Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02292

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2021/02292 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... холбогдох

 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай захирамжаар хариуцагч ...ээс 60,289,374.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн байна. Тус шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албан гүйцэтгэхийг шүүхээс зөвшөөрсөн бөгөөд ... дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч ...ээс 60,289,374.04 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох хувийн хэргийг нээсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгчийн зүгээс нийтдээ 25,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Капитал банк ХХК-ийн барьцааны гэрээний зүйл буюу төлбөр төлөгч ...ийн өмчлөлийн хөрөнгө болох Нийслэлийн ... тоотод байрлах, ...дугаарт бүртгэгдсэн, 62.31 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээний хүрээнд битүүмжилж, улмаар 212 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авсан байна.

Төлбөр төлөгчийн зүгээс дээрх хөрөнгийн нэгж м.кв-ын үнэлгээг 1,250,000 төгрөгөөр тооцож 77,887,500 төгрөгийн үнийн саналыг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд өгсөн. Төлбөр авагч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч дээрх үнийн саналтай хуулийн хугацаанд танилцаагүй тул Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолоор мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр ... ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг.

Гэтэл шинжээчээр томилогдсон ... ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 82/Ш дугаартай дүгнэлтээр төлбөр төлөгчийн хураагдсан хөрөнгийн нэгж м.кв-ийн үнэлгээг 1,073,664 төгрөгөөр тооцоолж, 66,900,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргахдаа харьцуулалтын аргыг гол арга болгож тооцоолол гаргасан байна. Харьцуулалтын аргад ашиглагдсан объектууд нь өөр өөр дүүрэгт оршин байрлах, харилцан адилгүй үнэтэй, мөн харьцуулагдсан объектуудын ашиглалтад орсон огноо алс олон жилийн зөрүүдтэй, элэгдэл хорогдлын хувьд ч эрс зөрүүдтэй, хамгийн гол нь харьцуулагдаж буй хөрөнгүүд нь дан ганц орон сууц биш амины орон сууцны зар мэдээний үнийн дүнг хамаатуулан нэгтгэн нийлүүлж харьцуулагдсан хөрөнгийн тоонд хуваан гаргах зарчмаар хөрөнгийн үнэлгээг тодорхойлж 66,900,000 төгрөг гэж үнэлсэн байна. 66,900.000 төгрөгөө 62.31 м.кв-д шилжүүлэн хуваахад нэгж м.кв-ийн үнэ нь 1,073,664 төгрөгөөр үнэлэгдэх тооцоолол гаргасанд төлбөр төлөгч буюу хөрөнгийн өмчлөгчийн хувьд санал нийлэхгүй, хөрөнгийн үнэлгээг шударгаар хийгээгүй, хөрөнгийг үнэгүйдүүлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй харин гомдолтой байна.

Иймд, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Нийслэлийн ... тоотод байрлах, ...дугаарт бүртгэгдсэн, 62.31 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус албанд холбогдуулж ...ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1524 дүгээр захирамжаар ... 60,289,374 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 264,798 төгрөгийг гаргуулж "Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсний дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч ...ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошуу гудамжны 12 дугаар байрны 23 тоотод байрлах 62.31 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч ... нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус албанд бичгээр ирүүлсэн үнийн саналдаа 1 м.кв-ын үнийг 1,800,000 төгрөг буюу нийт 112,158,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс үнийн санал ирээгүй, талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/02 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор ... ХХК-ийг томилж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 66,900,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон байна.

Төлбөр төлөгч нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээний саналаа нэгж м.кв-ыг 1,250,000 төгрөг буюу нийт 77,887,500 төгрөгөөр тооцож өгсөн гэж илт худал, хууль бус нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан. Төлбөр төлөгч ...т Эд хөрөнгийн үнэлгээ-г 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай албан бичгээр мэдэгдэхэд биечлэн ирж гардаж авсан. Гэтэл төлбөр төлөгч тал Эд хөрөнгийн үнэлгээ-г мэдэгдсэнээс хойш жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул ...ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Капитал банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...т холбогдох зээлийн гэрээний үүрэг 60,289,374.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсан хариуцагч ...ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 167 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох ... тоот 62,31 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд харилцан тохиролцоогүй байна.

 

Улмаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/02 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний ... ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр ... ХХК-ийг томилж, шинжээч дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 66,900,000 төгрөг болохыг тогтоосон байна.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 85-87/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ тогтоосон гэж тайлбарласан байх боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Мөн төлбөр төлөгч ...т 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан /хэргийн 91 тал/ байх бөгөөд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох ... тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй 62,31 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ