| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2023/00602/И |
| Дугаар | 001/ХТ2024/00214 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2024/00214
Л.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01473 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01020 дугаар магадлалтай,
Л.А-ийн нэхэмжлэлтэй
Ц.Гт, Ц.Гб, Ц.Гг нарт холбогдох
33,300,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Л.А нь Ц.Гт, Ц.Гб, Ц.Гг нарт холбогдуулан 33,300,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01473 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар хариуцагч Ц.Гт-аас 13,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,800,000 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, *** дүүргийн ** хороо ***байр *** тоотод байрлах нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Ц.Гг, Ц.Гб нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.А-ийн төлсөн 402,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Гт-аас 225,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01020 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/01473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ц.Гт-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
4.1.Нэхэмжлэгч нь С.А-тай 2014.03.11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу зээлсэн гэх 15,000,000 төгрөгийг С.А аваагүй, С.А-д нэхэмжлэгчээс мөнгө зээлэх, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, нэхэмжлэгч С.А-д мөнгө зээлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ н.Г-д 15,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл 2 шатны шүүх С.А-г зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн.
4.2.С.А 2014.11.02-ны өдөр нас барснаар Л.А-тай 2014.03.11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой зээл болон зээлийн хүү төлөх үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар дуусгавар болсон. Иймд Л.А Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар С.А-ын зээлийн гэрээний үүргийг түүний өв залгамжлагчаас шаардах эрхтэй. Гэтэл 2 шатны шүүх Ц.Гт-ыг Л.А-тай 2015.01.15-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаараа Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С.А-ын зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан гэж хууль хэрэглээний үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д тусгасан зохицуулалтын хувьд үүрэг гүйцэтгэгч нас барж тухайн үүргийн харилцаа дуусгавар болсон байхад өрийг шилжүүлэн авах боломжгүй, зөвхөн өв залгамжлалын үндсэн дээр өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр нас барагчийн үүргийг хариуцах л асуудал яригдана. Энэ талаар хийсэн 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 515 дугаар зүйлийн 515.2-т заасныг Монгол Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.
4.3.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасан ба шүүгчийн 2017.05.05-ны өдрийн захирамжаар өв нээгдээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.А-ын өв одоо ч нээгдээгүй, захирамжийн үндэслэл хэвээр байгаа. Гэтэл 2 шатны шүүх дээрх захирамжтай холбогдуулан нэхэмжлэгчийг шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Уг захирамжаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Л.А-ийн Ц.Гт-тай байгуулсан 2015.01.15-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015.02.14-ний өдөр дуусах байсан тул уг хугацаанаас тоолоход Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019.02.14-ний өдөр дуусна, нэхэмжлэгч нь 2015.01.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Ц.Гт-аас нэхэмжлэх эрхтэй гэдгээ мэдэж байсан ч уг эрхээ хэрэгжүүлээгүй.
4.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх С.Ат холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй итгэмжлэлийг Л.А-аас авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх итгэмжлэлийг засах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж Ц.Гт нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах агуулгаар сольж өгсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх “зөрчил арилсан, нэхэмжлэгч өөрөө энэ талаар гомдол гаргаагүй учраас хариуцагч талын гомдлыг хангахгүй” гэж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00984 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7.Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Ц.Гт, Ц.Гг, Ц.Гб нарт холбогдуулан өв хүлээн авсан болохыг тогтоолгож, өвлүүлэгчийн зээлийн үүрэг 33,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Ц.Гг, Ц.Гб нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.Гт-аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 10,800,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 33,300,000 төгрөгийг гаргуулах, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй, *** дүүргийн ** хороо ***байр ***тоот нэг өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Ц.Гт нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, ээж С.А нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өвлөгдөх хөрөнгө надад шилжиж ирээгүй, нэхэмжлэгчийн гуйлт шахалтаар түүнд 13,500,000 төгрөгийг өгсөн гэсэн үндэслэлийг заасан байна.
8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Гт-аас 13,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож үлдэх нэхэмжлэлийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Гг, Ц.Гб нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийжээ.
Үүнд: Талийгаач С.А-ын зээлийн үүрэг 15,000,000 төгрөгийг түүний хүү Ц.Гт өөртөө шилжүүлэн авч, уг мөнгийг нэхэмжлэгчид 2015.02.14-ний дотор төлж дуусгахаар бичгийн хэлцэл байгуулж тохиролцсон нь 2015.01.15-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдсон, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаач С.А-ын зээлийн өрийг хариуцагч Ц.Гт хүлээн авсан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан өр шилжих гэрээгээр зөвхөн нас барагч С.А-ын нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн 15,000,000 төгрөгийн өр шилжсэн гэж үзэх ба харин зээлийн гэрээг дагалдаж байгуулсан барьцааны гэрээг анх байгуулсан хэлбэрээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгө болох орон сууцнаас зээлийн үүргийг хангуулахаар шаардах эрхгүй, хариуцагч Ц.Гб өр шилжих гэрээний дагуу 15,000,000 төгрөг төлөхөөс 6,000,000 төгрөг төлсөн байна, үүнээс гадна хариуцагч нь Б.Ш-ээр дамжуулж 7,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч баримтаар нотлоогүй, өр шилжих гэрээнд хүү авахгүй байхаар тохиролцсон байх тул хүүгийн төлбөр 10,800,000 төгрөг шаардах эрхгүй, иймд Ц.Гт-аас үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
9.Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “186 дугаар зүйлийн 186.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн.
10.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Гг, Ц.Гб нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээж, харин хоёр шатны шүүхийн Иргэний хуулийн 123, 124, 527 дугаар зүйлийг зөв тайлбарлаагүйг залруулж дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэрэгт байгаа баримтаар, Л.А, С.А нар 2014.03.11-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, Л.А нь 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.А нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай, *** дүүргийн ** хороо ***байр ***тоот нэг өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг н.Г-ын дансанд шилжүүлсэн, үүнээс хойш 2014.11.02-ны өдөр зээлдэгч С.А нас барсан, 15,000,000 төгрөгийн зээлийн үүргийг Ц.Гт 2015.03.15-ны дотор төлж дуусгахаар нэхэмжлэгчтэй бичгийн хэлцэл байгуулсан, уг хэлцлийн дагуу 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт маргаангүй байна.
Хариуцагч Ц.Гт нь үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчид 6,000,000 төгрөгөөс гадна 7,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн, өвийн зүйлийг хүлээж аваагүй, гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр маргажээ.
12.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015.01.15-ны өдрийн Л.А болон Ц.Гт нарын байгуулсан хэлцэл нь өр шилжүүлсэн хэлцлийн нотолгоо эсхүл талуудын хооронд үүрэг үүсгэсэн бие даасан хэлцэл эсэхийг анхан шатны шүүх оновчтой тодорхойлоогүй боловч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж дүгнэснээр үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
12.1.Хариуцагч Ц.Гт нь гэрээ байгуулж, “Л.А-аас авсан 15,000,000 төгрөгийг ... төлнө” гэж зөвшөөрөн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ илэрхийлснээс үзвэл шинээр гэрээний харилцаа үүсгэсэн, уг гэрээ нь нэхэмжлэлийн үндэслэл болсон болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.А нь зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах эрхтэй.
12.2.Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх, 124 дүгээр зүйлд заасан өр шилжих эрх зүйн асуудал нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, шаардах эрхийг эсвэл өрийг шилжүүлэн авч буй гуравдагч этгээд гэсэн оролцогч нарын хүсэл зоригоос хамаарах бөгөөд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд уг шилжилт байх боломжгүй юм. Энэхүү маргааны хувьд үүрэг гүйцэтгэгч С.А нас барсан ба түүний зээлийн өр шилжих боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт алдаатай болсон байна. Хууль хэрэглээний уг асуудал нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй учир дээрх байдлаар залруулж зөвтгөх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
12.3.Нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй боловч уг шаардлагад хэрэглэсэн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг дүгнэлт өгөх замаар залруулах нь зүйтэй байна.
Хариуцагч нь өвийг хүлээж аваагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй болжээ. Ц.Гт нь өвлүүлэгч С.А-ын өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байгаа нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.3-т зааснаар өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзэх учир өвлөх эрхийн гэрчилгээ авсан эсэх, өмчлөх эрхийн бүртгэл шилжсэн эсэхээс үл хамаарч хариуцагч Ц.Гт-ыг өвийн зүйлийг хүлээн авсан гэж үзнэ.
Түүнчлэн ипотекийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаарлаж үүсдэг эд юмсын эрх зүйн шаардах эрх тул барьцааны гэрээ байгуулсан этгээд нас барсан эсэхээс үл хамааран ипотекийн үүрэг үл хөдлөх эд хөрөнгийн дараагийн өмчлөгчид шилжинэ. Шүүх “барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон”-д нэхэмжлэгч гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар шүүх шийдвэр гаргаж эцэслэн шийдвэрлэсэн байна.
13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол дахь “...зээлийн гэрээ байгуулагдаагүй” гэх гомдол энэ тогтоолын хянавал хэсгийн 12.1, “...зөвхөн өв залгамжлалын үндсэн дээр шаардах эрх үүснэ” гэх гомдол хянавал хэсгийн 12.3-т заасан үндэслэлээр хангагдахгүй.
Нэхэмжлэгч Л.А хариуцагч нарт холбогдуулан 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.05.05-ны өдрийн 184/ШЗ2017/04885 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нас барагчийн хөрөнгө хууль ёсны өвлөгч нарт шилжээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй үндэслэлийг заасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах шалтгаан болсон, 2023.01.12-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2024/01020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ц.Гт-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.24-ний өдөр төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН