| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/04160/И |
| Дугаар | 102/ШШ2021/01620 |
| Огноо | 2021-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/01620
| 2021 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2021/01620 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо “А Б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух Б овогт А Г /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух Г овогт Д Б /РД: /
38,067,010.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, Э.М
хариуцагчийн өмгөөлөгч Л.Б
нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А Б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Г, Д.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2109007339 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, эргэлтийн хөрөнгө зориулалтаар 40,000,000 төгрөгийн зээл авсан билээ. Гэвч зээлдэгч нь зээл төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлиин гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсээр өнөөдрийг хүрээд байна. Зээлийн эргэн төлөлт хийхийг банкнаас удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2020 оны 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл-27,614,914.87 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,208,763.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,615.16 төгрөг, нийт 34,167,293.08 төгрөгийн өртэй болоод байна. Иймд дээрх бодогдсон үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч “А Б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2020 оны 10 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 27,614,914.87 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,208,763.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,615.16 төгрөг, нийт 34,167,293.08 төгрөг нэхэмжилсэн ба дээрх хугацаанаас хойш 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 27,614,914.87 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,564,316.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 887,779.27 төгрөг, нийт 38,067,010.23 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 3,355,553.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 544,164.11 төгрөг, нийт 3,899,717.15 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 27,614,914.87 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,208,763.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343,615.16 төгрөг, нийт 34,167,293.08 төгрөг болсон. Дээрх хугацаанаас хойш 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 27,614,914.87 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,564,316.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 887,779.27 төгрөг, нийт 38,067,010.23 төгрөг болно. Үндсэн хүү 3,355,553.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 544,164.11 төгрөг, нийт 3,899,717.15 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Зээлийн барьцаанд буй Ү-* улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 18-р хороо, * тоот хаягт байршилтай, 55.76 м.кв бүхий 2 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний 5.2.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний 1.9 дүгээр зүйлд “Зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулахгүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тооцно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахгүй гэсэн тайлбарыг ойлгохгүй байна. Хариуцагчийн хүсэлтийн дагуу орон сууцыг барьцаалж, зээл олгосон. Хариуцагч талыг утсаар дуудсан боловч ирж уулзаагүй. Хуулийн арга хэмжээ авах талаар анхааруулсан мэдэгдлийг удаа дараа явуулсан. Нэг удаа уулзахдаа зээлийг ойрын хугацаанд төлнө, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж бичгээр өгч байсан. Уг баримт хэрэгт авагдсан байгаа. Зээл зогсоох эсвэл хугацаагаа сунгуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Зөвхөн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зээлийг хойшлуулж, зогсоож байх журам гарсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль тооцохдоо гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээнд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуустал төлбөр төлөгч тал хүсэлт гаргасны үндсэн дээр банк шийдвэрлэлэхээр байгаа. Хариуцагч тал хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч “А Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Г Д.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,167,293.08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхии иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч А.Г нь дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч “А Б” ХХК-тай эрхийн бүртгэлийн Ү-* дугаар бүхии Баянгол дүүргийн 18 дугаар хороо, * тоот хаягт байршилтай 55.76 м.кв бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2109007339 тоот зээлийн гэрээг байгуулан, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40,000,000 төгрөгиин зээл авсан болно. Хариуцагч А.Г миний зүгээс зээлийн гэрээний дагуу үүргээ буюу зээл төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл биелүүлж байсан боловч давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал дэгдсэн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүсгэж, эрхэлж байсан үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулсан болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан, зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргаж байсан болно. Нэхэмжлэгч “А Б” ХХК нь хариуцагч А.Гын өмчлөлийн зах зээлиин ханшаар 111,500,000 төгрөгийн үнэ бүхий эрхийн бүртгэлийн Ү-* дугаар бүхий Баянгол дүүргийн 18 дугаар хороо * тоот хаягт байршилтай 55.76 м.кв бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний 34,167,293.08 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваариин дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний дагуу зээл авсан. Зээлтэй холбоотойгоор үндсэн зээлийн төлбөрт 12,486,000 төгрөг төлж, 2019 он дуустал графикийн дагуу хүүг төлж байсан. Нэхэмжлэгч “А Б” ХХК-д 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж улс эх оронд үүссэн нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож, хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Гын өмчлөлийн зах зээлийн ханшаар 111,500,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,899,717 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заасан иргэний үүргээ биелүүлж байгаа. Төр, захиргааны байгууллага буюу Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, биелүүлэх үүрэгтэй. Хэргийн зохигчдын зүгээс шүүхээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан явцыг ашиглаж нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн үндсэн зээл төлөх хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч “А Б” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь хариуцагч А.Г, Д.Б нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,167,293.08 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн шаардлагаа 3,899,717.15 төгрөгөөр ихэсгэж, 38,067,010.23 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч А.Г, Д.Б нар нь “А Б” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26,40 хувийн хүүтэй, хүүг 365 хоногоор тооцох, сар бүр үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулжээ. Дээрх гэрээг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээний үүргийг талууд хариуцагч А.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо * тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууцаар хангуулахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй үүрэг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг хугацааны өмнө цуцлаж, гүйцэтгээгүй үүргийг шаардсан байна. Энэ талаар хариуцагч маргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтоосон хэмжээгээр зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд зээлдэгч нарыг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй. Гэрээг цуцлаж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд харин үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болно. Өөрөөр хэлбэл гэрээ цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал гэрээ цуцлах талаар хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Иймд хариуцагч нар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон, уг үндэслэлээр гэрээ цуцлах үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар зээлийн гэрээ нэхэмжлэл гаргасан үеэр цуцлагдсан гэж үзнэ. Иймд гэрээ цуцласнаас хойш нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг зохицуулжээ. Энэхүү хариуцлагыг ямар хэмжээгээр хүлээх болохыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан. Талууд гэрээгээр “зээлдэгч нар нь сар бүрийн тогтоосон хугацаанд, тогтоосон хэмжээгээр зээл, хүү төлөхөөр” тохирсон ба уг хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 1.9, 1.10-т тохиролцжээ. Иймд гэрээний үндсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас зээлийн төлбөрт 27,614,914.87 төгрөг, хүүд 6,208,763.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 343,615.16 төгрөг нийт 34,167,293.08 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс гэрээ цуцлагдсанаас хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 3,899,717.15 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар салгаж үл болох эрх болно. Иймд хариуцагч А.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх нь хариуцагч нарын нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийг хангуулахад хамааралтай. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2109007339 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт А Г, Г овогт Д Б нараас 34,167,293.08 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,899,717.15 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Г, Д.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо *тоотод байршилтай, 55,76м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019979 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,286 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “А Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 128,045 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч А.Г, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 398,986 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А Б” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА