Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/02294

 

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2021/02294 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2015 онд дүү ... Франц улс руу явах болсон тэгээд дүүгийнхээ ажиллуулдаг байсан хэвлэхийн хэдэн төхөөрөмжийг авч үлдэхээр боллоо, компани байгуулаад хамтарч ажиллая гэдэг санал хэлдэг байсан. Би ажлаа солих сонирхолгүй байсан тул хамтрах саналыг нь хүлээж аваагүй юм. ... дүүгээ явах болсон бас төхөөрөмжийг нь авч байгаа учраас мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө хайж байсан. Тухайн үед нь надад байшин барихдаа нэмэрлэхээр хуримтлуулсан 2 сая төгрөг байснаа зээлүүлэхээр болоод хэвлэх компанийнхаа ашгаас эргэн төлөхөөр гэрээ байгуулж зээлсэн юм. Эхний удаа 2 сая төгрөг зээлсэн ч компани байгуулах бичиг баримт, өрөө тасалгаа тохижуулах, хамт ажиллах хүмүүстээ эхний ээлжинд өгөх урьдчилгаа цалин гэх мэтэд надаас мөнгө нэмж зээлээд дахин 600,000 төгрөг авсан. Би өөрөө төсвийн байгууллагад ажилладаг, цалин хүрэлцээгүй байсан учир мөнгөнөөс болоод хоорондоо муудалцаж харилцаа тасарсан.

Би түүний амьдардаг газрыг нь хайж олоод өдөржин хүлээж, хаалга үүдийг нь балбаад нээж өгөхгүй, бүтэн өдөр болсны дараа гарч ирэхээр нь нотариат руу дагуулж ороод 2018 онд эргэж төлөх хугацаатай өөрийнх нь гараар бичсэн баталгаа хийлгэж авсан ч одоо болтол төлөөгүй байгаа. 2017 онд байшингийн зээл бүтэж байшин барих ажил эхэлж мөнгө их хэрэгтэй үед мөнгөө нэхсэн ч бас өгөөгүй. Дараа нь байшингийн гадна пасадны ажилд үнэ хөлс нэхэлгүй хийж тусална, мөнгө зээлдүүлсэн хүүд зүгээр хийж тусална гээд эхлүүлсэн ажлаа дутуу хаяж явсан. Тухайн үед хэвлэх компани нь бүтэлгүйтэж тууштай ажиллуулаагүй, орлого байхгүй байгааг нь би мэдэж байсан болохоор хүлээцтэй хандаж мөнгөө авна гэж нэхэж хөөцөлдөхгүй байсан юм. Одоо ... нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар түгээх төвд ажиллаж байгаа зээлээ төлөх боломжтой болсон гэж үзэж байгаа. Иймд ...аас зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ... бид 2 өнөөдрийг хүртэл найзалж нэг хэсэг хамтдаа амьдарч ирсэн байдаг. Хамтдаа амьдарч байх үед манай нэг ахын хүүхэд хэвлэх компани ажиллуулж байгаад гадаад руу явж ажиллаж амьдрахаар боллоо. Энэ хэвлэхийн компанийг худалдаж аваач гэсэн санал тавьсан. Би энэ тухайгаа ...т хэлэхэд хоёулаа очиж үзэж байр байдалтай нь танилцаад хамт ажиллуулах шийдвэр гаргаж ... 2,000,000 төгрөгийг хамтдаа очиж тоолж өгсөн. Мөн ажиллуулж байх явцад жижиг сажиг тоног төхөөрөмжүүд хэрэг болж байсан учраас нэмж ...ээс 600,000 төгрөг авч ажилчдын цалинд нэмэрлэсэн. Бид бие биедээ итгэж ажиллаж байжээ. 3, 4 сар өнгөрсний эцэст нэг өдөр ... надад санал тавьсан. Ганбаа ахаа би энхэр хүүхэдтэйгээ Франц явахаас өмнө хэдхэн хоног ажиллаж байгаад явъя гээд байхаар нь итгээд өгсөн. Тэгээд 7 хоногийн дараа ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн байсан. Тоног төхөөрөмжүүдээ зараад гадаад улс руу зугтаагаад яваад өгсөн байсан. Энэ тухай ...т хэлэхэд итгээгүй. Би ямар ч байсан ...ийн 2,600,000 төгрөгийг барагдуулж өгнө гэж учирлаж хэлдэг байлаа. Тэгээд нэг удаа манайд ирэхэд нь барагдуулж өгөх тухайгаа баталгаа гаргаж өг гэж хэлэхэд нь хоёулаа цугтаа явж нотариатаар баталгаажуулж тамга дарж гарын үсэг зурсан.

Ингээд цаг хугацаа намар болж маш хүйтэрч байсан. Тэр үед гэр нь хүйтэн, туурга байхгүй, дээвэр нь нимгэн их хүйтэн байсан учраас ... би ер нь байшингаа барихаар боллоо гэж хэлж байсан. Би ч энэ санааг нь маш сайн дэмжсэн. Ахынхаа барилгын бригадыг авчирч хашаа босгосон. Дараа нь манай дүү н.Цэнгээ надад 800,000 төгрөгийн өртэй түүндээ байшингийн дээврийг нь хийлгүүлж өгнө гэж хэлж байсан. Дараа нь гадна талын дулааныг нь яаж хийлгэдэг юм билээ, гадаа хүйтэрч байна, манайхан бүгд зугтаагаад явчихлаа надад туслах нэг ч хүн олдохгүй байна гэж их л гунигтай хэлж байхад би чамд ганцаараа тусална шүү дээ, надад итгэ, хүнээр гадна доторхоо хийлгэвэл маш өндөр үнэ хүрнэ гэж хэлж байлаа.

Ингээд бид 2 эргэлт буцалтгүй гадна дулааныг хөөсөн пасаадаар хийхээр тохиролцсон. Хэд хэдэн хөөсөнцрийн үйлдвэрээр явж үзсэн. Нэг удаа хөөсөнцрийн үйлдвэр дээр би ирчихсэн байна, чи хүрээд ирэх үү гэж байхад би яваад очиход их үнэтэй хөөс захиалчихсан байсныг нь болиулаад арай хямд үнэтэй хөөсөөр хийсэн ч болно гэж хэлээд арай биетэй үнэ хямдтай хөөсийг бодуулж авсан байдаг. Ингээд би тэднийд амьдарч байсан цаг үе байлаа. Ажлаа хамгийн эхлээд байшингийн довжоо байхгүй, шат байхгүй байсныг хараад байшингийн довжооноос эхэлсэн. Байшингийн довжоо нь уртаараа 4 м, өргөн 3м гаран талбай шаттай хийж өгсөн. Нийт дүн нь 4,447,500 төгрөг болсон. Энэ үед ажил төрөл байхгүй байж байхдаа энэ байшингийн зардлыг тооцож болдоггүй юм уу гэж учирлаж гуйж байсан. Гэнэт л мөнгө нэхээд эхэлсэн. Зөндөө юм илүү хийж өгсөн. Өөрт нь ч гэсэн яаж пасад хийдгийг зааж өгсөн гээд давуу байдал олон байгаа. Байшингийн тооцоог хийхдээ хамгийн боломжийн бага үнээр тооцож гаргасан. Ажлын хөлсийг суутгаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, үндэслэлээ ...ээс шилжүүлсэн 2,600,000 төгрөгийг өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд суутгана гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ... нь 2015 онд хариуцагч ...т 2,600,000 төгрөгийг зээлдүүлэх, хариуцагч ... нь 2,600,000 төгрөгийг буцаан төлж барагдуулахаар амаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох ... 2,600,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч тал болох ... шилжүүлэн авсан 2,600,000 төгрөгийг буцаан төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

..., ... нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дээрх зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулан нөхөж байгуулсан байх ба энэхүү гэрээгээр зээлдэгч ... нь зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөгийг 2018 онд багтаан төлж барагдуулахаар тохиролцжээ. /хэргийн 6 тал/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч ... нь 2,600,000 төгрөгийг зээлдэгч ...т шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Зээлдэгч ... нь ...ээс шилжүүлэн авсан 2,600,000 төгрөгийг 2018 онд багтаан буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдүүлэгч ... нь зээлдэгч ...аас зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Харин ..., ... нарын хооронд дээрх зээлийн гэрээний үүргийг тэдгээрийн хооронд байгуулагдсан гэх ажил гүйцэтгэх гэрээний үүргээр харилцан тооцож дуусгавар болгохоор хүсэл зориг нэгдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагч ... нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч ...аас зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ...аас 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ