Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/02369

 

2021 оны 09 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/02369 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2007 онд ...тай анх танилцаж 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж ...9 дугаартай гэрчилгээ авсан. Бидний охин ...нь 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Сүүлийн 3 жилд бидний зан харилцаа ба бусад тааламжгүй байдлын улмаас гэр бүлийн байнгын болон санхүү, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд амьдарч байна. Цаашид би ...тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна.

Бид Солонгос улсад 7 жил гаруй ажил хийж байгаад Монгол улсад ирсэн бөгөөд тэр үед би өөрийгөө умайн хүзүүн хорт хавдартай гэдгээ мэдсэн. ... нь чи өвчтэй учир хүүхдээ хараад гэртээ амар гэж хэлж байсан боловч гэртээ ирэхэд согтуу ирж, агсан тавьдаг болсон. Би ...ыг засаж залруулах гэж оролдож байсан боловч бүтээгүй. Мөн миний эд зүйлсийг ломбардад тавьдаг, гэртээ авчирсан мөнгө нь бусдаас зээлсэн мөнгө байдаг бөгөөд дараа нь мөнгө зээлсэн хүмүүс нь надаас болон миний ээж, ааваас өр нэхэж ирсэн. ... нь архи уух нь ихсэж, согтуу үедээ ааш авир нь хурц болдог. Би хүүхдээ эрүүл, хүчирхийлэлгүй орчинд өгсмөөр байгаа тул ...аас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Намайг зодож, цохиж байсан удаа олон байдаг. ... нь тогтсон ажил хийдэггүй бөгөөд би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байгаа юм гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ...ийг байнга зодож байгаагүй, нэг удаа л зодож байсан. Санхүүгийн асуудал үүсгэсэн нь миний буруу, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Ажил бүтдэггүй байсан тул нэг хэсэг архи уусан одоо архи уухгүй байгаа. Бид 2021 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд би аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Би уурхайд ажилд орох гэж байгаа бөгөөд удахгүй санхүүгийн байдал сайжрах тул жоохон тэвччих гэж ...д хэлсэн боловч эвлэрэхгүй гэж хэлсэн. Хүүхдийн асрамжийг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэрлэгчид болох ..., ... нар нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1619 дугаарт бүртгүүлсэн, 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин ...г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ таарамжгүй харилцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

Хариуцагч ...аас нэхэмжлэгч ...д сэтгэл зүй, эрүүл мэндийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

Гэрлэгчид охин ...г эх ...ийн асрамжинд үлдээх талаар тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин ...г эх ...ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч ...аас тэтгэлэг гаргуулан охин ...г тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин ...г эх ...ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин ...г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ...аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 99,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгож, нэхэмжлэгч ... хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29,100 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ