| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/501 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Билгүүтэй, хохирогч Д.************, түүний өмгөөлөгч Э.Уянга, шүүгдэгч Э.************, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************ овогт ************ийн ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310027891903 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ************ дүүргийн 26 дугаар хороо, ************ хорооллын 406 дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
************ дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ************ овогт ************ийн ************ /РД: ************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.************ нь 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ караокед хохирогч Д.************тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч Д.************: “...2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ************, Гаригцацрал, ************ нар уулзаад намайг дуудсан, би очоод бид нар хамт Э.************гийн машинд архи уусан, тэгээд тэндээсээ караоке орж дуулья гээд караоке орсон, ************ муудсан, харилаа гээд явсан байсан, архиа уугаад дууссан, Э.************ миний ойрхон сууж байсан, Отгонбаяр унтаж байсан, Гаригцацрал дуулж байсан, би явлаа гэхэд ************ явах болоогүй, дахиад сууна аа, дуулцгаана аа гэсэн, тэгэхээр нь би эрт явна, машин тэрэг авна гээд тохирсон байгаа гэж ярихад намайг миний өмсөж байсан хүрмээр дарсан, энэ талаар камерын бичлэгт ороогүй, тэндээс би босож ирээд хүрмээ тайлчихсан сууж байхад намайг боож унагаасан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа, нэг мэдсэн Наадам центр төвд нүд аймаар болсон байсан, такси ч олдохгүй байсан, сайн санаатай нэг хүн зогсоод ингэж явах хүн шиг биш л байхын гээд намайг хүргэж өгсөн, тэгээд харьсан. Э.************ манай гэрт очоод бүдүүлэг үйлдэл гаргасан, ************ийг сэргээх гэж оролдлоо гэж худлаа хэлсэн байгаа юм, камерын бичлэг байгаагүй бол Гаригцацрал намайг зодсон болох байсан байх, гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгч Э.************: “...2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би 4 найзын хамт тавуулаа гэрийн гадаа уулзаж бид нар архи ууцгаасан, тэндээсээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх караоке руу явсан, тухайн үед Д.************ бид хоёр манай гэрийн гадаа нийтдээ 5 шил архи уусан, нилээн согтолттой байсан, тэнд байхдаа ялихгүй зүйлээс болж маргалдсан байсан, караокед дуулж байхад Д.************ бид хоёр дахин маргалдсан, найзыгаа гэмтээсэн, над руу ойртоод ирэхээр нь барьж аваад түлхчихсэн, хойшоо алхаж байгаад савж унасан, тэгээд их согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байгаа, маргааш нь бид хоёрын гар утас алга болсон байсан, караокед очиж камер шүүлгэсэн, тэгээд найзынхаа биед гэмтэл учруулснаа мэдсэн, уулзах хооронд найз маань эхнэртэйгээ очоод үзүүлсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт загнаж байгаад хэвтүүлсэн, 5 хоног хэвтэхэд би сахисан, гэмтлээс гараад мөн хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Хохирогч бид хоёр Өмнөговь аймагт 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Хохиролд 9,672,900 төгрөг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ************ караокед 5 найз Гаригаа, Оогий, Баяраа, ************ нарын хамтаар орсон. Тухайн газарт орж үйлчлүүлэхдээ бид тав 1 шил 0,7 граммтай архи, цэвэр ус зэргийг захиалан авч дуулж суусан. Ингээд сууж байхад Баяраа түрүүлээд яваад өгөхөөр нь би араас нь гарч хэсэг хайгаад олоогүй буцаж эргэж ирсэн. Ингээд бид 4 архи уугаад сууж байхад Оогий архи ууснаас болоод тасраад унтаад өгсөн байсан. Тэр үед би архи ууснаас болж нэлээд согтсон байсан ************ тухайн караокены хүнтэй маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь дундуур нь орж салгасан. Тэгээд ************ бид хоёр хоорондоо маргаж эхэлсэн, яг юунаас болж яагаад маргаснаа сайн санахгүй байна. Тэгээд ************ намайг нэг удаа цамцнаас татаад түлхэх үед хойшоо унасан. Ингээд бид нар тухайн караокеноос гарах гэтэл Оогий, Гаригаа хоёр гараад явчихсан байсан. Тэгтэл ************ бид хоёр араас гараад явж байхад юунаас болсныг нь мэдэхгүй. Биеийн бүх л хэсэгт өшиглөж, цохисон. Намайг тэр караокеноос дагуулж авч гарсан. Тэгээд би нэг ухаан орсон чинь Хан-Уул дүүргийн Наадам центр дээр байсан. Тэндээсээ гэр рүүгээ такси барьж харьсан. Ингээд миний чихнээс цус гараад байсан учраас гэмтлийн эмнэлэг рүү явсан. Намайг өөр хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй.
Надад одоо нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. Э.************ нь тухайн үед намайг Гэмтлийн эмнэлгээс 5 хоногийн дараа гарч хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед эмнэлгийн зардлыг дааж байсан, яг хэдэн төгрөг болсныг хэлж мэдэхгүй. Би хохирол мөнгө, нэхэмжлэлийн талаар өөрөө бичгээр гаргаж өгнө...” /хавтас хэргийн 17-18, 20 дахь тал/ гэсэн,
Гэрч С.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад ************ гээд нөхрийн найз манай гэрт ирсэн. Надаас манай нөхөр ************ийн хаана байгааг асууж, гэртээ байгаа юу гэсэн. ************ надад ************ Гаригтай зодолдоод би өмөөрөөд Гаригтай зодолдоод тэгээд найзыгаа арай хийж авч гараад ухаан алдсан байхад нь сэрээх гэж олон цаг оролдсон. Тэвэрч сууж байгаад сэрээгээд хоёулаа угаалгын өрөө оръё гэтэл ************ орохгүй гэж хэлсэн. Тэгээд би өөрөө угаалгын өрөө орчхоод гараад ирсэн чинь ************ байхгүй байсан талаар хэлж ярьсан. Нөхөр ************ өглөөний 11 цагийн үед ганцаараа гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад санахгүй, мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл нөхрийн чихнээс цус гараад тогтохгүй байсан болохоо нь Гэмтэл согог судпалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,
Гэрч М.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр найз ************, ************, ************, Отгонбаатар нартай уулзсан. Тэгээд бид нар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ************ нэртэй караокед шөнө ойролцоогоор 23 цагаас 00 цагийн орчимд орсон. Тэгээд бид нар тухайн караокед архи задалж уусан. Би согтоод түрүүлээд гарч явсан. Намайг явахад тэр 4 юм яриад үлдсэн. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах ************ караокед менежер хийж байсан. Шөнийн 00 цагийн орчимд 4-5 эрэгтэй хүн үйлчлүүлэхээр орж ирсэн. Тухайн хүмүүс манай караокед орж ирээд архи, пиво худалдан авсан. Тэгтэл тухайн хүмүүс өрөөнд маргаад байх шиг болохоор нь явж очсон чинь хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Би буцаж ирээд камер дээр суугаад харж байхад хоёр эрэгтэй нь хоорондоо маргаад байх шиг байсан. Нэг эрэгтэй нь нөгөөгөө камерын бичлэгт мөргөж байгаа харагдсан. Тэгтэл нөгөө мөргүүлсэн эрэгтэй газар хэвтэж байсан. Би түргэн юм уу цагдаа дуудах гэтэл хамт явж байсан эрэгтэй нь яах юм яах юм гээд дуудуулаагүй. Тэгээд би эргэж ирээд камер дээр суугаад харж байтал нөгөө газар байсан залуу босоод ирсэн. Нөгөө мөргөсөн залуу нь бас хамт явсан залуутай маргаад байх шиг байсан. Би буцаж тэдгээр эрэгтэй хүмүүс дээр очсон чинь хоёр залуу нь түрүүлээд гараад явсан. Мөргөсөн мөргүүлсэн хоёр эрэгтэй цахилгаан шатны хажуу талын шатан дээр сууж байсан. Тэгж сууж байхдаа миний харснаар зодоон цохион хийсэн зүйл байхгүй...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн,
Гэрч Н.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...************ түрүүлээд явчихсан. Отгонбаатар хажууд унтаж байсан. Харин ************, ************ бид гурав үргэлжлүүлээд дуулж байхад юунаас болсныг нь сайн мэдэхгүй байна. Гэнэт л ************ хойшоо саваад уначихаар нь би удахгүй босоод ирэх байх гэж бодоод хүлээгээд байсан чинь сэргэхгүй байхаар нь би очоод ************ийн уруул дээр дараад сэргээгээд байж байхад тухайн караокены үйлчлэгч нь орж ирээд яасан юу болсон талаар нь асуухад ************ асуудал байхгүй гэж хэлсэн. Намайг дуу дуулж байх хооронд маргасан юм шиг байгаа юм. Нэг харсан чинь л ************ арагшаа унасан байсан...” /хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн,
Гэрч А.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.************, Д.************ нар нь багын найз нөхөд хүмүүс байгаа юм. ...************ ч гэсэн тэгж архи согтууруулах ундаа хэрэглээд байдаг хүн биш байгаа юм...” /хавтас хэргийн 36 дахь тал/ гэсэн,
Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Д.************ийн биед учирсан нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс үргэлжилсэн шугаман хугарал тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой, уг гэмтлийн байрлалаас үзэхэд унах үед үүснэ...” /хавтас хэргийн 50 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр таван найзын хамт ...караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд байж байхад ************ бид хоёр хоорондоо маргасан. Энэ үед ************ согтуу миний урд ирж зогсоод цохих гэж байгаа юм шиг дайраад байхаар нь би цамцнаас нь таатаад холдуулах гэж цааш түлхсэн. Тэгтэл ************ нь хойшоо нэг алхаж байгаад аваад унасан. Энэ үед нь нүд хэсэгт нэг удаа өшиглөсөн...” /хавтаст хэргийн 58 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8672 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.************ийн биед гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” /хавтаст хэргийн 42-45 дахь тал/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн сэтгэцийн шинжилгээний 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №457 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Даваагийн ************ /РД: КЮ84111971/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас DS: Дасан зохицохын эмгэг /F43.2/ оношлогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” /хавтас хэргийн 177-179 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/,
- Хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12 дахь тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 92-99 дэх тал/,
- Шүүгдэгч Э.************гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 62 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 65-67 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 72-82 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.************ нь 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ караокед хохирогч Д.************тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэнд мөргөж унагаан эрүүл мэндэд нь гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.************ийн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ************ караокед 5 найз Гаригаа, Оогий, Баяраа, ************ нарын хамтаар орсон. Тухайн газарт орж үйлчлүүлэхдээ бид тав 1 шил 0,7 граммтай архи, цэвэр ус зэргийг захиалан авч дуулж суусан. Ингээд сууж байхад Баяраа түрүүлээд яваад өгөхөөр нь би араас нь гарч хэсэг хайгаад олоогүй буцаж эргэж ирсэн. Ингээд бид 4 архи уугаад сууж байхад Оогий архи ууснаас болоод тасраад унтаад өгсөн байсан. Тэр үед би архи ууснаас болж нэлээд согтсон байсан ************ тухайн караокены хүнтэй маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь дундуур нь орж салгасан. Тэгээд ************ бид хоёр хоорондоо маргаж эхэлсэн, яг юунаас болж яагаад маргаснаа сайн санахгүй байна. Тэгээд ************ намайг нэг удаа цамцнаас татаад түлхэх үед хойшоо унасан. Ингээд бид нар тухайн караокеноос гарах гэтэл Оогий, Гаригаа хоёр гараад явчихсан байсан. Тэгтэл ************ бид хоёр араас гараад явж байхад юунаас болсныг нь мэдэхгүй. Биеийн бүх л хэсэгт өшиглөж, цохисон. Намайг тэр караокеноос дагуулж авч гарсан. Тэгээд би нэг ухаан орсон чинь Хан-Уул дүүргийн Наадам центр дээр байсан. Тэндээсээ гэр рүүгээ такси барьж харьсан. Ингээд миний чихнээс цус гараад байсан учраас гэмтлийн эмнэлэг рүү явсан. Намайг өөр хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй...” /хавтас хэргийн 17-18, 20 дахь тал/ гэсэн,
Гэрч С.************гийн: “...Нөхөр ************ өглөөний 11 цагийн үед ганцаараа гэртээ ирсэн, юу болсон талаар асуухад санахгүй, мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл нөхрийн чихнээс цус гараад тогтохгүй байсан болохоо нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,
Гэрч Ц.************н: “...Би 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах ************ караокед менежер хийж байсан. Шөнийн 00 цагийн орчимд 4-5 эрэгтэй хүн үйлчлүүлэхээр орж ирсэн. Тухайн хүмүүс манай караокед орж ирээд архи, пиво худалдан авсан. Тэгтэл тухайн хүмүүс өрөөнд маргаад байх шиг болохоор нь явж очсон чинь хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Би буцаж ирээд камер дээр суугаад харж байхад хоёр эрэгтэй нь хоорондоо маргаад байх шиг байсан. Нэг эрэгтэй нь нөгөөгөө камерын бичлэгт мөргөж байгаа харагдсан. Тэгтэл нөгөө мөргүүлсэн эрэгтэй газар хэвтэж байсан. Би түргэн юм уу цагдаа дуудах гэтэл хамт явж байсан эрэгтэй нь яах юм яах юм гээд дуудуулаагүй...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн,
Гэрч Н.************ын: “...Гэнэт л ************ хойшоо саваад уначихаар нь би удахгүй босоод ирэх байх гэж бодоод хүлээгээд байсан чинь сэргэхгүй байхаар нь би очоод ************ийн уруул дээр дараад сэргээгээд байж байхад тухайн караокены үйлчлэгч нь орж ирээд яасан юу болсон талаар нь асуухад ************ асуудал байхгүй гэж хэлсэн. Намайг дуу дуулж байх хооронд маргасан юм шиг байгаа юм. Нэг харсан чинь л ************ арагшаа унасан байсан...” /хавтас хэргийн 34 дэх тал/ гэсэн,
Шинжээч Ч.Эрдэмболорын: “...Д.************ийн биед учирсан нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс үргэлжилсэн шугаман хугарал тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой, уг гэмтлийн байрлалаас үзэхэд унах үед үүснэ...” /хавтас хэргийн 50 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.************гийн: “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр таван найзын хамт ...караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд байж байхад ************ бид хоёр хоорондоо маргасан. Энэ үед ************ согтуу миний урд ирж зогсоод цохих гэж байгаа юм шиг дайраад байхаар нь би цамцнаас нь таатаад холдуулах гэж цааш түлхсэн. Тэгтэл ************ нь хойшоо нэг алхаж байгаад аваад унасан. Энэ үед нь нүд хэсэгт нэг удаа өшиглөсөн...” /хавтаст хэргийн 58 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны н №8672 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.************ийн биед гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” /хавтаст хэргийн 42-45 дахь тал/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн сэтгэцийн шинжилгээний 2024 оны №457 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Даваагийн ************ /РД: КЮ84111971/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас DS: Дасан зохицохын эмгэг /F43.2/ оношлогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” /хавтас хэргийн 177-179 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.************ийн эрүүл мэндэд учирсан гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.************гийн түүнийг мөргөж, түлхэж унагаасан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.************гийн хохирогч Д.************ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.************гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Э.************ нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.************ийн эрүүл мэндэд гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт гаргаж ирүүлээгүй боловч шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 9,672,000 төгрөгийг төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүхийн шатанд хохирогч Д.************ийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр Сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэн буюу төгрөгөөр 12,644,500 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2310027891903 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.************ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.************ гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт ************ийн ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн ************г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.************ хохирогч Д.************т 9,672,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.************гээс 12,644,500 /арван хоёр сая зургаан зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.************т олгож, хохирогч Д.************ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
5. Эрүүгийн 2310027891903 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.************ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.************ гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР