Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1912

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Э, Л.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01441 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Э, Л.Бнарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Б, Л.Онарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу өгсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч У.Бы гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Мягмарсүрэн

Хариуцагч: У.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эг миний бие 2011 оны сүүлээр нөхөр хүүхдийн хамт У.Б болон түүний эхнэр Л.Онартай ярилцаж тохиролцон, Батсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36-276 тоот, хашаа, байшин, газар, гаражийг 65 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тухайн хашаа байшинг худалдаж авахын тулд Батсайханы хашаа байшинг 2011 оны 11 сард Эрэл банкны барьцаанд тавин 20 000 000 төгрөгийн зээл 1 жилийн хугацаатайгаар авахуулсан. У.Бд бид сар бүр 350 000 төгрөгийн төлөлт хийх, банкны зээлээ хамт төлөхөөр болсон. Харин банкнаас авсан 20 000 000 төгрөгөөс У.Бд 6 сарын төлбөрийн урьдчилгаа 2 100 000 төгрөг, хашаа байшингийн урьдчилгаа 5 000 000 төгрөг, бичиг баримтын зардал 100 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгөөр бид бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, У.Бд хашаа байшингийн үнийг төлж дуусгахаар тохиролцсон.

Гэрээний дагуу У.Бд бид 2012 оны 06 дугаар сараас эхэлж 2013 оны 04 дүгээр сар хүртэл 10 сарын хугацаанд нийт 4 500 000 төгрөгийн төлөлт хийсэн. Бид 2013 оны 04 дүгээр сард авсан зээлээ бүгдийг нь хааж дуусгасан. Ингээд дахин тухайн хашаа байшинг Хас банкны барьцаанд тавьж, 29 000 000 төгрөгийн зээл аваад, авсан зээлээсээ У.Бд дахин 6 сарын төлөлт гэж сарын 450 000 төгрөгөөр бодож 2 700 000 төгрөг бэлэн өгсөн. 2013 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр 450 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сар хүртэл 3 600 000 төгрөгийг бэлнээр У.Бд өгч байсан. Иймд нийт 18 000 000 төгрөг төлсөн тул уг мөнгийг хариуцагч У.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хашаа байшингаа 70  000 000 төгрөгөөр зарах гэж байгаад 65 000 000 төгрөгөөр зарсан. Банкнаас зээл авахдаа тухайн байшинг барьцаалахаас өөр аргагүй байсан. Эхний удаа надад 5 000 000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байна. Мөн дараа нь 2 800 000 төгрөг авсан. Гэтэл нэхэмжлэгч нар 18 000 000 төгрөг авсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгөө гүйцээж өгөөгүй болохоор гэрээгээ цуцалж 2014 оны 07 дугаар сард гаргасан. Түрээсээр суусан гэж үзээд суутган тооцож байгаа учир авсан 8 500 000 төгрөгийг буцааж өгөхгүй гэж бодож байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б, Л.Онараас 8 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Э, Л.Бнарт олгож, үлдэх 9 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Б, Л.Онараас улсын тэмдэгтийн хураамжид 150 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Э, Л.Бнарт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг хашаа байшинг худалдан авахад урьдчилгаа болгон авсан гэх 5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг аваад буцаан өгсөн баримт байгаа. Бид амины орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш түрээсийн байранд амьдарч байсан болно. Тухайн байшинд 2011 оны 11 дүгээр сарын 15-наас хойш 2 жил 7 сарын хугацаанд амьдрахдаа түрээсийн мөнгийг огт өгөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч Ө.Э, Л.Бнар нь хариуцагч У.Б, Л.Оюунчимэг нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 8 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

       Хэрэгт Л.Оюунбилэг, У.Б нар нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 276 тоот хаягт байршилтай хашаа, байшинг 65 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар Ө.Э, Л.Батчимэг, Л.Лхасүрэн нартай 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Байр /амины орон сууц/ худалдсан тухай гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр худалдагч тал болох Л.Оюунбилэг, У.Б нарын нэрээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авч хашаа, байшингийн үнийг төлөх, банкны зээл, зээлийн хүүг худалдан авагч тал хариуцахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах хэлцлийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тул хариуцагч нь хашаа, байшинг өөр этгээдэд худалдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх 38/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Ө.Э, Л.Батчимэг, Л.Лхасүрэн нар үнэ төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч У.Б, Л.Оюунчимэг нар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, уг эрхийг хэрэгжүүлсэн талаар маргаагүй.

 

Талууд гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч нар нь “худалдах, худалдан авах гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг төлсөн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 8 500 000 төгрөгөөр хариуцагчийн үүргийг анхан шатны шүүх тодорхойлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч У.Б нь нэхэмжлэгч нарыг 2011 оны 11 дүгээр сарын 15-наас хойш 2 жил 7 сарын хугацаанд түүний хувийн орон сууцанд амьдрахдаа түрээсийн төлбөр төлөөгүй гэх боловч хэрэгт түрээсийн гэрээний талаарх нотлох баримт авагдаагүй тул түүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

       Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН