэрэгт хавсаргасан байгаа... компани модыг ачиж тээвэрлээд авч явсан бөгөөд үлдсэн модыг Мөнхтулгад өгөхөөр харилцан тохиролцоод үлдээсэн гэж тайлбарладаг... гэрч нь би өөрийн төрөл садангийн 4 хүний хамтаар цэвэрлэснийхээ үндсэн дээр тэр модыг авахыг хүссэн... би тэр модыг авах үүргийг өөрөө хүлээсэн гэж тайлбарлаж байдаг... эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлэх юм бол “Мөнхчин ой” компанийн гаргасан тодорхойлолтод мэдүүлгийнхээ эх сурвалжийг ...*******ын Далан багийн иргэн малчин Мөнгөн тухайн ... Үлдэгдэл модыг ... авах ёстой гэж тайлбарласан байдаг. Энэ процессоо нотлохын тулд эрх бүхий албан тушаалтантай утсаар яриулдаг... хариуцагч Мөнхтулга бие нь муу байсан учраас ...эхнэрээс нь асуугаарай гэдэг... Байгаль хамгаалагч Дэмбэрэлдаш гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн талбайг сайн цэвэрлэсэн энэ нь өөрөө төгсгөлийн акт юм гэж мэдүүлэгтээ тусгаж өгсөн байдаг. Энэ актыг хариуцагч болон Дэмбэрэлдаш үгүйсгэдэггүй... Эрх бүхий албан тушаалтан тусгаарлалт хийгээд байгаа талбай нь аль хэсэг юм гэдгийг хэрэгт тусгаагүй байдаг. Энэ мод нь тусгаарлалт хийсэн газраас гадна байгаа юм уу, дотроо байгаа юм уу ...яг аль нь юм бэ, ямар байдлаар тээвэрлэлт хийх ёстой юм бэ гэдэг магадлагаа дүгнэлтийг хэрэгт хавсаргаагүй байдаг. Энэ нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа журмыг зөрчиж хариуцлага тооцсон юм гэдгээр нэмэлтээр тайлбар хийж байгаа юм... Тухайн нотловол зохих зүйлийг нотлоогүй байна. Тодорхой талбайг цэвэрлээгүй байна гэж байгаа боловч цэвэрлэх ёстой талбайг нь хэрэгт тусгасан зүйл байдаггүй. 4 шонгоор тусгаарлалт хийж өгсөн гээд байгаа боловч аль хэсэг нь тусгаарласан талбай нь юм бэ? тэр үзлэгийн тэмдэглэл дээр авагдсан байгаа талбай нь “Мөнхчин ой” компанийнх мөн юм уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Гэтэл зөрчлөөр авагдаж байгаа үзлэгийн тэмдэглэлд хэний эзэмшлийн ямар талбайд хаана авагдаж байгааг нэг бүрчлэн тодорхойлсон байх ёстой байдаг... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдах ёстой. Нотолбол зохих зүйлийг заавал нотолсон байх ёстой байдаг. Хуулийн этгээд нь иргэнээс 2 дахин илүү шийтгэл оногддог учраас тэр хэрээр нь нарийвчлан няхуур нотолбол зохих зүйлийг заавал нотолсон байж энэ хариуцлага хүлээлгэх зохицуулалттай... Дүрэм журмынх нь дагуу.. цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын үндсэн дээрээс хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа. Иргэн Мөнхтулга “Мөнхчин ой” компани ямар нэгэн зүйлийг үнэлээгүй боловч өгч авахыг хүлээн зөвшөөрсөн энэ шалгах ёстой хэлцэл байгаад байна, энэ үүргийг хэн хүлээх ёстой юм бэ гэдэг асуудлыг нарийвчлан дуусгаагүй байсан гэж үзэж байгаа. Мөн ******* дугаартай шийтгэлийн хуудас бөглөхдөө хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ гэдэг асуудал тодорхой заах ёстой. Ойн тухай хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэнэ гэж Зөрчлийн тухай хуулийн 7.9-т заасан боловч 3 дугаар хэсэгт зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй гэж заасан. Талбай гэдэгт юу орж байгаа юм бэ гэхээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн магадалгаа гарах ёстой байдаг. Хэрвээ ийм магадалгаа гаргахгүй бол талбайгаа цэвэрлэсэн эсэхийг тодорхойлох шинжээчээр дүгнэлт гаргах ёстой байдаг. Энэ нь мэргэжлийн хяналтын бүрэн эрхийн асуудал байдаг. Энэ ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр хийгдээгүй байдаг... Энэ ойлгомжгүй байдлаар хуулийн этгээдэд шийтгэл ногдуулж байгаа нь өнөөдрийн энэ маргаантай байдлыг үүсгэж байгаа юм... Ойн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг эрх бүхий албан тушаалтан өөрөө тодорхойлж мэддэггүй. Шийтгэлийн хуудсан дээр Ойн тухай хуулийн ямар заалтыг зөрчөөд байгаа нь байдаггүй... Шийтгэлийн хуудас бэлэн загвар байдаг. Тэр загварыг үнэн зөв үндэслэлтэй бөглөх ёстой. Тэр хэсэг дээр Зөрчлийн тухай хуулийн 7.9-т заасан хариуцлага тооцохдоо дээд талын цэгүүд дээр нь Ойн тухай хуулийн хэддүгээр заалтуудыг зөрчсөн бол гэж хариуцлага хүлээлгэх байтал ...зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй гэдэг өөр агуулга бичиж ногдуулж байгаа нь баримт бичгийг хууль бусаар үйлдэж байна. Хууль зүйн үндэслэлгүй шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуульд мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй гэж байгаа ...гэрч Дэмбэрэлдаш, Мөнхтулга, хариуцагч нар бүгд мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэсэн. Талбайгаасаа гаргаад модоо хураасан гэж ярьдаг... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явуулсан байгаа нь энэ ажиллагааг шүүх нэмэлтээр явуулах боломжгүй. Захиргааны хэргийн шүүх тухайн актыг гаргахдаа хуульд нийцэж байгаа юм уу, бодитой зүйл юм уу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой... Холбогдогчийн ...мэдүүлгийг дахин нягталж шалгаагүйгээс гадна дүгнэлт гаргаагүй. Мэргэжлийн хяналтын магадалгаа гаргаагүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан хуулийн этгээдэд хүлээлгэсэн хариуцлага нь хууль зүйн үндэслэлгүй байна... Эрх бүхий албан тушаалтны хариуцлагагүй байдлаас үүсч зөрчлийг өөр этгээдэд халдааж байна гэж үзэж байгаа. Тусгай эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ёстой хууль дүрмийнхээ дагуу шалгах ёстой. Хууль дүрмийн хүрээнд цуглуулж бэхжүүлсэн байх ёстой байдаг. Тийм учраас ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Үндсэн гол үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрэм зөрчиж тухайн шийтгэлийг ногдуулсан... Тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтайгаар оролцож байна....” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...“Мөнхчин ой” компани 2021 оны 5 дугаар сарын 12-нд надаар эхлэлийн акт үйлдүүлээд гарсан... дуусгаврын акт өгөөгүй. 6 дугаар сарын 20-нд экологийн цагдаатай хамт хяналт шалгалт хийгээд явж байхад модоо цагаалаад байж байсан. Тэр бол дуусгавар биш. Ой доторх 4 татсан шугам доторх цэвэрлэгээ хийсэн байсан. Би гаднах цагаалга хийсэн талбайгаа цэвэрлэж дуусгавар хийсэн цагт дуусгаврын акт үйлдэж өгнө гэж удаа дараа хэлсэн. 2021 оны 7 дугаар сарын 29-нд мод татаж байсан. 2022 оны 3 дугаар сарын 10-нд дуусгавар хийгдсэн. Цэвэрлэгээ сайн хийгдсэн гэх акт миний үйлдсэн акт мөн. Ойн цэвэрлэгээ сайн хийж гүйцэтгэсэн гэх дүгнэлт миний дүгнэлт мөн. Тусгаарлалт хийсэн талбайд үнэлгээ өгч байгаа. 2021 оны 7 дугаар сарын 29-нд модоо татаж байсан. Тээвэрлэх хугацаанд модоо татаж дуусаагүй би удаа дараа хэлэхэд шавар ус гарчихаад байна. Би өөрөө хотод ажилтай явж байна гэж байсан. Тээвэрлэлт хийхэд ер нь гол ус, шавар ихтэй. Талбайд тусгаарласан газраа гаргаж ирэхэд 4 хоног байсан. Тэрнээс хойш 5 хоногийн хугацаанд тээвэрлэсэн байх ёстой байдаг. Гоожин бичүүлэхдээ тээвэрлэлтийн хугацаагаа сайн тохирохгүй бол шавар усны асуудал гардаг. Миний тавих үүрэг маань ойн инженертэй явж модыг тэмдэглэдэг. Талбай тусгаарласны дараа аж ахуйн нэгж маань гоожингоо бичүүлээд надаар эхлэлийн акт үйлдүүлж мод бэлтгэлийн талбайд ордог. Би мод бэлтгэж байх хугацаанд явцын хяналт шалгалт хийх үүрэгтэй. Би 5 дугаар сарын 20-нд байцаагчтайгаа очиж хяналт хийхэд талбай тусгаарласан газраа цэвэрлээд арын захад гаргаж байсан. Тэрнээс хойш 7 сард очиход өөрөө байгаагүй. Нөгөө мод арын захдаа байсан. Хүмүүс нь бүгд буугаад явсан. Тэгээд би энэ мод ингээд үлдсэн байна гээд өөрт нь хэлсэн байгаа. Өөрөө би хотод байна шавар ус гараад авч чадахгүй байна гэж байсан. Ойн захад үзүүр дорцов, ганц нэг 4 метртэй хэрэглээ байсан байх. Хэрэглээний мод гэдэг нь үйлдвэрлэлийн зориулалттай гарах мод. Эхлэл, төгсгөлийн актыг би өөрөө үйлдсэн. Дээд агуулахад унагаагаад орхисон үлдэц байгаад энэ Мөнгөнд өгнө гэж ярьж байсан. Та Мөнгөнийхөө гадаа буулга эсхүл өөрөө аваа гэж хариулт өгсөн...” гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...2021 оны хавар манайх 3 дугаар багийн Сүмбэн гэх газар хаваржиж байсан чинь Нэргүй ах манай ар талаас мод бэлтгэх гэсэн юм гээд ирж байсан. Манайд байсан. Би хоол унд хийж өгөөд байж байсан. Модоо бэлтгэж дуусчихаад цэвэрлэгээ хийнэ гэхээр нь би хадам аав, дүү нартайгаа очиж модон доторх цэвэрлэгээг нь хийлцээд, модон доторх модоо хаяа руу гаргасан. Би цэвэрлэгээ хийлцсэн юм чинь энэ модон дотроос чинь өөрийн хэрэгцээний өвөлжөө хаваржаа засах мод авъя. Та надад өгөөч гэсэн чинь чи ав ав гэж надад хэлж байсан. Тухайн үед нь шавар ус гараад ачиж авч чадаагүй. Энэ хавар авна гэсэн чинь миний бие өвдөөд зүрхний хагалгаанд ороод манай аав, ээж хоёр мал дээр байсан. Ямар ч байсан модон доторх цэвэрлэгээг бол хийсэн. Өөр цэвэрлэгээ байдаг юм уу би сайн мэдэхгүй. Манай гэрээс надтай нийлээд 4 хүн цэвэрлэгээ хийсэн. “Мөнхчин ой” компани өөрийнхөө хэрэгцээтэй модыг тэр хавраа цэргийн ангийн машинтай очиж ачиж аваад явсан. Надад тэгж авах техник байгаагүй... цагаан сарын дараа миний бие өвдөөд очиж авч чадаагүй... Одоо татаж авах мод байхгүй. Нэргүй ах чинь өөрөө хоёр машинаар татаж авсан гэж аав, ээж хэлсэн. Хоёр хөгшинд портер хэрээтэй мод буулгаж өгсөн байсан. Үлдсэн нарийн модыг нь би портероор очиж авсан. Нэргүй ах тэр модоо та боломжтой бол татаад өгөөч гэж байсан өөр юм яриагүй. Ойн захад бүгдийг нь овоолоод чирж гаргасан. Доторх талбайд юу ч үлдээгүй. Ой цэвэрлэлцсэн хөлсөндөө авч байна гэж ойлгож болно... модоо хүргэж өгнө гэж тохиролцоогүй. Модыг ой цэвэрлэсэн газраасаа шууд авахаар тохиролцсон...” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь “...тусгай зөвшөөрлийн дагуу 2021 онд 40 мЗ мод бэлтгэн, ойг цэвэрлэж байгаль хамгаалагчид 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. *******ын Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ойн цэвэрлэгээ дутуу байна гүйцээж цэвэрлэх шаардлагатай гэсний дагуу дутуу цэвэрлэсэн гэх талбайн захад гаргаж тавьсан модны үзүүр дорцоовыг иргэдэд түлшний модны зориулалтаар хүлээлгэн өгч 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээж авах талаар үүрэг болгосныг хугацаанд нь цэвэрлэж хүлээлгэн өгсөн байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын байцаагч ******* нь Зөрчлийн хэрэг нээсэн талаар огт мэдэгдээгүй тайлбар мэдээлэл аваагүй, хэрэгт тухайн талбайг цэвэрлэж хүлээлгэж өгсөн ба хүлээн авсан акт байсаар байхад Зөрчлийн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх агуулгаар мэтгэлцэж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад дараах байдлууд тогтоогдлоо. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгч 5966035 дугаарын регистртэй “Мөнхчин ой” ХХК нь “Цэцэрлэгжүүлэлт”-ийн чиглэлээр үндсэн эрхлэх үйл ажиллагаагаа тодорхойлон хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлэн 000150023 дугаарын гэрчилгээг авч, гүйцэтгэх захирлаар Боломжав овогтой Нэргүйг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн болох нь дээрх дугаарын гэрчилгээн дэх бүртгэлээр нотлогдож байна.
Тиймээс ******* нь нэхэмжлэгч “Мөнхчин ой” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөх эрхтэй буюу энэхүү нэхэмжлэлийг тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гаргах эрхтэй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасан бол мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус улсын байцаагчийн шийдвэрийг холбогдогч эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна.
Тиймээс энэхүү маргаан нь тус шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарна.
Хэргийн оролцогчид шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар тайлбарлан мэтгэлцэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд энэ хугацааг тухайлан зохицуулсан тул тус хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байх ба нэхэмжлэгч “Мөнхчин ой” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* дээрх актыг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрэл зураг авах замаар хуулбарлан авч танилцсан болох нь түүний “...Би мэдэгдэх хуудсаар шийтгэвэрийн хуудсыг авахыг хүссэн боловч ******* нь аймгийн төв рүү яаралтай ажилтай тул амжихгүй, материал чинь аймагт очно тэндээс очиж аваарай гэж хэлээд яваад өгсөн. Ингээд би ...өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мэргэжлийн хяналтын хуулийн зөвлөх Норпилээс зөрчлийн материалаас шийтгэвэрийн зургийг даран хуулбарлан авсан...” гэх, хариуцагчийн “...Шийтгэлийн хуудсыг холбогдогч *******д хүлээлгэн өгөхөөр тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулах гэсэн боловч тэрээр ...шийтгэлийн хуудсыг хүлээн авахаас татгалзсан тул хуулийн дагуу 3 хоногийн дараа холбогдогчийн албан ёсны хаягаар шуудангаар илгээсэн болно... Материалыг Мэргэжлийн хяналтын газрын хуулийн мэргэжилтэнд үлдээсэн үед өмгөөлөгч нь ирж уулзан материалаас зураг даран авсан байсан...” гэх тайлбаруудаар нотлогдож байна.
Тиймээс “Мөнхчин ой” ХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолоход уг хугацаа нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуусна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* энэхүү нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр анх шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч “Мөнхчин ой” ХХК нь ******* *******ын Ойн ангийн эрх бүхий албан тушаалтан Г.Сүхбатаас тус сумын Цөхөнгийн хаяа гэх газар дахь шинэс модноос цэвэрлэгээний огтлол хийж 40м3 хэрэглээний мод, 7м3 түлээний модыг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд бэлтгэн, мөн сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийг хүртэлх 3 хоногийн хугацаанд тээвэрлэх зөвшөөрлийг авч, түүнд заасан хэмжээгээр мод бэлтгэн авсан болох нь мод бэлтгэх зөвшөөрөл олгосон баримт болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь “...мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээд байгаль хамгаалагч *******ид шалгуулахад “Эхлэл, төгсгөлийн акт” хөтлөн, хүлээн авсан. Уг акт дээр мод бэлтгэсэн талбайг сайн, ойн цэвэрлэгээнд өгөх дүгнэлт сайн, ойгоос үзүүр дорцоов цэвэрлэж дууссан” гэж тэмдэглэсэн байгаа...” гэж мэтгэлцлээ.
******* Цагдаагийн газрын Хутаг-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн *******ын хэсгийн төлөөлөгч Э.Түвшинтөгс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус сумын экологийн асуудал хариуцсан байцаагч Э.Цэнд-Аюушид “Мөнхчин ой” ХХК-ийн мод бэлтгэсэн гэх талбайг бүрэн цэвэрлэж дуусгаагүй байгаа талаар мэдээлэл хүргүүлснээр байцаагч Э.Цэнд-Аюуш нь тус талбайд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлжээ.
Уг тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургуудад огтолж унагасан модны мөчир, үзүүр, бөгс хэсгүүдийн үлдэгдлийг нэг дор овоолсон болон тархай хэлбэрээр байрласан нөхцөл байдал харагдаж байгаа ч нэхэмжлэгчийн мод бэлтгэсэн гэх талбайн хил хязгаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ харагдахгүйн дээр тухайн гэрэл зурагт авагдсан талбай нь мод бэлтгэх талбайн дотор болон гадна /зах/ хэсгийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байна.
*******ын экологийн асуудал хариуцсан байцаагч Э.Цэнд-Аюуш нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харъяаллын дагуу хариуцагчид шилжүүлсэн болох нь холбогдох шийдвэрээр тогтоогдлоо.
Хариуцагч ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэргийг нээж, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан 3000 нэгж буюу 3000000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “...улсын байцаагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ойн цэвэрлэгээ дутуу байна гүйцээж цэвэрлэх шаардлагатай гэсний дагуу дутуу цэвэрлэсэн гэх талбайн захад гаргаж тавьсан модны үзүүр дорцоовыг иргэдэд түлшний модны зориулалтаар хүлээлгэн өгч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээж авах талаар үүрэг болгосныг хугацаанд нь цэвэрлэж хүлээлгэн өгсөн байсан...” гэж тайлбарлаж байна.
Тиймээс “Мөнхчин ой” ХХК-нд шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсан үйл явдлууд болсон цаг хугацааны дарааллыг шалгаж үзэхэд
- нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрүүдэд зохих зөвшөөрлийн үндсэн дээр 40м3 мод бэлтгэн авч,
- 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгаль хамгаалагч “мод бэлтгэсэн талбайг цэвэрлэж хүлээлгэж өгсөн” гэх “Эхлэл, төгсгөлийн акт” үйлдсэн,
- улсын байцаагч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ойн цэвэрлэгээг дутуу хийснийг мөн оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцээж цэвэрлэх үүргийг “Мөнхчин ой” ХХК-нд өгсөн,
- *******ын хэсгийн төлөөлөгч Э.Түвшинтөгсийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдээллээр тус сумын экологийн байцаагч Э.Цэнд-Аюуш “Мөнхчин ой” ХХК-ийн мод бэлтгэсэн гэх талбайд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөсөн,
- “Мөнхчин ой” ХХК 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дээрх талбайг бүрэн цэвэрлэж дуусгасан,
- *******ын экологийн байцаагч Э.Цэнд-Аюуш зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулуулахаар харъяаллын дагуу Э.Түвшинтөгсийн гаргасан өргөдөл, холбогдох баримтуудыг хариуцагчид 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн,
- хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэргийг нээсэн,
- 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэвэрийг гаргаж, нэхэмжлэгчид 3000 нэгж буюу 3000000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан үйл явдлын дараалал тогтоогдож байна.
Гурав. Нэхэмжлэгчийн төлөөлөгч “...Мэргэжлийн хяналтын байцаагч ******* нь Зөрчлийн хэрэг нээсэн талаар огт мэдэгдээгүй тайлбар мэдээлэл аваагүй, хэрэгт тухайн талбайг цэвэрлэж хүлээлгэж өгсөн ба хүлээн авсан акт байсаар байхад ...3,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нь зохих зөвшөөрөлтэйгөөр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрүүдэд багтаан 40м3 мод бэлтгэн авч, мод бэлтгэсэн талбайгаа зохих хэмжээнд цэвэрлэсэн бөгөөд мод бэлтгэх явцад гарсан модны мөчир болон үзүүр, дорцоов /цаашид “ахуйн хэрэглээний мод” гэх/ гэх мэт үлдэгдлийг гэрч Г.Мөнгөнтулгынд өгөх, ******* өөрийн зардлаар татаж авахаар харилцан тохиролцож, мод бэлтгэсэн талбайн орчинд үлдээсэн талаар тайлбарлаж байна.
Харин ******* нь уг модоо 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд татаж аваагүй байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдлоо.
Хариуцагч мод бэлтгэсэн талбайн орчинд ахуйн хэрэглээний модны үлдэгдэл байгааг мэдэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчид мөн оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн цэвэрлэж дуусгахыг үүрэг болгосон бөгөөд нэхэмжлэгч уг үүргийг заасан хугацаанд нь гүйцэтгэсэн талаараа тайлбарлаж байна.
Хариуцагч дээр тэмдэглэгдсэн үйл явдлуудыг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.
Тиймээс шүүх байгаль орчны хяналтын улсын байцаагчийг нэхэмжлэгчид гүйцэтгээгүй үүргээ дуусгах нэмэлт хугацаа олгосон эерэг нөлөөлөл бүхий шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.4-д заасанчлан амаар гаргасан гэж үзлээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн дуусгаагүй үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эхэлснээр дуусна.
Гэрч Э.Түвшинтөгсийн гаргасан мэдээллийн дагуу *******ын экологийн байцаагч Э.Цэнд-Аюуш 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн мод бэлтгэсэн гэх талбайд үзлэг хийхэд тухайн талбайн орчинд ахуйн хэрэглээний модны үлдэгдэл байсан нь үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургаас харагдаж байгаа ч энэ цаг хугацаа нь хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон дуусгаагүй үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааны дотор байна.
Түүнчлэн ******* *******ын байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь харъяаллын дагуу шилжиж ирсэн гомдол мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдогчийн уг ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргээ хэрэгжүүлэх боломжоор нь ханган, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.
Гэтэл хариуцагчаас “Мөнхчин ой” ХХК-нд холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчид нэмэлтээр олгосон хугацааны дотор зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж гүйцээх үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тодруулсан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, холбогдогчийн нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч *******ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* Мэргэжлийн хяналтын газрын *******ын Байгаль орчны улсын байцаагч *******ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ