| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02265/И |
| Дугаар | 102/ШШ2021/02370 |
| Огноо | 2021-09-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2021/02370
2021 оны 09 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/02370 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ...тай 2009 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарсан. Бидний хүү ... 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүү маань эхээрээ овоглосон. Бид зан харилцаанаас болж 2013 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү ... нь энэ жил 5 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ...д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... овогтой ... миний бие ...ын нэхэмжлэлд дурдсан тэтгэлэг тогтоолгож өгөхийг зөвшөөрч байна. ... нь миний хүүхэд мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
..., ... нарын дундаас 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү ... төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ...ыг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг ...гаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ...ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ...гаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ