Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 182/2018/1390/и |
Дугаар | 1934 |
Огноо | 2018-08-31 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 1934
Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01390 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч А газар, О газарт тус тус холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 53 767 476 төгрөг гаргуулах тухай хэргийг,
Хариуцагч А газрынтөлөөлөгчийн гомдлоор шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар
Хариуцагч А газрынитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа,
Хариуцагч О газрынитгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат, С.Байгалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
НэхэмжлэгчШ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь О газар, Газрын тосны газартай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх 121-19 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж О газрынтөсвийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ... гэж заасан байдаг. Бид гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн, харин хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч талууд НӨАТ төлөгч биш учир манай компани өөрийн худалдан борлуулсан улсын нөөцийн шатахуундаа НӨАТ-ыг давхардуулан төлж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Манай байгууллагаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зардал гарч НӨАТ төлөгдсөн байх тул хохиролд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 53 767 476 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О газар, түүний төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Засгийн газрын Эрсдэлийн сангийн төсөв хөрөнгөөр Уул уурхайн яам шатахууны нөөц бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Газрын тосны газар нь О газарт хандаж, уг нөөцөд байгаа шатахууныг зарж борлуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 111 дүгээр тогтоол гарсан. Уул уурхайн яамны багцаас зарцуулсан шатахуун байгаа бөгөөд улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан 1,5 тэрбум төгрөгийг тус газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, улсын төсөвт оруулсан. Мөн Газрын тосны газар хариуцаж, тодорхой хэмжээний /8,2 мянган тонн/ шатахуунаа борлуулсан ба энэ борлуулах ажилд О газар оролцоогүй. Шатахуун борлуулсан орлогоо О газрындансанд төвлөрүүлж ... уг мөнгөөр буцаан шатахуун авч, шатахуунаа Газрын тосны газарт өгсөн. Тухайн үед газрын тосны газарт шатахуун худалдан борлуулах хууль эрх зүйн орчин байхгүй байсан учраас О газрынхудалдан борлуулах эрхийг нь ашиглаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Улсын нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ... Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна гэсэн байдаг. Гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198.1-т зааснаар уншбал нэхэмжлэгч Ш ХХК нь тухайн үедээ НӨАТ суутган авах боломжтой байхад аваагүй, тус НӨАТ-ын асуудлаар манай байгууллагад огт хандалгүй, А газартай харилцаж явсан байдаг. Уг газар шатахууныг нэхэмжлэгчид нийлүүлж, талууд тооцоо нийлсэн байдаг нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Уг үйл ажиллагаанд бид огт оролцоогүй болно. Хэдийгээр бид гэрээний тал боловч зөвхөн орлогыг л төвлөрүүлэх, хуульд заасны дагуу нөөц бүрдүүлэх үүрэгтэйгээр оролцсон, гэрээнд ямар нэгэн ашиг сонирхолгүй этгээд юм. Нэхэмжлэгч НӨАТ-ын тухай хуульд зааснаар татвар төлөх үүрэгтэй, энэ үүргээ өнөөдөр хохирол гэж нэхээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай байгууллагыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч А газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 10 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34/57 тоот тушаалын дагуу Газрын тосны газар нь О газар, Ш ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний дагуу Ш ХХК-д 303.4 тн автобензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр худалдан, борлуулалтын орлого нийт 591 442 241 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ийг О газрынТөв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлсэн болно. Гэвч тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Газрын тосны газар НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй гэдэг шалтгааны улмаас Ш ХХК нь улсын нөөцийг сэлгэн нөхөн бүрдүүлэх үүрэгтэйгээр 2013 онд хүлээн авсан 700.0 тн АИ-92 авто бензинээс 64,5 тн-ыг нь НӨАТ-ын үнэ болох 53 767 476 төгрөгийн барьцаанд авч, маргаан үүсгэж байсан. Гэрээний 4.2-т НӨАТ хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчид НӨАТ-ыг суутган авах эрх байсан. Мөн улсын нөөцийн шатахууныг НӨАТ шингэсэн үнээр борлуулан НӨАТ-ыг давхардуулан төлсөн гэдгийг нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А газраас 53 767 476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчШ ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч О газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчШ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 426 788 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А газраас 426 788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчШ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч А газрынтөлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Манай байгууллагаас "Сөрөг нэхэмжлэл" гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг үндэслэн "Сөрөг нэхэмжлэлийг буцаах тухай" 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/Ш32018/06162 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байна. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр "Шунхлай трейдинг" ХХК-ний нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд авахаар шүүхэд очиход 182/Ш32018/06162 дугаартай шүүгчийн захирамж гарсныг мэдсэн. Уг захирамж гарсан талаар шүүхээс ямар ч албан тушаалтан хариуцагчид болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй. Дээрх захирамжийн 3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргаж болохыг дурдсан боловч уг захирамжийг хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдээгүй шүүх хурлыг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь уг маргааны оролцогч хариуцагчийг хууль ёсны эрх, эрх ашгаа хуулийн дагуу хамгаалах боломжийг хязгаарласан.
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 331 дугаартай шүүгчийн захирамж гарган шинжээч томилохдоо уг захирамжид гомдол гаргах боломж олголгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасныг үл биелүүлэн захирамжийг хүчин төгөлдөр болгон шинжээч томилсон нь хууль бус болсон. Шинжээчийн дүгнэлт ямар ч баримтад үндэслээгүй тул уг дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
НэхэмжлэгчШ ХХК нь хариуцагч А газар, О газарт тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 53 767 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А газар гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 7 798 684 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, мөн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид гардуулсан байна. /хх 177/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжаар буцаасан нь буруу болжээ.
Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.
Уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, Хариуцагч А газрынтөлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01390 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч А газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН