Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 423

 

“БХА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “БХА” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал А.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гуравдагч этгээдийн төлөөлж Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0346 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0551 дүгээр магадлалтай, “БХА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0346 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан “БХА” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00062 DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-00062 DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэж, Ашигт малтмалын газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсээс “А” ХХК-д олгосон Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших хайгуулын XV-020296 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0551 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “БХА” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2”-т заасныг тус тус үндэслэжээ. Уг нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10.1.3, мөн хуулийн 14.1.4-т уг үйл ажиллагааг хуулиар нарийн зохицуулж өгсөөр байхад эдгээр хуулийг хэрэглэлгүй маргаж буй дүгнэлттэй ямар ч уялдаа холбоо байхгүй хуулийн заалтуудыг шүүх хэрэглэсэн. Гол үндэслэл болгосон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т “улсын тусгай хамгаалалттай болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газраас бусад тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ашиглах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэглэсэн байдаг. Энэ заалт нь уг дүгнэлтэд огтхон ч хамааралгүй бөгөөд хэрвээ тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олгохоор бол энэ эрх нь Засгийн газарт хамаарахыг зааж өгсөн зохицуулалт юм. Мөн үндэслэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д заасныг хэрэглэсэн байдаг. Бид тусгай зөвшөөрөл гаргуулахаар ямарваа маргаан гаргаагүй бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд бүхэлдээ харилцааг зохицуулсан байсныг шүүх харгалзан үзэлгүй шийдсэн. Мөн эдгээр хуулиудаа үндэслэн Засгийн газрын 239 дүгээр тогтоолыг дурдаад энэ тогтоолын хүрээн дэх солбицлоор тогтоосон талбайд зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоно хэмээн ойлгохоор байна гэж үзжээ. Энэ үндэслэлийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2-т заасныг үндэслэж гаргажээ. Уг нь Засгийн газрын 239 дүгээр тогтоол батлагдсанаас хойш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраар дүгнэлт гарган маш олон тусгай зөвшөөрөл гарсан байдаг. Энэ тухай нэхэмжлэгч шүүх хурлын явцад олон удаа хэлдэг ч шүүх үүнийг харгалзан үзээгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд энэ тогтоолтой холбогдсон ямарваа нэгэн хориглосон хязгаарласан ямарваа хуулийн заалт, журам байхгүйг шүүх мөн харгалзан үзээгүй. Зориуд тэмдэглэн хэлэхэд энэ маргаан үргэлжилж байх явцад ч уг тогтоолтой давхцалтай газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгогдсоор байсан. Магадлалын хянавал хэсэг “...Засгийн газраас тогтоосон солбицлын талбайд түрүүлж хүсэлт гаргасан “А” ХХК-ийн өргөдлийг бүртгэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй” гэж үзжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлагыг тодорхой хуульчилсан байдаг ба энэ хуулийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” тохиолдолд өргөдлийг хүлээн авахаар хуульчилсан байдаг. Хавтаст хэргийн 204 дүгээр хуудсанд уг хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед зураг зүйн шүүлт хийсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтийн тайлбар хэсэгт “өргөдлөөр гаргасан талбай нь түгээмэлийн ТХ-00056 DG кодтой өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай байна” гээд шүүлтийн үр дүн хэсэгт үл хүлээн авах гэж шүүсэн байдаг. Шүүлт ингэж гарсаар байтал уг компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус үйл ажиллагаа болсон. Шүүх уг нотлох баримтыг дүгнэн үзээд Ашигт малтмалын хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэх шаардлагатай байсан ч уг хуулийг хэрэглээгүй. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “БХА” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд “ТХ-00062 DG код бүхий өргөдөлд тусгасан талбай нь түрүүлж ирүүлсэн ТХ-00046 DG өргөдлийн талбайд хэсэгчлэн /103 га/ давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж үзсэн, уг дүгнэлтийг үндэслэн Дорноговь аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2093 дугаартай албан бичгээр “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” талаар өргөдөл гаргагч “БХА” ХХК-д мэдэгдсэн, дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан тус компанийн гомдолд Ашигт малтмалын газрын дарга нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө “хасагдсан өргөдлийн талбайд хэсэгчлэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн, өргөдлийн дугаар ТХ-00056 DG байсныг ТХ-00046 DG гэж алдаатай бичсэн хэдий ч өргөдөлд тусгасан талбай нь эрдсийн хуримтлалтай байх тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч “БХА” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-00062 DG өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаартай албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “А” ХХК-д олгосон ХҮ-020296 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар ихэсгэж, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заагаагүй зүйлээр дүгнэлт гаргасан, манай өргөдөлд тусгасан талбайг эрдсийн хуримтлалгүй гэж үзээд Уул уурхайн сайдын 2014 оны 203 дугаар тушаал болон Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор тогтоосон” гэж маргажээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан зохицуулалтаас үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх” үүрэгтэй, уг дүгнэлтийг “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа”-г гүйцэтгэсний үндсэн дээр гаргахаар байна.

Хариуцагч нь дээрх ажиллагааг гүйцэтгэхдээ өргөдлийн бүртгэлээс хасагдсан /түрүүлж ирүүлээгүй гэж үзэх/ ТХ-00056 DG код бүхий өргөдөлтэй харьцуулан шүүлт хийсэн нь тогтоогдсон тул уг шүүлтэд үндэслэсэн “дүгнэлт” аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Нэхэмжлэгчээс “боломжгүй” гэсэн уг дүгнэлтийг хүчингүй болгож “боломжтой” гэсэн дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасныг тус газрын ажлын хэсэг шалгаж “хасагдсан өргөдлийн талбайд давхцалтай гэж буруу шүүлт хийсэн, өргөдлийн дугаарыг техникийн алдаа гаргаж буруу бичсэн” зэрэг зөрчлийг илрүүлсэн бөгөөд өргөдлийн талбай нь “эрдсийн хуримтлалын илрэлтэй” гэх өөр үндэслэл зааж “танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэснээс үзвэл, нэгэнт эрх зүйн үр дагаваргүй дүгнэлтийг хүчингүй болгоогүй, үүний зэрэгцээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдох хайгуулын талбай биш учир “дүгнэлт” гаргах боломжгүйг мэдэгдсэн агуулгатай байна.

Хэрэгт авагдсан “Монгол Улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа, эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан”-гаар Дорноговь аймгийн Айраг сумын газар нутгийн “маргаан бүхий газар”-т эрдсийн хуримтлал /бал чулуу/-ын илрэлтэй болох нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын баталсан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгчийн өргөдлийн талбай хамаарсан байх тул уг талбай анхнаасаа “эрдсийн хуримтлал” бүхий талбай байсан, тухайн талбайтай холбогдох тусгай зөвшөөрлийн харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах юм.

Иймд, нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь “эрдсийн хуримтлалтай” буюу ердийн ашигт малтмал хайх зориулалтаар олгох талбайд хамаарч байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “Засгийн газрын тогтоол нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах хэдий ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл уг талбай дээр хүсэхэд хориглох хуулийн заалт, журам байхгүйг шүүх харгалзан үзээгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дийлэнх хэсэг нь энэ 239 дүгээр тогтоолын талбайтай давхцан олгогдсон, ...тогтоолын агуулгыг ойлгоогүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хийсэн “...түгээмэл тархацтай ашигт малтмалын хуримтлалтай байна гэж үзсэн захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй” гэх дүгнэлт нь агуулгын алдаатай болсон, мөн доод шатны албан тушаалтны “дүгнэлт”-ийн үндэслэлийг өөрчилж гаргасан дээд шатны албан тушаалтны “албан бичиг” нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байхад “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь буруу боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Дээрх байдалд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0346 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0551 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ