Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 158/ШШ2022/0027

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн иргэн Онгод тайж нар овогт Зундуйн Хосбаяр,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нойнд овогт Мөнхбаярын Бүжин,  

            Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтэс, дарга Б.Цэвээнсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дашжамцын Баярсайхан нарын хоорондын “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгохыг даалгах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Баярсайхан, гэрч Д.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч З.Хосбаяр нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэгч нь илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хянуулахаар Татварын ерөнхий газарт гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09/974 дугаартай албан бичгээр гомдлыг хангахгүй орхисон байх тул 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
  3. Нэхэмжлэлийн үндэслэл: “
    1. Миний бие нь 2019 онд зүрхний титэм судасны нарийсал өвчний улмаас мэс заслын эмчилгээ хийлгэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвараас чөлөөлөгдөх байсан боловч чөлөөлөөгүй илүү төлсөн байна. Илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл тодорхойгүй тул хууль бус,
    2. Татварын ерөнхий хуульд заасан илүү төлсөн татвараа буцаан авах татвар төлөгчийн эрхийг зөрчиж байх тул 2019 оны 10 дугаар сараас -2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны илүү төлсөн татварыг буцааж, татвар төлөгчид олгохыг даалгах нь зүйтэй” гэж тодорхойлсон.  
  4. Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Цэвээнсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
    1. Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн тул татвараас чөлөөлөхөөр заасан боловч түүний орлогоос албан татварыг Татварын хэлтэс суутгаагүй. Татварын хэлтэс нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт албан хаагчдын хэдэн ажилтан нь хэвийн нөхцөлөөр хөдөлмөрлөдөг, хэд нь хөгжлийн бэрхшээлтэй талаар мэдэх боломжгүй,
    2. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.17-д заасны дагуу цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого нь сумын төсвийн орлогыг бүрдүүлдэг. Нэхэмжлэгчээс суутгасан татвар нь шууд сум, орон нутгийн төсөвт шилжсэн. Нэхэмжлэгчийн албан татварыг түүний ажиллаж байгаа байгууллагын нягтлан бодогч буюу суутган төлөгч нь суутган төсөвт шилжүүлдэг ба суутгагдах ёсгүй байсан албан татварыг суутган төсөвт шилжүүлснээс үүссэн үр дагаврыг өөр этгээдэд буюу Татварын хэлтэст хариуцуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.   
  5. Гэрч Д.Сувдаагаас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Анх 2019 оны нийгмийн даатгалын тайлан шүүгч З.Хосбаярын мэдээлэл буруу гэж буцаж ирсэн. Ямар шалтгаанаар буцсан талаар тодруулахад нийгмийн даатгалаас групп авдаг учир код нь өөр байдаг юм байна лээ. Тэгээд тухайн үед кодыг нь засаад явуулсан. Тэр үед л группд орсон юм байна гэж мэдсэн. Би нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадвар алдаж, групп-д орсон гэдгийг мэдэж байсан хэдий ч тэр хүн өөрөө энэ тухайгаа хүний нөөцийн ажилтанд мэдэгдэж, материалаа өгөх ёстой. Санхүүгийн үйл ажиллагаа анхан шатны баримтад тулгуурлаж явагддаг учир би хүний нөөцийн программд нэвтэрч хувь хүний мэдээллийг өөрчлөх, засах эрхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч З.Хосбаяр нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгохыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Татварын ерөнхий хуульд заасан илүү төлсөн татвараа буцаан авах татвар төлөгчийн эрхийг зөрчиж, миний 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөх ёсгүй байсан буюу илүү төлсөн 11.415.475 /арван нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийн татварыг буцаан олгохоос татгалзсан нь хууль бус тул илүү төлсөн татварыг татвар төлөгчид олгохыг хариуцагчид даалгах” гэж;

3. Хариуцагч талаас “нэхэмжлэгчийн албан татварыг түүний ажиллаж байгаа байгууллагын нягтлан бодогч буюу суутган төлөгч нь суутган төсөвт шилжүүлдэг ба суутгагдах ёсгүй байсан албан татварыг суутган төсөвт шилжүүлснээс үүссэн үр дагаврыг Татварын хэлтэс хариуцах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

4. Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/99 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-д “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг албан бичиг буюу татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.  

5. Нэхэмжлэгч З.Хосбаяр нь зүрхний титэм судасны нарийсал өвчний улмаас мэс заслын эмчилгээ хийлгэн улмаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр “зүрхний архаг ишемит өвчин” оношлогдон, анх хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сарын хугацаатай тогтоож, 2020 болон 2021 онд дээрх хугацааг тус бүр 12 сараар сунгаж шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 47-49 дүгээр тал/  

6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “"хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг ойлгоно” гэсэн байх ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадварыг 60 хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болжээ.

7. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна: 7.2.13. хувь хүний орлогын албан татвар” гэж заасны дагуу хувь хүний орлогын албан татвар нь Монгол Улсын татварыг бүрдүүлдэг татварын нэг төрөл ба нэхэмжлэгч З.Хосбаяр нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д ““татвар төлөгч” гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг хэлнэ”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна”, 7 дугаар  зүйлийн 7.1.1-д “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогыг албан татвар төлөгчийн орлогод хамруулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь татвар төлөгч иргэн байна.

8. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасанчлан нэхэмжлэгч нь албан татвараас чөлөөлөгдөх эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон шийдвэр гарсан үеэс эхлэн түүнийг албан татвараас чөлөөлөх ёстой байжээ. Гэтэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарснаас хойш 2022 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд түүний цалин, орлогоос хувь хүний албан татварыг 10 хувиар тооцож, суутган төсөвт шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн цалингийн карт /хх-ийн 60-64 дүгээр тал/   , гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

9. Нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилладаг ба Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн цалин, хөдөлмөрийн хөлснөөс хувь хүний орлогын албан татварт 2019 онд 1.200.729 /нэг сая хоёр зуун мянга долоон зуун хорин ёсөн/ төгрөг, 2020 онд 4.803.158 /дөрвөн сая найман зуун гурван мянга нэг зуун тавин найман/ төгрөг, 2021 онд 4.947.248 /дөрвөн сая есөн зуун дөчин долоон мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 464.340 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга гурван зуун дөчин/ төгрөг, нийт 11.415.475 /арван нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг суутган Татварын хэлтэст шилжүүлжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

10. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эрхийг хуульчилсан ба 12.1.2-т “татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх”, 12.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь албан татвараас чөлөөлөгдөх эрхээ эдэлж чадалгүй түүний цалин орлогоос хуульд заасан хэмжээгээр албан татвар суутган авсан тул дээрх татварыг илүү төлсөн гэж үзэж буцаан гаргуулахаар хариуцагчид хандсаныг хариуцагч буцаан олгохгүй гэх хариуг албан бичгээр өгсөн байна.

11. Хариуцагчаас татгалзсан шийдвэрийн үндэслэлээ “хувь хүний орлогын албан татварыг суутган төлөгч нь Татварын хэлтэс биш учраас хариуцахгүй” гэж тайлбарлаж байх боловч Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд татварыг буцаан олгох, суутган тооцох харилцааг хуульчилсан байх бөгөөд 49.1-д “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ: 49.1.1. буцаан олгох” гэснээс харахад татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг Татварын алба шийдвэрлэхээр зохицуулжээ.

12. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д татварын албаны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг заасан ба 76.1.1 /хууль дээдлэх/, 76.1.3 /татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх/-т заасан зарчмын дагуу Татварын алба нь татвар төлөгчийн эрхийг хязгаарлахгүй байх үүрэгтэй.

13. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т ”Суутган төлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогод албан татвар ногдуулахад холбогдох нотлох баримтыг үндэслэн энэ хуулийн 22.1.2-т заасан чөлөөлөлтийг хасаж тооцно”, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/261 дугаар тушаалаар баталсан “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2.3-т “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хувь хүний орлогыг хөгжлийн бэрхшлээтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн суутгагч болон харьяа татварын алба албан татвараас чөлөөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн орлогыг албан татвараас чөлөөлөх эрх бүхий байгууллага албан тушаалтан нь Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч эсхүл Орхон аймгийн Татварын хэлтэс байхаар зохицуулжээ. Суутган төлөгч болон хариуцагч нь нэхэмжлэгчийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон талаарх баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс түүний орлогоос суутгах албан татварыг чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр буруутгаж, түүний хуулиар эдлэх эрхийг хязгаарлаж байгаа нь зохимжгүй юм.

14. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хуулиар чөлөөлөгдөх байсан хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хэмжээгээр төлсөн тул илүү төлсөн татвар гэж үзэн нэхэмжилж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

15. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүн хуульд заасан эрх нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээдээс зөрчлийг арилгуулахыг шаардах, холбогдох хуульд заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэжээ. Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэн албан татвараас чөлөөлөгдөх эрхээ эдлэхийн тулд хариуцагч байгууллагад хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргасан боловч хариуцагчаас нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан шийдвэр нь татвар төлөгчид хуулиар олгосон эрхийг зөрчсөн захиргааны акт байна гэж дүгнэлээ.

16. Харин нэхэмжлэгч З.Хосбаяр нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ” гэж заасны дагуу 2019, 2020, 2021 онуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлсэн нь нэхэмжлэгчийн Хувь хүний орлогын албан татварын тайлангаар тогтоогдож байна. /хх-ийн 39-42 дугаар тал/  

17. Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөх тохиолдолд дээрх хөнгөлөлтийг эдлэх боломжгүй тул татварын хөнгөлөлт эдэлсэн үнийн дүнг чөлөөлөгдөх байсан татварын үнийн дүнгээс хасаж тооцон, нэхэмжлэгчид илүү төлсөн татварыг буцаан олгох үндэслэлтэй байна. Энэхүү илүү төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох асуудлыг Татварын ерөнхий хуульд заасны дагуу  хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтэс буцаан олгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээх нь зүйтэй юм.

18. Иймд нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид илүү төлсөн татварыг буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4, 15 дугаар зүйлийн 15.1, 49 дүгээр зүйлийн 49.1.1, 49.4, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хувь хүний орлогын албан татварт илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр /2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/99 дугаартай албан бичиг/ -ийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хувь хүний орлогын албан татварт төлсөн нийт 11.415.475 /арван нэгэн сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгөөс 2019, 2020, 2021 онуудад эдэлсэн татварын хөнгөлөлтийн үнийн дүнг суутган, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Орхон аймгийн Татварын хэлтэст даалгасугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ