| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02272/И |
| Дугаар | 102/ШШ2021/02517 |
| Огноо | 2021-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2021/02517
2021 оны 10 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2021/02517 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2014 онд ...тай танилцаж 2015 оноос 2019 он хүртэл хамт амьдарч байсан. Бид 2017 оны 2 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн ... дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү ...2017 оны 03 дугаар сарын 01-нд төрсөн. Бид зан харилцаны таарамжгүй байдлаас 2019 оноос бид тусдаа амьдарч эхэлсэн. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Бид одоо өөр өөрсдийн хамтын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүүхэд маань одоо 4 нас 6 сартай бөгөөд хүүхдээ би өөрийн асрамжид авна. Бид хамт амьдарч байх хугацаандаа их маргалддаг байсан, бидний аав, ээжээс мөн шалтгаалж санаа нийлэхгүй зүйлс их гардаг байсан. ... нь намайг ойлгодоггүй, хүндэтгэлтэй ханддаггүй байсан. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж хүүгээ асрамжиндаа авах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд ...тай гэрлэж 2017 оны 2 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. 2017 оны 03 дугаар сарын 01-нд хүүтэй болсон. Цаашдын таарамжгүй байдал хоорондын маргаанаас болж 2019 онд салсан. Тэрнээс хойш ... бид 2 хоёул тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгө өмчлөлийн маргаан байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би ...тай хамт амьдарч байх хугацаанд бие биетэйгээ харилцах харилцаа муудсан. Эхэндээ жижиг зүйлс дээр маргалддаг байсан бөгөөд сүүлдээ маргалдах нь их болсон учир тусдаа амьдрах болсон. Хүүхдээ ээжийнх нь
асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзана, мөн цэцэрлэгийн төлбөрийг төлнө гэж хоорондоо тохиролцсон. Хүүхдийн маань цэцэрлэг нь ээжийнх нь гэртэй ойрхон байдаг тул би амралтын өдрөөр хүүхэдтэйгээ уулздаг гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... хариуцагч ...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид болох ..., ... нар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн ... дугаарт бүртгүүлсэн, ... өдөр хүү ...ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүү ...ыг эх ...гийн асрамжинд үлдээх талаар тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ...ыг эх ...гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг, мөн талууд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар ..., ... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ... өдөр төрсөн хүү ...ыг эх ...гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ