Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02267

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2021/02267 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... /РД:.../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа, хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2011 онд ... танилцсан. Улмаар 2013 оноос үерхэж, 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 31-нд ... хүү төрсөн. Миний бие хамтран амьдрах хугацаандаа 2018 оноос өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд мэргэжлийн онцлогоос шалтгаалан тайлан, тооцооны үед оройтдог байсан. Энэ хугацаанд хардалт, сэрдэлт ихтэй ажиллахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Улмаар 2021 оны 05 сараас өсч дэвших эрмэлзлээр ажлын байраа сольж шинэ байгууллагад орсон. Анх ажил багатай байдаг гэдгийг ярьж тохиролцож ажилд орсон боловч ажилд ороод 7 хоногийн дараанаас оройтлоо гэдэг шалтгаанаар хэрүүл маргаан эхэлсэн. Нөхөр болох ... нь 2020 оны 09 дүгээр сараас эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ харж байсан бөгөөд ажил хийж хамтран амьдрах хүсэлгүй байдаг. ... нь хардалтаас үүдэлтэйгээр гар хүрч бие махбодын хүчирхийлэл үйлддэг. Миний бие нь ийм байдалтай сэтгэл санааны дарамттай цаашид тэсвэрлэж амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19-5 тоот байр, ... улсын дугаартай vitz машиныг Маш овогтой Баасанбаярт үлдээж, хүү Баасанбаяр овогтой Анирмэндийг эцэг ...ын асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүл салалтыг зөвшөөрч байна. ... нь гэр бүлийн араар тавих харилцаанд удаа дараалан орсон. Гэр орондоо цаг зав, хүүхдэдээ анхаарал халамж бага зарцуулдаг. Би салахгүй, хүүхдээ бод гэж удаа дараа хэлсэн боловч ...гийн сэтгэл санаа өөрчлөгдсөн тул ийм шийдвэр гаргаж байна. ... нь сүүлдээ амиа хорлох үйлдэл хүртэл хийсэн. ... нь хүүхэд харах боломжгүй, ажил амьдралаа ялгаж салгаж чаддаггүй, ажилдаа их цаг зарцуулдаг. Миний бие ...г зодож дарамталсан зүйл байхгүй. Миний бие байртай, машинтай, эд хөрөнгөтэй, ... хүүгээ өөр дээрээ авах хүсэлттэй байна. Миний хүүг манай талаас асрах халамжлах бүрэн боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Гэрлэгчид болох ..., ... нар нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүү ...ийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

Мөн хүү ...ийг эцэг ...ын асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ...ийг эцэг ...ын асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр нэхэмжлэгч ...гаас тэтгэлэг гаргуулан хүү ...ийг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ..., ...нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү ...ийг эцэг ...ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү ...ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх ...гаас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,610 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 140,810 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэгч ...гаас хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ