| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/01344/И |
| Дугаар | 102/ШШ2021/02519 |
| Огноо | 2021-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/02519
| 2021 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2021/02519 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо *тоотод оршин суух Д овогт Г Б /РД: */
Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо Баянгол дүүргийн * Ц /РД: 9089713/
Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б
хариуцагчийн төлөөлөгч Т.А
нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Баянгол дүүргийн * дүгээр Цт 2003 оны 10 сарын 01-ний өдрөөс хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон. 2005 оны 04 сарын 02-ны өдөр том хүүхэд Аийн Эийг, 2 дахь хүүхэд А Б 2008 оны 04 сарын 02-ны өдөр, 3 дахь хүүхэд Аийн Нийг 2011 оны 06 сарын 27-ны өдөр тус тус төрүүлсэн. Энэ хугацааны хүүхэд асрах чөлөөний Нийгмийн даатгал ноогдуулалт, төлөлтийг огт хийгээгүй байсан. 2020 онд нөхөн даатгалын журмын дагуу төлөлт хийгээгүй хугацааныхаа төлөлтийг хийхэд 2005 оны 03 сараас хойш дээрх хугацааны бичилт хийгдээгүй байсанг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалд хандаж 2005 оны 03 дугаар сараас 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлөлтийг актаар нөхөн төлүүлсэн болно. Хүүхэд асрах болон үргэлжлүүлэх хүсэлтийг тухайн үеийн Цийн удирдах ажилтанд хүсэлтээр өгсөн болно. Тиймээс хоёр дахь, гурав дахь хүүхдийн хүүхэд асрах чөлөөний үеийн нийгмийн даатгалын бичилт огт хийгдээгүй байгаа. Иймд Аийн Б 2008 оны 04 сарын 02-ны өдөр, 3 дахь хүүхэд Аийн Нийг 2011 оны 06 сарын 27-ны өдөр тус тус төрүүлсэн бөгөөд хүүхэд асрах чөлөөний үеийн 6 жилийн хугацааны төлөлтийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд 2008 оны 05 сараас 2014 оны 06 дугаар сарыг дуустал нийт 6 жил 2 сарын Нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү.
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оноос Цт ажиллаж байгаад 2005 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. Төрөхийнхөө өмнө би нягтлантайгаа яриад листийн мөнгөө авч байсан. Дараа нь листээ аваад нягтлантайгаа уулзах гээд чадаагүй, жижүүрт үлдээж байсан. Би хөдөө амьдарч байсан учраас олон дахин ирж чадахгүй тухайн үедээ жижүүрт үлдээгээд явсан. 2008 онд төрөх гээд ирэхдээ нягтлан, дарга хоёртойгоо уулзах гээд очсон боловч уулзаж чадаагүй. 2016 онд бас төрөхийнхөө өмнө болон дараа нь нийгмийн даатгалын дэвтрээ авах гэж Ц дээр очсон дарга байгаагүй. Нярав н.Ц гэж эгч байсан, тэр эгч хэд хэдэн хүний нийгмийн даатгалын дэвтэр байсан гээд архиваас хамт хайгаад нийгмийн даатгалын дэвтрээ олж авсан. Тэгээд би дэвтрээ яаж бөглүүлэх вэ гэж асуухад эгч нь сайн мэдэхгүй нягтлантай уулз гэсэн. Тухайн үед нягтлан байгаагүй, мөн дарга байгаагүй. Дээр архиваас гарч ирэхэд дарга ирчихсэн байсан. Дарга дээр ороод нийгмийн даатгалын дэвтрээ аваад явж байна, яаж бөглүүлэх вэ гэхэд чи над дээр ажиллаж байгаагүй, надад мэдэх зүйл байхгүй нягтлантай уулз гэсэн. Ингээд нэг хүн нийгмийн даатгалд өргөдөл гаргадаг гэсний дагуу өргөдөл гаргаад нийгмийн даатгалаас 2008 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Цээр төлүүлсөн. Одоо 2008 оны 5 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтээ хийлгэх хүсэлтэй байна.
Хариуцагч * Ц шүүхэд гаргасан тайлбартаа: БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдриин 102/Ш32021/05213 дугаартай нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн * дүгээр Ц Г овогтой Бтай холбогдох бичиг баримтыг Баянгол дүүргийн * дүгээр Цийн архивын материалыг үндэслэн хүсэлт гаргаж байна. Г овогтой Б нь Баянгол дүүргийн * дүгээр Цт 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №39 дугаартай тушаалаар хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажиллаж байсан ба 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх авч байсан цалингийн материал байна. Цалингийн хуудас, НДШ төлөлт зэрэг нь байна.\хавсралт 5 хуудас\ Г овогтой Б нь Баянгол дүүргийн * дүгээр Цт 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №01 дугаартай тушаалаар коридорын үйлчлэгчээр томилогдон ажиллаж байсан ба ажиллаж байх үед 2004 оны 01 сарын урьдчилгаа цалин нь үйлчлэгч байсан бол 2004 оны 01 дүгээр сарын сүүлийн цалин, 2004 оны 02 дугаар сарын цалинг багш албан тушаалаар цалинжиж цалин авсан байна. 2004 оны 3,4,5,8 дугаар сарын цалинг үйлчлэгчийн албан тушаалаар цалин авч байсан байна. 2004 оны 09 дүгээр сарын урьдчилгаа цалинг цагаан хэрэглэл угаагч албан тушаалаар цалинг нь олгосон байна. 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №25 тушаалаар туслах багш болсон бөгөөд 9 дүгээр сарын сүүлийн цалингаас туслах багшийн албан тушаалаар цалинг олгож эхэлсэн байсан байна. 2004 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртлэх цалингийн хуудас, цалингийн задаргаа, НДШ төлөлт зэрэгт нь байна.\хавсралт 20 хуудас\ Г овогтой Б нь Баянгол дүүргийн * дүгээр Цт 2005 оны 01 дүгээр сарын НДШ төлөлтийн тооцооны хуудас байна. 2005 оны 02 сард эмнэлгийн хуудсаар олгосон 62,840 төгрөг \актны\, 2005 оны 09 дүгээр сард амралтын 65,130 төгрөг олгосон байна. \хавсралт 3 хуудас\ Г овогтой Бийн байгууллагад өгсөн өргөдөл хүсэлт байхгүй байна. Эдгээр материалыг Баянгол дүүргийн * дүгээр Цийн архиваас авсан болно. Г овогтой Б нь жирэмсний амралтын хугацаандаа байгууллагад жирэмсний хуудас болон холбогдох бичиг баримт өргөдөл зэргийг өгөөгүй байна. Г овогтой Бийн нэхэмжилсэний дагуу Баянгол дүүргийн * дүгээр Ц нь 2005 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр том хүүхэд Аийн Эийг төрүүлсэн үед төлөгдөөгүй НДШ төлөлтииг НДШ нөхөн төлүүлж алданги ногдуулах улсын байцаагийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 018 дугаартай актыг үндэслэн 418,083 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд Баянгол дүүргийн * дүгээр Ц нь төлсөн болно. Г овогтой Б нь 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн 2 дахь хүүхэд Аийн Б, З дахь хүүхэд 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Аийн Нииг тээх болон хүүхэд төрүүлэх үедээ хуулийн хугацаанд нь Баянгол дүүргийн * дүгээр Цт холбогдох бичиг баримт өргөдөл зэргийг өгөөгүй хувь хүний харицлага гэж үзэж байна.Иймд Баянгол дүүргийн * дүгээр Цт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндэслэл нь Г овогтой Б нь тус Баянгол дүүргийн * дүгээр Цт 2003 онд анх орохдоо хүмүүжүүлэгч багшаар ажилд томилогдсон боловч өөрийгөө дайчлан боловсролдоо анхаарч ахиц дэвшил гаргаагүй мэргэжлийн сургуульд суралцаагүй.ажлын дадлага туршлага муу, ажлын хариуцлага сул байсан зэргээс болж албан тушаал нь тогтмол буурч үйлчлэгч.цагаан хэрэглэл угаагч, туслах багш зэрэг ажил хийж байсан байна. Иймд тус Ц нь Г овогтой Бийн нэхэмжилж буй нь 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн 2 дахь хүүхэд Аийн Б, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн 3 дахь хүүхэд Аийн Нийг төрүүлсэн үеийн төлөх НДШ төлөлтийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай байгууллагад 2003 оны 10 дугаар сараас 2005 оны 2 сар хүртэл 1 жил 4 сар ажилласан. Одоо 2008 болон 2011 онд төрсөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилтийг хийлгүүлэх хүсэлт гаргаад байгаа. Нэхэмжлэгчийн өргөдлөөр нийгмийн даатгалын газраас хоёр байцаагч манайхыг шалгаад акт тавьсан. Тухайн актаар эхний хүүхэд дээр 418,000 төгрөгийн нөхөн төлөлтийг хийсэн. Нийгмийн даатгалын газраас шалгаж үзээд 3 хүүхэд төрүүлсэн гээд бүх хугацааны шимтгэлийг төлөх юм байна гэсэн акт тогтоосон бол манай байгууллага төлөх байсан. Нийгмийн даатгал бол 2008, 2011 онд төрсөн хүүхдүүд дээр хүүхэд асрах чөлөө авсан хүсэлт байхгүй байна гэж үзсэн учраас манайхыг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэл байхгүй байна гэсэн. Нэхэмжлэгч нь хүүхэд төрүүлсэн тухайгаа байгууллагадаа мэдэгдээгүй учраас бид мэдэхгүй, мөн хүүхэд асрах чөлөө авах хүсэлт өгч байгаагүй. Тиймээс 2008 болон 2011 онд төрсөнтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Баянгол дүүргийн * дүгээр Цт холбогдуулан 2008 оны 5 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “2 болон 3 дахь хүүхдээ төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байсан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрч “хүүхэд асрах чөлөө аваагүй, 2003 оны 10 сараас нэг жил 4 сарын хугацаанд ажиллаад эргэж ажилдаа ороогүй” гэж маргаж байна.
Г.Б нь Баянгол дүүргийн * дүгээр Цийн эрхлэгчийн 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаалаар хүмүүжүүлэгч багшаар, 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаар тушаалаар туслах багшаар томилогдон ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. Мөн 2005 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү А.Э, 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүү А.Б, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр охин А.Н нарыг төрүүлжээ.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Г.Б өргөдөл гаргаснаар түүнийг 2005 оны 3 дугаар сараас 2008 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд амаржсаны амралт болон хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж тооцон тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Баянгол дүүргийн * дүгээр Цээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийн дагуу хариуцагч нь Г.Бийн 2005 оны 3 дугаар сараас 2008 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийн улсын байцаагчаар баталгаажуулжээ. Иймд дээрх баримтаар нэхэмжлэгч нь 2008 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа үндэслэлээр ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл жирэмсний болон амаржсаны амралтаа хуульд заасан хугацаагаар эдэлсэн эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөөг 3 жил хүртэл хугацаагаар олгох бөгөөд энэ хугацаанд ажил олгогч нь ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй. Энэхүү хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1-д зааснаар ажил олгогч төлнө.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” гэдэгт энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл ажилтныг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд /хуулиар олгодог амралт/, мөн уг амралтаа эдэлсэн ажилтан өөрөө хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч чөлөө олгож, ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй. Харин ажилтан хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргаагүй тохиолдолд түүнийг хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэхгүй бөгөөд ажил олгогч ажлын байрыг хэвээр хадгалах үүрэг хүлээхгүй.
Нийслэлийн архивын газраас Баянгол дүүргийн * дүгээр Цийн архивын баримтуудаас Г.Бт холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргуулахад 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилсон тушаал, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ээлжийн амралт олгох тушаал, 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тушаалыг ирүүлсэн байна. Эдгээрээс өөр Г.Бт холбогдох баримт ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хэдийнээс хэдий хугацаанд хүүхэд асрах чөлөө авсан болохоо тодорхой мэдэхгүй, хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг бичгээр гаргасан гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2 дахь хүүхдээ төрүүлэхдээ тэтгэмж аваагүй байна. Уг тэтгэмжийг нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 2, 26 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанд, холбогдох баримтыг бүрдүүлж, ажил олгогчоороо дамжуулан нийгмийн даатгалын байгууллагаас авах эрхтэй. Энэхүү тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага олгохдоо төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг суутган олгоно. Иймд нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд буюу 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 дахь хүүхдээ төрүүлээд үргэлжлүүлэн 2008 оны 5 дугаар сараас дахин хүүхэд асрах чөлөө авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хүүхэд асрах чөлөөг ажилтан өөрөө хүсвэл авч болох бөгөөд ийм чөлөө авах хүсэлт гаргаагүй бол ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно. Иймд нэхэмжлэгч нь эхний хүүхдээ асрах чөлөө дуусмагц 2 дахь хүүхдээ асрах чөлөө авсан болохоо баримтаар нотлоогүй тул 2008 оны 5 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул ажлын байрыг ямар үндэслэлээр, хэдий хугацаанд хэвээр хадгалах, хүүхэд асрах чөлөөг хэрхэн тодорхойлох талаарх хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгчийг мэдэхгүй буюу буруу ойлгосныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн * дүгээр Цт холбогдох 2008 оны 5 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг дуусталхугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Гын Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА