| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/02242/И |
| Дугаар | 102/ШШ2021/02355 |
| Огноо | 2021-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2021/02355
2021 оны 09 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2021/02355 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ..., хариуцагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2005 оны 05 дугаар сард ...тай танилцаж, 2005 оны 10 дугаар сард түрээсийн байр хөлслөн хамтран амьдарч эхэлсэн. 2006 оны хавар миний аав ... ... тоотод байрлах хашаанд аав, ээжийн маань бусдад түрээсэлдэг байсан байшинд аав, ээжээсээ тусдаа амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд ... бид хоёрын дундаас 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр том хүү ... төрж, бага хүү ... 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. ... бид хоёр 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж ... дугаартай гэрчилгээ авч, хуулийн дагуу гэр бүл болсон. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин ... төрсөн. ... бид хоёр миний аав ээжийн хашаанд байрлах түрээсэлдэг байсан байшинд нь гурван хүүхдийнхээ хамт 2015 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан.
...тай гэр бүл болж хамтран амьдрах 2008-2015 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд би зөвхөн ар гэрээ бодож хүүхдүүдийнхээ хүмүүжил, эрүүл бойжиход нь анхаарлаа хандуулан нөхрөө халамжилж, ар гэрийнхээ ажлыг амжуулж ирсэн. Харин 2015 оны 05 дугаар сарын үед ... нь гэр бүлдээ ямар нэгэн тус дэмгүй байсан учир үл ойлголцон муудалцсанаас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Би гурван хүүхдийнхээ хамт аав, ээж, төрсөн дүүтэйгээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод амьдарч байна. Миний хувьд 3 хүүхдээ аливаа зүйлээр дутаачихгүй гэж амьдралд тэмцсээр явна. Энэ хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөр ... нь нэг удаа хүүхдүүдээ асууж утсаар ярьж, хүүхдийн баяр, шинэ жилээр бэлэг авч ирэх, хичээл ороход бэлтгэл ажил хангахад нь ч асууж байсан удаагүй. Харин намайг залгаад гурван хүүхдийнхээ хэрэглээний зүйлсийн талаар хэлэхэд “Чи намайг баян хүн гэж бодоод байдаг юм уу. Надад мөнгө олдохгүй байна” гэдэг. Би хариуд нь “Чи эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгээд хааяа ч болтугай хэрэглээнийх нь зүйлийг авч өг л дөө” гэж хэд хэдэн удаа хэлж байсан. ... нь одоо өөр хүнтэй сууж амьдрал зохиогоогүй боловч гэртээ ирдэггүй тул одоо гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгаж, нөхөр ...ас хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Нөхөр ... болон бидний гурван хүүхдийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө гэж байхгүй, дандаа миний аав, ээжийн хөрөнгийг өнөөдрийг хүртэл хэрэглэсээр ирсэн. Нэгэнт тус нэмэр болж, хүүхдүүдээ харж хандахгүй хүнтэй цаашдаа амьдрах итгэл алга. Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр ... бид 2005 оны 05 дугаар сард танилцаж хамтран амьдраад 2013 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж амьдарч байсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд хүү ..., хүү ..., охин ... нар төрсөн. Бид амьдрах хугацаандаа сайн сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд зан харьцааны хувьд таарч тохирохоо больж 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Миний бие 3 хүүхдүүдтэйгээ уулзаж тусалж дэмжиж харж ханддаг. Цаашид ч үр хүүхдүүдээ анхаарч харж хандаж явах болно. ...ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү ..., хүү ..., охин ... нарыг эх ...ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ...д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид болох ..., ... нар нь 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2093 дугаарт бүртгүүлсэн, 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүү ..., 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүү ..., 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин ... нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас 2015 оны 05 дугаар сараас хойш 6 жил тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүү ..., ..., охин ... нарыг эх ...ийн асрамжинд үлдээх талаар тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү ..., ..., охин ... нарыг эх ...ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч ...ас тэтгэлэг гаргуулан хүү ..., ..., охин ... нарыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ... нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ..., 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ..., 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин ... нарыг эх ...ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2007 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ..., 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү ... нарт 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин ...т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ...ас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...ас улсын тэмдэгтийн хураамжид 227,730 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэгч ...ээс хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 157,530 /70,200+87,330/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ