Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02291

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2021/02291 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь ... тоот 49 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн ... сарын байрны түрээсийг 600,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, сар бүрийн 20-ны өдөр түрээсийн мөнгийг авахаар бичгээр гэрээ хийж, барьцаа болгож 150,000 төгрөг авсан. Түрээслэгч ... нь сар бүрийн 20-нд байрны түрээсийн 600,000 төгрөгийг өгч чадахгүй байснаас 2020 оны 8 сараас 2021 оны 6 сар хүртэл нийт байрны тооцоо 4,100,000 төгрөг авах ёстой байна.

Түрээслэгч ... нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг 2020 оны 9,10,11 саруудын цэвэр ус, бохир ус, халаалт, цахилгааны хэрэглээний мөнгийг өгөөгүй байсныг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 344,739.68 төгрөгийг Төрийн банканд миний бие тушаасан. Түрээслэгч ... нь гэрээнд заасны дагуу Мандах өргөө СӨХ-ны 2019 оны 11 сараас 2021 оны 05 сар хүртэл засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, хог, дундын халаалт, дундын цахилгааны төлбөрийг тушаагаагүй байсныг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Төрийн банканд 377,760 төгрөгийн мөнгөн дүнг тооцон миний бие төлбөрийг тушаасан. Энэ хугацаанд иргэн ...ас байрны хэрэглээний ус болон цахилгаан, СӨХ-ны төлбөрийг тушааж өрийг барагдуулах шаардлага тавихад одоо өгнө гэж өдий хүрсэн. Иймд нэхэмжлэлийн дагуу 4,830,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ..., хариуцагч ... нар нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч тал болох ... нь Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/, Тээвэрчдийн гудамж 3 дугаар байрны 47 тоот орон сууцыг хөлслүүлэх, хөлслөгч тал болох ... нь 150,000 төгрөгийн барьцаа болон нэг сарын 600,000 төгрөгийн хөлс сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ... нь гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг дуустал хариуцагч ... эзэмшилд шилжүүлсэн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ... нь орон сууц хөлс, орон сууцны ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд орон сууцны үлдэгдэл хөлс 4,100,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 730,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ...аас 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын дуусталх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 722,499 төгрөг төлсөн баримт /хэргийн 31-36 тал/, хариуцагч ...ас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөлслүүлэгчид хандан гаргасан орон сууц хөлс 4,100,000 төгрөг, ашиглалтын зардал 730,000 төгрөг, нийт 4,830,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлнө гэх бичгийн баримт /хэргийн 5 тал/ тус тус авагдсан, харин уг төлбөрийг хариуцагч ...ас төлсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй. Хариуцагч ... нь орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцны хөлс, орон сууцны ашиглалтын зардал төлөх үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу хөлслүүлэгч тал болох ... нь орон сууцны хөлс 4,100,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 722,499 төгрөг, нийт 4,822,499 төгрөгийг хөлслөгч тал болох ...ас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар хүргүүлж, 88918088 дугаарын утсаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр ...ас орон сууцны төлөөгүй хөлс 4,100,000 төгрөг, ашиглалтын зардал 722,499 төгрөг, нийт 4,822,499 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,501 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ...ас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,822,499 /дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,501 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,230 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ...ас 92,109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ