Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0880/з |
Дугаар | 221/МА2017/0093 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0093
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/03 дугаар тушаалын Д.Лхагвасүрэнд холбогдох хэсэг, мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Д.Лхагвасүрэнд тэтгэлэг олгох тухай” Б/19 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнг Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 20 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.688.138 /дөрвөн сая зургаан зуун наян найман мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Д.Лхагвасүрэнгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базаррагчаа давж заалдах гомдолдоо: “Нэг. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд буюу Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, 9.6.9, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2014 онд Засгийн газраас тогтоосон Гадаад хэргийн яамны 142 орон тооны хязгаар дотор зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны тодорхойлолтыг батлан, ажилтныг албан тушаалд томилж ирсэн байдаг.
Тиймээс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хууль тогтоомжийн хүрээнд гарсан захиргааны актын үндсэн дээр нийт 26 ажилтан Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт ажиллаж байсан бөгөөд үүнээс 8 ажилтан Санхүү, эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/03 тушаалын хавсралтаар нотлогдоно.
Мөн 2016 онд Засгийн газраас Гадаад харилцааны яамны орон тооны хязгаарыг 142 байхаар хэвээр тогтоосны дагуу Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 26 ажилтан, Санхүү, эдийн засгийн хэлтэст 6 ажилтан томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/05 тушаалын хавсралтаар нотлогдоно.
Гэтэл шүүхээс яамны зохион байгуулалтын нэгжийн орон тооны өөрчлөлтийн талаар үндэслэл дэвшүүлэхдээ хамгийн сүүлд гарсан хүчин төгөлдөр захиргааны актад үндэслээгүй, мөн Төрийн захиргааны удирдлагын газрын харъяа хэлтсүүдийн орон тоог нарийвчлан харьцуулж тогтоолгүй газрын нийт орон тоог Санхүү, эдийн засгийн хэлтсийн орон тоотой адилтган үндэслэл дэвшүүлсэн нь тус хэлтсийн орон тоо 5 орон тоогоор нэмэгдэж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалд өөрчлөлт ороогүй мэт үндэслэлгүй дүгнэлт болж, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Хоёр. Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар 13, тус газрын харъяа Санхүү, эдийн засгийн хэлтэс 8, Гадаад харилцааны төв архив 4, Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэс 1 нийт 26 орон тоотой байсан нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/03 тушаалаар нотлогддог. “Яамдын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоол гарснаар Гадаад хэргийн яам нь Гадаад харилцааны яам болон өөрчлөгдөж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/04, Б/05 тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газар 15, тус газрын харъяа Санхүү, эдийн засгийн хэлтэс 6, Хуулийн хэлтэс 1, Гадаад харилцааны төв архив 4 нийт 26 албан хаагчийг томилсон байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Санхүү, эдийн засгийн хэлтсийн орон тоо 8 байсныг 6 болгож цөөрүүлсний үндсэн дээр Хуулийн хэлтэс нь одоо 2 орон тоотой ажиллаж байгаа тухай үнэн зөв тайлбарыг шүүхэд өгсөн.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад холбогдох нотлох баримтад үндэслэн өгсөн тайлбарыг шүүх үндэслэлгүйгээр эрс няцааж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.
Гурав. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/03 дугаар тушаалын үндэслэх хэсэгт “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолыг иш татсан байх бөгөөд энэхүү тогтоолоор “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Ийнхүү одоо мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоолоор хуучин буюу Гадаад хэргийн яам, түүний газар нэгжийн бүтэц, орон тоо хүчингүй болсон учир нийт албан хаагчдыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм. Тиймээс шүүх нотлох баримтыг шинжлэхдээ захиргааны актын үндэслэл хэсгийг буруу хянасан байна.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүхийн шаардлагаар гаргаж өгсөн нотлох баримтуудаар ажлын байрны орон тоо хасагдаагүй, цөөрсөн тухай хангалттай тайлбар өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “...орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогчийн цөөрсөн орон тоонд багтааж албан хаагчийг томилсон байдаг. Нэхэмжлэгч нь энэхүү шалгаруулалтад тэнцэж чадаагүй болно. Гэтэл шүүхээс Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт болох 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг хэрэглэхдээ орон тоо цөөрсөн зохицуулалтыг орхигдуулж үндэслэл дэвшүүлж байгаа нь хуулийн зүйлчлэлийг алдаатай тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэхэд хүрсэн байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын үндсэн дээр орон тоо цөөрсний улмаас шалгаруулалтад тэнцээгүй төрийн албан хаагчид эдлүүлэх нэмэгдэл баталгааг дутуу зохицуулсан байдаг. Тиймээс нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлөхдөө төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг иш татсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нотлох баримтад үндэслэн тайлбарласан. Гэвч шүүх үндэслэл, нотлох баримт бүхий захиргааны актад холбогдох хууль зүйн фактыг буруу үнэлсэн.
Дээр дурдсанаар шүүх захиргааны актын агуулгыг дутуу хянаж, Төрийн албаны тухай хуульд дутуу зохицуулсан харилцааг болон нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлагдсан”-тай холбогдуулж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар тус яамны албан хаагчдыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Үүний дараа хариуцагч албан тушаалтан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжийн орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус яамны албан хаагчдыг ажил, албан тушаалд шинэчлэн томилохдоо Д.Лхагвасүрэнг нягтлан бодогчийн ажилд буцаан томилолгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар “орон тоо хасагдсан” үндэслэлээр Д.Лхагвасүрэнд 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Тодруулбал, хариуцагч албан тушаалтан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яамны албан хаагчдыг ажлаас чөлөөлж, яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах, орон тооны бүтцэд нийцүүлж албан хаагчдыг томилох ажиллагааг гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хууль, түүний дотор 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа ажилтныг шалгаруулах” үйл ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн өдөр дээрх бүр захиргааны актуудыг гаргасан нь хуулийн заалт бодит нөхцөлд хэрэгжээгүйг харуулж байна.
“Орон тоо цөөрсөнтэй холбогдуулж ажилласан жил, ажлын үр дүн, гаргасан алдаа дутагдал зэргийг шалгуур болгож, “цөөрсөн” орон тоонд багтааж албан хаагчдыг томилсон” гэх тайлбарыг хариуцагчаас гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн тайлбар үгүйсгэгдэж байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах болон хууль ёсоор чөлөөлөгдөөгүй ажилтанд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Харин Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яам, түүний газар нэгжийн бүтэц, орон тоо шинээр баталж, урьд үйлчилж байсан Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсонтой холбогдуулж уг тогтоолын дагуу хуучин бүтэц, орон тоогоор ажиллаж байсан нэхэмжлэгч болоод тус яамны бусад ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зайлшгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагын 2016 оны Б/03 дугаар тушаалтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгохоор байжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцүүлж, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч албан тушаалтнаас бус Гадаад хэргийн яамны Тамгын газраас гаргуулах байжээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР