| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2018/1388/и |
| Дугаар | 1933 |
| Огноо | 2018-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 1933
Т.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Зд холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 402 161 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс улмаас учирсан хохирол 106 598 476 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,
Зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Т.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Базар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжпэгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Зтай 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 353 дугаар зээлийн гэрээ байгуулж, 16 000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 406 дугаар зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 448 дугаар зээлийн гэрээ байгуулж, 7 000 ам.доллар болон 8 000 000 төгрөгийг тус тус тодорхой хугацаа, хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ болгоны хүүгийн хэмжээ, хугацааг гэрээгээр харилцан тохиролцсон. Б.З нь манай нөхөртэй найз нөхдийн холбоотой байсан, зээлийг авахаас өмнө надаас 1 сарын хугацаатай зээл аваад 5-6 сарын дараа зээлээ хүүгийн хамт төлчихдөг байсан болохоор тодорхой хэмжээнд итгэлцэл үүссэн. Б.З нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаандаа төлбөр төлөөгүй ба зээлийн төлбөрөө шаардаж уулзахад удахгүй баталгаатай төлнө гэж хэлж хойшлуулсан. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бид уулзаж, ярилцаад тэрээр зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэхэд төлж барагдуулах талаар амлалт өгч, баталгааг бичгээр гаргасан. Тус бичигт 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 39 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 8 000 000 төгрөг, 7 000 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой 6 000 ам.долларыг тус тус төлж барагдуулах тухай амлалт, баталгаа гаргаж өгч байсан. Гэвч 39 000 000 төгрөгөөс 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 35 080 980 төгрөгийг төлсөн байна. Иймд тус төлбөрийн үлдэгдэл 3 919 020 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн 39 000 000 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу төлбөр хоцроосон хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон нэхэмжилж байна. Б.З тус төлбөр төлөх үүргийг 100 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тул алданги нь хуульд заасан дээд хэмжээ болох төлбөрийн 50 хувьд хүрсэн байна. Иймд 39 000 000 төгрөгийн тавин хувь 19 500 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийн зээлийн гэрээнээс 7 000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 8 000 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн байна. Иймд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэнд зээлийн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход алданги хуульд заасан дээд хэмжээнд хүрсэн буюу 3 500 ам.доллар, 4 000 000 төгрөгийн алданги, тус гэрээг нэг сарын хугацаагаар сунгасан боловч нэг сарын хүү болох 700 ам.доллар, 800 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд тус хүүгийн төлбөрийг түүнд ногдох 350 ам.доллар, 400 000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байна. Харин 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 16 000 ам.долларын зээлийн гэрээнээс 6 000 ам.доллар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр 6 000 ам.доллар. Зээлийн гэрээнд заасны дагуу 3 000 ам.долларын алданги тус тус нэхэмжилж байна. Дээрх үнийн дүнгүүдийг нэмж тооцвол нийт 28 619 020 төгрөг, 13 550 ам.долларыг Монгол банкны албан ёсны ханш 2 419.42 төгрөгөөр 32 783 141 төгрөг, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 61 402 161 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 106 598 476 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу Б.З 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлбөрүүдийг төлөх тухай баталгаа гаргаж байсан болон 2014, 2015 онуудад зээлийн гэрээний төлбөрийг хувааж, тодорхой хэмжээгээр төлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг шинээр эхлэн тоолохоор заасны дагуу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 77-81 дүгээр талд дансны хуулга, ам.долларын ханшны лавлагаа авагдсан байгаа. Хариуцагч Б.З нь нэхэмжлэгч Т.Бг түүний гаргаж өгсөн бичигт “30 саяыг төлнө” гэж байсныг “39” болгож зассан байна гэж тайлбарладаг. Учир нь 30 сая төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, дахин нэг сараар сунгасантай холбоотой 30 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр нь 39 сая төгрөг болсон. Энэ тухай зохигчдын хооронд ярилцаж байсан нь дуу хураагуурт бичигдэж CD-д хийсэн үзлэгээр тогтоогдоно. Мөн 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 448 дугаар зээлийн гэрээний 7 000 ам.доллар, 8 сая төгрөгийн хувьд 7 000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр /хх-76/, 8 сая төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4 сая, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4 сая төгрөгийг хувааж төлөх замаар төлсөн байна. Хариуцагч Б.З нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул алданги тооцож нэхэмжилсэн. Мөн дээрх зээлийн гэрээг хариуцагч Б.З нь нэг сарын хугацаагаар сунгасан боловч нэг сарын хүү болох 800 000 төгрөг, 700 ам.долларыг төлөөгүй байна. Иймд тус төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилсэн. Гэрээг нэг сараар сунгасан тухай гэрээний арын хуудсанд тэмдэглэж, хариуцагч Б.З нь гарын үсэг зурсан байна. Ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөг рүү хөрвүүлж тооцоолсон. Хариуцагч Б.З нь хариу тайлбартаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт төлөх тухай амаар удаа дараа амлалт, баталгаа өгч ирсэн. Мөн нэхэмжлэгч Т.Б нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.
Зээлийн гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 106 598 476 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Б.З нь 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 448 дугаар зээлийн гэрээний 8 сая төгрөг, 7 000 ам.доллар болон 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний дагуу төлөх 39 сая төгрөгийг тус тус төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нь 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 448 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагчид 8 сая төгрөг, 7 000 ам.долларыг нэг сарын хугацаатай 10 хүүтэй зээлсэн. Ингэхдээ тус мөнгийг мөн өдөр өөрийн танил н.Лхамноржингоос 8 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед өөрөө тийм хэмжээний мөнгөгүй байсан тул мөнгийг н.Лхамноржингоос 8 хувийн хүүтэй зээлж, хариуцагч 10 хувийн хүүтэй зээлж, дундаас нь 2 хувийн хүүгийн ашиг авахаар төлөвлөсөн. Тус Зээлийн гэрээний 7 000 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8 сая төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4 сая, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4 сая төгрөгийг хувааж төлөх замаар төлсөн байна. Хариуцагч Б.З нь зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй тул нэхэмжлэгч Т.Б нь Д.Лхамноржингоос зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болж, cap бүрийн хүүг төлсөн байна. 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 7 000 ам.долларын үндсэн зээлийг төлж дууссан бол 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээл 8 сая төгрөгийг хүүгийн хамт төлж дууссан. Иймд тус зээлийн гэрээний дагуу төлж ирсэн хүүг хариуцагч Б.Згаас нэхэмжилсэн болно. Монгол банкны ханшаар ам.долларыг төгрөг рүү хөрвүүлж нэхэмжилсэн, 8 сая төгрөгийн хувьд cap бүр 640 000 төгрөгөөр 22 сарын хүү төлсөн, 7 000 ам.долларын хувьд cap бүр 560 ам.долларыг 21 сар, сүүлд 130 ам.доллар тус тус төлсөн байна. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний дагуу 30 сая төгрөгийг нэхэмжлэгч нь 15 хувийн хүүтэй өөрийн танил хүнээс зээлсэн, энэ нь хариуцагч Б.Згийн хүсэлтээр болох нь зохигчдын хоорондын ярианы CD бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Тухайн зээл өндөр хүүтэй байсан тул хүүг нь бууруулах үүднээс 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн танил н.Лхамноржингоос (гэрчээр оролцсон) 39 сая төгрөг зээлж, өмнөх өндөр хүүтэй зээлийг дарсан. Гэвч, хариуцагч Б.З нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй, 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.5 сая, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4.5 сая төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8 400 ам.доллар (тухайн үеийн ханш болох 2033.45 төгрөгөөр тооцвол 17 080 980 төгрөг) тус тус төлсөн байна. 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үндсэн зээл 39 сая төгрөгийг нэг сарын хүүгийн хамт төлж дуусгасан. Нэг сарын хүү нь 3 120 000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь нийт 23 сарын хүү төлсөн байна. Энэ нь 71 760 000 төгрөг болж байна. Хариуцагч Б.З нь нэхэмжлэгчид бусдаас авсан зээлд төлсөн хүүг төлөх үүрэгтэй. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гарган өгсөн баталгаа нь хэлцэл эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа. Амлалт баталгаа өгөөд явж байгаа тохиолдолд хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Д.Лхамноржин, Т.Б 2 бол зээлийн гэрээ байгуулсан. Б.Зд мөнгө зээлснээс хожим байгуулсан гэрээ байгаа. Анх 15 хувийн хүүтэй зээлсэн, хүүгээ бууруулаач гээд, 2 сарын хүүг төлөөд шилжүүлсэн байгаа. Д.Лхамноржин барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрчилгээг эх хувиар нь авч барьцаалсан байгаа гэжээ.
Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт 3 зээлийн гэрээ байгаа. Бизнес эхлүүлнэ гээд зээл авч байсан, хүү их өндөр, бизнес бүтэлгүйтэж эрсдэлд орсон. Эхний ээлжинд хүүгээ багасгаж, хүүг тэглэсэн. Би бүх мөнгийг нь өгчихсөн. Нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байгаа. 406 тоот гэрээний 30 000 000 төгрөг, 448 тоот гэрээний 8 000 000 төгрөг гээд нийт 38 000 000 төгрөг төлөх ёстойгоос би 44 762 000 төгрөг төлсөн. 2012 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 5024150533 тоот дансаар 2 160 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сард 2 200 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 800 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 8 400 ам.доллар буюу 17 094 000 төгрөг, нийт 44 762 000 төгрөг төлсөн. Т.Бтай ярилцаад зээлийн үүргийг хаасан гэж үзэж байна. Би дахиж алданги төлөх боломжгүй. 448 тоот гэрээний 7 000 ам.доллар, 353 тоот гэрээний 16 000 ам.доллар гэсэн асуудал байгаа. Би 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Т.Бгийн ам.долларын дансруу 19 700 ам.доллар шилжүүлсэн. 1 600 ам.доллар, 800 ам.доллар, 700 ам.доллар, 1 600 доллар төлсөн гэж байна. Би үүнийг сайн санахгүй байна. Ингээд би нийт 23 000 ам.доллар төлөх ёстойгоос 30 700 ам.доллар төлсөн баримт байна. 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэсэн баталгаа гаргаж өгөх нь гэсэн хуудсанд Б.З 6 000 ам.долларын үлдэгдэлтэй гэсэн, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Хасу гүнж” ХХК-ийн данснаас нөхөр н.Хүрэлбаатар 7 000 ам.доллар шилжүүлж 6 000 ам.долларыг 7 000 ам.доллар болгож шилжүүлсэн. Нэхэмжлэгчид 44 762 000 төгрөг, мөн 30 600 ам.долларыг төлсөн тул үлдэгдэл төлбөр байхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн 3 гэрээний тухай яригдаж байна. Гэрээ 2012 онд байгуулагдсан. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05 дугаар сард гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны тухайд заасан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжилж байгаа бол 2015 оны 05 дугаар сараас өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан. Гэрээний үүрэг шаардах хугацаа дуусаад 2 жилийн дараа шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичсэн баталгаанд мөнгийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана гэжээ. Үүнд Иргэний хуулийн 78 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацааа түр зогсох гэсэн асуудал яригдаж байна. Нийт 7 жилийн хугацааны асуудал, 2 сарын хугацаанд тасарсан байна. Үүнээс хойш 3 жилийн дараа нэхэмжлэлээ өгч байна. Сүүлд 39 000 000 төгрөг дээр бид маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баталгааны дагуу тус мөнгө хариуцагчид шилжсэн үү, 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 30 000 000 төгрөг зээлсэн. Баталгаанд 9 000 000 төгрөгийг нэмж өгнө гэсэн байгаа. Анх байгуулсан 30 000 000 төгрөгийн гэрээг 39 000 000 төгрөг болгоод зассан байна. Нэхэмжлэгчийн хамгийн чухал баримт нь хариуцагчтай утсаар ярьсан бичлэг гээд нотлох баримтаар CD өгөөд байдаг. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж байгаа, зөвшөөрөлгүйгээр шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгсөн. Б.Згийн зөвшөөрөлгүйгээр захидал харилцааны нууцыг гаргаж байгаа нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Б.З бичлэг хийснийг мэдээгүй. Анх гаргасан нэхэмжлэлд 30 000 000 төгрөгийг, 35 080 000 төгрөг болгож өгсөн гэж хэлсэн байгаа. Баталгаа өгсөн 39 000 000 төгрөгийг зээлийн гэрээ болгож нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Үүргээ давуулан биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбарт байгаа. Сүүлд ирүүлсэн баримтаас үзэхэд 2012 оны 07 дугаар сараас хойш алданги гээд 19 800 000 төгрөг нэхэмжилсэн байна. 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийг зээлсэн. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 7 000 доллар, 8 000 000 төгрөгийг төлсөн байна гэж бичсэн байгаа. Үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги гэж нэхэмжилсэн байна. Нийт 61 420 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлогдохгүй байна. Т.Б болон Д.Лхамноржин нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, шилжүүлсэн баримт байхгүй. Хариуцагч нь Т.Бг өөрийн өмнөөс их хэмжээний зээлийг Д.Лхамноржинд төлсөн байгааг мэдээгүй. 2017 оны 05 дугаар сард нэг ам.доллар 2 200 төгрөгтэй тэнцэх ханштай байсан. Гэрээ байгуулах үед нэг ам.доллар 1 298 төгрөгтэй тэнцэх ханштай байсан. Нэхэмжлэл гаргаж байгаа үеийн ханшаар тооцож байгааг шүүх анхаарч үзнэ үү. 3 зээлийн гэрээний нийт дүнгийн 50 хувийг нэхэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Талуудын хооронд ганцхан баталгаа 2 сар хойшлуулсан. Баталгаа өгснөөс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч маргаагүй. Иргэний хуулийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Д.Лхамноржингоос мөнгө зээлж хохирсон гэсэн байгаа. Д.Лхамноржин мөнгөө нэхэж нэхэмжлэгчийг шүүхэд өгөөгүй. Т.Бд бодитойгоор хохирол учирсан зүйл байхгүй. Д.Лхамноржин Т.Бгаас гэрээнийхээ дагуу хохирлоо шаардах бүрэн эрхтэй. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа учраас нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Згаас зээлийн гэрээний үүрэгт 34 151 854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бд олгож, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаас нийт 133 848 783 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 961 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үнийн дүнгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 690 942 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б.Згаас 328 709 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Бд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 27 250 307 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй байна. Хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээ тус бүрээс хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болохоо өөрөө бичиж, тэдгээрийн төлөх талаар баталгаа гаргасан тул зээлийн гэрээний тухай талууд тооцоо нийлсэн гэж үзэх, зээлийн үлдэгдэл төлбөрийн тухай маргаангүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд уг хугацаагаас хойш хариуцагчийн төлбөрийг хасч, түүний төлвөл зохих үндсэн төлбөрийг тооцоолох үндэслэлтэй юм. Харин 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө төлсөн төлөлтүүд нь түүний төлвөл зохих төлбөрөөс хасагдахгүй юм. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлсөн бүхий л төлбөрийг хасч, нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагчийн зүгээс ч 2014 оны 06. дугаар. сарын 18-ны өдрөөс хойш түүний төлсөн аливаа төлбөрийг бид нэхэмжлэл гаргахдаа хасч тооцоогүй тухай баримт гаргаж мэтгэлцээгүй.
Бид хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 106 598 476 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн зүгээс "2012 оны зээлийн гэрээг 2017 онд нотариатаар батлуулсан байна" гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч нь гэрчтэй 2012 онд байгуулсан гэрээг 2017 онд шүүхэд гаргаж өгөх зорилгоор гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн. Ийнхүү 2017 онд гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчсөн хэрэг биш бөгөөд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.
...Анхан шатны шүүхийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон CD, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй болж чадаагүй.
...хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож гэрч н.Лхамноржинтой байгуулсан зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Тус зээлийн гэрээний төлөлтийг хэрхэн хийж байсан тухай зээлийн гэрээ тус бүрт бичигдсэн байсан. Түүнчлэн, зээлийн гэрээ, түүний төлөлт нь үнэн зөв бичигдсэн болох нь гэрч Лхамноржингийн мэдүүлгээр. Нотлогдож байгаа. Хариуцагчийн зүгээс тэдгээр баримтуудыг хууль бус, хуурамч болох тухай ямар нэгэн баримт гаргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхийн зүгээс ч дүгнээгүй. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлын тухай нотлох баримтгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй", 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт "Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ", 222.4 дэх хэсэгт "Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна" гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.З нь нэхэмжлэгчид бусдаас авсан зээлд төлсөн хүүг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.З давж заалдах гомдолдоо “...2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Т.Бтай 16 000 ам.долларыг 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг илүү төлж дуусгавар болсон.
Тухайлбал 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хүү 1 600 ам.доллар, мөн Т.Бгийн Хаан банкны дансанд 8 сарын хүү 2 160 000, 9 сарын хүү 2 208 000 төгрөгийг тус тус төлж байсан. Үүнээс хойш 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дээрх үндсэн зээлийн төлбөр дээр хүүг нэмж 19 200 ам.долларыг Т.Бд төлж 353 дугаар зээлийн гэрээ дуусгавар болсон. 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т.Бтай 406 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг зээлийн гэрээний 1 дэх хэсэгт 30 000 000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай байгуулсан. Бид харилцан тохиролцож 30 000 000 төгрөгийг нэмж 37 000 000 төгрөг болгож төлсөн тул 406 дугаар гэрээний 6 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж гэрээ дуусгавар болсон. Харин миний баталгаа бичиж өгсөн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн баримт дээр 30 000 000 төгрөг гэж бичсэнийг 39 000 000 төгрөг болгож гараар засаж өөрчлөн, уг мөнгөний 50 хувиар алданги тооцож 19 500 000 төгрөгийг нэхэмжилсэн дээр маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх баталгаан дээр маргаагүй гэж дүгнэсэн нь хууль бус байна.
2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Т.Бтай 448 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний 1 дэх хэсэгт 7 000 ам.доллар болон 8 000 000 төгрөгийг тус тус 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай байгуулсан болно. Дээрх гэрээнд заасан үүргийг 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 7 000 ам.долларыг төлж барагдуулсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд дээрх гэрээнүүдийн алданги гэж нийт 61 сая төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед 2012 оноос хойших алданги гэж бүх гэрээний үнийн дүнгийн 50 хувийг 2017.05 сард нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил..." байна гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж нэхэмжлэл гаргасан болно. Иймд шүүхийн шийдвэрээр 34 151 854 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 402 161 төгрөг , гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохиролд 106 598 476 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үүргийг гүйцэтгэж дуусгавар болсон гэж маргажээ.
Зохигчид хооронд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр, 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 7 000 ам.доллар, 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохирч 3 зээлийн гэрээг тус тус байгуулсан, зээлдүүлэгч Т.Болортуяа нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б.Зд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх 7-9/
Талууд дээрх 3 зээлийн гэрээг бичгээр сунгасан баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч Т.Бгийн Хаан банк дахь харилцах дансны хуулгаар Б.Згаас зээл, зээлийн хүүд 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 700 ам.долларыг нэхэмжлэгч Т.Бд төлсөн нь тогтоогдсон.
Талууд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн гэж дүгнэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.З нь “Б.З миний бие Т.Бгаас 2012.07.23-ны өдөр авсан 39 000 000 төгрөг, 2012.09.13-ны өдөр авсан 8 000 000 төгрөг, 7000 ам.долларыг 2014.07.05-ны дотор төлж барагдуулах бөгөөд уг зээлэнд авсан хүүний үлдэгдэл төлбөрийг 6 хувийн хүүтэй төлж барагдуулна /2014.08.01-ны өдөр /2012-2014/ гэхэд төлж дуусгана./ ... 2012.05.24-нд авсан 16 000 долларын зээл авснаас 2013 оны 2 сарын 17-нд 19 200 доллар төлж 6 000 ам.доллар үлдсэн. Үүнийг төлөх болно” гэж бичиж гарын үсэг зурж, гэрээний нөгөө тал болох зээлдэгч Н.Болормаад өгсөн байна.
Уг бичгийн нотлох баримтад 39 000 000 төгрөг гэж тодорхойлж бичсэн тоо засвартай байгааг анхан шатны шүүх талуудаас тодруулахад “30 000 000 төгрөг” гэсэн талаар маргаагүй тул уг хэмжээгээр зээлдэгчийн үүргийг анхан шатны шүүх тодорхойлсон нь талуудын зарчимд нийцжээ.
2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг тодорхойлбол үндсэн зээл 16 000 ам.доллар, зээлийн хүү 1 600 ам.доллар нийт 17 600 ам.доллар төлөхөөр байх боловч зээлдэгч хүлээн зөвшөөрч 3 сарын хүүд 4800 ам.доллар төлснийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар төлбөр төлснөөр үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзвэл зээлдэгчийн үүрэг нь 16 000 ам.доллараар тодорхойлогдох юм. Гэтэл зээлдэгч нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 700 ам.доллар төлсөн байх тул түүнийг 3 700 ам.доллар илүү төлсөн гэж дүгнэхээр боловч 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгч нь энэ зээлийн гэрээний үүрэгт 6 000 ам.доллар үлдсэн гэж хүлээн зөвшөөрснийг талуудын зарчмыг үндэслэн нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг энэ хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Згийн үүргийг тодорхойлбол үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 4 500 000 төгрөг нийт 34 500 000 төгрөг төлөхөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 4 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 4 500 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 8 400 ам.доллар буюу 17 094 000 төгрөг, нийт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 25 594 000 төгрөг төлснийг хасч тооцвол 4 406 000 төгрөгийг төлөөгүй байна.
2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7 000 ам.доллар, зээлийн хүү 700 ам.доллар, үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 800 000 төгрөгийг зээлдэгч Б.З төлөх үүрэгтэйгээс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн бичгийн баримтын агуулгаас үзвэл уг гэрээний хүү тодорхойгүй тул уг гэрээний хүүг төлөгдсөн гэж дүгнэж, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлөгдсөн 7 000 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөрт төлөгдсөн 8 000 000 төгрөгийг хасч тооцвол үүрэг дуусгавар болсон байна.
2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлсэн баримтад талууд алдангийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь өмнөх 3 гэрээний дагуу алданги шаардах эрхгүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан агуулгаас үзвэл үндсэн үүрэгт зээлийн хүү тооцох бөгөөд зээлийн хүүгээс дахин хүү тооцох агуулга тусгагдаагүй юм.
Дээрх тооцоо нийлсэн баримтад зээлийн хүүгээс хүү тооцохоор тусгасан нь хуулийн уг заалтад нийцээгүй байна.
Энэ үндэслэлээр 6 хувийн хүү болон алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу 1 ам.долларын ханшийг нэхэмжлэлийн гаргах үеийн Монголбанкны ханш болох 2 419,42 төгрөгөөр тооцон / 6 000 х 2 419,42 / 14 516 520 + 4 406 000 = 18 922 520 төгрөгийг хариуцагч Б.Згаас гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгох нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохиролд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2018/01388 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...34 151 854 төгрөг” гэснийг “18 922 520 төгрөг”, “...133 848 783 төгрөг” гэснийг “149 078 117 төгрөг” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...328 709 төгрөг” гэснийг “252 563 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Бгаас төлсөн 827 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Згаас төлсөн 332 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН