| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01571/И |
| Дугаар | 102/ШШ2021/02270 |
| Огноо | 2021-09-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2021/02270
2021 оны 09 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2021/02270 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох,
Хохирол 11,819,319 төгрөг, алданги 1,180,681 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК нь иргэн ...той 2017 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан инженер албан тушаалтайгаар ажиллуулж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ахлах инженерийн албан тушаалд дэвшүүлэн дахин хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. ... нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, түүнээс хойш ажиллаагүй бөгөөд түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, дахин цалин хөлс олгоогүй болно.
Харин ... нь ахлах инженерийн албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагын нэр дээрх ажлын багаж хэрэгсэл болох 0\/Р 740 маркийн шилэн кабелийн залгааны машин, 2 портын оптик сэлгэгч 21 ширхэг, 32 портын МР видео бичигч 1 ширхэг, 4мп IР камер 5 ширхэг, гадна ажиллах зөөврийн сандал 3 ширхэг, олон үйлдэлт чанга яригч 1 ширхэг зэрэг багаж хэрэгсэл, техник төхөөрөмжийг авч явсан боловч эргүүлэн өгөөгүй, тооцоо хийгээгүй болно. Үүний улмаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ... нь дээрх багаж хэрэгслийн үнийг төлөх талаараа өөрийн гараар бичиж хугацаа, алданги зэргийг тохирсон боловч уг хугацаанд дээрх төлбөрийг төлөөгүй тул шүүхэд хандаж байна.
... нь дараах эд хөрөнгө, багаж хэрэгслийг хувьдаа завшсан болно. Үүнд: D\/Р 740 маркийн шилэн кабелийн залгааны машин 3,200,000 төгрөг, 2 портын IРS31032РF оптик сэлгэгч 21 ширхэг, нэгж үнэ 254,919 төгрөг, нийт 5,353,299 төгрөг, 32 портын ... видео бичигч 1 ширхэг, нэгж үнэ 786,020 төгрөг, 4 мп DH-IPC-HFW4433M-I2 IP camer /айпи камер/ 5 ширхэг, нэгж үнэ 460,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг, гадна ажиллах аяны зөөврийн сандал 3 ширхэг, нэгж үнэ 60,000 төгрөг нийт 180,000 төгрөг багтана.
Иймд Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн ...оос байгууллагын эд хөрөнгийг авч хувьдаа завшсаны улмаас байгууллагад учирсан хохиролд үндсэн хөрөнгө 11,819,319 төгрөг, алданги 1,180,681 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралд гаргасан тайлбартаа: ... би Сава монтаж ХХК-д 2017-2019 оны 12 сар хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд нэг жилийн хугацаатай гэрээ нэг л удаа хийж байсан бөгөөд эд хөрөнгийн хариуцлагын гэрээ хийж байгаагүй болно. Тус компанийн гаргасан нэхэмжлэлээс шилэн кабелын залгааны машин болох D\/Р-740 маркийн багажийг машин дотроосоо алдсан. Үүнийг ч ... захиралд хэлсэн төлж өгнө гэж. Мөн бичлэгийн төхөөрөмж болох N\/Р-32 портын төхөөрөмж болон сэлгэгч төхөөрөмж тус бүр 1 ширхгийг тухайн үед Гачууртын насос станцын хяналгын камерын суурилуулалтын ажил хийгдэж байсан тул ойролцоох таньдаг айлын хашаанд машин болон төхөөрөмжийн хамт тавьдаг байсан.
Миний бие 10 сарын сүүлээр хоолойны мах авахуулах эмчилгээ хийлгэж 20 хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. Энэ хугацаанд тухайн айлын хашаанд байсан машиныг ... захирал өөрөө очиж авсан. Миний хувьд овор ихтэй бичлэгийн төхөөрөмжийг айлын байшинд оруулж үлдээсэн байсан. Эмнэлгээс гарахад ажлаас халсан байсан. Тэгээд ... захиралтай уулзалгүй байж байгаад 2020 оны хавар 2, 3 удаа уулзсан, алга болгосон багаж тоног төхөөрөмжийг төлөхөөр тохирсон. 2020 оны 7 сарын эхээр ... захирал над руу залгаж за за одоо ах нь чам руу залгахгүй одоо хоёулаа болъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би төлүүлэхээ больж байгаа юм байна л гэж ойлгосон. Ингэж ярьснаас хойш бид 2 холбогдоогүй.
Иймд тухайн компанийн нэхэмжилж буй зүйлээс дараах тоног төхөөрөмж багаж хэрэгслийг зөвшөөрч байна. Үүнд, ..., бусад тоног төхөөрөмж сандал ширээ бол миний хэргэлдэг зүйл биш болно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ...ид холбогдуулан байгууллагад учруулсан хохирол 11,819,319 төгрөг, алданги 1,180,681 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
... ХХК нь ...той 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ...ийг тус байгууллагын ахлах инженерээр томилж, хөдөлмөрийн гэрээний 2.1.3-т ахлах инженер гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь зориулж тодорхой хугацаагаар хариуцуулан эзэмшүүлсэн эд хөрөнгийг устгаж эвдсэн болон бусад хохирол учруулбал эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн бүрэн төлүүлэх эрхтэй. гэж заасан байна.
Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцлүүд тусгагдсанаас үзвэл зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Талууд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үйлчилж байсан талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ... нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа байгууллагад хохирол учруулсан гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлээс зарим эд зүйлийг хүлээн аваагүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан ...оос ... ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлцлээс үзэхэд тэрээр ... видео бичигч зэрэг багаж, тоног төхөөрөмжийг эзэмшиж байсан, улмаар буцаан өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байх ба дээрх тоног төхөөрөмжүүд болон шилэн кабелийн залгааны ... аппаратын үлдэгдэл тооцоо 2620 юань-ыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, хэрэв уг хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд тоног төхөөрөмжийн нийт үнэ дээр 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 0,5 хувийн хоног бүрийн алдангийн хамт төлнө гэжээ. /хэргийн 12 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хариуцлага хүлээлгэнэ.
Хариуцагч ... нь ... ХХК-ийн ахлах инженерээр ажиллаж байхдаа 3,200,000 төгрөгийн үнэ бүхий ... маркийн шилэн кабелийн залгааны машин, нэг бүр нь 254,919 төгрөгийн үнэ бүхий 2 портын ... оптик сэлгэгч 21 ширхэг, 786,020 төгрөгийн үнэ бүхий 32 портын ... видео бичигч 1 ширхэг зэрэг багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр байгуулсан хэлцэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч талаас дээрх эд хөрөнгийн үнэлгээ болон тухайн эд хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй, харин 2 портын ... оптик сэлгэгч төхөөрөмжийн тоо хэмжээ буюу 21 ширхэгийг бус зөвхөн 1 ширхэгийг авсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч ... зөвхөн нэг ширхэг оптик сэлгэгч төхөөрөмж авсан болохоо нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас гаргасан хариуцагч ...ийн авсан 32 портын ... видео бичигч нь 22 ширхэг оптик сэлгэгч төхөөрөмжийн хамт ажилладаг бөгөөд тэдгээрийг хамтад нь авсан гэх тайлбар нь хариуцагч ...оос багаж, тоног төхөөрөмжийг буцаан өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрсан агуулга бүхий бичгийн баримтад 2 портын ... оптик сэлгэгч төхөөрөмжүүд гэж олон тоо хэмжээ заасантай нийцсэн, харин хариуцагч талаас няцаасан баримт гаргаагүй, зөвхөн 1 ширхэг оптик сэлгэгч төхөөрөмжийг туршилтаар хэрэглэж үзсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч ... нь ... ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.3-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тул хариуцагч ...оос 1 ширхэг ... маркийн шилэн кабелийн залгааны машин, 21 ширхэг 2 портын ... оптик сэлгэгч, 1 ширхэг 32 портын ... видео бичигч зэрэг багаж, тоног төхөөрөмжийн үнэ 9,339,319 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч ... нь 2 портын ... оптик сэлгэгч, 32 портын ... видео бичигчийг болон ... маркийн шилэн кабелийн залгааны машины үнийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, хэрэв хугацаандаа өгөөгүй тохиолдолд тоног төхөөрөмжийн нийт үнээс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд хариуцагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч ... ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги шаардах эрхтэй байна.
Гэрээнд заасны дагуу алдангийн хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөгдөөгүй төлбөр болох 9,339,319 төгрөгөөс хоног тутам 0,5 хувиар тооцоход алдангийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс илүү байх ба шүүх нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч ...оос алданги 1,180,681 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгийн үнэ бүхий 4 мп ... camer /айпи камер/ 5 ширхэг, 60,000 төгрөгийн үнэ бүхий гадна ажиллах аяны зөөврийн сандал 3 ширхэгийг хариуцагч ...ид хариуцуулан эзэмшүүлсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч ... байгууллагад дээрх нэр бүхий 2 төрлийн 2,480,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч ...оос байгууллагад учруулсан хохирол 9,339,319 төгрөг, алданги 1,180,681 төгрөг, нийт 10,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч ...оос 10,520,000 /арван сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...оос улсын тэмдэгтийн хураамжид 183,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ