| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02149/И |
| Дугаар | 102/ШШ2021/02208 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02208
2021 оны 09 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2021/02208 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух ... /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух ... /РД:.../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2006 онд ... танилцаж, 2007 оноос хамтран амьдарсан. 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ..., ... дугаартай гэрчилгээ авсан. Тэдний охин ... 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. ... нь 2013 онд БНСУ руу ажиллахаар явсан боловч тэндээ хамтран амьдрагчтай болсноор бид 2014 оноос тусдаа амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би ... хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд гэрлэлтийг цуцалж, охиныг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч ... шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2006 онд ...тай гэр бүлээ батлуулан амьдрах болсон. 2008 онд тэдний дундаас охин ... мэндэлсэн. 2012 оноос хойш тусдаа амьдарч, улмаар зан харилцааны хувьд таарамжгүй болж өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд шүүхэд гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр хууль шүүхийн процесс ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд охин ... ээжийнхээ асран халамжид үлдэх асуудлыг бид харилцан тохиролцсон бөгөөд мөн хүүхдийн тэтгэлэг олгох асуудлыг ... нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ... нь жирэмсний 38 долоо хоногтой, ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгээгүй, хариуцагч ... нь БНСУ-д ажиллаж амьдардаг шалтгаанаар тус тус өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтыг шүүхэд гаргасан байна. Иймд талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн байх тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Гэрлэгчид болох ..., ... нар нь 2006 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгүүлсэн, 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин ...ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн охин ...ийг эх ...ын асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин ...ийг эх ...ын асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч ...ээс тэтгэлэг гаргуулан охин ...ийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ... /РД:.../, ... /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ...ийг эх ...ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ...т тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ...ээс сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ээс улсын тэмдэгтийн хураамжид 169,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэгч ...аас хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 99,310 /70,200+29,110/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ