Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 938

 

  2020           7             28                                            2020/ДШМ/938

 

                                   Ц.Оад холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Д.Бийн өмгөөлөгч К.Б,  

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Д.Ө-ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Оад холбогдох эрүүгийн 1903010720467 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ц.О, 1975 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

Ц.О нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6 цаг 56 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “zo milon” худалдааны төвийн зүүн замд “Тоёота приус-30” маркийн 44-31 УБО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэлд хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас урдаа явсан унадаг дугуйтай зорчигч Д.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оад оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Оаас 6.595.480 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дүгээр гарам, 27 дугаар гудамж, 09 тоотод оршин суух, РД-................../-д олгож, Ц.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Д.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ц.Оад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын мэдүүлгүүд зөрүүтэй, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд үгүйсгэгдсэн, дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтүүд эргэлзээтэй, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй байгаа байдал байсаар байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Учир нь:

Хохирогч Д.Б нь унадаг дугуйгаар зорчих хэсгийн баруун гар талд шахаж явсан талаар тогтвортой мэдүүлдэг. /хх15-16, 17-18, 169-170/ Гэтэл энэ байдал нь шинжээчийн 132 дугаартай дүгнэлтэд унадаг дугуйгаар зорчигч замын зорчих хэсгийн баруун гар талын захад шахаж явсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. “Toyota prius-30” маркийн 44-31 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь унадаг дугуйгаар зорчигч /аюул,саад/-ийг хараад тээврийн хэрэгслийн жолоодлогыг баруун тийш дараагүй тохиолдолд дээрх тээврийн хэрэгсэлд үүсэх боломжгүй буюу жолооч Ц.О, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэх гэрчүүдийн мэдүүлгээр уг “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урдаа яваа унадаг дугуйтай хүн /аюул, саад/-ийг харах, тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авах, түүнийг мөргөхгүй байх цаг хугацаа, орон зайн боломж үүсгээгүй гэж үзэхээр байна.” гэж дурдсан байдаг ба энэ нь хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэдэг. Логикийн хувьд ч чигээрээ явж байгаа автомашин зүүн урд хэсгээрээ урдаа яваа унадаг дугуйн баруун хэсэг рүү мөргөх боломжгүй юм. /Зураг № 1,1а/ Иймд унадаг дугуйгаар зорчигч зорчих хэсгийн хаана байрлан зорчиж явсан нь тодорхойгүй байхад автомашины урд явж байгаад мөргөгдсөн гэх дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Осол хэргийг харсан гэх гэрч нар нь осол гарсан тухайн агшныг хараагүй байдаг ба автомашинаар унадаг дугуйтай зорчигчийг мөргөсөн үү, аль эсвэл унадаг дугуйгаар машиныг мөргөсөн үү гэдэг асуудал тодорхойгүй байдаг. Гэрч нар мэдүүлэхдээ зөвхөн унадаг дугуй, машин хоёр бидний хажуугаар өнгөрсөн гэдэг ба энэ байдал нь автомашинаар унадаг дугуйг мөргөсөн гэх дүгнэлт гаргах үндэслэл болохгүй юм. Гэрч нар мэдүүлэхдээ “түс” хийх чимээ гарахад эргээд харахад л унадаг дугуйтай хүн агаарт хөөрч байгаа харагдсан гэж мэдүүлдэг. Энэ байдал нь унадаг дугуйгаар зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэсэн заалтыг зөрчин зэрэгцээ эгнээнд явж байгаа автомашиныг харалгүйгээр хөдөлгөөний чиглэлээ өөрчлөх үйлдэл хийснээр автоамшины зүүн урд хэсэг буюу зүүн урд крыло, бамферын дугуйрсан хэсэг рүү урд дугуйгаараа болон унадаг дугуйн баруун хэсгээр мөргөн /шүргэх байдалтай/ годройтож, машин дээгүүр даван унасан байх магадлалтай. Энэ байдал нь шинжээч Г.Цэндсүрэнгийн гаргасан дүгнэлтэнд “... Урд дугуй, баруун амортизаторын гэмтэл нь ослын үед ташуу чигт үүссэн эвдрэл гэмтэл байна.”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Унадаг дугуй шулуун явж байгаагүй. Бага зэрэг ташуу байрлалтай явж байхад мөргөсөн.” гэх мэдүүлгээр нотлогдох үндэслэлтэй. Үнэхээр автомашинаар унадаг дугуйны араас мөргөсөн тохиолдолд унадаг дугуйгаар зорчигчийг машинаар дээгүүр нь дайрч гарах байсан. Гэтэл унадаг дугуйгаар зорчигч машинд дайрагдалгүй зорчих хэсэг дээр унаад үлдсэн байдаг. Энэ байдлуудыг харгалзан үзэж шинжээч нар дүгнэлтээ гаргах байсан ба үүн дээр үндэслэн дүгнэлтээ гарган гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Гэтэл шүүх зөвхөн хохирогчийн зүгээс мэдүүлдэг “араас автомашин мөргөсөн” гэх ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм.

Шинжээч нарын гаргасан дүгнэлтийн хувьд шинжлэх ухааны ямар аргад тулгуурласан болох нь тодорхойгүй, логикгүй бүрэн биш дүгнэлт гэж үзэхээр дүгнэлтүүд байдаг. Шинжээч нар өөрсдийн гаргасан шинжилгээний дүгнэлтээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар арга зүй хэрэглэсэн талаараа тодорхой тайлбарлаж нотлох ёстой. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэн нь дүгнэлтдээ “... СUВЕ LTD 3012420 VOV 255538 НN арлын дугаартай унадаг дугуйн араас “Toyota prius-30” маркийн 44-31 УБО улсын дугаартай автомашин зүүн урд хэсгээр мөргөсөн байх үндэслэлтэй.” гэж дурдсан атлаа шүүхийн хэлэлцүүлэгт автомашин унадаг дугуйн араас мөргөх боломжгүй гэж мэдүүлж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Мөн Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтэд “Жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар унадаг дугуйгаар зорчигч нь зорчих хэсгийн хаана, ямар байрлалтайгаар хөдөлгөөнд оролцож байсныг тогтоосон зүйл байхгүй байсаар байтал дүрмийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй юм. Шинжээч өөрөө ч автомашинаар унадаг дугуйн баруун хэсэг рүү мөргөх боломжгүй гэдгийг ч нотолдог.

Өмгөөлөгчийн зүгээс осол, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үед үүссэн эвдрэл, гэмтлээр тээврийн хэрэгслүүдийн байрлалыг тодорхойлдог аргаар /котекийн арга/ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэлд үндэслэн дүгнэлт хийж үзэхэд “Toyota prius-30” маркийн 44-31 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Автомашины зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд буфер, крыло сэвтсэн, зүүн урд их гэрэл чихэгдсэн эвдрэлтэй.” /Зураг №2/ унадаг дугуйнд Урд дугуй сэнсэрсэн. ....ачааны баруун тулгуур төмөр гулзайсан. ...баруун урд талын амортизаторын доод үзүүр хэсгээр хонхойж зурагдсан гэмтэлтэй.” /Зураг №2/ гэж тэмдэглэгдсэн байдаг. Тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэлээр байршлыг тогтоож үзэхэд унадаг дугуйгаар зорчигч нь автомашины зүүн урд хэсэг рүү мөргөж /шүргэж/, улмаар унадаг дугуйгаар зорчигч автомашин дээгүүр давж зорчих хэсэг дээр унасан байх үндэслэлтэй байдал тогтоогдож байна гэж үзэж байна.

Энэ байдлуудыг үндэслэн өмгөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/538 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгааг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.  

Шүүгдэгч Ц.Оын өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хохирогчийн заасан А цэг дээр унадаг дугуйгаар зорчигчийг “Приус” загварын автомашин мөргөсөн гэж үзвэл зорчих хөвөө шороон зам хоёрыг голлож явж мөргөсөн байх боломжтой гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч мэдүүлсэн байдаг. Хэрэв ингэж мөргөсөн байвал шороон зам дээр автомашин явахад шороо босож, түсхийж дуугарна. Үүнийг тухайн цаг хугацаанд явж байсан 2 гэрч харах боломжтой байсан. Гэтэл тийм зүйл хараагүй, харсан талаар мэдүүлэг, баримт хэрэгт авагдаагүй байдаг тул хохирогчийн заасан А цэг бодит биш гэж үзэж байна. Унадаг дугуй, автомашинд учирсан гэмтлээс харахад урд явж байхад нь ар талаас нь мөргөх ямар ч боломжгүй гэдгийг харуулдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Д.Бийн өмгөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол гарсан шалтгааныг гэрч Д.Наранчимэг, Ю.Бямбасүрэн нар тодорхой мэдүүлсэн байдаг. Уулзвараар хохирогч Д.Б нэвтэрч 100 метр явсны дараа араас нь Ц.О ирж автомашинаараа мөргөсөн талаар шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгүүдээр нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор гэм буруугийн хуралдааны үед шүүгдэгчээс “Та Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн бэ” гэж асуухад хариулж мэдэхгүй байсан. Шүүгдэгч өөртөө дүгнэлт хийдэггүй, гэм буруудаа гэмшдэггүй. Анхан шатны шүүх хуралдаанд яригдсан 635.000 төгрөгийн хохирол төлсөн гэж ярьж байгаад харамсалтай байна. Энэ хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд техникийн шинжээч, криминалистикийн шинжээч нарыг оролцуулсан. Шинжилгээ хийсэн шинжээч эмч нар дүгнэлтээ хамгаалж хэрэг нотлогдох үед шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.О нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 6 цаг 56 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “zo milon” худалдааны төвийн зүүн замд “Тоёота приус-30” маркийн 44-31 УБО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэлд хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас урдаа явсан унадаг дугуйтай зорчигч Д.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 6 цаг 30 минутад гэрээсээ гарч “Хатан” кашмерийн ертөнцийн зүгээр хойд уулзвараар баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахдаа хоёр талынхаа тээврийн хэрэгслийг харж байгаад замын зорчих хэсгийн урд талд гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслүүд байхгүй, хөдөлгөөн сийрэг байсан. Би замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний баруун тал руу шахаад явж байсан. Автобусны буудал өнгөрөхөд буудал дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байгаа харагдсан. Гэнэт араас унадаг дугуйны хойд дугуй мөргөж газар унасан. Сая өөрийг чинь дахин танилцуулж тайлбарлаж хэлэхээр би осол гарах үед замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зүүн талд шахаж явсан, мөн зам хөндлөн гарч байгаа мэтээр зурагдсан байна. Миний автомашинд мөргөгдсөн гэх А үсгийг буруу газар тавьсан байна. Би нэгдүгээр эгнээний баруун тал руу шахаад явж байхад тухайн осол гаргасан авто машины жолооч нойрмоглосон уу, яасан бүү мэд, миний хойноос ирж мөргөөд, миний урд гарч шороон зам дээр замын зорчих хэсгийг чөлөөлж зогссон байсан. Би ослын дараа тухайн осол гаргасан автомашиныг харахад автомашины баруун тал буюу баруун талаараа намайг мөргөөгүй авто машиныхаа зүүн тал буюу жолоочийн эсрэг талын урд гуферийн хэсгээрээ мөргөж, гэрэл нь хугарч, гуфер нь зурагдсан байсан. Би түүнийг нь харчихаад жолооч эмэгтэйд “чи нойрмоглож явсан уу, автобусны буудал дээр хоёр хүн зогсож байхыг харсан уу” гэж асуухад “хараагүй” гэж хэлж байсан. Би бодохдоо нойрмоглоод замын хажуу руу үүрэглэж явахдаа миний араас ирж мөргөсөн юм байна гэж бодсон. Ц.Оаас 6.100.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо түргэн шуурхай гаргуулж авмаар байна. ...” /1хх 15-16, 17-18, 169-170/,

гэрч Д.Н-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө Улаанбаатар хот орох гээд “Zo Milon” худалдааны төвийн урд буюу “Хатан” кашмер ноолуурын үйлдвэрийн хойд талд зогсож байсан. Замын хойд талд байдаг уулзвараар нэг ногоон өнгийн хувцас өмссөн дугуйтай хүн гарч ирээд бид хоёрын урдуур өнгөрсөн. Удалгүй нэг бараан өнгийн жижиг машин өнгөрсөн. Жаахан байж байтал “түс тас” хийгээд явчихаар нь хартал нөгөө урдуур явж байсан дугуйтай хүнийг урдуур өнгөрсөн машин мөргөөд нөгөө хүн агаарт хөөрөөд газар унаж байгаа харагдсан. Би осол хэрэг гарахыг ойролцоогоор 100 орчим метрээс харсан. Харж байхад машинаас нэг эмэгтэй хүн гарч ирээд сандраад газарт унасан хүний наана цаана гараад гүйгээд байсан. Уулзварын тушаа буюу жаахан ертөнцийн зүгээр зүүн гар талд нь байсан. Дугуйтай хүн зүүн гар тийш явдаг зам руугаа нэгдүгээр эгнээгээр явж байсан. ...Би замын зорчих хэсгийн урд талд гараа өргөөд зогсож байхад унадаг дугуйтай хүнийг явж өнгөрсний дараа удалгүй бид хоёрын урдуур бараан өнгийн жижиг суудлын автомашин 1, 2 дугаар эгнээний голоор маягтай яваад өнгөрсөн. Тухайн автомашины жолооч бид хоёрыг гар өргөөд зогсож байгааг харахгүй яваад өнгөрсөн. ..Тухайн зам тээврийн осол гаргасан хөх өнгийн суудлын автомашин их хурдтай хажуугаар өнгөрсөн. Зам тээврийн осол гаргаад зогссоны дараа эмэгтэй хүн машины гадна байхаар нь ганцаараа явж байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл удалгүй нэг эмээ, нэг залуу 2 гараад ирчихсэн харагдсан. ...” /1хх 25, 87, 171-172/,

насанд хүрээгүй гэрч Ю.Б-гийн “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6 цаг өнгөрч байхад ээжийнхээ хамт сургууль руугаа явахаар “Хатан” кашмерийн хойд талын зам дээр буюу замын зорчих хэсгийн урд талд унаа барихаар гар өргөөд зогсож байтал унадаг дугуйтай хүн ээж бид хоёрын урдуур хот руу чиглэлтэй, нэгдүгээр эгнээний баруун талаар ойрхон зөрөөд өнгөрсөн. Удалгүй жижиг суудлын автомашин замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хурдтай өнгөрсөн. Ээж бид хоёр Эмээлтээс ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг хараад, гар өргөөд зогсож байтал тоормосны чихарсан чимээ гарахаар нь эргээд харахад унадаг дугуйтай хүн эргэлдээд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зүүн талд унаж байгаа харагдсан. ...” /1хх 89/,

Ц.Оын яллагдагчаар өгсөн: “...Анх би тэр дугуй унасан хүнийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад гэнэт машины зүүн тал буюу ертөнцийн зүгээр хойд талаас гарч ирээд миний зүүн урд хэсэгт мөргүүлэхэд нь харсан. Тэр хүн баруун талыг шахаад явж байсан зүйл байхгүй. Зүүн талаас л гэнэт гараад ирсэн. Манай хүүхэд Булган аймгаас машин барьж ирээд Эмээлт захын тэнд надад шилжүүлсэн учир би ядраагүй байсан. Би жолоо барьж байхдаа ямар нэгэн байдлаар унтаж, үүрэглэж, зүйрмэглэсэн зүйл байхгүй. Би уг замын 1 дүгээр эгнээгээр ганцаараа явж байсан. Тэр хоёр хүн зогсож байсныг би харсан. Би тухайн үедээ гэмтэл дээр шаардлагатай эм авч, эмчилгээний зардлыг гаргаж өгсөн байгаа. ...” /1хх 107-108/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11134 дугаартай:

1. Д.Бийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, зүүн эгэм ясны хугарал, хуйханд цус хуралт, баруун хацар, хамар, хамрын дор, зүүн хацарт зулгаралт, зүүн ташаа, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зүүн эгэм орчимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт /1хх 29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1227 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн CUBE маркийн, LTD3012420 V0V25553BTHN арлын дугаартай унадаг дугуй эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

2. Урд дугуй сэнсэрсэн, арын дугуйн обод хугарч гулзайсан, арын ачаа гулзайж сэнсэрсэн, ачааны баруун тулгуур төмөр гулзайсан, гинж салсан, баруун урд амортизаторын доод үзүүр хэсгээр хонхойж зурагдсан гэмтэлтэй.

3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтэл тул осолд нөлөөлөхгүй.

4. Хойд дугуй, арын ачаанд үүссэн эвдрэл гэмтлүүд араас мөргөгдөх үед үүссэн эвдрэл гэмтэл байна. Урд дугуй, баруун урд амортизаторын гэмтэл ослын үед ташуу чигт үүссэн эвдрэл гэмтэл байна.

5. Дээрх гэмтлүүд ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй.

6. Шинжилгээнд ирүүлсэн унадаг дугуйн урд, хойд дугуйн тоормос ажиллаж байна.

7. CUBE маркийн, LTD3012420 V0V25553BTHN арлын дугаартай унадаг дугуйн араас Toyota Prius 30 маркийн 44-31 УБО улсын дугаартай автомашин зүүн урд хэсгээр мөргөсөн байх үндэслэлтэй.

8. Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт /1хх 177-195/,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай:

 1.Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын анхны болон дахин үзлэг, тэмдэглэлүүд, хэмжилтийн анхны болон дахин үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зам, орчны байдал, унадаг дугуйгаар зорчигчийн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн болон унасан гэх цэгүүдийн байрлал, хоорондын зай, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, түүнд учирсан эвдрэл, жолооч, хохирогч, хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11134 дугаартай дүгнэлт, автомашинд хийсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн оношилгооны дүгнэлт, унадаг дугуйнд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1227 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт /1хх 206-207/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1528684 дугаартай: “Унадаг дугуйн шууд зардал 959.000, шууд бус зардал 60.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.019.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /1хх 45-47/, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 159-164, 6, 7-9, 204/, мөрдөгчийн тогтоол /1хх 14/, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц”-ын цалингийн тодорхойлолт /1хх 67/, хохирлын баримтуудын хуулбар /1хх 67-70, 72-75/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 82-85/, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц”-ын машинч ажилтай Д.Б нь гэмтлийн улмаас 49 хоногийн хугацаатай эмчийн чөлөөтэй байсан. Дээрх хугацааны цалингийн зөрүү 1.512.303 төгрөг” гэх тодорхойлолт /1хх 110/, эмнэлгийн хуудас /1хх 111-113/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Оын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэлд хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж заасныг зөрчиж хөдөлгөөнд оролцсоноос урдаа явсан унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Оын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан “...Анхан шатны шүүхээс Ц.Оад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын мэдүүлгүүд зөрүүтэй, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд үгүйсгэгдсэн, дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтүүд эргэлзээтэй, гаргасан дүгнэлтийнхээ үнэн, зөвийг нотолж чадахгүй байгаа байдал байсаар байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэлээр байршлыг тогтоож үзэхэд унадаг дугуйгаар зорчигч нь автомашины зүүн урд хэсэг рүү мөргөж /шүргэж/, улмаар унадаг дугуйгаар зорчигч автомашин дээгүүр давж зорчих хэсэг дээр унасан байх үндэслэлтэй байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгааг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Д.Б, гэрч Д.На, Ю.Б нарын мэдүүлгээр хохирогч Д.Б нь замын зорчих хэсэгт бүрэн орж замын хөдөлгөөнд оролцож байсан байдлаар, Тоёота Приус-30 маркийн автомашин нь унадаг дугуйн араас мөргөсөн байдал машинд болон дугуйнд эвдрэл үүссэн шинж байдлаар тус тус тогтоогдож байна.

Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын анхны болон дахин хийсэн үзлэг, тэмдэглэлүүд, хэмжилтийн анхны болон дахин үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зам, орчны байдал, унадаг дугуйгаар зорчигчийн тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн болон унасан гэх цэгүүдийн байрлал, хоорондын зай, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, түүнд учирсан эвдрэл, жолооч, хохирогч, хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11134 дугаартай дүгнэлт, автомашинд хийсэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн оношилгооны дүгнэлт, унадаг дугуйнд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1227 дугаартай дүгнэлт зэргээс үндэслэхэд Тоёота Приус-30 маркийн 44-31 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэж заасныг зөрчсөнөөс зам дээр унадаг дугуйгаар зорчиж явсан хохирогч Д.Бийг мөргөсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                    ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ