| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/01988/И |
| Дугаар | 102/ШШ2021/02344 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/02344
2021 оны 09 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2021/02344 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ...-д холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 947,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тоот байрны оршин суугч нь 2018 оны 02 дугаар сараас 2021 оны 3 сар дуустал 36 сарын хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны хуримтлалын мөнгөө удаа дараа шаардуулж, төлөхгүй байгаа тул хариуцагчаас 947,900 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ... миний бие 2011 оны 5 дугаар сараас ... тоотод гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг хугацаанд нь төлдөг байсан. 2015 оноос эхэлж манай гэрийн болон орцны таазаар борооны ус гоожиж эхлэн тавтай амьдрах боломжгүй болсон. Борооны усны талаар удаа дараа ... Сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж байсан боловч арга хэмжээ огт аваагүй өнөөдрийг хүрээд байна.
Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах үүргийг оршин суугчдын өмнө хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ 2015 оноос биелүүлээгүй. Тийм ч учраас дээврийн асуудлыг хурдан засварлаж шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Би өөрийн давхрын 34, 35 тоот хөрш айлтай нийлж 2019 оны зун хар цаас, хар лаак гэх мэт материал худалдан авч 1-р орцны дээврийн хар цаасны завсруудыг нөхсөн бөгөөд мөн өөрийнхөө орон сууцанд 1 удаа засвар хийсэн боловч 2020, 2021 онд мөн дээврийн ус байнга гоождогоос болж засвар хийгээгүйтэй адилхан болсон. Сууц өмчлөгчдийн холбооны өөрийн үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй. ... сууц өмчлөгчдийн холбооны нь миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж дээврийн засварын ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн бол төлбөр, хураамжтай холбоотой асуудал үүсэхгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны дээврийн засварын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй '..." Сууц өмчлөгчдийн холбоотой эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа болно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ...ад холбогдуулан сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 947,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
... сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 02 тоот гэрчилгээ авч, ... сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. Харин сууц өмчлөгчдийн холбоо нь үйл ажиллагааны буруугаас сууц өмчлөгчид хохирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой ч хуулиар хүлээсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Хариуцагч ... нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 67 дугаар байрны 2 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийг 2018 оноос хойш төлөөгүйг зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч дээрх төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр буюу 70,550 төгрөгийг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд шаардаагүй, хариуцагч төлөхийг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хэрэгсэхгүй болгоно.
Харин дээрх дурдсанчлан орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Хариуцагч ...аас 2018 оны 7 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 877,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу хариуцагч ...аас 877,350 /найман зуун далан долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ... сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 25,606 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ