Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02268

 

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2021/02268 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 2,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие ...тай 2012 онд танилцаж, харилцан сайн дурын үндсэн дээр гэрлэж, 2014 оноос тусдаа гарч нэг гэрт амьдарсан. 2016 онд гэрлэлтээ хууль ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү ... төрсөн, 7 настай. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ... төрсөн, 5 настай. ... нь хамт амьдрах хугацаанд архи уух нь нэмэгдээд хутга барьж дайрдаг, гарт тааралдсан зүйлээ шиддэг, байнгын хүчирхийллийн байдалтай байсан. 2019 оны 06 дугаар сард над руу аяга шидэж миний мөрийг гэмтээж байсан. Байнгын хүчирхийллээс болж 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа боловч охины хүүхдийн мөнгийг ... өөрөө авч ашиглаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дансаа хасуулж нэрээ шилжүүлж өгсөн. Иймд шүүхэд нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд: ... бидний гэрлэлтийг цуцлах, хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид хууль ёсоор авч өсгөн хүмүүжүүлэх, эцэг ...ас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хоёр жилийн хугацаанд ... авч ашигласан хүүхдийн мөнгө бүгд 2,160,000 төгрөгийг гаргуулах, өмч хөрөнгийн асуудлаар дундын өмчийн маргаангүй болно гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие ... нь нэхэмжлэгч Аззаяад гэмтэл учруулах төдий хутга гаргаж биед нь гэмтэл учруулж байсан удаагүй. Мөн ...гийн эцэг, эх, ах дүүс нь байнга гуйлгачнаар дуудаж хэл амаар доромжилдог байсан. Мөн энэ тусдаа амьдрах хугацаанд 2 хүүхэд дээрээ очиж уулзах гэсэн боловч ирвэл цагдаа дуудаж өгнө хэмээн байнга сүрдүүлж уулзуулдаггүй байсан. Харин хүүхдийн мөнгөний 2,159,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2 хүүхдийн эцгийн хувьд уг мөнгийг эрүүл мэндээ эмчлүүлэх зорилгоор эмчилгээнд зарцуулсан, бусдын халдлагад өртөж хүнд гэмтэл авсаны улмаас байнга эмнэлгээр явсан. Маш их мөнгө зарцуулсан гэмтэл учруулсан этгээд нь хорих ял авсан. Уг хүн нь эмчилгээний нэг ч төгрөг төлөөгүй юм. Иймд би аргагүй эрхэнд хүүхдийн мөнгө авч хэрэглэж байсан. Яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол аминд халдсан хүнд гэмтэл байсан. Иймд 2,160,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг болон 2,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэрлэгчид болох ..., ... нар нь 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтийн 1116930040 дугаар бүртгэлд бүртгүүлсэн, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү ..., 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин ... нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ..., ... нар нь 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагчаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь хүчирхийлэл үзүүлдэг болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна. 

 

Талууд хүү ..., охин ... нарыг эх ...гийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ..., охин ... нарыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч ...ас тэтгэлэг гаргуулан хүү ..., охин ... нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Гэрлэгчид тусдаа амьдарсан 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаанд охин ...д улсаас олгосон мөнгөн тэтгэмжийг эцэг ... нь авч, хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй үндэслэлээр хариуцагч ...ас 2,160,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч ... дээрх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан эсэх талаар маргаагүй, уг мөнгөн тэтгэмжийн хэмжээг үгүйсгэсэн баримт гаргаагүй, тэрээр охин ...д улсаас олгосон мөнгөн тэтгэмжийг авч, өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан гэж тайлбарлаж байна.

Талууд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээ, түүний зарцуулалтын талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэх шаардлагагүй. Харин тухайн мөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө, эсхүл гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө эсэх нь маргааны зүйл болж байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар хүүхдийн мөнгөн тэтгэмж нь нийгмийн халамжийн тэтгэмжийн нэг төрөлд хамаарна.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу улсаас хүүхдийн наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгосон байна.

 

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т гэр бүлийн гишүүний амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж заасан. Улсаас олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх эд хөрөнгөд буюу хариуцагч Д.Гантулгын эмчилгээний зардалд зарцуулахаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хүүхдийн мөнгөн тэтгэмжийг улсаас олгосон хугацаанд хүүхдүүд эхийнхээ асрамжид, гэрлэгчид тусдаа амьдарсан байх ба хариуцагч ... насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүйгээс гадна охин ...гийн мөнгөн тэтгэмжийг түүний хэрэгцээнд зарцуулаагүй, талууд энэ талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хүүхдийн амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул хүүхдийн хуваарьт хөрөнгөд тооцож, хариуцагч ...ас 2,160,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар ... нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ..., 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин ... нарыг эх ...гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ..., 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин ... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ...ас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-д зааснаар хариуцагч ...ас 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ас улсын тэмдэгтийн хураамжид 248,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...д олгох, нэхэмжлэгч ...гаас 2,160,000 төгрөг болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 128,380 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурьдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ