| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0154/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/163 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр
Шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, М.Ц, Ө.Н нарт холбогдох .... дугаартай хэргийг 2024 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Б
М.Ц
Б.Н
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар ... гэх газар өвөлжиж байхдаа С.Гын өмчлөлийн 44 хонь 2 ямаа алдагдсаныг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 8,920,000 төгрөгийн хохирол учруулсан
Энэ гэмт хэрэгт шүүгдэгч А.Б нь бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшихыг зохион байгуулж М.Цт малыг тууж ирэх үүрэг даалгавар өгсөн, шүүгдэгч М.Ц нь малыг тууж ирэн, алж нядлахад оролцон гэмт хэргийг гүйцэтгэсэн, шүүгдэгч Ө.Н нь нядалсан малын гэдэс дотрыг арилгах зэргээр дэмжлэг үзүүлэн хамжсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны тооноос өмнө уруудаж ирсэн малыг нядалсан. Тухайн үедээ хэний мал болохыг мэдээгүй. Ц мал явэ ирээд хойно хэдэн мал байна гэхээр нь туугаад ир гэж хэлсэн. 46 тооны хонь,ямаа авчирсан. Манай малд нилээн хэд хоносон. Тэгээд уг малыг өөрийн хийж байсан малын хамт бүгдийг хийсэн. Малын эзэнд малаа сурж ирсэн үед нь орны малыг нь бүгдийг өгсөн. Өөрийн бурууг бүрэн ойлгож байгаа гэв.
Шүүгдэгч Ө.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ярих зүйл байхгүй. Урд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэний мал гэдгийг нь би мэдээгүй, гэдэс арилга гэхээр нь гэдсий нь арилгасан гэв.
Шүүгдэгч М.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын дундуур малд явж байхад хэсэг хонь,ямаа бэлчиж байсан. Б ахад хэлэхэд туугаад ир гэсэн. Тэгээд тэр хэдэн малыг тууж ирсэн. Өөрийн гэм бурууг ойлгож байна гэв.
Хохирогч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2023 оны 12 дугаар сарын эхээр мал тооллого явахын өмнө нь манайх 46 хонь, 1 ямаа алдсан тул ирээд сураад олдоогүй. Ойр хавиар би малын эрэл суралд явж байхад манай нутагладаг газраас ертөнцийн зүгээр урд зүгт Сайншанд сумын 5 дугаар багийн айл болох Б гэх айлын гадаа очиход учиргүй их мал нядалсан байсан. Тэгээд би тухайн үед эхнэр Д, дүү Бат-Эрдэнэ нарын хамт явж байсан айлаар ороод мал сурахад "Мал үзээгүй” гэж хэлээд надад өөр айлыг зааж өгч буруу явуулсан. Тухайн үед биднийг мал сурахад гаднаа бог малын арьс нойлынхоо муу усны нүхэнд бакерешик тавьж шатаасан байсныг анзаараад заасан замаар нь явтал буруу зам байхаар нь эргэж тэр Б гэх айлд очсон. Бы гэрт эхнэр нь гэх хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүн бас байсан. Би гэрийнх нь гадна талд буюу гэрийнх нь баруун талд мал дурандаж байхад бог малын ирсэн болон явсан мөр байхаар нь гэрээс нь баруун талд байх хонь, ямаан дээр яваад очиход манай имтэй хуц болон хурга төлөгнүүдийнх нь чихний имийг нь өөрчилж Б нь өөрийнхөө зөв чих нь онь буюу зүрх им, буруу чихэнд нь урдаас нь ташуу буюу цуулбар им хийчихсэн улаан шаргал будган дээр нь давхарлаад цэнхэр өнгийн будгаар будчихсан байхаар нь би Б гэх хүнд очоод "Манай алдсан хонь 4 хурга, 1 хуц өөр им будагтай болчихсон танай хонинд байна" гэж хэлэхэд "Тиймээ. Би будаад имийг нь өөрчилчихсөн юм аа" гэж хэлээд "Хохирлыг барагдуулъя" гэж хэлээд надад Б нь 46 хонь өөрийнхөө имтэй ямаатай өгөөд намайг цагдаад битгий өгөөч... гээд гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
Ашид билгүүн ХХК-ий ... дугаартай шинжээчийн “...нийт үнэ, төгрөг 8,920,000...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дугаар тал),
А.Бы Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51 дүгээр тал),
С.Гын Самсунг загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-59 дүгээр тал)
Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ... дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 60 дугаар тал) зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч А.Б , М.Ц, Ө.Н нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар ... гэх газар өвөлжиж байхдаа С.Гын өмчлөлийн 44 хонь 2 ямаа алдагдсаныг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 8,920,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2023 оны 12 дугаар сарын эхээр мал тооллого явахын өмнө нь манайх 46 хонь, 1 ямаа алдсан тул ирээд сураад олдоогүй. Ойр хавиар би малын эрэл суралд явж байхад манай нутагладаг газраас ертөнцийн зүгээр урд зүгт Сайншанд сумын 5 дугаар багийн айл болох Б гэх айлын гадаа очиход учиргүй их мал нядалсан байсан. Тэгээд би тухайн үед эхнэр Д, дүү Бат-Эрдэнэ нарын хамт явж байсан айлаар ороод мал сурахад "Мал үзээгүй” гэж хэлээд надад өөр айлыг зааж өгч буруу явуулсан. ...би Б гэх хүнд очоод "Манай алдсан хонь 4 хурга, 1 хуц өөр им будагтай болчихсон танай хонинд байна" гэж хэлэхэд "Тиймээ. Би будаад имийг нь өөрчилчихсөн юм аа" гэж хэлээд "Хохирлыг барагдуулъя" гэж хэлээд надад Б нь 46 хонь өөрийнхөө имтэй ямаатай өгөөд намайг цагдаад битгий өгөөч... гээд гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), Ашид билгүүн ХХК-ий ... дугаартай шинжээчийн “...нийт үнэ 8,920,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30 дугаар тал), А.Бы Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51 дүгээр тал), С.Гын Самсунг загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 56-59 дүгээр тал), Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ... дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 60 дугаар тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Хаалгын уулын энгэрээс цасан шуурганаар уруудсан бусдын 46 тооны малыг шүүгдэгч А.Б, М.Ц нар нь тууж ирэн өөрийн малд нийлүүлэн алж нядлан, эхнэр Ө.Н нь нядалсан малын гэдэс дотрыг арилгасан үйл баримт нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн шинжийг 1 дэх хэсэгт “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэж хуульчилсан байна.
Эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон эд хөрөнгө, өөрөөр хэлбэл гэмт этгээд нь бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, захиран зарцуулсан байдаг.
Шүүгдэгч нар нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө шүүгдэгч нарын эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэл төрсөн буюу бусдын 46 тооны бог малдаа нийлүүлсэн, алж нядалсан зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар ... гэх газар өвөлжиж байхдаа С.Гын өмчлөлийн 44 хонь 2 ямаа алдагдсаныг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшихыг зохион байгуулж 8,920,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрт 8,920,000 төгрөгийн үнэ бүхий 46 хонь, 2 ямаагаа яг тоогоор нь авсан болох нь түүний мэдүүлгээр /хх-97/ тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, шүүгдэгч М.Цт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Нд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөхөөр санал болгожээ.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгосон ял нь хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохироогүй, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн “Шударга ёсны зарчим” болон Эрүүгийн хаиуцлагын зорилго, ял оногдуулах нийтлэг зарчим,түүний үр нөлөө зэрэгт нийцээгүй гэж үзэж шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулахаар шийдвэрлэсэн.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Цт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Нн хувьд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,учруулсан хохирол төлөгдсөн,мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүд байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тухайн оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. Учир нь шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны эхнээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч,мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлууд нь эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлийг бүрдүүлж байна...” гэсэн
-шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч А.Б, М.Ц, Ө.Н хувийн байдал,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байгаа, хохирол төлбөрийг сайн дураараа биелүүлсэн эдгээр байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар бага хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.
Хэрэгт цугларсан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч нарын хувийн байдал тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан хүндрүүлэх болон, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох,шүүгдэгч М.Цт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох , шүүгдэгч Ө.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Б, М.Ц, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, шүүгдэгч М.Цт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр, шүүгдэгч Ө.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Бд энэ тогтоолоор оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, М.Ц,Ө.Н нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, М.Ц, Ө.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН