Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02483

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2021/02483 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ...тэй 2010 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан. Бидний хүү ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүү маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2019 оны 1 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний бие хүү ...г төрсөн цагаас нь ганцаараа өсгөж байгаа нь хүндрэлтэй байгаа тул тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ...д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ... овогтой ...гийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн дагуу иргэн ... овогтой ... миний бие хариуцагч болов. Уг нэхэмжлэл дээр дурьдсан зүйлс нь үнэн болохыг үүгээр илэрхийлж байна. Мөн хүү ...д тэтгэмж олгоход татгалзах зүйлгүй болохыг мөн илэрхийлье.

Харин одоогийн миний байр суурь маань төдийлөн сайн биш байна, учир нь нэг жижиг старт ап компанид борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байна. Сарын цалин 1 сая гаруй төгрөг, хугацаандаа цалин олгох эсэх нь маш эргэлзээтэй, мөн Голомт банкнаас авсан орон сууцны зээлэнд сард 640,000 төгрөгийн төлбөрийн хуваарьтай боловч Ковид-19 цар тахлын улмаас зээлийн хүү хуримтлагдан 1 жилийн турш 1,040,000 төгрөгөөр төлөх хуваарьтай болсон. Мөн бид салахдаа 2019 оны 2 сард хуучин ажил болох ... ББСБ-с цалингийн зээл авч 10 сая төгрөгийг А....д өгсөн. Уг зээлийг А....гийн нэр дээр авсан Худалдаа хөгжлийн банкны авто машины лизингийн зээлийг хаасан болно. Мөн авто машиныг зарах үед ... ББСБ-аар дамжуулан зээлээр худалдсан болно. Улмаар би ажпаас гарч, цалингийн зээлээ ээж ...гийн нэр дээрхи орон сууцыг ломбарданд тавьж хаасан. Уг ломбардны сарын төлбөр болох 500 мянган төгрөгийг мөн төлж байна. Ийм учир би хүүдээ хангалттай мөнгөн тэтгэмжийг өгч чадаагүй. Нөхцөл байдал хэдий ийм байгаа ч энэ хугацаанд хүүдээ боломжийнхоо хэрээр А....гийн данс (Худалдаа хөгжлийн банк: 464003418) руу мөнгө шилжүүлдэг. Харин сүүлийн 2 сарын хугацаанд шилжүүлж чадаагүй юм.

Нэмэж хэлэхэд би үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хүүтэйгээ уулзаж байхыг хүсдэг боловч үргэлж дэргэд нь байж чадахгүй тул хүүгийнхээ сэтгэлээр тоглоод яах билээ. Нэгэнт би орхиод явсан, өөр амьдрал зохиож, охинтой болсон. Ийм учир хүүтэйгээ уулзахыг хүссэн боловч өөрийгөө барьж, хүү маань надад дасчих вий, намайг санаад бэтгэрэх вий, дуудсан цагт нь очиж чадахгүй сэтгэлээр унагах вий гэдгээс их эмээдэг. Ийм тул хүүтэйгээ уулздаггүй юм. Тиймээс мэргэн шүүгч та бүгдийн ямар ч шийдвэр байсан би хүлээн зөвшөөрөхийг илэрхийлж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргасан. Өмнөговь аймагт 2021 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа тул шүүхээс дуудсан цагт очих боломжгүй байгаад хүлцэл өчье. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгааг харгалзан үзэж надгүйгээр хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч талаас ирүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэгч миний биеийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч ... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ковид-19 цар тахал туссан, улмаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа орсон болно. Иймд А....гийн нэхэмжлэлтэй 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15.30 цагт болох шүүх хуралд биеэр оролцож чадахгүй болсон тул эзгүйд шүүх хуралдааныг хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.... нь хариуцагч ...д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэдгээр нь өөрсдийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

А...., ... нарын дундаас 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү ... төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх бөгөөд мөн хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнд эцгийн нэр ... гэж бичигдсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ...гийн эцэг ... болохыг захиргааны журмаар тогтоосон байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ...г Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг ...гээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ...г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ...гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ