Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02474

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2021/02474 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

 

Дутуу олгосон тэтгэмж 4,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., гуравдагч этгээд Баянгол дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 1983 онд ...ад засварчнаар ажилд ороод ажиллаж байгаад 1987-1989 онд цэргийн албанд татагдан цэргийн алба хаагаад 1989 оноос ...ын зуухан цехэд зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчнаар орж тасралтгүй 37 жил 7 сар ажиллаад Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийг нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан. ...ийг өндөр насны тэтгэвэрт гарахад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дундажаар тооцоход 46,100,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ...ын захиргаа шийдвэрлэсэн.

...аас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож ...ийн харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан.

Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар ... ТӨХК-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй, Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр ... ХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь ... ТӨХК-нд 34 жил 9 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт авах эрх үүссэн тул түүний хүсэлтийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/204 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ... ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу ...рийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 46,704,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Татварын албаны дансанд шилжүүлсэн. Иймд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэн буцаан авах үндэслэлтэй байна гэв.

 

Гуравдагч этгээд ... шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ТӨХК тус татварын хэлтэст ирүүлсэн 2020 оны Суутган төлөгчийн хувь хүнд олгосон орлогод ногдуулсан суутгасан албан татварын мэдээ-ний хэсэгт иргэн ...т эрхийн шимтгэлийн орлогын төрлөөр 4,670,000 төгрөгийг суутгаж тайлагнасан байна. Эрхийн шимтгэлийн орлого гэдгийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан орлогыг хамааруулна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж чөлөөлөгдөх орлогод хамаарах хуулийн зохицуулалттай байна. Иймд ... ТӨХК нь суутгах ёсгүй татварыг иргэнээс суутгаж тайлагнасан ба 2020 онд ирүүлсэн тайланг 2021 онд багтаан засварлах эрхтэй тул хүргүүлсэн тайлангаа засварлаж, иргэдээс суутгаж авсан мөнгийг буцаан олгох нь зүйтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ТӨХК-нд холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 4,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

... ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/204 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Зуухан цехийн зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчин ...ын ...ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ...ийн Эрчим хүчний салбарт ажилласан 34 жил 09 сард ногдох 46,704,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

... ТӨХК-аас нэхэмжлэгч ...т нэг удаагийн мөнгөн тэтгэмж 46,704,000 төгрөг олгохдоо тэтгэмжээс 10 хувийн шимтгэл 4,610,400 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авч, үлдэх 42,033,600 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга зэрэгт баримтаар тогтоогдож байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.

 

... ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Хариуцагч ... ТӨХК-аас орлогын албан татварт суутгасан 4,670,400 төгрөгийг татварын албанд шилжүүлсэн нь тэтгэмжийг олгохоос татгалзах үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, Татварын ерөнхий газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 дугаартай албан бичгээр ... ТӨХК-нд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан журмын хэрэгжилтийг ханган ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байх боловч хариуцагч хуулийн этгээдээс тэтгэмж авагчид дутуу олгосон тэтгэмжийг өгөөгүй байна.

Улмаар нэхэмжлэгч ...өөс Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж, Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/1224 дугаартай албан бичгээр Таны хүсэлтэд дурдагдсан өндөр насны тэтгэвэрт гарахад хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэмж нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн хариу өгсөн байна. Нэхэмжлэгч ... нь энэ хариу албан бичгийг хүлээн авсанаар эрхээ зөрчигдсөн болохыг мэдэх ёстой гэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байх тул хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж зааснаар ... ТӨХК-аас дутуу олгосон тэтгэмжийг гаргуулж нэхэмжлэгч ...т олгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч ... нь дутуу олгосон тэтгэмж 4,670,400 төгрөгөөс бага буюу 4,610,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх тул хариуцагчаас 4,610,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг баримтлан хариуцагч ... ТӨХК-аас 4,610,000 /дөрвөн сая зургаан зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 88,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ