| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02092/И |
| Дугаар | 102/ШШ2021/02354 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/02354
2021 оны 09 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2021/02354 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие нь 1997 онд ...тай танилцаж, 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтийн ... тоот баталгаагаар бүртгүүлснээр гэр бүл болж, 20 жил хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин ..., 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр охин ..., 2011 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр ихэр хүү ... нар төрсөн бөгөөд 4 хүүхэдтэй. Манай нөхөр ... 2016 оноос хамт ажилладаг ... гэгч эмэгтэйтэй амрагийн дотно харьцаатай болсон байсныг олж мэдсэнээр, 2017 оны 01 дүгээр сард гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид эвлэрсэн. Гэвч ... ... урьдын адил холбоотой байсаар, дундаас нь 2018 онд охин хүүхэд төрснөөр гэртээ ирэхээ больж, бид тус тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш 4 хүүхэд маань миний асрамжид амьдарч, өсөж торнисон. Энэ хугацаанд ... эцгийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, хүүхдүүдээ харж хандахгүй, санхүүгийн ямар ч тусламж үзүүлэхгүй байгаа тул 3 хүүхдэд /12 настай охин ..., 10 настай хүү ... нарт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: Иргэн ... миний бие ...тай 1997 онд танилцаж, нэхэмжлэлд дурдсан 4 хүүхэдтэй. 4 хүүхдээс ..., ... нар нь насанд хүрээгүй. Насанд хүрээгүй хүүхдүүддээ хуульд заасан тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би санхүүгийн боломжтой бол хүүхдүүддээ мөнгө өгнө, гэвч би сүүлийн 3 жил тогтсон ажил хийгээгүй. Хааяадаа ахтайгаа нийлж тавилга угсардаг. ... бид хоёр 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Орлого олсон үедээ хүүхдүүддээ аль болох мөнгө өгөхийг би боддог. Тэтгэврийн зээл аваад сүүлийн 3 жил санхүүгийн боломжгүй байгаа бөгөөд одоо би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, бидний хүүхэд 3 настай гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
..., ... нарын дундаас 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин ..., 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр охин ..., 2011 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хүү ... нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар ...ын нэхэмжлэлтэй хариуцагч ...д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тэд 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа хэмээн хэн аль нь тайлбарлаж хариуцагч насанд хүрээгүй 3 хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. /Хх-27/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ..., 2011 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр төрсөн хүү ... нарыг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг ...гаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин ...ыг 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү ... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ...гаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 183,194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ