Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 112/ШШ2022/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар          

 

 Нэхэмжлэгч: Иргэн Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж-ийн М

 Хариуцагч: Тус аймгийн Чандмань сумын Засаг дарга Ч.Э, гуравдагч этгээд Ч.И нарын хооронд үүссэн Говь-Алтай аймгийн Чандмань сумын  Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Чилхаа овогтой Илдоржид “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул, энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,  хариуцагч Ч.Э, гуравдагч этгээд Ч.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И-д “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул, энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Л.Б нь Говь-Алтай аймгийн Чандмань сумд ээжийн хамт амьдардаг. Аав Л.Л нь тус аймгийн Чандмань сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар захирамжаар “Хүрэн толгойн” өвөлжөөг 25 жилийн хугацаагаар эзэмшиж, ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барьсан.  Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Г.Л-гээс хүү Л.Бд “Хүрэн толгойн” бууцыг шилжүүлсэн, мөн хүү Л.Б нь өв нээлгээд гэрчилгээгээ авах гэхэд Ч.И гэдэг айл эзэмшсэн байна гэдэг үндэслэлээр гэрчилгээг гаргаж өгөөгүй, уг айл эзэмшээд яваад байгаа юм.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Л овогтой Б нь ээж Баярмаагийн хамт Чандмань суманд амьдардаг. Ээж Б нь 1989 онд Г.Л гэдэг хүнтэй гэр бүл болж Л.Б гэдэг хүүхэд төрсөн. Нэг хүүхдийн хамт амьдардаг байсан. Г.Л нь 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нас барсан. Г.Л Р.Б нар нь маргаан бүхий Говь-Алтай Чандмань сумын “Хүрэн толгой” гэдэг газар өвөлжиж мал маллаж байгаад Г.Л-ийн бие өвдөж заавал эмчийн хяналтад байх ёстой байсны улмаас сумын төв орж амьдарсан. Ийм учраас Г.Л-гийн ах Г.Н энэ бууцыг эзэмшиж мал малладаг байсан. Одоо тухайн бууцанд Л.Б нь ээжтэйгээ хамт мал маллаж амьдрах гэхээр Ч.И гэдэг хүн давхар авсан байгаа гэдэг үндэслэлээр өвөлжих боломжгүй учраас 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар Засаг даргын захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Ч овогтой И гээд “Хүрэн толгой” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Яагаад уг нэхэмжлэлийг гаргаж байна гэхээр тухайн Ч.И гэдэг хүн уг өвөлжөөг Г.Н-гээс авч мал маллаж амьдарч байгаа гэж хэлсэн. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлаад үзэхээр Г.Н гэдэг хүн эзэмшдэг байсан талаар бичиг баримт байхгүй.

Гэрчээр орж ирсэн Г.Н гэдэг хүний өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн мэдүүлэг нь зөрүүтэй байна. Г.Л гэдэг хүнийг огт мал маллаж байгаагүй. Бие нь өвдөөд сумын төв дээр байдаг байсан гэж байна. Өмнөх мэдүүлэг дээр би доод бууцан дээр Г.Л-гийнх дээд бууцан дээр мал маллаж байсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ маргаан бүхий бууцан дээр үзлэг хийж ирэхэд багийн Засаг дарга болон гэрч нар мэдүүлгүүд өгсөн. Энэ мэдүүлгүүдээр Г.Л нь мал маллаагүй, мал ч байгаагүй гэсэн зүйл яригдсан учраас аймгийн архиваас лавлагаа гаргуулсан. Архивын лавлагаагаар мал маллаж байсан талаар баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Гэрчээр тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ё-г асуулгах хүсэлт өгч асуулгасан. Г.Л “Хүрэн толгойн” бууц гэдэг газар мал маллаж байсан гэж гэрч мэдүүлэг өгсөн. Г.Л гэдэг хүн 1999 оноос хойш мал маллаж байгаад өвчний учир сумын төв орж түүний дараа Г.Нгийнх мал маллаж байсан гэж Р.Б хэлдэг. Г.Н, Г.Л нар нь ах дүү хүмүүс байгаа. Тухайн Засаг даргын захирамж гарсан байгаа эсэхийг асуухад нэг ч нотлох баримт гарч ирдэггүй. Татвар төлж байсан байдал огт гарч ирдэггүй. Г.Л гэдэг хүн ч гэсэн гэрээг хийж татвараа төлж байсан нь харагдаж байна. Г.Н гэдэг хүн татвараа төлж байсан бол давхцаж харагдах байсан. Г.Нд байгаа гэрчилгээ нь ямар нэгэн байдлаар хуулбар нь ч архиваас гарч ирэхгүй байгаа. Г.Лгийн гэрчилгээний тухайд аймгийн болон сумын архиваас хуулбар нь гарч ирсэн. Гэрчилгээний болон захирамжийн хуулбар байгаа. Г.Н гэдэг хүнээс Ч.И гэдэг хүнд өв шилжүүлэх гэсэн асуудал байхгүй. Төрсөн үр хүүхэд дээр өв шилжих асуудал яригддаг. Тэгэхээр Г.Нгийн хүүхэд байсаар байхад шууд Ч.Иид өв шилжинэ гэсэн асуудал байх ёсгүй. Мөн Ч.И Г.Нгийн хооронд өргөдлөө өгөөд шилжүүлсэн асуудал байхгүй. Хууль бус хийгдсэн нь харагдаж байна. Газрын даамал нь тухайн “Хүрэн толгойн” өвөлжөө давхацсан учраас шүүхэд ханд гэж хувийн хэргийг Р.Б-д өгсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

4. Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн толгойн” бууц нь Үүрийн туяа нэгдэл гэж байх үед “Хүрэн толгойн” эмчилгээ тэжээлийн цэг гэж байж байгаад тус эмчилгээ тэжээлийн цэг нь татан буугдаж 1992 оноос 3 дугаар багийн малчин Гиваагийн Намнансүрэн уг бууцан дээр бууж эзэмшиж байгаад 2014 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу шилжиж өөрийн эзэмшлийн малаа хүр дүү Ч.Иид хүлээлгэн өгч мөн “Хүрэн толгойн” бууцыг  Ч.Иид бэлэглэлийн журмаар өгөхөөр аман хэлэлцээр хийж шилжиж явсан байна.

Сумын газрын албанаас Г.Л болон Ч.Иийн газрын хувийн хэрэг дэх материалыг шүүлгэхэд Г.Л асанд холбогдох материал байхгүй Ч.Иид холбогдох материалуудыг авч материалд хавсаргав. Бууцны гэрчилгээ анхных нь 1998 онд гарсан Г.Лгийн нэр дээр байгаа газрын зурагтай бууцны гэрчилгээ нь 1999 онд 2 дахь солигдсон, гэрчилгээ юм байна. Ч.И дээр байгаа бууцны гэрчилгээ нь 5 дахь солилтоор олгогдсон гэрчилгээ байна. Бууцны гэрчилгээ нь одоо 6 дахь удаагаа солигдож ажил явагдаж байгаа болно. “Хүрэн толгойн” бууцан дээр нэхэмжпэгч Л.Бгийн аав Г.Л нь гэрээ барьж бууж өвөлжиж хаваржиж байгаагүйг үе үеийн багийн Засаг дарга нар нь нотолж байна. Сумын татварын албанаас бууцны татвар төлөлтийг хянуулахад “Хүрэн толгойн” бууцны татварыг малчин Ч.И жил бүр төлж барагдуулж байсан байна. Бууцны гэрчилгээнүүд нийтдээ 5-н удаа солигдсон 2021 оноос 6 дахь гэрчилгээ солих ажил явагдаж байна. Бууцны маргаан 2000 он хүртэл тоодоггүй байсан. Би багийн Засаг дарга хийж байсан. Гэрчилгээгээ аваач гэж гуйдаг. 2000 оноос хойш бууцны гэрчилгээ бизнес болж эхэлсэн. Бууцны гэрчилгээтэй хүн түүнийгээ үнэд хүргэдэг дээд тал нь 8.000.000-10.000.000 төгрөг хүрдэг. Г.Л гэдэг хүнийг би мал малладаггүй байсныг мэднэ. Ах нь ч гэсэн хэлсэн. Яг мал маллаж байсан хүмүүс нь баримтаа бүрдүүлээгүй хайхрамжгүй үйлдлээс ийм байдалд оров уу гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар бууц нэлээд үнэд хүрсэн. Бууц олдохгүй болсон. Зарим нэг малчид бууцны ченж болсон байгаа гэв.

Нэхэмжлэгч Л.Бгийн аав Г.Л асан нь Г.Нгийн төрсөн дүү Ч.И нь Г.Нгийн эхнэрийн төрсөн дүү юм гэв.

 

  5. Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би тухайн суманд байнга оршин суудаг. Тухайн Г.Л, Р.Б нарыг гэр бүл болох үед 1990-1994 онд тухайн сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан. Тухайн газрын маргаан юунаас болсныг сайн ойлгохгүй байна. Г.Л Р.Б нар 1990 онд сумын төв дээр айл гэр болж байсан. Р.Б миний холын хамаатан. Тухайн үеийн мал эмнэлэг 7 хоногт хөдөө айлаар тойрч явдаг байсан. Тэр хугацаанд цөөхөн жилд Г.Лгийнх  “Улаан толгой” гэдэг газарт байсан.  2-3 жил болоод Г.Лгийн бие муудаж сумын төв орсон. “Хүрэн толгой” гэх газар байсныг би мэдэхгүй байна. “Хүрэн толгой” нь Эмчилгээ тэжээлийн цэг гэж байсан. Тэгээд цэг нь татан буугдсан. Г.Нгийнх бууцан дээр  хэдэн жил болсныг мэдэж байна. Ингээд амьдралын шаардлагаар наашаа шилжсэн. Би Г.Н, Ч.И, Л.Б нартай уулзсан. Газрын гэрчилгээ гэж аль аль талд байгаа. Энэ нь бууцны гэрчилгээ 6 дахь жилдээ солигдож байгаа юм байна. Нэг гэрчилгээ солилт хийгдэхэд өмнөх гэрчилгээг авч захыг нь хайчлаад архивладаг. Газрын албанд энэ ажиллагаа хийгдээгүй. Иймэрхүү нэг бууцан дээр давхар гэрчилгээтэй айлууд хөдөө суманд их байгаа. Дээр үед нэгдэл гэж байхад нэгдлийн малтай нь хамаагүй очоод буудаг байсан. Дараа нь хувьчлал болж гэрчилгээтэй болсон. Л.Б өөрөө 1995 оны залуу байгаа. Сургуульд орсноос хойш хөдөө гарч мал маллаж үзээгүй хүн. Ийм маргаан болоод байгаа. Сүүлийн үед шүүж үзэхэд бууцны татвар төлж байнгын оршин сууж байгаа нь Ч.И гэдэг хүн байгаа гэдгийг мэдэж байна гэв.

 

            6. Гуравдагч этгээд Ч.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Г овогтой Н  “Хүрэн толгойн” хойд бууцан дээр 1991 оноос 2013 он хүртэл тасралтгүй бууж байгаад 2013 онд Чилхаа овогтой Илдорж надад өвлүүлж үлдээгээд Говь-Алтай аймгийн төв шилжиж орсон. 2013 оноос Ч.И миний бие тасралтгүй өвөлжиж ирсэн. Г.Л гэдэг айл нэг ч удаа бууж байгаагүй. Ойр хавийн айлууд бүгд мэднэ. Гэрчилгээ байсаар байхад хүчингүй гэж байна. Тэгвэл яагаад гэрчилгээ олгосон юм. Түрүүчийн гэрчилгээг яагаад устгахгүй байсан юм. Үүнийг шийдэж өгнө үү? Г.Л мал маллаж байгаагүй гэв.

            7. Гэрч Г.Н шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй: Манай дүү Хүрэн толгойд байгаагүй. Тэнд буугаагүй, өвчтэй байсан. Хүрэн толгойн бууцанд манайх байдаг байсан. Өвчтэй байсан болохоор суманд амьдардаг байсан. Манайх аймагт орж ирэхдээ малтайгаа бууцаа өгсөн. Манай бууцанд манай малыг хариулаад эзэмшээд байж бай гээд буулгасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

          8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар Засаг даргын захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Чилхаа овогтой Илдоржид “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгаа тул, энэ хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг гаргасан.

       

          9. Хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч Д.Ж, Д.Ж нарын шүүхэд гаргасан мэдүүлгээр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг буюу Эрдэнэ-Уул багийн нутагт байрлан “Хүрэн толгойн” гэх газарт Их бууц /урд бууц/, Цэгийн бууц /хойд бууц/, Доод бууц гэсэн 3 бууц байдаг бөгөөд Их бууц, Цэгийн бууцад айл өвөлждөг, доод бууцанд айл өвөлждөгүй хавар намартаа айл буудаг бууцтай газар байна.

 

           10. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Чандмань сумын 3 дугаар багийн нутаг “Хүрэн толгойн” Их бууцыг ............ дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр Д.Ж өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаа харин маргаан бүхий өвөлжөөний бууц нь “Хүрэн толгойн” хойд бууц буюу цэгийн бууц гэдгийг хэргийн оролцогч нарын тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүхээс тухайн “Хүрэн толгойн” өвөлжөөний цэгийн бууцны газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хүрэн толгойн хойд бууц буюу цэгийн бууцанд талууд маргаж байна бид нарын маргаан бүхий бууц энэ бууц мөн өөр “Хүрэн толгойн” их бууцтай маргаагүй “Хүрэн толгойн” их бууц бидэнд хамаагүй” гэж тэмдэглэгдсэн /үзлэг хийхэд тухайн бууцанд гуравдагч этгээд Ч.Иийн хүү Ч.Б гэдэг айл байсан/ байгаагаас маргаан бүхий өвөлжөөний бууц нь “Хүрэн толгойн” цэгийн бууц гэх нэртэй газар байна.

 

          11.Тухайн маргаан бүхий “Хүрэн толгойн” цэгийн бууцыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” А/22 дугаар захирамжийн хавсралтын 23-т Ч овогтой И-д “Хүрэн толгой” гэсэн нэртэй газрыг эзэмшүүлсэн байгаа боловч 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Г Овогтой Н-ээс Ч.Иид “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан тухайн маргаан бүхий “Хүрэн толгой” гэх газрыг бэлэглэж, 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан “Хүрэн толгой” өвөлжөөний зориулалтаар 000634372 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

12. Дээрхи нотлох баримт болон гэрч Д.Ж “Хүрэн толгойд албан ёсны 2 өвөлжөө байдаг Хүрэн толгойн их бууцанд манай аав Ж.Д гэдэг хүн амьдарч байсан. Хүрэн толгойн цэгийн бууцанд Г.Н 1994, 1995 оноос хойш өвөлжиж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Л “Г.Л ах дүү олуулаа Улаан толгойд өвөлждөг байсан. Том ах Г.Н нь Хүрэн толгойд өвөлждөг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Н “Би тухайн “Хүрэн толгой” гэдэг газрыг 1992-2014 он хүртэл мал маллаж эзэмшиж байсан. 2014 онд би аваарт орж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум орж ирсэн. Энэ үедээ хүр дүү гуравдагч этгээд Ч.Иид тухайн “Хүрэн толгойн” өвөлжөөгөө үлдээгээд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийж, гэрчилгээгээ Ч.Иийн нэр дээр болгож, өөрийн малаа хамт үлдээгээд аймгийн төв орсон” гэсэн мэдүүлэг, гуравдагч этгээд Ч.Иийн “Г овогтой Н  “Хүрэн толгойн” хойд бууцан дээр 1991 оноос 2013 он хүртэл тасралтгүй бууж байгаад 2013 онд Ч.Иид өвлүүлж үлдээгээд Говь-Алтай аймгийн төвд шилжиж ирсэн. 2013 оноос хойш Ч.И миний бие тасралтгүй өвөлжиж ирсэн” гэсэн тайлбараас “Хүрэн толгойн” цэгийн бууцанд Г.Н мал маллаж байгаад Ч.Иид өвөлжөөний бууцыг шилжүүлж өөрийн малын хамт үлдээсэн байна.

 

            13. Гэрч нарын мэдүүлгээр Г.Н “Хүрэн толгойн” цэгийн бууцанд мал маллаж байсан байх боловч уг өвөлжөөний хууль ёсны эзэмшигч мөн эсэхэд дүгнэлт хийхэд 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ........... дугаартай “Чандмань сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 тоот шийдвэрийг үндэслэн “Хүрэн толгойн” хойд бууцыг өвөлжөөний зориулалтаар Г овогтой Н-д эзэмшүүлсэн” гэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ байхаас өөрөөр Г.Нгийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой нотлох баримт байхгүй нь шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн үзлэг, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас Чандмань сумын Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар захирамжийг нотлох баримтаар гаргуулах тухай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр албан бичиг,  Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 23-ны 75 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

            14. Харин Г.Нгийн дүү болох Г.Лгийн 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Г овогтой Л-д 0,2 га өвөлжөөний зориулалтаар “Хүрэн толгойн” цэгийн бууцыг 25 жилийн хугацаатай эзэмшүүлэх газар эзэмших гэрээ байгуулан Чандмань сумын Засаг дарга Д.А баталж, 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн .............. дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон байна. Дараа нь буюу  2001 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Чандмань сумын Засаг даргын 52 дугаар захирамжийн хавсралтаар газар эзэмшүүлэх гэрээг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний 061600050 дугаартай өвөлжөөний бууцыг Г.Л эзэмшүүлсэн байна.

 

            15. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23-т Чилхаа овогтой Илдоржид “Хүрэн толгойн” /цэгийн бууц/ өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

          16. Тодруулбал: Анх Г.Л 1999 онд “Хүрэн толгойн” цэгийн бууцыг өвөлжөөний зориулалтаар 25 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон байхад тухайн нөхцөл байдлыг судалж үзэлгүйгээр Г.Нд газрын гэрчилгээ давхардуулан олгож, Г.Н тухайн бууцыг Ч.Иид шилжүүлсэнээр өвөлжөөний бууцны газар давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

 

          17. Хариуцагч болон гуравдагч этгээд Ч.И, зарим гэрч нарын мэдүүлгээр Г.Лг мал маллаж байгаагүй бие нь өвддөг сумын төвд байж байгаад нас барсан гэх боловч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаар албан бичгээр Гиваагийн Лхагвасүрэнгийн мал маллаж байсан хугацааны буюу 1991-2001 хүртэлх  жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог он тус бүрээр гаргаж ирүүлсэн байгаагаас Г.Л мал маллаж байгаагүй гэж үзэх боломжгүй юм.

 

            18.  Нэхэмжлэгч  Л овогтой Б нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдлийг нотариатч С.С-т гаргасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг Г-ийн Л нь 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан учир Лхагвасүрэнгийн Батнасанд РД:/........../ Говь-Алтай аймгийн Чандмань сумд байршилтай, 2000м2 талбайтай, өвөлжөөний  зориулалттай эзэмших эрхтэй газар, гэрчилгээний дугаар ............өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Хүү Л.Б өв нээлгээд гэрчилгээ авах гэхэд “Хүрэн толгойн” цэгийн бууц болох өвөлжөөний газрыг Ч.Иид эзэмшүүлсэн байснаас өв хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар баг буюу Эрдэнэ-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор “Хүрэн толгойн” цэгийн бууцыг Л.Бд шилжүүлэхээр хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар хэлэлцэн шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

       

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаар захирамжийн хавсралтын 23 дугаарт байгаа Чилхаа овогтой Илдоржид холбогдох “Хүрэн толгойн” өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байгааг хууль хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ