| Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 158/2022/0009/З |
| Дугаар | 158/ШШ2022/0023 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 158/ШШ2022/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бугат сумын иргэн Хульж овгийн Чимэдийн Батдэлгэр,
Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Шагдар овгийн Хүрэлбаатарын Ууганбаяр нарын хоорондын “Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.Батдэлгэрийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Батдэлгэр, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
5.1. Нэхэмжлэгч Ч.Батдэлгэрийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх үед төрийн жинхэнэ албан хаагч иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллах хууль зүйн үндэслэлгүй байсан тул уг албан тушаалд томилохоос татгалзсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орж, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэж заасан боловч төрийн захиргааны албан хаагч нь улс төрийн аливаа нам, эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй байх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
5.2. Нэхэмжлэгч нь улс төрийн намын гишүүнчлэлээсээ татгалзсан ямар нэг хүсэлт, шийдвэр ирүүлээгүй нь улс төрийн аливаа нөлөөнд автахгүй, төвийг сахиж ажиллана гэж үзэх боломжгүй тул Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох боломжгүй болно” гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн дүгнэлтдээ: “Хариуцагчийн зүгээс Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд 2020 онд хүргүүлсэн боловч хүн тэнцээгүй. Түүнээс хойш дахин захиалга өгөөгүй байдаг. 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсаар 2022 он гарсан. Харин 2022 онд хариуцагч дээрх албан тушаалд тусгай шалгалт зарлах захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийн 23 дугаартай тогтоол гарах үед Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээгүй байсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүн төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжгүй байсан. Гэтэл дагаж мөрдөх хуульд заасан хугацаа болоогүй байхад хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй хуулийн зохицуулалтад уялдуулан гаргасан 23 дугаартай тогтоол нь хууль зөрчиж гарсан гэж үзэх үндэслэлтэй. Тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлийн 23 дугаартай тогтоолыг хариуцагч Бугат сумын Засаг дарга хүлээн аваад тогтоолд нэр дэвшүүлсэн иргэнийг томилох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн боловч салбар зөвлөл дахин өөр хүний нэр дэвшүүлээгүй. Нэхэмжлэгч “ажилд орох тухай” өргөдлөө хариуцагчид өгсөн гэдэг боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс харахад Тамгын газрын бичиг хэрэгт өргөдлөө өгсөн гэдэг нь тогтоогдоогүй байсан. Хариуцагч буюу томилох эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу томилохоос татгалзсан шийдвэрээ Салбар зөвлөлд хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн миний нэрийг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд дэвшүүлсэн тогтоол хүчинтэй хэвээр байгаа тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу томилох үүргээ биелүүлээгүй” гэж;
4. Хариуцагч талаас “нэхэмжлэгч нь улс төрийн намын харьяаллаас гараагүй байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн аливаа нөлөөнд автахгүй байх, төрийн албан хаагч ашиг сонирхолын зөрчлөөс ангид ажиллах хуульд заасан шаардлагыг хангахгүй” гэж тус тус маргажээ.
5. Нэхэмжлэгч Ч.Батдэлгэр нь 2021 оны 12 дугаар сард “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай тогтоол /хх-ийн 20 дугаар тал/-оор Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар түүний нэрийг дэвшүүлсэн байна.
6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч нь 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр Бугат сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/04 дугаартай Бугат сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоол /хх-ийн 23 дугаар тал/-оор бүрэн эрх нь баталгаажжээ.
8. Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай тогтоолд үндэслэж, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг тус сумын Засаг даргад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн гэх боловч түүний өргөдлийг хариуцагч хүлээн авсан нь нотлогдохгүй байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны ирсэн бичгийн бүртгэл болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэлд нэхэмжлэгчийн өргөдөл тусгагдаагүй, эх баримтад байхгүй байсан нь шүүхээс хийсэн үзлэг, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 52-54 дүгээр тал/-ээр тогтоогдож байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн “ажилд орох тухай” өргөдөл Бугат сумын Засаг даргад хүргэгдээгүй тул хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж буруутгах үндэслэлгүй юм.
10. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна”, 67.3-т “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж заасан байх ба Монгол улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д сумын Засаг даргын тамгын газрын дарга нь “ахлах түшмэл”-ийн ангилал, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.
11. Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс хуульд заасны дагуу Бугат сумын Засаг даргын тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шалгалтыг зохион байгуулсан үйл ажиллагааг хариуцагчаас “сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сул орон тооны захиалга өгөөгүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шалгалт авсан” гэж маргаж байх боловч Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн хэн нь гомдол гаргаж, маргаан үүсгээгүй тул тус сонгон шалгаруулалтын дүн хүчин төгөлдөр байна.
12. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд Сумын Засаг даргын бүрэх эрхийг хуульчилсан байх ба 59.1.22-т “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилж, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй” гэж заажээ. Булган аймгийн Төрийн албаны зөвлөлиийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэнийг томилуулахаар нэр дэвшүүлсэн 23 дугаартай тогтоолыг Бугат сумын Засаг дарга хүлээн аваад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд томилох эсэх асуудлыг шийдвэрлэж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/09 дугаарын албан бичиг /хх-ийн 55 дугаар тал/-ээр татгалзсан хариу өгсөн нь сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны явсан бичгийн бүртгэлд авагдсан байна.
13. Хариуцагчаас дээрх сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэнийг Бугат сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохоос татгалзсан үндэслэлээ “нэхэмжлэгч нь улс төрийн намын гишүүн тул намын үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцоно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хүн хуралд асуудал дэвшүүлж хэлэлцүүлсний дүнд гарсан шийдвэрийг гүйцэтгэх, хэрэгжүүлэх албан тушаалд томилогдвол ашиг сонирхолын зөрчил үүснэ. Төрийн жинхэнэ албан хаагч нь улс төрөөс ангид, улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх үүрэгтэй” гэж тайлбарлан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу татгалзаж, энэ тухайгаа Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.
14. Төрийн албаны тухай хууль нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлдэг ба төрийн алба, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тодорхой зохицуулсан байдаг ба хуульд заасан зарчмыг төрийн албанд баримтлахыг хуульчлан шаардсан байдаг. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” зарчмыг төрийн албанд баримтална гэжээ. Нэхэмжлэгч нь 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр улс төрийн намаас нэр дэвшиж, олонхийн санал авснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байх ба хурлын төлөөлөгч нь улс төрийн албан тушаалд хамаарахгүй боловч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх төрийн жинхэнэ албан хаагчийн баримтлах зарчим алдагдах нөхцөл үүссэн байхыг үгүйсгэх боломжгүй байна.
15. Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасны дагуу Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаалд өрсөлдөж, сонгон шалгаруулалтад орсон гэж маргаж байх боловч Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалт нь дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө зохион байгуулагдсан байх ба хүчин төгөлдөр мөрдөж эхлээгүй хуулийн зүйл заалтыг баримтлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон иргэнийг төрийн захиргааны удирдах албан тушаалд нэр дэвшүүлснийг хариуцагч Бугат сумын Засаг дарга томилохоос татгалзсан үйлдлийг дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
16. Хариуцагч Бугат сумын Засаг дарга нэхэмжлэгч Ч.Батдэлгэрийн “ажилд орох тухай” өргөдөлийг хүлээн авсан нь тогтоогдохгүй, иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэдэг нь нотлогдоогүй тул түүнийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан хэмээн буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ч.Батдэлгэрийг Бугат сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ч.Батдэлгэрийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ