Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00038

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гевард холбогдох 2016518020240 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Түшиг суманд 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга 2 дугаар баг, 1-33 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Донио овогт Чинзоригийн Гевар. /РД: МН88111879/

 

Шүүгдэгч Ч.Гевар нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Л.Нандинбатын эзэмшлийн Тоёота приус-11 маркийн  27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэл дэх төв засмал замын 177-178 дугаар километрийн орчимд тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалд өөдөөс ирж байсан Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас Тоёота приус-11 маркийн 27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Д.Золзаяагийн бие махбодид хүнд, иргэн Л.Нандинбатын бие махбодид хөнгөн гэмтэл, Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан 03 настай Б.Бат-Ирээдүйгийн бие махбодид хүнд, иргэн Д.Энх-Амгалангийн бие махбодид хүнд, иргэн Ж.Очмаагийн бие махбодид хөнгөн, 04 настай Б.Хангай, 13 настай Б.Онцгойбаяр нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан, Л.Нандинбатын эзэмшлийн Тоёота приус-11 маркийн 27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3050000 төгрөгийн, Д.Батболдын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4055000 төгрөгийн шууд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Геварын өгсөн….  2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Нандинбат, Жаргалсайхан, эхнэр Золзаяа нарын хамт Улаанбаатар хот орохоор хөдөлсөн. Би Л.Нандинбатын эзэмшлийн приус-11 маркийн 27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Ерөө сумаас хөдлөөд дөрвөн зам дээр ирж хоол идчихээд цааш хөдөлсөн. Тэгээд явж байгаад Дархан-уул аймаг өнгөрөөд явж байхад нэг өгсүүр замд урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байхад эсрэг урсгалд өөдөөс гэнэт машин гарч ирэхээр нь эхнэрээ хамгаалах гээд зүүн гар тийш дарж замаас гарах үйлдэл хийсэн боловч амжаагүй мөргөсөн. Уул нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эхнэрээсээ өөдөөс машин байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь эсрэг урсгалд ороод гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байхад гэнэт машин гарч ирээд мөргөлдсөн. Бид дөрөв дөрвүүлээ хамгаалах бүсээ зүүсэн байсан. Ослын дараа би машинаас бууж эхнэрээ буулгачихаад нөгөө машин дээр гүйж очоод эхлээд урд талын суудал дээр сууж явсан Очмаа эгчийг гаргаж авсан. Очмаа эгч хүү Бат-Ирээдүйгээ тэвэрчихсэн явж байсан. Тэгээд арын суудлаас хүмүүсийг нь Жаргалсайхан, Батболд нарын хамт хамжилцаж гаргасан. Түргэн тусламжийн машин дуудуулсан. Эхнэрийн бие муу байсан учир эхнэрээ аваад Дарханы эмнэлэг рүү явсан. Энэ осол бол миний зуун хувийн буруутай үйлдлээс болсон гэдгийг ойлгож зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Би Л.Нандинбатад 3660000 төгрөг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Батболд, иргэний нэхэмжлэгч Ж.Очмаа, насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Ирээдүй нарт учирсан хохиролд нийт 6.5 сая төгрөг, мөн хохирогч Д.Энх-Амгаланд 1531600 төгрөгийг тус тус төлж хохирлыг барагдуулсан. Мөн машины журмын хашааны мөнгө, машинд учирсан хохирлыг үнэлүүлэхэд төлөх мөнгө, машиныг хот руу тээвэрлүүлэхэд гарсан мөнгө зэргийг бүгдийг төлсөн. Хохирогч нартай утсаар байнга холбогдож байгаа. Хохирогч нарт цаашид ч гэсэн боломжоороо туслах талаар ярилцсан зүйл ч байгаа гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.батболдын мөрдөн байцаалтад өгсөн……. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд эхнэр Ж.Очмаа, хүүхэд Б.Бат-Ирээдүй, Б.Алтансүх болон манай эгч Д.Энх-Амгалан түүний охин Есүй, хүү Хангай, Онцгойбаяр нарын хамт миний тоёота приус 20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум орохоор гарсан юм. Тэгээд тус өдрийн 20 цагийн орчимд байхаа Хустайн даваа дөхөж явсан ямар ч байсан Баруунхараа өнгөрөөд нилээн явсан байсан. Нэг даваатай газар байсан. Манай машин уруудаж явсан чинь өөдөөс зам өгсөөд 5-6 машин цувраад ирж явсан. Эхний 2 машин өнгөрөөд явж байтал өөдөөс 2 автобус ирж байсан. Уг автобусны араас тоёота приус гэнэт гараад ирэхээр нь би жолоогоо баруун гар тийш дарсан чинь нөгөө машин өөдөөс ирээд шууд мөргөлдсөн. Ослын дараа эхнэр хүүхдээ замын машинд суулгаад Дарханы эмнэлэг рүү явуулсан. Би өөрөө гайгүй байсан тул цагдаа ирэхийг хүлээсэн….. Би Ч.Гевараас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 22-23 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн ….. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Батболд бид нар салхинд гарч Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явахаар болоод тус өдрийн 16 цагийн орчимд байхаа Батболдын приус 20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Д.Батболдын эхнэр Ж.Очмаа, түүний хүүхэд Б.Алтансүх, Б.Бат-Ирээдүй, мөн би болон миний хүүхэд Есүй, Хангай, онцгойбаяр нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. Замдаа 1-2 удаа зогсоод аажуу уужуу явж байсан юм. Тэгээд Баруунхараа өнгөрөөд явж байтал гэнэт өөдөөс машины гэрэл тусаад машин мөргөлдөөд осол болсон…. Одоогоор миний толгой өвдөөд байдаг болсон эмчийн хяналтанд байгаа, эмчилгээний зардлаа баримтаар гаргаж өгөх болно. Б.Хангай, Б.Онцгойбаяр нарын биед хөнгөн гэмтэл учирсан, одоо хэвийн байгаа, эмчилгээний зардал мөнгө бараг байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй …. Би эмчилгээний зардал болон цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Гэхдээ Ч.Гевар гэх залуугаас илүү дутуу юм нэхээд яахав ээ нийт зардал болох 1031600 төгрөг дээр нэмээд арьс индүүдэх болон шүдний аппарат хийлгэхэд 500000 төгрөг болох байх нийт 1531600 төгрөгийг гаргаад өгчихвөл би Ч.Гевар гэх залуугаас өөр зүйл нэхэмжлэхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 32-34 дүгээр хуудас/

Хохирогч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Л.нандинбат нь урд өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор Ч.Гевар Ерөө сумаас машиныг нь жолоодоод гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Хустайн даваа гэх газрын ойролцоо явж байсан чинь Гевар автобусыг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ороод явж байтал гэнэт өөдөөс машин гараад ирээд мөргөлдсөн. Ослын дараа миний бие өвдөөд байсан тул Гевар замын машин зогсоогоод хамгийн ойрхон эмнэлэг рүү буюу Дарханы Хонгор сумын эмнэлэг дээр очтол Дарханы эмнэлэг рүү явахыг зөвлөсөн. Тэгээд Дарханы эмнэлэгт очсон …. Би 24-25 долоо хоногтой жирэмсэн байсан. Ослын улмаас ураг эндэж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Гэхдээ Геварт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ж.Очмаагийн мөрдөн байцаалтад өгсөн …. Бид нар замдаа Урьхан зоогийн газар нэг удаа зогсож бие засчихаад цаашаагаа явсан. Тэгээд Хустайн даваа уруудаад явж байтал өөдөөс приус маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ тусгаад замын эсрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд манай машинтай мөргөлдсөн. Би ухаан алдсан нэг сэрсэн чинь Дарханы эмнэлэгт байсан … Би 7 сартай жирэмсэн. Миний ураг байрлалаа өөрчилсөн буюу тонус өгсөн байна лээ. Цаашдаа яах эсэхийг би мэдэхгүй байна. Миний биеийн хувьд хүзүү гэмтэж одоогоор хүзүүвч тонусны бүс хийгээд явж байна. Эмнэлэгт үзүүлж харуулсан баримтуудаа нэхэмжлэхээр өгье цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч Л.Нандинбатын мөрдөн байцаалтад өгсөн……  Золзаяа гэнэт орилохоор нь өндийгөөд харсан чинь өөдөөс машин ирж байсан. Гевар жолоогоо зүүн тийш дарсан нөгөө машин нь ч гэсэн баруун гар тийшээгээ дараад өөд өөдөөсөө мөргөлдсөн. Золзаяа 7 сартай жирэмсэн байсан. Удалгүй Баянгол сумын эмнэлгийн машин ирсэн. Жаргалсайхан бид хоёрыг үзээд намайг аваад явсан. … Би шүүх эмнэлэгт үзүүлсэн тархины хавантай гэж байсан. Шинжээчийн дүгнэлтээр миний биед хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн. Гэхдээ одоо зүгээр байна эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, машины хохирол нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 44 дүгээр хуудас/

Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн….. Ч.Гевар урдаа явсан автобусыг гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал руу ороод явж байтал өөдөөс нь гэнэт машин гараад ирсэн. Тэгсэн Гевар замаас гаръя гэж бодсон юм шиг байна лээ жолоогоо зүүн гар тийш дартал замаас гарч амжихгүй мөргөлдсөн. Ослын дараа машинаас гарахд бид нарын өөдөөс мөргөлдсөн машинд хүүхдүүд байсан. Тэгээд цагдаа эмнэлэгт мэдэгдсэн. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй тул үзүүлэх шаардлагагүй гэх мэдүүлэг /Хх-н 46-47 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16239 …. Дүгнэлт

1.Бат-Ирээдүйгийн биед дух яс, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, тархи доргилт, духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Бат-Ирээдүйгийн биед архаг өвчин тогтоогдсонгүй гэх /Хх-н 50 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16235 …. Дүгнэлт

1.Энх-Амгалангийн биед баруун нүдний ухархайн дотор хананаас дух ясны өмнөд хана болон дух яс руу үргэлжилсэн ил хугарал, духанд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. үйлчлүүлэгчийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх /Хх-н 60 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16265 …. Дүгнэлт

1.Очмаагийн биед тархи догилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун хөх, цээж, баруун, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 73 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16269 …. Дүгнэлт

1.Хангайн биед баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 75 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16268 …. Дүгнэлт

1.Онцгойбаярын биед тархи догилт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 77 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ¹ 1286 ….. Дүгнэлт

1.Д.золзаяагийн биед хэвлийн битүү гэмтэл, умайн бүрэн бус урагдал, 24-25 долоо хоногтой амьгүй урагийг хагалгаагаар авч умайн урагдлыг оёсон хагалгааны дараах байдал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалтын дараах цус багадалт, цээж хэвлийн өмнө ханан дахь зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12, 3.3.3, 35.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Д.Золзаяагийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 85 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16225 …. Дүгнэлт

1.Нандинбатын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод звхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Нандинбатын биед архаг өвчин тогтоогдсонгүй гэх /Хх-н 87 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ¹ 235 …. Дүгнэлт

1.Шинжилгээнд авсан Ч.Геварын цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх /Хх-н 94 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ¹ 84 ….….. Дүгнэлт:

1. Жолооч Д.Батболд замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 

2. Жолооч Ч.Гевар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх

10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт … гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Жолооч Гевар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. а, б, 10.6. е заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 98 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 4-8 дугаар хуудас/

Кости-Эстимэйт ХХК-ний Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай суулын авто машины эвдрэл хохирлын шууд зардлыг 4055000 төгрөгөөр, шууд бус зардлыг 1050000 төгрөгөөр, нийт 5105000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургууд /Хх-н 100-102 дугаар хуудас/

Кости-Эстимэйт ХХК-ний Тоёота приус-11 маркийн 27-18 УББ улсын дугаартай суулын авто машины эвдрэл хохирлын шууд зардлыг 3050000 төгрөгөөр, шууд бус зардлыг 610000 төгрөгөөр, нийт 3660000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургууд /Хх-н 103-104 дүгээр хуудас/

Ч.Гевар нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 126 дугаар хуудас/

Хохирогч Д.Энх-Амгалангийн тус шүүхэд гаргасан Ч.Гевараас 1531600 төгрөгийг хүлээн авсан тул нэмж шаардах хохиролгүй, санал гомдолгүй. Иймд Геварт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 169 дүгээр хуудас/

Хохирогч Д.Энх-Амгаланд 1531600 төгрөгийг Ч.Гевараас Төрийн банкаар шилжүүлэн өгсөн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /Хх-н 170 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Нандинбатын тус шүүхэд гаргасан Ч.Гевар надад учирсан 3660000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, ялыг хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 171 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Ч.Гевараас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Батболдод, иргэний нэхэмжлэгч Ж.Очмаа нар 6.5 сая төгрөгийг банкаар дамжуулан шилжүүлэн өгсөн 6 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Гевар нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Л.Нандинбатын эзэмшлийн Тоёота приус-11 маркийн  27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэл дэх төв засмал замын 177-178 дугаар километрийн орчимд тээврийн хэрэгсэл гүйэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин эсрэг урсгалд өөдөөс ирж байсан Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас Тоёота приус-11 маркийн 27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн Д.Золзаяагийн бие махбодид хүнд, иргэн Л.Нандинбатын бие махбодид хөнгөн гэмтэл, Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан 03 настай Б.Бат-Ирээдүйгийн бие махбодид хүнд, иргэн Д.Энх-Амгалангийн бие махбодид хүнд, иргэн Ж.Очмаагийн бие махбодид хөнгөн, 04 настай Б.Хангай, 13 настай Б.Онцгойбаяр нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан, Л.Нандинбатын эзэмшлийн Тоёота приус-11 маркийн 27-18 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3050000 төгрөгийн, Д.Батболдын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 78-60 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4055000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ч.Гевар нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаснаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Геварын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасч, хуульд заасан хугацаагаар хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Гевар нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Батболд, иргэний нэхэмжлэгч Ж.Очмаа нарт 6500000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энх-Амгаланд 1531600 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Нандинбатад 3660000 төгрөгийг тус тус төлж хохирлыг бүрэн барагдуулсан байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Энх-Амгалан, иргэний нэхэмжлэгч Л.Нандинбат нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Батболд, иргэний нэхэмжлэгч Ж.Очмаа нар нь сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөгийг нэхэмжилснийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох, харин насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Ирээдүйд зам тээврийн ослоос учирсан энэ гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Батболдод мэдэгдэж шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Д.Золзаяа, Д.Энх-Амгалан нар ч гэсэн зам тээврийн ослоос учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Геварын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ч.Геварын ¹ 696495 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Донио овогт Чинзоригийн Геварыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Геварын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ш.Даваадалайд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Гевар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Гевард оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Цагдаагийн хэсэгт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Геварын ¹ 696495 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

 7. Хохирогч Д.Золзаяа, Д.Энх-Амгалан нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж,  насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Ирээдүйд зам тээврийн ослоос учирсан энэ гэмтлийг  цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Батболд-д мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Гевард өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.