Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/00215

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01278 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01060 дугаар магадлалтай,

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

БНХАУ-ын иргэн Y-д холбогдох

Жоншны төлбөрт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч БНХАУ-ын иргэн Y, орчуулагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Д.Б нь БНХАУ-ын иргэн Y-д холбогдуулан жоншны төлбөрт шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01278 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Y-с жоншны үнэд шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01060 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/01278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Y-с 53,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн Y-с 422,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөр өөрөөр үнэлж, Иргэний хуулийн 2 өөр зохицуулалтыг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон.

4.1.Нэхэмжлэгч хариуцагч талаас 2021.01.15-ны өдрөөс 2021.03.07-ны хооронд 4 удаагийн худалдан авалт хийдээ төлбөрийг цувуулан шилжүүлсэн бөгөөд 2 дахь худалдан авалтын үед шилжүүлсэн 60,000,000 төгрөг дээр 3 дахь худалдан авалтын 13,000,000 төгрөгийг нэмж 73,000,000 төгрөг болгоод 4 дэх худалдан авалтад зориулан шилжүүлсэн мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл гэх 53,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь бодит байдалтай огт нийцэхгүй тооцоолол юм. ... Нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс жонш худалдан авдаг, төлбөр тооцоог иргэдийн хувь данс руу шилжүүлдэг талаар, хариуцагчийн гаргаж өгсөн Х банкны дансаар хийгдсэн төлбөр тооцооны хувьд маргаагүй, няцаасан баримт гаргаж өгөөгүй.

4.2.Хариуцагч тал 2024.03.21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримттай холбогдуулан гэрчээр н.Б-ийг асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй. Мөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг танилцуулаагүй хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Шийдвэр, гомдлыг шуудангаар хүргүүлсэн гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягийг буруу бичсэн нь МШ компанийн дардас, гараар бичсэн тэмдэглэлээс харагдана. Давж заалдах гомдолд тайлбар өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэний хувьд мэтгэлцэх эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Н.Б-ийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01042 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Д.Б “...Би жонш авах зорилгоор 2021.01.29-ний өдөр 60,000,000 төгрөгийн урьдчилгааг хариуцагч БНХАУ-ын иргэн Y-н данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш худалдан авах ёстой жоншийг огт өгөөгүй. Тооцоо нийлье, 2 талаасаа ярилцъя гэж удаа дараа хандсан боловч БНХАУ-ын иргэн Y нь ямар нэгэн байдлаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Үүнээс өмнө хариуцагчаас 3-4 удаа жонш худалдан авсан бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн байсан юм, 60,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш 2021.03.07, 2021.03.21-ний өдрүүдэд 152,000,000 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрөө төлсөн бөгөөд өмнөх 60,000,000 төгрөгийн тооцоог үлдээчхээч мөнгө хэрэгтэй байна гэж гуйхаар нь үлдээсэн, ...түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчээс 13,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд нийт 73,000,000 төгрөг авснаас 20,000,000 төгрөгийг буцааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 53,000,000 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн Y-с гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Д.Б нь хариуцагч БНХАУ-ын иргэн Y-с жонш худалдаж аваагүй, бидний хооронд жонш худалдах-худалдан авах харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь “Э” компаниас 3-4 удаа жонш худалдаж авсан бөгөөд тус компанийн санхүүг Y хариуцаж, түүний дансаар мөнгө шилждэг байсан, ...нэхэмжлэгч нь эхлээд 2021.01.15-ны өдөр 144тн жоншийг 72,000,000 төгрөгөөр худалдан авч 43,000,000 төгрөгийг төлөөд 29,000,000 төгрөг дутуу байсан, уг 60,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг суутгаад 31,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн, үүний дараа нэхэмжлэгч нь 2021.02.23-ны өдөр 18,270,000 төгрөгийн жонш, шороо авсан, ингээд 75,770,000 төгрөгийн жонш, хүдэртэй шороо ачуулж явсан, үүнээс үлдэгдэл 31,000,000 төгрөгийг тооцон суутгасны дараа нэхэмжлэгч нь 2021.02.25, 2021.02.26-ны өдөр нийт 55,077,000 төгрөгийг шилжүүлж, төлбөр тооцоо бүгд дууссан боловч манай компани 10,300,000 төгрөг нь Д.Б-ийн төлсөн мөнгөнөөс үлдсэн гэж тооцоо нийлсэн, энэ нь дараа дараагийн төлбөр тооцоонд дээрхийн адил суутгагдана, 13,000,000 төгрөгийн асуудал үүнийг хэлээд байгаа юм, ...жоншийг өгсөн учраас 60,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй... ” гэж маргажээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Y-с жоншны үнэд шилжүүлсэн 53,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд жонш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар болон дээрх төлбөрийг хариуцагч Y хариуцах ёстой болохыг нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, Д.Б болон “Э” ХХК, “ЭМ” ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүссэн нөхцөл байдал тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 53,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөртөө аваагүй, “Э” ХХК-ийн өмнөөс өөрийн дансанд авсан, өмнөх жоншны үлдэгдэл төлбөр” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, ... талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 53,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж дүгнэжээ.

9.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосон боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул залруулж, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

9.1.Хэрэгт байгаа баримтын хүрээнд, нэхэмжлэгч Д.Б нь 2021.01.29-ний өдөр хариуцагч БНХАУ-ын иргэн Y-н эзэмшдэг Х банкны 50****** тоот данс руу “жоншны урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь жоншийг аваагүй гэсэн үндэслэлээр зарим тооцоог харилцан тооцож үлдэх мөнгөө буцаан гаргуулахыг шаардсан бол хариуцагч нь уг мөнгийг өмнөх төлбөрийн тооцооны үлдэгдэл болон шинээр худалдан авсан жоншны үнэд харилцан тооцож дуусгавар болсон гэж маргасан байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн болох нь тэдгээрийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, жонш нийлүүлсэн хийгээд төлбөр төлсөн талаарх талуудын мэтгэлцээний хүрээнд тогтоогдсон байхад үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “эд хөрөнгийн үнийг шилжүүлсэн боловч хариуцагч нь эд хөрөнгөө өгөөгүй учир шилжүүлсэн мөнгөө буцаан авах” гэж тодорхойлсон, хариуцагч нь “уг мөнгийг өмнө нь худалдан авсан үлдэгдэл жоншны үнэд тооцсон” гэж маргаснаас үзвэл талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтыг үндсэндээ маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

9.2.Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар /хх 1, 49, 19/, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар /хх 51-55/-аас үзвэл хариуцагч нь “...нэхэмжлэгч нь эхлээд 2021.01.15-ны өдөр 144тн жоншийг 72,000,000 төгрөгөөр худалдан авч 43,000,000 төгрөгийг төлөөд 29,000,000 төгрөг дутуу байсан, уг 60,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг суутгаад 31,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн, үүний дараа нэхэмжлэгч нь 2021.02.23-ны өдөр 18,270,000 төгрөгийн жонш, шороо авсан, ингээд 75,770,000 төгрөгийн жонш, хүдэртэй шороо ачуулж явсан, үүнээс үлдэгдэл 31,000,000 төгрөгийг тооцон суутгасны дараа нэхэмжлэгч нь 2021.02.25, 2021.02.26-ны өдөр нийт 55,077,000 төгрөгийг шилжүүлж, ингээд төлбөр тооцоо бүгд дууссан...” гэсэн бол нэхэмжлэгч нь “...хариуцагч угаасаа ямар ч баримт өгдөггүй, энэ уурхай нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд уурхайгаас ачигдсан жоншийг замын эсрэг талд байдаг МЖ нэртэй уурхайн авто пүү дээр хэмжигдээд төлбөр 100 хувь төлөгдсөний дараа уурхайн хашаанаас хөдөлгөдөг байсан, надад ямар ч дутуу төлбөр байгаагүй, хариуцагч жонш өгснөө нотлохгүй байна, хариуцагчийн гаргасан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй...” /хх 49, 52/ гэж маргасан.

Хариуцагч тайлбартаа “...уурхайн амнуудаас ачиж буй жоншийг тооцоолоод падаан үйлдэж гарын үсэг зурдаг, жонш аваад мөнгөө төлөөд явж байгаа нь дансны хуулганаас харагддаг, цагдаагийн байгууллагад эх хувиа өгсөн учраас хуулбарлаж авсан, тухайн үед компанийн дансыг хаасан учраас хариуцагчийн дансаар мөнгийг авч байсан, ... зарлагын баримт нь уурхайн даргын гарын үсэгтэйгээ падаанд бичигдэж гардаг ... харилцагч нар ч адилхан ингээд ачаагаа аваад явдаг...” гэсэн бол нэхэмжлэгч “...уурхай дээрээс авсан зарлагын баримт юм бол миний гарын үсэг байх ёстой. ...яагаад байхгүй байна ...угаасаа танай уурхай ийм баримт үйлддэггүй байсан. ...эдний уурхай дээр хэл мэдэхгүй хятад байдаг, санал болгож байгаа хүн нь н.Ч, би пүүгээ хардаг, мөнгө орсон уу гээд БНХАУ-ын иргэн Y-с утсаар асуугаад орсон гэхээр ачаад явдаг ...” гэж /хх 53, 55/,

хариуцагч нь 144тн жоншийг 72,000,000 төгрөгөөр худалдан авч 43,000,000 төгрөгийг төлөөд 29,000,000 төгрөг дутуу байсан гэсэн бол нэхэмжлэгч нь 72,000,000 төгрөгийн жонш гэдэг нь худлаа, 86 тн жонш аваад үнэ 43,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр гэж байгаа гэж /хх-53 ар тал/,

хариуцагч: 2021.02.25, 26-ны өдрүүдэд та 5,000,000 төгрөг мөн 50,000,000 төгрөгийг жоншны үнэ гэж шилжүүлсэн, тэгвэл өмнө шилжүүлсэн байсан 60,000,000 төгрөгөө тооцоод авахгүй, яагаад дахиад мөнгө шилжүүлээд байгаа юм гэхэд

нэхэмжлэгч: би 115тн жоншийг худалдаж аваад 55,570,000 төгрөгийг төлөөд тухайн тооцоо дууссан нь үнэн, мөнгөө нэхсэн боловч ... суутгал хиймээргүй байна гээд жоншны мөнгийг надаас бүтэн авсан, ...тэр үед надаас гадна маш олон ченж нар жонш авахаар очер дараалал үүсгэдэг байсан, тийм учраас би мөнгөө байлгаж байгаад дараа нь жонш авъя гэж бодсон гэж тус тус мэтгэлцсэн байна.

9.3.Талуудын хооронд жонш худалдах-худалдан авах гэрээний хүрээнд төлбөр тооцоог харилцан шилжүүлсэн баримтууд хэрэгт байх боловч энэ үйл баримт нь мөнгө шилжүүлсэн болохыг нотлохоос хэчнээн хэмжээний жонш хүлээлгэн өгсөн, үүнээс хамаарч төлбөр төлөгдсөн эсэхийг тогтоохгүй тул гэрээний зүйл болох жоншийг ямар хэмжээгээр хүлээлгэн өгсөн нь ач холбогдолтой, тиймээс энэ үйл баримтыг худалдагч тал буюу хариуцагч нотлох үүрэгтэй болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг бүхий этгээд нь худалдагч этгээд байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлсэн болохыг өөрөө нотолно.

Хэрэгт хоёр талын тооцоо нийлсэн, хариуцагчийн тайлбарласнаар 31,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн баримт эсвэл жоншийг хүлээн авсан нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий баримт байхгүй байх ба зөвхөн хариуцагч талын буюу нэг талын гарын үсэг бүхий баримт “жонш хүлээлгэн өгсөн” үйл баримтыг нотолж чадахгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг “баримт үйлддэггүй байсан” гэх тайлбар гаргасныг хариуцагч няцааж өөр баримтаар үгүйсгээгүй байна. Мөн хариуцагч нь хүлээн авсан 60,000,000 төгрөгөөс өмнөх болон дараа нь нийлүүлсэн жоншны төлбөрийг суутгасан гэж маргаж байгаа боловч хэдий хэмжээний жоншийг нэхэмжлэгч талд өгснөө нотлоогүй учир түүний тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байв.

Иймд хариуцагч үүргээ биелүүлснээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.2-т нийцнэ.

10.Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. Тухайлбал, жонш худалдан авдаг төлбөр тооцооны баримт, хариуцагчийн гаргаж өгсөн Х банкны дансны хуулганууд нь нэхэмжлэгч шаардах эрхгүй болохыг нотолно гэх агуулгатай гомдол үндэслэлгүй юм. Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдээс худалдагч буюу хариуцагч талд жоншны төлбөр шилжүүлсэн баримтууд хэрэгт байх боловч жоншны үнийг бүрэн төлсөн эсэх, үлдэгдэл төлбөр байсан эсэхийг маргасан нөхцөлд жонш хүлээлгэн өгсөн факт маргааны үндэс болох бөгөөд хариуцагч ямар хэмжээний жоншийг хүлээлгэн өгөх болохоо нотлоогүй.

Түүнчлэн, хариуцагч тал 2024.03.21-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр уурхайн даргыг асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй гэх гомдлыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх үүрэгтэй.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч нь нотлох баримт хангуулах хүсэлт гаргаагүй, харин нотлох баримт шинжлэн судлах үеэр /хх-54/ “шүүх шийдвэрээ гаргахад эргэлзээ төрөхгүй байхаар баримтыг нэмж гаргах саналтай байна. Уурхайн даргыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Мөн тухайн уурхайн 3 дугаар амыг хариуцаж байсан хүнийг дуудаж гэрчийн мэдүүлэг авмаар байна...” гэсэн тайлбар гаргажээ. Үүнийг хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байхаас гадна хариуцагч тал эцсийн тайлбар гаргахдаа энэ саналаа дэмжээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар хүсэлт гэж үзвэл хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь нотлогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй болно. Хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө гэрч асуулгах хүсэлтийг гаргах боломжтой байсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх орчуулагч, өмгөөлөгч оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцсэн тул шүүх хариуцагчийн давж заалдах гомдол гаргах эрхийг хөндөөгүй, энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/01060 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.06.24-ний өдөр төлсөн 422,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                        ШҮҮГЧИД                                                    Н.БАТЗОРИГ

                                                                                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                                                                 П.ЗОЛЗАЯА