Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/02195

 

 

 

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар  102/ШШ2021/02195

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо *44 тоотод оршин суух Б овогт Д И /РД: */

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо * тоотод оршин суух Э овогт М Д /РД: */

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.И

                                   хариуцагч М.Д

        нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.И миний бие нь 2016 онд М.Дтай танилцсан. Бидний хамт байх хугацаанд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү Д.И төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Д.И миний асрамжид өсч торнисон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү маань эцгээрээ овоглодог. Хүү Д.И нь энэ жил 2 нас хүрч цэцэрлэгт орж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, бусад зардлууд өсч байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Иймд хүү Д.Иэд эцэг М.Дгаас тэтгэлэг гаргуулж өгнө үү. 

 

Хариуцагч М.Д шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Иийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Д.И, М.Д нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү Д.Иийг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх  нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Д.И нь эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Энэхүү үүргийг хүүхдээсээ хүндэтгэн үзэх шалтгаанаар тусдаа амьдарч байгаагаас бусад нөхцөлд биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч М.Дгаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүү Д.Иийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогдоно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 238,700 төгрөгөөр тогтоогдсон байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар зохигч улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөг төлөхөөр байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Дгаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Д.Иийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Д нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,865 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 32,335 төгрөг, хариуцагч М.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ит олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА