| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/01433/И |
| Дугаар | 102/ШШ2021/02440 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2021/02440
| 2021 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2021/02440 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо * тоотод оршин суух б овогт С М
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо * “Б М ” ХХК /РД: */
71,680,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.М, Б.О
нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “В А А” ХХК нь 2014 онд 62-31 * Форд Р250 автомашин худалдан худалдан авах гэрээтэй холбоотой автомашины урьдчилгаанд өгсөн 34,462,000 төгрөг алдангидаа төлж байгаа 37,218,960 төгрөг нийт 71,680,960 төгрөг гаргуулах. 2014 онд “В А А” ХХК-иас 62-31 УНБ Форд Р250 маркийн автомашин худалдан авсан боловч уг машин нь аваад нэг сар хүрэхгүй хугацаанд эвдэрсэн. Техникийн бүрэн оношлогоо машин хүлээлцэх акт зэргийг миний гарын үсгийг дуурайлган зурж эвдрэлгүй машин өгсөн мэтээр харагдуулж үлдэгдэл төлбөр засварын мөнгө гэж их хэмжээний мөнгө нэхсэн. Миний бие М нь “В А А” ХХК-д 34,462,000 төгрөг өгсөн. Одоо машинаа авъя гэхээр зарчихсан, эвдрэлтэй байсан эсэхийг нь шүүхээс Механик Инженерийн Сургуульд тус байгууллагыг шинжээчээр томилсон боловч тэд хариу мэдэгдэлдээ (ИХ хуудас дугаар 17) уг тээврийн хэрэгслийг засаж сэлбээд бусдад худалдсан техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэсэн хариу өгсөн. Мөн “В А А” ХХК нь миний гарын үсгийн хуурамчаар зурж үүнийг нь 2017 оны 09 сарын 27ны Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэн шинжээчийн дүгнэлтээр (ИХ-хуудас дугаар 118,119) “автомашин дээр хүлээлцэх акт гарын үсэгний харьцуулах загварт ирүүлсэн С.Мын гарын үсэгний хэв тохирохгүй байна” гэсэн. Гэвч энэ дүгнэлтийг ахин үгүйсгэн шүүхээр албадан дуудуулж ахин шинжлүүлэн хэдэн хуудас бичиг бичүүлж 2014 онд бичиж байсан мөнгөний гарын үсэгтэй баримт болон гэрээ авсан. Ингээд ахин 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр дүгнэлт гарч /ИХ-хуудас дугаар 228, 229, 230/ дүгнэлт дээр мөн С.Мын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн. “В А А” ХХК нь эвдэрсэн гээд мөнгө нэхэж машиныг минь ч өгөхгүй засварын мөнгө нэхэж, эвдэрсэн бол шүүхээс томилж өгсөн Механик Инженерийн сургуулиас (ЭХ-хуудас дугаар 174) Утсаар ярьсан тэмдэглэл; 99181602 Б шинжээчийн тэмдэглэл...тус тэмдэглэлд “В А А” ХХК нь машинаа үзүүлэхгүй байгаа учраас би дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Иймд худалдан зарсан машины урьдчилгаа гэж иргэн С.М надаас 34,462,000 төгрөг авчихаад машиныг минь эвдэрсэн гэж машины худалдан авсан үнээс их хэмжээний мөнгө нэхэж үүнийг нь шүүхээс удаа дараалан шинжлүүлэх гэсэн боловч уг машинаа үзүүлэхгүй зарсан гэж байгаа нь энэ том компаний зүгээс ёс зүйгүй үйлдэл гэж харуулж байна. Иймд миний төлсөн 34,462,000 төгрөг, мөн 2014 онд тухайн мөнгийг зээл авч Банк Санхүүгийн байгууллагад 9911тэй дугаар болон автомашинаа тавьж зээлийг нь төлж байсан төлбөр болох 6 жилийн хүү 37,218,960 төгрөг нийт 71,680,960 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүрэг 11 дүгээр * тоотод оршин суугч С овогтой М (РД:*)-ын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулж дараах тайлбарыг хүргүүлж байна. “В А А” ХХК нь тусдаа бүртгэлтэй хуулийн этгээд ба “Б М ” ХХК-д ямар нэгэн хамааралгүй. Нэхэмжлэлийг ташаарч “Б М ” ХХК-д ирүүлсэн байна. “В А А” ХХК нь Америкийн Нэгдсэн Улсад байрлах толгой компани болох “В Интернэшнл” компанид хамааралтай ба “В А А” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн John M болсон. Иймд “Б М ” ХХК-ийг харицагчаар татах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг “В А А” ХХК-д хүргүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө гаргасан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Манай компани нь хуучнаар бол “В А Т Т” ХХК гэдэг компани. Хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж манайх “В А Т Т” ХХК-ийн нэрийг сольж “Б М ” ХХК болсон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харвал өөр хаягтай, өөр гүйцэтгэх захиралтай, 2 өөр компани гэдэг нь тодорхой харагдаж байгаа. “В А А” ХХК нь манай компанитай тусдаа үйл ажиллагаа явуулдаг компани манайхтай ямар нэг хамааралгүй. “В А Т Т” ХХК нь “В А А” ХХК-ийг аваагүй буюу “В А А” ХХК нь “Б М ” ХХК болоогүй гэсэн үг. Нэхэмжлэгчийн хэлж байгаа компанитай манай “Б М ” ХХК нь ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй учраас 2014 оны худалдах, худалдан авах гэрээ гэж манайд байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Манай компани С.Мын ямар эрх ашгийг зөрчөөд, ямар хохирол учруулсан болох нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээд гэж тодорхойлсон байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харвал “В А А” ХХК-иас 2014 онд худалдах, худалдан авах гэрээгээр автомашин худалдаж авсан гэдэг нь нэхэмжлэл, шүүгчийн захирамж болон бусад баримтуудаас харагдаж байна. Иймд нэхэмжлэгч нь “Б М ” ХХК-тай ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй байна гэж харагдаж байна. Иймд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар С.Мын өмнө “Б М ” ХХК нь ямар нэгэн эрх, үүрэг хүлээсэн, эрх ашгийг нь зөрчсөн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “Б М ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 34,462,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 37,218,960 төгрөг нийт 71,680,960 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан автомашинаа буцаан авч урьдчилгаа төлбөрийг өгөөгүй хохироосон, худалдагч “В А А” ХХК нь нэрээ сольж “Б М ” ХХК болсон” гэж тайлбарлаж байх ба хариуцагч “манай компанид огт хамааралгүй, нэхэмжлэгч нь “В А А” ХХК-тай гэрээ байгуулсан байна, хариуцагчийг буруу тодорхойлсон, эдгээр компаниуд хоорондоо хамааралгүй” гэж маргав.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2014 онд “В А А” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 62-31 УНБ улсын дугаартай форд F250 маркийн автомашиныг эзэмшилдээ авч урьдчилгаа төлбөр төлсөн, тухайн автомашиныг худалдагч тал буцаан авсан” гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн үндэслэлтэйгээ холбогдуулан бичгээр байгуулсан ямар нэг гэрээ нотлох баримтаар ирүүлээгүй боловч “В А А” ХХК болон С.Мын нарын хооронд тухайн автомашинтай холбоотой маргаан гарч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “В А А” ХХК нь С.Мд холбогдох нэхэмжлэлээ татан авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн худалдаж авсан гэх автомашин нь “В А А” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдов. Иймд нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд болон нэхэмжлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээр шаардаж буй 71,680,960 төгрөгийг “В А А” ХХК төлөх үүрэгтэй гэж үзжээ.
Хариуцагч “Б М ” ХХК нь “В А Т Т” ХХК оноосон нэрээр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд 1996 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгүүлж, дараа нь хуулийн этгээдийн хэлбэрээ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба оноосон нэрээ “Б М ” ХХК болгон сольж улсын бүртгэлд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Тус компанид “В А технологи” ХХК, “В А индастриал” ХХК, “В А лизинг” ХХК-иудыг нэгтгэж улсын бүртгэлд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бүртгүүлжээ. Харин “В А А” ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд энэ нэрээр 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байх ба 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр гадаад худалдаа, төрөл бүрийн тоног төхөөрөмж худалдах, түрээслэх, засварлах, сэлбэг хэрэгслийн худалдаа, бүх төрлийн тээврийн хэрэгслийн түрээс, санхүүгийн лизингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд байна. Өөрөөр хэлбэл “В А А” ХХК нь оноосон нэрээ “Б М ” ХХК болгон сольсон, өөр компанид нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар компанийг өөрчлөн байгуулсан үйл баримт тогтоогдоогүй болно. Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй /үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөнөөс үүсэх үүрэг, түүний үр дагаврыг арилгах үүрэг/ гэж нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон этгээд болох “Б М ” ХХК нь түүнтэй гэрээ байгуулсан гэх “В А А” ХХК биш байна.
Үүргийн харилцаа нь гэрээ байгуулах, зөрчлийн улмаас /гэм хор учруулснаас/, хуульд зааснаар /гэрээний бус/ үүснэ. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байвал үүрэг үүснэ гэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй байна. Иймд С.М нь “В А А” ХХК-тай байгуулсан гэх автомашин худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд, нэхэмжлэгчийн өмнө гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Б М ” ХХК-д холбогдох 71,680,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,355 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА