Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/398

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч П.********, шүүгдэгч Ч.********, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000000504 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ********3 дугаар гудамж, ********тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ийн ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.******** нь 2024 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины жолооч П.********аар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******** 3 дугаар гудамж ********тоотын гадна хүргүүлэхдээ таксины мөнгө өгөхгүй байх зорилгоор биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны эрхий хуруунд няцарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ******** улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч зугтаасан, ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, буфер, асаах систем зэргийг устгаж гэмтээсний улмаас 405,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

Хохирогч Д.********: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр энэ залуу Нисэхийн эцсээс суугаад Өлзийт рүү явья гээд явсан, Өлзийтийн гадаа очоод хашаа руу яваад орчихсон, гарч ирэхгүй болохоор нь араас нь би өөрөө орсон, мөнгөө авъя, би явъя гэхэд намайг цохиод, миний машиныг унаад зугтаасан, гомдолтой байна, би 6-13 насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эх, таксинд явж амьдралаа авч явдаг, одоо би оройн цагаар таксинд явахаасаа айгаад байдаг болсон, гомдолтой...” гэв.

 

Шүүгдэгч Ч.********: “…Урьд цагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, архинаас хол явна, эхнэр маань хүндрэлтэй төрсөн учир ажил хийгээгүй байгаа, хохирлыг төлж чадаагүй байгаа, төлнө, тухайн үед болсон асуудлын талаар мэдэхгүй байгаа…” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой таксинд явж байхад 22 цагийн үед Нисэхийн эцсийн байрны буудлын орчмоос 25-30 орчим насны эрэгтэй халамцуу суугаад Өлзийт хүргүүлэх гэж суугаад миний утсаар нэг хүн рүү залгаад одоо такси бариад очиж байна, аавтай хэрүүл хийсэн, эгчийгээ аваад хүрээд ир гэж яриад байсан, Тэгээд эрэгтэй хэлсэн хаяг дээр иртэл миний машинаас буугаад хашаа руу ороод гарч ирээд хүн байхгүй байна гээд утсаар  дугаараар дүү рүүгээ залгаж ирсэн байна, таксины мөнгө аваад гараад ир гэж ярьсан. Тэгтэл тухайн залуу машинаас бууж яваад цэнхэр өнгийн хашааны хаалгыг маш хүчтэй хаагаад орчихоор нь би мөнгө өгөхгүй орчихоор 15 минут хүлээгээд өөрийн машинаас буугаад тус хашаа руу ороход тэр залуу хашааны дотор тал зогсож байхаар нь эгч нь мөнгөө аваад явмаар байна гэж хэлэхэд миний баруун хацар рүү тухайн эрэгтэй цохиж аваад, үстээд хашааны үүднээс эзэнгүй байсан Монгол гэр хүртэл чирээд явж байгаад тавихаар нь би зугтаагаад хашаагаар гараад гүйж явахад тэр залуу гарч ирээд миний машиныг унаад араас хөөхөөр нь би хажуу талын хашаа руу гүйгээд орох үед миний машиныг унаад миний араас хөөхөөр нь би хажуу талын хашаа руу гүйгээд орох үед миний машиныг унаад яваад өгсөн Тэгээд би тэр орсон хашааны айлын хүний гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байхад эзэнгүй айлд хоёр жоохон хүүхэд нэг жирэмсэн эмэгтэй ирэхэд удалгүй миний машин ирээд тухайн жирэмсэн эмэгтэйг аваад хөдөлсөн. ...Тэр эрэгтэй миний гар утсыг авч яваад эвдсэн тэгээд намайг хашаандаа оруулж зодсон. Миний машиныг авч яваад жалганы шавранд суулгаад шил арчигч болон машины асаах системийг эвдсэн, урд буферээр юм мөргөсөн, салхины шил хагалсан байсан...” /хавтас хэргийн 18-19, 21, 22-23 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр ******** нь гэрээсээ 11 цаийн үед он жавуудтайгаа уулзана гээд гараад явсан. Би тэр хооронд нь гэртээ байж байхад орой 21-22 цагийн орчимд нөхөр маань хоёр дүүгийнхээ амьдардаг газарт очсон байна гэхээр нь би хоёр дүүгээ дагуулаад гэрээсээ гараав явсан. ...Тухайн өдөр согтсон байдалтай гаднаас орж ирсэн. ...ил харагдах гэмтэлгүй, зүүн гарынхаа гадна нударга хэсэгтээ шалбарч арьс нь хуулагдсан байсан...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ч.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би цэргийн баяр тэмдэглээд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис Паб-д цэргийн он жавуудтайгаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тэндээсээ хэрхэн яаж гарсан талаараа мэдэхгүй санахгүй байна. ...Нэг мэдэхэд Био-н цагдаагийн пост дээр цагдаагийн машинд сууж байсан. ...Болсон асуудлын талаар эхнэрээсээ сонссон...” /хавтас хэргийн 27, 55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №3939 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. П.********ын биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны эрхий хуруунд няцарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,  

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-9 дэх тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 10-12 дахь тал/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтас хэргийн 13-14 дэх тал/,

-  Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 37-45 дахь тал/,

- Хохирлын баримт /хавтас хэргийн 68 дахь тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 70 дахь тал/,

- Шүүгдэгч Ч.********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 64 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ч.******** нь 2024 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины жолооч П.********аар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******** 3 дугаар гудамж ********тоотын гадна хүргүүлэхдээ таксины мөнгө өгөхгүй байх зорилгоор биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны эрхий хуруунд няцарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

Мөн тухайн цаг хугацаанд П.********ын жолоодож явсан ******** улсын дугаартай тээврийн  хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй жолоодон явсан буюу авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч зугтаасан гэмт хэрэг,

******** тээврийн хэрэгслийг унаж явах явцдаа тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, буфер, асаах систем зэргийг устгаж гэмтээсний улмаас 405,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.********ын: “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой таксинд явж байхад 22 цагийн үед Нисэхийн эцсийн байрны буудлын орчмоос 25-30 орчим насны эрэгтэй халамцуу суугаад Өлзийт хүргүүлэх гэж суугаад миний утсаар нэг хүн рүү залгаад одоо такси бариад очиж байна, аавтай хэрүүл хийсэн, эгчийгээ аваад хүрээд ир гэж яриад байсан, Тэгээд эрэгтэй хэлсэн хаяг дээр иртэл миний машинаас буугаад хашаа руу ороод гарч ирээд хүн байхгүй байна гээд утсаар  дугаараар дүү рүүгээ залгаж ирсэн байна, таксины мөнгө аваад гараад ир гэж ярьсан. Тэгтэл тухайн залуу машинаас бууж яваад цэнхэр өнгийн хашааны хаалгыг маш хүчтэй хаагаад орчихоор нь би мөнгө өгөхгүй орчихоор 15 минут хүлээгээд өөрийн машинаас буугаад тус хашаа руу ороход тэр залуу хашааны дотор тал зогсож байхаар нь эгч нь мөнгөө аваад явмаар байна гэж хэлэхэд миний баруун хацар рүү тухайн эрэгтэй цохиж аваад, үстээд хашааны үүднээс эзэнгүй байсан Монгол гэр хүртэл чирээд явж байгаад тавихаар нь би зугтаагаад хашаагаар гараад гүйж явахад тэр залуу гарч ирээд миний машиныг унаад араас хөөхөөр нь би хажуу талын хашаа руу гүйгээд орох үед миний машиныг унаад миний араас хөөхөөр нь би хажуу талын хашаа руу гүйгээд орох үед миний машиныг унаад яваад өгсөн Тэгээд би тэр орсон хашааны айлын хүний гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байхад эзэнгүй айлд хоёр жоохон хүүхэд нэг жирэмсэн эмэгтэй ирэхэд удалгүй миний машин ирээд тухайн жирэмсэн эмэгтэйг аваад хөдөлсөн. ...Тэр эрэгтэй миний гар утсыг авч яваад эвдсэн тэгээд намайг хашаандаа оруулж зодсон. Миний машиныг авч яваад жалганы шавранд суулгаад шил арчигч болон машины асаах системийг эвдсэн, урд буферээр юм мөргөсөн, салхины шил хагалсан байсан...” /хавтас хэргийн 18-19, 21, 22-23 дахь тал/ гэсэн, 

Гэрч Б.********ын: “...Тухайн өдөр согтсон байдалтай гаднаас орж ирсэн. ...ил харагдах гэмтэлгүй, зүүн гарынхаа гадна нударга хэсэгтээ шалбарч арьс нь хуулагдсан байсан...” /хавтас хэргийн 24 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Ч.********ын: “...Тухайн өдөр би цэргийн баяр тэмдэглээд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Поларис Паб-д цэргийн он жавуудтайгаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тэндээсээ хэрхэн яаж гарсан талаараа мэдэхгүй санахгүй байна. ...Нэг мэдэхэд Био-н цагдаагийн пост дээр цагдаагийн машинд сууж байсан. ...Болсон асуудлын талаар эхнэрээсээ сонссон...” /хавтас хэргийн 27, 55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №3939 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. П.********ын биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны эрхий хуруунд няцарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-9 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 10-12 дахь тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтас хэргийн 13-14 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 37-45 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч П.********ын эрүүл мэндэд учирсан баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны эрхий хуруунд няцарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун шуунд бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ч.********ын түүнийг цохисон, чирсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.********ын хохирогч П.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө /авто тээврийн хэрэгсэл/-ийг шунахайн сэдэлтээр өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй түр хугацаанд өөрийн хэрэгцээнд ашиглах бөгөөд шүүгдэгч Ч.******** нь тухайн цаг хугацаанд өөрийн гэр рүү явах, эхнэрийг авч явах зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн дээрх гэмт хэргүүдийг үйлдэв явцдаа хохирогчийн гар устыг эвдсэний улмаас 175,000 төгрөгийн, усны савыг гэмтээж 28,800, машины салхины шилийг хагалж, буфер, асаах систем зэргийг гэмтээсний улмаас 475,300 төгрөгийн буюу нийт 650,300 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.******** нь нэг цаг хугацаанд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, энэ явцдаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан гэж үзнэ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Ч.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ч.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөгдөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч П.********ын эрүүл мэндэд баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны эрхий хуруунд няцарсан шарх, дээд уруулын салстад цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, түүний эд хөрөнгөд 650,300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой шууд хохиролд 650,300 төгрөг, шууд бус хохиролд 288,800 төгрөг нийт 939,100 төгрөг нэхэмжилснийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг дөрөвдүгээр зэрэглэлд /хавтас хэргийн 70 дахь тал/ хамаарч байна гэж дүгнэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэн буюу 660,000 төгрөгөөр тооцож 5,280,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Ч.********аас нийт 6,219,100 гаргуулж хохирогч П.********ад олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2410000000504 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.******** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ********ийн ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ч.********т шийтгэсэн 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******** шүүхээс шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.********аас 6,219,100 /зургаан сая хоёр зуун арван есөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч П.********ад олгосугай.

 

7. Эрүүгийн 2410000000504 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.******** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР